Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 311

 

Р.Б, Ө.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, 201614000450 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Р.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хоохолдой овогт Ө.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ыг бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Р.Б-ыг бусдын эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Р.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар Р.Б-ыг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-аас 1.800.000 төгрөг, Р.Б-оос 18.432.608 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “Натурал текстайл групп” ХХК-д олгуулах, нэхэмжлэлийн шаардлагаас 1.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ө.Б-ыг 2 сарын хугацаанд, шүүгдэгч Р.Б-ыг 3 жилийн хугацаанд хохирлыг төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ын цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ө.Б 10 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Ө.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Х.Оюунбат гаргасан гомдолдоо: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд илтэд зөрүүтэй, Р.Б-ыг буруутгаж буй нотлох баримтын аль нь үнэн зөв болох нь нотлогдоогүй, борлуулсан мөнгийг завшсан гэх үйлдэл холбогдол нотлогдож тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан нотолбол зохих байдал хэрэгт нотлогдоогүй байхад Р.Б-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хохирогч компани нь анх Р.Б-ыг 33.209.928 төгрөг дутаасан тухай мэдүүлгийг өгсөн байх ба 79 хивс дутаасан гэж буруутгасан баримт хэрэгт авагдсан. Гэвч энэхүү баримтад байх барааны бар код, нэр, үнэ зэрэг нь хэргийг шалгах явцад өөрчлөгдөж 133 хивс дутаасан гэж баримт гаргаж өгсөн ба дээрх нэр, үнэ, код зэрэг нь өөрчлөгдсөн. Р.Б уг бараа материалын хөдөлгөөн гэх баримтуудыг хүлээн авсан гэх гарын үсэг бүхий баримт хэрэгт байхгүй, хүлээн авсныг нотлох баримт мөн байхгүй. Р.Б-ыг борлуулсан барааны үнийг байгууллагад төлөөгүй хувьдаа завшсан гэж буруутгасан. Гэтэл хохирогч 2016.08.17-2016.09.04-ний хооронд хэдэн падаанаар бараа хүлээлгэн өгсөн тухай асуухад “...бараа хүргэж өгөөгүй” гэж мэдүүлж, дараагийн шүүх хуралдаан дээр асуухад “...3 удаа...” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. ...баримтын эхийг судлаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн барааг дутаасан гэж гэм буруугийн хэлбэрийг тогтоосон нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т заасныг зөрчсөн байна.

Байгууллагын их хэмжээний барааг падаанаар тулган авдаг байсан гэх мэдүүлэг нь өөрчлөгдөж нүдээрээ тоолж өгдөг гэх хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй болж, энэхүү мэдүүлгийг үндэслэн гэм бурууг тогтоох үндэслэлтэй эсэхэд шүүх анхаараагүй.

Шинжээч томилсон тогтоолд шинжилгээний байгууллагыг төлөөлөн Алтанпүрэв гарын үсэг зурсан гэх боловч шинжилгээнд байгууллагын тамга дарагдаагүй тул шинжилгээний байгууллагад хууль сануулж эрх үүргийг нь танилцуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нотлох баримт болох эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн шинжээч гарын үсгийн дардас хэрэглэсэн нь хууль зөрчсөн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Р.Б-ыг цагаатгаж өгнө үү ” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг баримтаар нотлогдон тогтоогдсон. Хэрэгт шалгавал зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн Р.Б, Ө.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Р.Б нь 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 9 дүгээр сарын 4-ний хооронд “Натураль Текстайль групп” ХХК-ийн “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого 19.134.444 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

-шүүгдэгч Ө.Б нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Натураль Текстайль групп” ХХК-ийн “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 8.183.530 төгрөгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч нарын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Б-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, Ө.Б-ын үйлдлийг мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч Р.Бт тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ болох 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Шүүгдэгч Ө.Б-ын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэргийн хувьд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу шинжээчээр томилогдсон “Тольдох оюуны өгөөж” ХХК /2хх-49/ болон “Найдвар од аудит” ХХК-ний /3хх-53/ шинжээчид нь хохирлын талаар харилцан зөрүүгүй дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч “Натураль Текстайль групп” ХХК-ийн “Эрдэнэт номин” дэлгүүрийн бараа материалыг бүртгэсэн ПОС-ын дэлгэрэнгүй тайлан, бараа материалын тооллогын бүртгэл, холбогдох анхан шатны баримтыг үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтэд “2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар эд хариуцагч нарын зөвшөөрөлгүй ачуулсан 183 ширхэг хивсний 35.055.608 төгрөгийн хохирол нь үндэслэлтэй байна. Энэ нь борлуулагчийн өдөр бүр гаргадаг Кассын тайлан, Тооллогын бүртгэл, ПОС-ын тайлан, кассын тооцоо бодсон баримтаар нотлогдоно. Дутагдсан 183 ширхэг хивсний 143 ширхэг нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны үлдэгдэл хивснээс, 40 ширхэг нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас хойш орлого болгож авсан хивснээс дутаж байна. Р.Б 18.432.608 төгрөг, Ө.Б 8.123.000 төгрөг, Рэнцэн 8.500.000 төгрөг тус тус дутаасан. Р.Б нь зөвшөөрөлгүй ачуулсан их хэмжээний хивсний дутагдлаа өдөр тутмын кассын тайлан дээр борлуулсан мэтээр тайлагнаж, цалингаас суутгуулах дүнгээр гаргасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, эд хариуцагчийн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Эрдэнэт агуулахаас хүлээн авсан барааны анхан шатын баримтанд дэлгүүрийн эрхлэгч Г.Батцэцэг гарын үсэг зурдаг бөгөөд барааг салбарын борлуулагч нарт хүлээлгэн өгөхдөө ээлжийн борлуулагчаар гарын үсэг тогтмол зуруулдаггүй байжээ. Бараа материал хүлээн авах, хүлээлгэн өгөхдөө байлцсан бүх эд хариуцагч нар гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй бөгөөд эрхлэгч ганцаараа гарыг үсэг зурж бараа хүлээн авч, хүлээлгэн өгдөг нь бүртгэлийн хувьд ноцтой зөрчил болжээ. Гэхдээ энэ нь бараа материал хүлээж аваагүй гэх баталгаа болохгүй” гэснийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Р.Б-ыг цагаатгаж өгнө үү” гэсэн шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН