Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ДШМ/88

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, Д.Ганбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, А.Мөнхтулга,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/274  дүгээр шийтгэх тогтоолтой *******д холбогдох 1834000000154 дугаартай 3 хавтас, 649 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, Төв  аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Нарстайн 1-15 тоотод оршин суух, Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Улаан хуйлаар овогт Банзайн Бат-Эрдэнэ РД:НЭ80080815.

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газар иргэн М.Мөнхбаатарыг Мосины 1891/30 загварын Винтов маркийн буугаар хоёр удаа буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар буудаж алсан, мөн шүүгдэгч ******* нь байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Улаан хуйлаар овогт Банзайн Бат-Эрдэнийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан, галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Банзайн Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн урьдчилан цагдан хоригдсон 489 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн дөрвөлжин хээтэй цамцыг  устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгаж, Мосины 1891/30 загварын Винтов маркийн буу 1 ширхэг, 2 ширхэг хонгио, 1 ширхэг сумын хошуу, 1 ширхэг сумыг Төв аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн  бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар *******эс 13350700 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй 9535790 төгрөг, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 40000000 төгрөг нийт 49535790 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж,

            Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нар давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.18-ны өдрийн 2019/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн бусад хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хууль бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Харин зүйлчлэлийн хувьд 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй бодит байдалтай нийцээгүй гэж үздэг. Энэ тайлбарыг өмгөөлөгчид дэмжиж оролцдог. Тухайн зүйлчлэлээр "олон хүний амь биед ... хохирол учруулж болох аргаар" үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг шаарддаг. Гэтэл бодит байдалд хохирогч. шүүгдэгч, гэрч 3 хүн байсан, шүүгдэгч эхний буудалтаар хий буудсан энэ буудалтаар хэн хэн нь хол оногдох боломжгүй байсан, 2 дахь буудалтаар хохирогч оногдсон, хүн оночихлоо гэхээр нь мориноосоо буугаад буугаа гэрчид өгөөд хохирогчид туслахаар гүйсэн, очоод дээш нь харуулахдаа туслаач гээд тухайн айлын эзэнтэй хамтарсан, эргээд мориндоо мордоод дээш давхиад Андрушд эмнэлэг дуудаарай гэж хэлээд явсан. Ийм үйл баримт болсон байхад гэрч бууг нь булааж авсан, дахин буудлага үйлдэх санаа зорилготой байсан гэж шүүх үзсэн. Мөн тухайн буу нь нэг удаагийн буудалтаар нэг л сум гардаг 2 удаа буудсан нь тогтоогдоод байхад олон хүнийг алах аргаар гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. "Арга" гэдэг үгийг Монгол хэлний их тайлбар толь бичигт "ямар нэг юмыг хийж бүтээхэд сүвэгчилсэн ур ухаан, танин мэдэх, судлан ухаарах, мөн юмыг хийх эв дүй арга барил, хэлзүйн утга хэлбэрийн нэгдэл" гэж тайлбарласан байна. Шүүх энэ зүйлчлэлийг хэрэглэхдээ дахин буудлага хийх боломжтой байсан учраас олон хүнийг алах арга гэж үзсэн юм уу, өмгөөлөгчид болон шүүгдэгчийн зүгээс хуулийг тайлбарлах эрхгүй ч хэрэглэхдээ нэг зэрэг үйлдэх буюу нэг үйлдлээр олон хүнийг алах арга нь тухайн гэмт хэргийн шинж болно гэж үзэж байна. Тэгэхээр буудлага хийсэн буу нь магазинтай, 3 сумтай байсан хэдий ч буудлага хийх бүрд замгийг татаж хонгиогоо авдаг, буцааж дахин цэнэглэж буудлага хийж байгаа үйлдэл нь олон хүний амь биеийг хохироох аргаар үйлдсэн гэж үзэх боломжгүй тул хэргийн бодит байдалтай нийцээгүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчөөгүй гэж шүүх үзжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь өвчтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа баримтаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт шүүхэд өгсөн байдаг. Шүүх эмнэлгийн баримт, хүсэлтийн хувьд хууль зүйн тайлбар өгөөгүй мөртлөө шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь хууль зөрчихгүй гэж үзсэн. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт "Монгол улсын иргэн нь хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гэсэн бөгөөд шүүгдэгч 2 өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа авах гэрээ хийж, өмгөөлөгч нарын хамт оролцоно гэсэн хүсэлтээ илэрхийлсэн нь хуульд заасан эрхийн хүрээнд хүссэн байхад шүүх татгалзсан нь Үндсэн хуулинд заагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн байна. Энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүх. прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина" гэснийг болон мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон 7.9 дүгээр зүйлийг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. Үүнээс шүүгдэгч санаатай саад учруулсан ямар үндэслэл байна вэ гэдэг асуулт урган гарна. Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь 34.16-р зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтыг зөрсөн байна вэ гэдэг асуудалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Тус хэсгийн 1.1-д ".....оролцвол зохих тал ирээгүй", 1.2-т "...шинжилгээ хийлгэх...", 1.3-т "...өмгөөлөгч солигдох..., 1.4-т "..хүндэтгэн үзэх бусад шалтгаан..." Эдгээрийн алийг нь хэн зөрчив? тус шийтгэх тогтоолд 3 үндэслэлээр шүүх хурал 3 удаа хойшлогдсон гэсэн байна. Давтагдсан ямар үндэслэл байна вэ, ямар ч давхцал байгаагүй харин шүүгдэгч зүйлчлэл хүндэрсэн асуудалтай холбоотой өмгөөлөгч нараас татгалзсан. Энэ нь тухайн хүний эрхийн асуудал байсан. Дахин өмгөөлөгчөөр авах санал тавьсан бид бодож байгаад хариу өгөх асуудал яригдсан. Дараа нь шүүгч ярь гээд байна та нар гэрээ байгуулах уу дараагийн хурал зарлах гээд байна гэж ярихдаа шүүх хурлын танхимд байсан, бид орно гэхдээ гэрээгээ байгуулна гэсэн. Ингээд хурал зарлагдсан байсан, гэрээ байгуулсан. Шүүх А.Мөнхтулгад хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байхад ......шүүгдэгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь" гэсэн. Өмгөөлөгч өвдөж, эмнэлэгт хэвтэж болохгүй юу?, ингэсэн бол гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзнэ гэсэн ямар хуулийн заалт байна, бидний хооронд байгуулсан гэрээг шүүх дүгнэх эрхтэй юу?, үйлчлүүлэгч гэрээ зөрчсөн эсэх асуудлаар санал гаргах эрхтэй болохоос шүүх дүгнэлт хийх эрхгүй гэж үзнэ. Тэгэхээр хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг нь өмгөөлөгч зөрчсөн үү шүүх зөрчсөн нь үү гэдэг асуудалд шүүх зөрчсөн гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.18-ний өдрийн 2019/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 05 сарын 16-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг Сөгнөгөр гэх газар иргэн Мөнхбаатартай ялимгүй зүйлээс болж муудалцан амь насыг нь хохироосон билээ. Тухайн үед би хүн алах санаа зорилго тээгээгүй боловч айлгах гэсэн санаатай байсан ч хүний амь нас харамсалтайгаар хохироосондоо маш их харамсаж, гэм  буруугаа хүлээн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Гэтэл уг хэргийг Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр хянаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2, мөн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн уг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл намайг олон хүний амь бие эрүүл мэнд эд хөрөнгөд аюул учрах аргаар хэрэг үйлдсэн гэж үзсэн үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь гэрч Хадбаатарын мэдүүлгийг зөвхөн үндэслэн намайг яллаж байна гэж үзэж байгаа. Үүнд гэрч Хадбаатар хэргийн газарт үзлэг хийхэд байршил болон хүмүүсийн хоорондын зайг худлаа зааж өгсөн. Мөн тухайн үед бууг нь булааж аваагүй бол дахин буудлага үйлдэх гэж бууны хоолойд сум хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Тийм зүйл огт болоогүй хэрэг үйлдэх үед би морьтойгоо гол дотор зогсож байсан. Хохирогчийг айлгах гэж эхлээд хий буудсан дараагийн буу сумлах үйлдлээр би буудна гэж бодоогүй. Учир нь тухайн үед буу дуугарсан, тэр үед морь үргэж хөдлөөд буудлага үйлдэгдэн хохирогч оногдсон. Мөн Хадбаатар намайг чиглүүлж байгаад буудсан гэдэг тэр бол худлаа. Мөн Хадбаатар надад хандаж чи хүн оночихлоо гэж орилоход би итгээгүй. Худлаа ярь гээд голоос гарч очиж Хадбаатарын дэргэд морьноосоо буугаад буугаа түүнд өөрөө өгсөн. Тэгээд хохирогч дээр явж очсон. Энэ үед гэрч Чинбаатар хохирогчийн хажууд очсон. Бид 2 хохирогчийг өргөж дээш нь харуулсан. Хэрвээ Хадбаатар бид хоёр буу булаацалдаж байсан бол гэрч Чинбаатар харах байсан. Мөн Хадбаатар сүүлд мэдүүлэг өгөхдөө бууны хоолойд сум байхгүй байсан гэдэг. Энэ бүхнээс үзэхэд Хадбаатар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байгаа нь харагдаж байна. Учир нь гэрч Хадбаатар хохирогч Мөнхбаатар нар нь садан төрөл. Иймд намайг хүнд ялаар шийтгүүлэх гэж зориуд тэгж мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн буу нь бянтны ховил элэгдэж муудсан тул хангалттай хүч гаргаж чадахгүй гэж дүгнэсэн. Гэтэл олон хүний амь бие эрүүл мэнд эд хөрөнгөд аюул учруулах аргаар хэрэг үйлдсэн гэж үзсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, прокурор Б.Эрхэмбаяраас амь хохирогчийн биед оносон сум хохирогчийн биеэс гараад хаана очиж туссан талаар асуухад тэр сум байхгүй олдохгүй байгаа гэж хэлсэн. Гэтэл тэр сум нь амь хохирогчийн биед тогтсон байсан. Хэрвээ тэр сум нь хохирогчийн биеийг нэвтэлж гараад өөр бусад хүнд гэмтэл учруулах байсан бол яагаад хохирогчийн биед тогтсон талаар шалгаагүй. Мөн хэргийн газар үзлэг хийхэд намайг болон гэрч Чинбаатарыг байлгаагүй. Зөвхөн гэрч Хадбаатарыг байлгаж үзлэг хийсэн. Энэ бүхнээс харахад хэтэрхий нэг талыг барьж байгаа нь харагдаж байна. Ингээд хэргийг шүүхэд шилжүүүлсэнийг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 сарын 18-ны өдөр хэлэлцээд 18 жилийн хаалттай хорих ялаар шийтгэсэн байгаа. Үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь миний бие 2 өмгөөлөгчтэй хуралд оролцох хүсэлт шүүхэд тавьсан боловч шүүх хүлээн аваагүй, яагаад гэвэл хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хурлыг хойшлуулсан саад учруулсан гэж үзсэн. Үүнд миний зүгээс хэргийн зүйлчлэлийг хүнд байна гэж үзэн 2 өмгөөлөгчөөс татгалзсан байдаг. Миний хувьд нэг удаа хүсэлт өгч шүүх хурал хойшлуулсан байгаа. Мөн өмгөөлөгч Мөнхтулга нь тухайн шүүх хурал болох өдөр эмнэлэгт хэвтсэн байсан. Биеийн байдал болон учир шалтгааныхаа талаар бичиг баримтаа шүүхэд ирүүлсэн байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж шүүх хурлыг хийсэн тул миний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг дэндүү дордуулж 18 жилийн хаалттай хорих ялаар шийтгэсэн тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Мөн миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж төлөх дээр хичээх болно. Иймд та бүхнээс дээрх гомдлыг минь нягтлан үзэж зөв зохистой шийдвэр гаргаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр 2 өмгөөлөгч хоёулаа байх шаардлагатай юу гэхэд нь тийм ээ гэсэн. Гэтэл шүүх хүлээж аваагүйгээр өмгөөлөгч нар шүүх хуралдаанд саад хийх гэж байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсгээр зүйлчилснийг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг шүүх зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам гаргасан тайлбар, саналдаа: Олон хүний амь бие хохирол учруулах аргаар гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Хүний амь нас хохироосондоо гэм буруугаа хүлээж байгаа. Олон хүний амь биед хохирол учруулах гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад  болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг “Сөгнөгөр” гэх газар иргэн М.Мөнхбаатарыг Мосины 1891/30 загварын Винтов маркийн буугаар буудаж алсан, мөн байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

             гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас 02/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 03-05, 06-12/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 13-19/, талийгаачийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 20-24/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /1 хавтас 89-91/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 203-205/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хавтас 178-181, 216-218, 219-222/,

            -  “Талийгаач холын зайнаас буудагдаж нурууны баруун талаас хэвлийн зүүн урд руу нэвтэрч нарийн бүдүүн гэдэс чацархайг гэмтээсэн шарх гэмтэл учирсан, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цочмог цус алдалтаас болж нас барсан, дээрхи гэмтэл нь галт зэвсгийн холын зайн буудалтаас 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, талийгаачийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх  Шүүхийн шинжилгээний албаны №63 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтас 69-70/,

             - “Шинжилгээнд 7,62 мм-ийн 1943 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги дугааргүй, замаг ВОК-740, хүхээг ЧН611 гэсэн дугаартай, гол төмрийн урдаас тайрч гар аргаар овоог суулгасан, байлдааны зориулалттай Мосины 1891/30 загварын винтов бууг ирүүлсэн байна. Энэ буу нь буудлага үйлдэнэ.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3742 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтас 72-77/,

             - “Шинжилгээнд ирүүлсэн замагны 740 дугаартай винтов маркийн буугаар гол төмрийг цэвэрлэснээс хойш 2 удаа буудлага үйлдсэн байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5664 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хавтас 78/,

             - “Шинжилгээнд ирүүлсэн 7,62 мм-ийн сумны хошуу, 7,62х54 мм-ийн хонгио нь ЛПС загварын байлдааны зориулалттай сумын хошуу, хонгио байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1644 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2 хавтас 187-189/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаагийн: “Батсүмбэр суманд ирсэн чинь талийгаач дүү Мөнхбаатар зуслангийнхаа газрын урд талд байшингийн ар талд нас барсан байсан” гэх мэдүүлэг /1 хавтас хх-38-39/,

- гэрч Д.Хадбаатарын: “...Баагий “энэ муу халзан пизда яасан том пизда бэ чамайг алнаа” гээд хашгираад байсан ба...эргээд ирэхдээ буу үүрчихсэн байсан. Тэгэхээр нь ах “чи юу гээд байгаа юм бэ зүгээр дуугүй явчих” гэхэд  буцаад гол руу орж, торон хашааны хаалганы гадна ирчихээд дахиад талийгаачийг “”хөөе пизда минь чи чаддаг юм бол босоод гараад ир” гээд хашгираад дуудаад байхаар нь талийгаач байшингийн ард гараад очсон. Би цуг очсон...талийгаач чи хүн дуудчихаад гээд буцаад байшин руу алхсан чинь Баагий буугаа мөрнөөсөө аваад голын дунд морьтойгоо зогсож байгаад буудсан, сум нь хашааны хаалганы гадаа талд нь газар оносон. Баагий морьтойгоо хашааны хаалга руу ойртож ирээд буугаа дахиад цэнэглээд талийгаач руу чиглүүлж байгаад  буудсан ба талийгаач урагшаа унахаар нь би Баагий руу гүйж очоод бууг нь булааж аваад сандарсандаа талийгаачийн наахан очиж замгийг нь татаж хонгиог нь хаяад замгийг нь хармаалаад бууг нь аваад, эргээд хартал Баагий талийгаач дээр оччихсон байсан.” гэх мэдүүлэг /1 хавтас 40-41,139/,

- гэрч Ц.Чинбаатарын: “...бид хоёр талбайн ажил төрөл яриад сууж байтал Андуу нөгөө морьтой ирсэн залуу 2 хашааны урдуур баруунаас зүүн тийшээ өнгөрөөд явж байснаа бид нарыг хараад талийгаачид хандан “энэ яасан том дуугардаг нөхөр бэ” гэж хэлээд буцаж хашааны урдуур яваад хашаанд орж ирэхгүй хашааг баруун талаар нь бүтэн тойроод бид нарын хойно хашааны явган хаалга нь дээр ирж голд морьтойгоо зогсож байгаад талийгаачийг дуудсан, талийгаач боссон тэгтэл хамт ирсэн залуу нь дагаад босохоор нь би бөөн зодоон болох нь гэж айгаад байшиндаа ортол 2 удаа буун дуу гарсан.” гэх мэдүүлэг /1 хавтас 43-44/,

- гэрч Л.Энхсүхийн: “...Хадаа трактортой ирээд Мөнхбаатар ахыг хүн буудчихлаа, ална гэж заналхийлж байгаад 2 удаа буудсан. Эхний сум нь оноогүй газар оносон, дараагийн сум нь оносон гэж байсан” гэх мэдүүлэг /1 хавтас 50-51, 144/,

- гэрч У.Эрдэнэжаргалын: “...14 цагийн үед Хадбаатар ирээд Мөнхбаатар ахыг хүн буудчихлаа гээд нөгөө винтовоо гудсан доор хийгээд бид гурав доошоо явсан,  очиход захирал талийгаач Мөнхбаатар маань дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Хадбаатар бидэнд ярихдаа талийгаачийг буудсан залуу ирээд согтуурахаад байхаар нь талийгаач яв гээд явуулсан. Тэгээд нөгөө залуу нь эргэж морь унаж буу үүрч ирээд талийгаачийг ална гэж байгаад буудсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /1 хавтас 52-53, 143 /,

-  гэрч С.Оюунгэрэлийн: “ ... өглөө Бат-Эрдэнэ Андуу ахтай очиж уулзана гээд 12 цагийн орчим ганцаараа хээр морио унаад гарсан. Тэгээд буцаж орж ирээд Андуу ахыг олохгүй байна гээд гэрээсээ буугаа аваад Андуу ахыг олж аваад явна гээд хөнжил, дээл, хоол хүнс аваад гарсан түүнээс хойш дахиж ирээгүй. Тэгтэл Бат-Эрдэнийн бэр эгч рүү охин нь утсаар ярьж Бат-Эрдэнэ хүн буудсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 хавтас 61, 141/,

- гэрч П.Андрушийн: “...Бат-Эрдэнэ надтай хамт Рашаан руу мөөгөнд явах байсан. Тэгээд би Бат-Эрдэнийг хүлээнгээ гэрээсээ дээшээ явж Чинбаатар гэдэг хүний эзэмшлийн зуслангийн байшин дээр очиж газрыг нь борнойдож өгсөн... Бат-Эрдэнэ морьтойгоо Андуу ахаа хоёулаа явах уу гээд ирсэн. Тэгэхээр нь би трактороо аваад морио авах гээд доошоо гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд байж байхад 10 гаран минутын дараа Бат-Эрдэнэ морьтойгоо давхиж ирээд манай гадаа орхисон байсан буугаа аваад надад хоёулаа явах уу гээд бид хоёр дээшээ дунд талын замаар явсан. Тухайн үед Чинбаатарын зуслангийн хажуугаар гарахад Бат-Эрдэнэ талийгаачтай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдсаныг нь мэдэхгүй. Бат-Эрдэнэ хашгираад байсан. Ингэсэн чинь Бат-Эрдэнэ эргээд морьтойгоо давхихаар нь би түүнийг араас морьтойгоо ирэх байх гээд араас нь яваагүй. Тэгсэн чинь намайг дээр явж байхад Чинбаатарын зуслангийн тэндээс хоёр удаа буун дуу гарахаар нь би морьтойгоо эргээд явж байсан чинь Бат-Эрдэнэ өөдөөс морьтойгоо буугүй хүрээд ирсэн. Тэгснээ надад та эмч дуудаарай би хүн буудчихлаа гэснээ хажуугаар зөрөөд явсан.” гэх мэдүүлэг /1 хавтас 63, 145/,

- Гэрч А.Учрахбаярын: “7,62х54 мм-ийн сум нь зүрхэвчтэй суманд ордог,  байлдааны сумны ангилалд хамаардаг. Энэ сум бол винтов бууны сум байна. Сумны хошуу нь ган зүрхэвчтэй сумны хошуу байна” гэх мэдүүлэг /2 хавтас 182, 223/,

           - Шинжээч Б.Хос-Эрдэнийн: “Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь ган зүрхэвчтэй сумны хошуу ба  байлдааны зориулалттай,  шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь мөн байлдааны зориулалттай сумны хонгио байна” гэх мэдүүлэг / 2 хавтас 185/,

           - яллагдагч Б.Бат-Эрдэнийн: “...талийгаач надад хандаж чи явчихвал яасан юм бэ, түрүүнээс хойш хэлээд байхад  зайлчихвал яасан юм гээд босоод ирэхээр нь би морио унаад Андуу ахынд ирээд буугаа аваад нөгөө хашааны гадна ирээд талийгаачийг айлгах гээд буугаа өрөөсөн гартаа бариад гол дотор зогсож байгаад талийгаач байшингийн хойд хаалга руу яваад ирэхээр нь нэг удаа тэнгэр рүү буудсан, дараа нь морь ухас гээд би буу алдаад буудчихсан. Арай ч хүн буудчихаагүй байлгүйдээ гээд мориноосоо буугаад очиход Хадаа чи хүн буудчихлаа шүү дээ гээд миний бууг аваад доошоо гүйхээр нь би талийгаач дээр очсон. Би 2014 онд үл таних хүнээс бууг мориор худалдаж  авсан ба буу хуучин бүртгэлгүй байсан, бууг амбаартаа хадгалж байсан.” гэх мэдүүлэг /1 хавтас 101-102/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин ******* олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан гэх гэмт хэргийн үйл баримт тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл буруу байна.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийн бүх ажиллагааг хянахад:

Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн  Мосины 1891/30 загварын винтов буу 1943 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн, байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн боловч орчин үеийн байлдааны зэвсгийн хүчин чадал, техникийн үзүүлэлтийг гүйцэхгүй, уг бууг ан агнуурын зориулалтаар иргэд эзэмшиж байгаа гэсэн  шинжээчийн дүгнэлт, уг галт зэвсэг нь автомат ажиллагаагүй, механик ажиллагаатай буюу зөвхөн гараар цэнэглэгддэг учраас ангийн зориулалтаар ашигладаг, гохны нэг даралтаар нэг сум гардаг буу учраас үй олноор устгах зориулалтай зэвсэг биш учраас олон хүний амь биед нэг зэрэг аюул учруулах боломж байхгүй гэсэн шинжээч Б.Хос-Эрдэнийн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан газар нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 багийн Сөгнөгөр гэх дөрвөн талаараа ой мод, уулсаар хүрээлэгдсэн Сөгнөгөр  голын урд талын газар байсан гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******  хүнийг алах гэмт хэргийг  үйлдэхдээ “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” үйлдсэн гэх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна.

Гэмт этгээд хүнийг алах гэсэн санаагаа хэрэгжүүлэхдээ хохирогчоос гадна бусад хүмүүсийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болох арга хэрэглэж, энэ арга, үйлдлийнхээ хор холбогдлыг ойлгож ухамсарласан, санаатай үйлдэл байна. Өөрөөр хэлбэл зөвхөн хохирогчоор хязгаарлахгүй, бусад этгээдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргыг сонгож, санаатай үйлдсэн байхыг ойлгоно.

Талийгаач М.Мөнхбаатар *******д хандаж “чи яв, би энэ хүнтэй юм яримаар байна” гэж жаахан ширүүхэн хэлж, яв гэж хөөхөд ******* яваад өгсөн,  харин эргэж ирэхдээ П.Андрушийн гэрийн гадна байсан буугаа авч ирээд Мөнхбаатарыг “ална, гараад ир” гэж дуудаж хашгираад, гарч ирснийх нь дараа түүн рүү чиглүүлж 2 удаа буудахдаа эхнийх нь буудлага газарт онож, дараагийн буудалтаар түүнийг алсан байна. Хэрэг гарахад  М.Мөнхбаатар, Д.Хадбаатар хоёр байшингийн ард, Ц.Чинбаатар байшин дотор байснаас өөр хүнгүй, шүүгдэгч ******* М.Мөнхбаатарт хандаж “гараад  ир, чамайг ална” гэж  хашгирч дуудсан, талийгаач руу чиглүүлсэн 2 удаагийн буудлага хийсэн, улмаар хохирогчийн амь нас хохирсон хэргийн үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******  бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдэхдээ тодорхой нэг хүн рүү чиглэсэн үйлдэл хийсэн, үйлдлийнхээ улмаас М.Мөнхбаатарын амь насыг санаатай хохироосон байна.

Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч бусдыг алах гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэх санаа зорилготой байсан гэх гэмт хэргийг сэдэлт тогтоогдоогүй, шүүгдэгчийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  гэмт хэргийн шинжгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд  анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга. М.Мэндсүрэн нар гаргасан давж заалдах гомдлоос “шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн” гэсэн хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 18-ны өдрийн ШЦТ/274 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 1. Төв аймгийн прокурорын газраас Б.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг   болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. - Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Улаан хуйлаар овогт Банзайн Бат-Эрдэнийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алсан, галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг  “Шүүгдэгч Улаан хуйлаар овогт Банзайн Бат-Эрдэнийг хүнийг алсан, байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгслийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

 

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын  “Шүүгдэгч Улаан хуйлаар овогт Банзайн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг  “Шүүгдэгч Улаан хуйлаар овогт Банзайн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Банзайн Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Банзайн Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 /арван гурван/  жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 15 /арван таван/  жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох “хууль буруу хэрэглэсэн” гэх хэсгийг хүлээн авсныг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Бат-Эрдэнийн  цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧИД                                                    Т.ЭНХМАА

 

 

                                                                     Г.БОЛОРМАА