Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 115/ШШ2022/0042

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******ийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч*******д холбогдох захиргааны хэргийн материалыг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын прокурор******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч******* иргэн ******* нь хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан гэх зөрчлийг илрүүлэн шалгаж холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, зөрчил илрүүлсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, Сайншанд сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн устгалын комиссын устгал хийсэн талаарх тэмдэглэл зэргээр ******* нь хэрэглэх хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч******* нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0046606 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ *******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Шийтгэлийн хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасны дагуу хураан авсан 10 нэр төрлийн 58 ширхэгтэй 91100 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний шийдвэрлэлтийн талаар бичилгүй орхигдуулсан байх тул шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийг устгасан талаарх шийдвэрийг оруулах үндэслэлтэй байна.

Мөн Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн 1-д ... Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу ... гэж бичсэн нь хуулийн заалтын 3 дахь хэсгийн гэдгийг орхигдуулж алдаатай бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч*******гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын*******ийн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн 60 дугаар дүгнэлтээр Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч******* би Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд оногдуулах тухай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0046606 дугаартай шийтгэлийн хуудсаар *******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасны дагуу хураан авсан 10 нэр төрлийн 58 ширхэг, 91100 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний шийдвэрлэлтийн талаар бичилгүй орхигдуулсан байна. Иймд шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь хэсэгт хураан авсан эд зүйлийг устгасан талаарх шийдвэрийг оруулах үндэслэлтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч******* нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0046606 дугаар Шийтгэлийн хуудас-аар холбогдогч *******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******аас хяналтын улсын байцаагч*******гийн гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0046606 дугаартай Шийтгэлийн хуудас-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 гэснийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 гэж, Шийдвэрлэх нь хэсэгт хураан авсан 10 нэр төрлийн 58 ширхэг, 91,100 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүний шийдвэрлэлтийн талаарх өөрчлөлтийг тус тус оруулуулхаар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч хяналтын улсын байцаагч******* нь прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, өөрийн зөвшөөрлөө шүүхэд бичгээр ирүүлж баталгаажуулсан бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор*******ийн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч******* 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0046606 дугаартай Шийтгэлийн хуудас-д өөрчлөлт оруулах тухай 60 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч*******гийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА