Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/260

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн ***** *****эд холбогдох 2426000180020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд ***** оны **** дугаар сарын *****-ны өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар *****, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Өвөрхангай аймгийн ***** сумын ** дүгээр багийн *** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, ***** овгийн ***** *****.

          

Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод байх хохирогч Т.*****ийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

  1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох

баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хохирогч Т.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутаас 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09 цаг хүртэл би ажилтай яваад гэртээ иртэл манай байшингийн зүүн талын вакум цонхны жижиг порчиг онгорхой, гал тогооны тавилга онгорхой, хойд өрөөний хувцасны шүүгээ онгорхой байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэтэл гал тогооны модон тавилгын дээд хэсэгт шилэн хаалганд байсан 2018 онд тус бүрийг нь 150,000 төгрөгөөр авч байсан 2 ширхэг жижиг гарын 5 инчийн цулгуй, гадна ёроолдоо хээтэй мөнгөн аяга, унтлагын өрөөний цагаан хувцасны шүүгээний дээд нүдэнд байсан ягаан өнгийн ээмэг бөгжний дөрвөлжин сав алдагдсан байсан. Тухайн саванд байсан 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк шүрэн зүүлт, ээмэг, 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан пандоро ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, тус бүрийг нь 2022 онд 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк монетон ээмэг 7 хос бөгж 14, Есөн-Эрдэнэтэй санжганадаг мөнгөн ээмэг 1 хос зэрэг алдагдсан байсан. Ээмэг бөгжний содон шинжийг олон зүйл болохоор сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),

 

          Хохирогч Т.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 1 жил гаруй хугацаанд Хятад улсад амьдарч байгаад ирсэн. Гоо сайхны хайрцагт ямар гоёл чимэглэлүүд байсныг бас сайн мэдэхгүй байсан. Дараа нь гоёл чимэглэлүүдээ цагдаагийн газраас авсан. Гоёл чимэглэлүүдээ харьцуулж бүртгэсэн. ...Манай гэрээс алдагдсан гоёл чимэглэлийн хайрцагт манай охины эд зүйл байгаагүй. Миний охиндоо авч өгч байсан том ээмэг, бөгж байсан. Тэр ээмэг бөгжийг хүлээн авсан. Би алдагдсан эд зүйлүүдээ тулгаж үзсэн. Манай гэрээс дараах эд зүйлүүд алдагдсан байна.

  1. 2018 онд тус бүрийг нь 150,000 төгрөгөөр худалдан авч байсан жижиг гарын 5 инчийн цулгуй, гадна ёроолдоо хээтэй, 2 ширхэг мөнгөн аяга,
  2. Ягаан өнгийн ээмэг бөгжний дөрвөлжин сав 1 ширхэг /2020 онд 10,000 төгрөгөөр худалдаж авч байсан/, 
  3. Турк шүрэн хэлхсэн зүүлт, мөнгөн сэнжтэй том, жижиг хоёр шүртэй ээмэг 1 хос /2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан/,
  4. Бор цэнхэр өнгийн утас нь цацагтай санжигнадаг ээмэг 1 хос /төмөр/, 30,000 төгрөгөөр худалдаж авч байсан,
  5. Шаргал өнгийн дундаа ногоон шигтгээтэй ээмэг 1 хос /шар өнгийн металл, шүд бүрдэг төмрийн хольцтой шаргал өнгийн металлаар хийгдсэн байсан/ 60,000 төгрөгөөр худалдан авч байсан шиг санаж байна,
  6. Цэнхэр өнгийн дундаа ногоон шигтгээтэй ээмэг 1 хос /шаргал өнгийн металл/, хэдэн төгрөгөөр худалдан авч байснаа санахгүй байна.
  7. Ногоон өнгийн шигтгээтэй, гадна талаараа цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн бөөрөнхий хэлбэртэй ээмэг 1 хос /төмөр, алдагдахаас өмнө сэнж нь тасраад бөөрөнхий хэсэг нь үлдсэн байсан/ 30,000 төгрөгөөр авч байсан шиг санаж байна. Хэзээ гэдгийг нь санахгүй байна.
  8. Цэнхэр ногоон өнгийн шигтгээтэй шаргал өнгийн ээмэг 1 хос /шаргал өнгийн шүд бүрдэг мателлаар хийгдсэн/ хэдэн төгрөгөөр худалдан авч байснаа санахгүй байна.
  9. Саарал өнгийн талстан хэлхээтэй бугуйвч 1 ширхэг /саарал өнгийн талст чулуун хэлхээтэй бугуйвч/ 50,000 төгрөгөөр худалдан авч байсан.
  10. Ногоон өнгийн том шигтгээтэй шаргал өнгийн бөгж 1 ширхэг /монетан бөгж байсан юм. 2019 онд 150,000 төгрөгөөр худалдан авч байсан. Солонгос монет/,
  11. Хоёр ширхэг халтар манан чулуу /эрхий хурууны үе шиг хэмжээтэй, дүү өгч байсан/,
  12. Хүрэн өнгийн 5 ширхэг талстан шигтгээтэй санжигнадаг шаргал өнгийн ээмэг 1 хос /шаргал өнгийн металл төмрөөр хийгдсэн байсан/ үнийг нь санахгүй байна.
  13. Ногоон улаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн бугуйвч 1 ширхэг /шаргал металл/ 30,000 төгрөгөөр 2022 онд худалдан авч байсан.
  14. Шаргал өнгийн том шигтгээтэй ээмэг 1 ширхэг /шаргал металл/ 25,000 төгрөгөөр худалдаж авч байсан.
  15. 5 ширхэг дундаа цэнхэр өнгийн шигтгээтэй шаргал өнгийн ээмэг 1 хос, /шаргал өнгийн металл/ үнийг нь мэдэхгүй байна.
  16. Ягаан өнгийн шигтгээтэй гадна талаараа арзгар хүрээтэй, цагаан өнгийн мушгиа хэлбэртэй бөгж 1 ширхэг /төмөр бөгж/ 25,000 төгрөгөөр 2022 онд худалдаж авч байсан.
  17. Тал нь нарийн, тал нь бүдүүн хоёр ширхэг эрчлээтэй цагаан өнгийн гинж 1 ширхэг /төмөр гинж хуучны/ 30,000  төгрөгөөр худалдаж авч байсан.
  18. Шар шувууны дүрстэй шаргал өнгийн хавчаар 1 ширхэг /төмөр металл/ 10,000 төгрөгөөр худалдаж авч байсан.
  19. Хоёр талдаа ногоон улаан шигтгээтэй /шар металл/ бугуйвч 1 ширхэг, 50,000 төгрөгөөр худалдаж авч байсан.   
  20. Ногоон өнгийн том шигтгээтэй шаргал өнгийн бөгж

 

  1. Шаргал өнгийн гинж 1 ширхэг  /металл/ 20,000 төгрөгөөр худалдан авсан.
  2. Улаан өнгийн гинж 1 ширхэг / улаан өнгийн шүрээр хэлхэж хийсэн хүзүүний зүүлт/ худалдаж аваагүй.
  3. Улаан өнгийн бөөрөнхий 2  хүүхдийн сахиус, өөрсдөө хийсэн. 
  4. МУБИС гэсэн бичигтэй ромбо 1 ширхэг,
  5. Гадаргуун дээрээ цэцэгний хээтэй, бөөрөнхий унжлагатай, шаргал өнгийн ээмэг нэг хос /металл ээмэг/ хэдэн төгрөгөөр худалдаж авсныг санахгүй байна.
  6. Бөөрөнхий цэгтэй шаргал өнгийн бөгж нэг ширхэг /металл бөгж/ хэдэн төгрөгөөр худалдаж авсныг санахгүй байна.
  7. Найман ширхэг өнгийн шигтгээтэй нэмэх тэмдэг тойрсон хэлбэртэй шаргал өнгийн бөгж нэг ширхэг /металл бөгж/ хэдэн төгрөгөөр худалдаж авсныг санахгүй байна.
  8. Ногоон өнгийн талстан шигтгээтэй 4 ширхэг, өмнө нь хэрэглэж байсан ээмэг, бөгжний шигтгээ байгаа юм.
  9. Ногоон өнгийн хээтэй шигтгээ 2 ширхэг, мөн хэрэглэж байсан ээмэгнээс үлдсэн шигтгээ байгаа юм.
  10. Шаргал өнгийн гадаргуун дээрээ бичигтэй дээрээ нүхэн сэнжтэй хослол, ээмэг, бөгж /шаргал металл байсан/ 2022 онд 40,000 төгрөгөөр худалдан авч байсан шиг санаж байна.
  11. Цэнхэр өнгийн шигтгээтэй ээмэг нэг хос /төмөр ээмэг байсан/ 45,000

төгрөгөөр худалдаж авч байсан. Би алдагдсан эд зүйлийнхээ худалдаж авсан үнийг нь заримыг нь санаад  заримыг нь санахгүй байна. Зарим ээмэг бөгжний шигтгээ унасан байсан. Нэг ээмэг өрөөсөн байсан. Одоо хаячихсан болохоор тэр ээмэг, тэр бөгж гэж хэлэх зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаад оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 217-218, 224 хуудас),

 

          Гэрч *****нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Би Ч.Г гэдэг хүнийг танина. Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод Т.***** гэх айлд хулгай орсон хэргийн араас явж байгаад Ч.Г гэдэг хүнтэй 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш таньдаг болсон. Ч.Г нь Т.***** гэх айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг Ч.Гийн гэрийн гадаа байх модон амбаарт цагаан цүнхэнд хийчихсэн байсан. Би тухайн үед эд зүйлүүдийг нь хурааж аваад ажил дээр авч ирж эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *****д хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш ***** мөрдөгч өөрөө явж байгаад ягаан өнгийн ээмэг бөгж хийдэг дөрвөлжин савтай эд зүйлүүдийг эзэнд нь хүлээлгэн өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 хуудас),

 

          Шинжээч Д.Оюундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үнэлгээ гаргасан эд зүйлээс гэмтсэн зүйл нь бага гарын мөнгөн аяганы ёроол нь салчихсан байсан. Бусдыг нь сайн санахгүй байна. Мөрдөгчийн дүгнэлтэнд тусгасан эд зүйлд үнэлгээ хийсэн. Эд зүйлд нэршил нь тодорхойгүй 3 хос төмөр ээмэг, бөгж, кулон зэргийг 45,000 төгрөгөөр, нэг хос төмөр ээмгийг 15,000 төгрөгөөр, 2 ширхэг хүзүүний кулон чулууг 20,000 төгрөгөөр, нэг ширхэг улаан шилэн шигтгээг 500 төгрөгөөр, нэг ширхэг цэнхэр шилэн шигтгээг 5000 төгрөгөөр, төмөр ээмэгний хоёр ширхэг тасархайг 20,000 төгрөгөөр, шаргал өнгөтэй 4 ширхэг шахмал чулууг 40,000 төгрөгөөр, цагаан өнгийн 2 ширхэг саран чулууг 20,000 төгрөгөөр, бор өнгийн нэр нь тодорхойгүй 3 ширхэг чулууг 30,000 төгрөгөөр, мөнгөн ээмэгний өрөөсөн сэнж үлдсэн байсныг 5000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх эд зүйлүүд байсан. Тухайн эд зүйлсийг мөрдөгчийн шинжээч томилсон асуултын дагуу дүгнэлтийг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 229-231 хуудас),

 

           Шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 3 тоотод гэртээ ганцаараа байж байгаад гэрээсээ шөнө 21 цагийн үед гарсан юм. Тэгээд гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар багт байх гэрийн хаягийг нь би сайн мэдэхгүй байна. 3,4 жилийн өмнө тэр айлд байшинд нь засвар хийж байсан болохоор мэддэг юм. Тэр айлд очсон чинь хашааны хаалга нь онгорхой байсан хашаа руу нь орсон чинь байшин нь цоожтой байсан болохоор нь хаалга үүдийг нь цохисон чинь хүн дуугарахгүй байхаар нь байшингийн цонхон дээр нь очоод цонхоор нь харсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд цонхыг нь түлхсэн чинь вакум цонх нь онгойчихсон. Тэгээд би цонхоор нь орсон чинь гэрт нь хүн байхгүй, гэрэлгүй байсан болохоор тамхины асаагуурын гэрэл тусгаад явж байсан чинь тогооны саван дотор 2 ширхэг мөнгөн аяга байсан тэрийг аваад, унтлагын өрөө рүү орсон чинь шүүгээн дээр эмэгтэй хүний ээмэг, бөгж хийдэг сав байсан. Тэрийг нь аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд гэртээ хариад нөгөө айлаас авсан 2 мөнгөн аяга, ээмэг, бөгж хийдэг сав зэргийг гэрийн хашаанд байх эд зүйл хадгалдаг амбаарт хийчихээд гэртээ ороод унтсан. ...Миний тэр айлаас хулгай хийж авсан гэх 2 мөнгөн аяганууд цай уудаг аяга шиг хэмжээтэй аяга байсан. Ээмэг бөгж хийдэг ягаан өнгийн саванд эмэгтэй хүний ээмэг бөгж зэрэг эд зүйл байсан тэдгээр зүйлүүдийг нарийн гаргаж үзээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-50 хуудас),

 

          2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 хуудас),

         

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/36 дугаартай “...дээрх хөрөнгүүдийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 870,000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-35 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Эд зүйлд үзлэг хийж, ёроол хэсэгтээ хээтэй цулгуй мөнгөн аяга 2 ширхэг, урт мөнгөн ээмэг 2 ширхэг, цагирган кольцотой мөнгөн гинж 1 ширхэг зэргийг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18 хуудас),

 

           Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогч Т.*****ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22-25 хуудас),

         

          Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 29 хуудас) зэрэг болно.

 

           Хэрэгт шүүгдэгч Ч.Гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-55 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод байх хохирогч Т.*****ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 870,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогчид алдагдсан эд зүйлсийг хүлээлгэн өгсөн, мөн 145,000 төгрөгийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

       

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгч Ч.Гэд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

             Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод байх хохирогч Т.*****ийн амьдран суудаг байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 5 инчийн 2 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний сав, ээмэг, бөгж, кулон, гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 870,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

             Хохирогч Т.*****ийн “...2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 30 минутаас 12 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 09 цаг хүртэл би ажилтай яваад гэртээ иртэл манай байшингийн зүүн талын вакум цонхны жижиг порчиг онгорхой, гал тогооны тавилга онгорхой, хойд өрөөний хувцасны шүүгээ онгорхой байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэтэл гал тогооны модон тавилгын дээд хэсэгт шилэн хаалганд байсан 2018 онд тус бүрийг нь 150,000 төгрөгөөр авч байсан 2 ширхэг жижиг гарын 5 инчийн цулгуй, гадна ёроолдоо хээтэгй мөнгөн аяга, унтлагын өрөөний цагаан хувцасны шүүгээний дээд нүдэнд байсан ягаан өнгийн ээмэг бөгжний дөрвөлжин сав алдагдсан байсан. Тухайн саванд байсан 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк шүрэн зүүлт, ээмэг, 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан пандоро ногоон шигтгээтэй мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, тус бүрийг нь 2022 онд 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан Турк монетон ээмэг 7 хос бөгж 14, Есөн-Эрдэнэтэй санжганадаг мөнгөн ээмэг 1 хос зэрэг алдагдсан байсан. Ээмэг бөгжний содон шинжийг олон зүйл болохоор сайн хэлж мэдэхгүй байна. ... Манай гэрээс алдагдсан гоёл чимэглэлийн хайрцагт манай охины эд зүйл байгаагүй. Миний охиндоо авч өгч байсан том ээмэг, бөгж байсан. Тэр ээмэг бөгжийг хүлээн авсан. Би алдагдсан эд зүйлүүдээ тулгаж үзсэн. Би алдагдсан эд зүйлийнхээ худалдаж авсан үнийг нь заримыг нь санаад  заримыг нь санахгүй байна. Зарим ээмэг бөгжний шигтгээ унасан байсан. Нэг ээмэг өрөөсөн байсан. Одоо хаячихсан болохоор тэр ээмэг, тэр бөгж гэж хэлэх зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралдаад оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 217-218, 224 хуудас),

 

            Гэрч *****нийн “...Би Ч.Г гэдэг хүнийг танина. Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар багийн 2 дугаар гудамжны 16 тоотод Т.***** гэх айлд хулгай орсон хэргийн араас явж байгаад Ч.Г гэдэг хүнтэй 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш таньдаг болсон. Ч.Г нь Т.***** гэх айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж зэрэг эд зүйлийг Ч.Гийн гэрийн гадаа байх модон амбаарт цагаан цүнхэнд хийчихсэн байсан. Би тухайн үед эд зүйлүүдийг нь хурааж аваад ажил дээр авч ирж эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *****д хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш ***** мөрдөгч өөрөө явж байгаад ягаан өнгийн ээмэг бөгж хийдэг дөрвөлжин савтай эд зүйлүүдийг эзэнд нь хүлээлгэн өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 хуудас),

 

           Шинжээч Д.Оюундарийн “...Үнэлгээ гаргасан эд зүйлээс гэмтсэн зүйл нь бага гарын мөнгөн аяганы ёроол нь салчихсан байсан. Бусдыг нь сайн санахгүй байна. Мөрдөгчийн дүгнэлтэнд тусгасан эд зүйлд үнэлгээ хийсэн. Эд зүйлд нэршил нь тодорхойгүй 3 хос төмөр ээмэг, бөгж, кулон зэргийг 45,000 төгрөгөөр, нэг хос төмөр ээмгийг 15,000 төгрөгөөр, 2 ширхэг хүзүүний кулон чулууг 20,000 төгрөгөөр, нэг ширхэг улаан шилэн шигтгээг 500 төгрөгөөр, нэг ширхэг цэнхэр шилэн шигтгээг 5000 төгрөгөөр, төмөр ээмэгний хоёр ширхэг тасархайг 20,000 төгрөгөөр, шаргал өнгөтэй 4 ширхэг шахмал чулууг 40,000 төгрөгөөр, цагаан өнгийн 2 ширхэг саран чулууг 20,000 төгрөгөөр, бор өнгийн нэр нь тодорхойгүй 3 ширхэг чулууг 30,000 төгрөгөөр, мөнгөн ээмэгний өрөөсөн сэнж үлдсэн байсныг 5000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх эд зүйлүүд байсан. Тухайн эд зүйлсийг мөрдөгчийн шинжээч томилсон асуултын дагуу дүгнэлтийг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 229-231 хуудас),

         

          Шүүгдэгч Ч.Гийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 3 тоотод гэртээ ганцаараа байж байгаад гэрээсээ шөнө 21 цагийн үед гэрээсээ гараад Өвөрхангай аймгийн ***** сумын 6 дугаар багт байх 3,4 жилийн өмнө байшинд нь засвар хийж байсан болохоор тэр айлд очсон чинь хашааны хаалга нь онгорхой байсан хашаа руу нь орсон чинь байшин нь цоожтой байсан. Хаалга үүдийг нь цохисон чинь хүн дуугарахгүй байхаар нь байшингийн цонх дээр нь очоод цонхоор нь харсан чинь хүн байхгүй байсан. Тэгээд цонхыг нь түлхсэн чинь вакум цонх нь онгойчихсон. Тэгээд би цонхоор нь орсон чинь гэрт нь хүн байхгүй, гэрэлгүй байсан болохоор тамхины асаагуурын гэрэл тусгаад тогооны саван дотор 2 ширхэг мөнгөн аяга байсныг аваад, унтлагын өрөөний шүүгээн дээр эмэгтэй хүний ээмэг, бөгж хийдэг сав байсан. Тэрийг нь аваад буцаад цонхоор нь гарсан. Тэгээд гэртээ хариад нөгөө айлаас авсан 2 мөнгөн аяга, ээмэг, бөгж хийдэг сав зэргийг гэрийн хашаанд байх эд зүйл хадгалдаг амбаарт хийчихээд гэртээ ороод унтсан. ...Миний тэр айлаас хулгай хийж авсан гэх 2 мөнгөн аяганууд цай уудаг аяга шиг хэмжээтэй аяга байсан. Ээмэг бөгж хийдэг ягаан өнгийн саванд эмэгтэй хүний ээмэг бөгж зэрэг эд зүйл байсан тэдгээр зүйлүүдийг нарийн гаргаж үзээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-50 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 хуудас),

         

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/36 дугаартай “Дээрх хөрөнгүүдийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 870,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 31-35 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Ч.Гээс  “ёроол хэсэгтээ хээтэй цулгуй мөнгөн аяга 2 ширхэг, урт мөнгөн ээмэг 2 ширхэг, цагирган кольцотой мөнгөн гинж 1 ширхэг” зэргийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18 хуудас),

 

          Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ч.Гээс эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хохирогч Т.*****ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 22-27 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Ч.Гэд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

                  

            Шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.

 

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

          Шүүгдэгч Ч.Г нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

          Шүүгдэгч Ч.Гийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Ч.Гэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

  1. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Т.***** нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан, эвдэрсэн эд зүйлийн үнэ болох 145,000 төгрөгийг хүлээж авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хохирогч Т.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Эд зүйлээ буцааж авсан, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сүүлд хохирол гээд мөнгө орж ирсэн. Сэтгэл санааны дүгнэлт гэдэг зүйлийг нь гаргуулахгүй” гэсэн тайлбар, Голомт банкны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орлогын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

           3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийг бусдын орон байранд халдаж үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах,  мөн түүний эдэлж дуусаагүй байгаа 38 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж эдлүүлэх, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг хохирогчид буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү.гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

             Шүүгдэгч Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.            

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж  хуульчилсан.

 

Шүүгдэгч Ч.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Гэд нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

 

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.

 

             Шүүгдэгч Ч.Г нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх тул түүний эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.Г нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 200 хоногийн ялыг биечлэн эдэлж, 5 хоногийн шагналын хоног авч, нийт 205 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, гучин найм хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь   Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ялын тооцоогоор (хх-ийн 105-108 хуудас) тогтоогдож байна. 

 

             Иймд шүүгдэгч Ч.Гэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн гучин найм хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож гучин найм хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг жил гучин найм хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гэд оногдуулсан нэг жил гучин найм  хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

             Шүүгдэгч Ч.Г нь  2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл  76  (далан зургаа) хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоол, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/401 дугаартай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн  цагдан хоригдсон 76  (далан зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

            Шүүгдэгч Ч.Гэд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувиийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Шүүгдэгч Ч.Г нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч ***** овгийн ***** *****ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***** овгийн ***** *****ийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн гучин найм хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож, гучин найман хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг нэг жил гучин найм хоногийн  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гэд оногдуулсан нэг жил гучин найм хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гийн цагдан хоригдсон 76 (далан зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.*****эд 145,000 төгрөг төлсөн, хохирогч Т.***** нь эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ