Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/269

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн *****т холбогдох 2426000000285 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын *****-ний өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, регистрийн дугаар *****, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ******* хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, ***** овгийн *****.

          

Үйлдсэн хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Богч гэх газарт оршин суух иргэн Ж.*****ын гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 10 килограмм ямааны ааруулыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй.Гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

           1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Ж.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие нөхөр 2 хүүхдийн хамт ***** сумын 4 дүгээр багт Богч гэх газарт мал маллан амьдардаг. Нөхөр бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр айлд малаа тавих гээд малаа туугаад айлд хүргэж өгчихөөд 09 дүгээр сарын 28-ны 10 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн тоононы гялгар рамыг урж тасдаад хулгайч ороод гэрт байсан 10 кг орчим ааруулыг аваад явсан байсан. Тэгээд цас ороод цагдаад бүртгүүлж чадахгүй байж байгаад өнөөдөр ирж мэдэгдэж байгаа юм. Би өөрөө цагаан идээгээ боловсруулж ааруул тавьсан. 10 кг орчим ямааны ааруул байсан. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй. Нөхөр бид 2 малаа тавих гэж явахдаа гэрээ эзэнгүй орхиод явсан Гэрийн хаалгаа түгжээд өрхөө бүтээчихээд явсан. Манай гэрийн цоож зүгээр байна лээ. Харин гэрийн тооноор орсон юм шиг байна лээ. Тоононы гялгар, рамыг ураад хясан байна лээ. Би 350,000-400,000 төгрөгөөр үнэлж байна. Миний зуны улирлын хөдөлмөр гэж бодохоор гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 хуудас),

 

          Гэрч Ж.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай гэрт 2024 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд хулгай орж гэрт байсан 10 кг ааруул алга болсон байхаар нь танай байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 хуудас),

 

          Гэрч Ж.*****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр манай нөхөр ***** миний Хаан банкны картыг авч явсан байсан. Манай нөхөр шөнө ирж хоносон юм. Намайг унтаж байхад өглөө гэртээ гэрээсээ гараад явсан байсан. Тэгээд өдөр 14 цагийн орчимд 1 уут (50 кг) гурил, 5кг будаа авч согтуу ирсэн. Тэгэхээр нь чи хаанаас мөнгө олсон юм гэж асуусан чинь за чамд хамаагүй гэж хэлсэн. Тухайн үед миний Хаан банкинд холбоотой утасны эрх нь хаагдсан байсан болохоор надад мөнгө орж ирснийг би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 хуудас),

 

          Иргэний нэхэмжлэгч Т.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ажиллуулдаг жимс ногооны дэлгүүрт 11 цаг 30 минутын орчимд ирээд ажлаа хийгээд байж байтал нэг танихгүй эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд ямааны ааруул зарна та авах уу? гэж асуухаар нь би хэд гэж байгаа юм гэж асуухад нөгөө хүн 1 кг нь 30,000 төгрөг гэхээр нь би ааруулыг үзээд би бүгдийг нь авъя. 28,500 төгрөгөөр өгөх уу? гэж асуусан чинь тэгье гээд би ааруулыг нь жинлэсэн чинь 10 килограмм болж байсан. Тэгээд би тэр хүнээс 10 кг ямааны ааруулын мөнгийг Хаан банкны ***** гэсэн данс руу 250,000 төгрөгийг өөрийн ***** дугаарын данснаас шилжүүлээд үлдэгдэл 35,000 төгрөгийг бэлнээр тэр хүнд өгсөн. Би гүйлгээний утган дээр “Aaruul” гэж бичиж шилжүүлсэн Би тэр хүнийг танихгүй. Дөч орчим насны бор царайтай, туранхай, хар өнгийн богино хүрэмтэй, улаан хүрэн өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг харвал танина. Тэр ааруул одоо надад байна. Би огт хэрэглээгүй. Хэвээрээ байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 хуудас),

 

          Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...***** нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. Манайхтай саахалт айл байгаа юм. Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд хамаатны айл болох *****ын гэрт очсон. Гэрт нь очиход хаалга нь түгжээтэй байсан. Гэр дээр нь гарахад тоононы гялгар уутаар бүрсэн төмөр рамтай байсан. Тухайн тооноор гэрт нь ороход цагаан ууттай ааруул байсан. Тухайн ааруулыг аваад гэртээ ирсэн. Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг ороод цагаан идээний дэлгүүрт 290,000 төгрөгөөр тухайн ааруулыг зарж борлуулсан. ***** хэсгийн төлөөлөгч тухайн ааруулыг хураан авч ***** эгчид буцаан өгсөн. Би ааруул зарж борлуулсан хүндээ 290,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52 хуудас),

 

          2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-10 хуудас),

         

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-41 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 килограмм ямааны ааруулыг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-17 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Т.*****гээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-12 хуудас),

         

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хаан банк дахь иргэн Ж.*****ийн эзэмшлийн ***** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21-26 хуудас)

 

           Хохирогчийн хүсэлт (хх-ийн 67 хуудас),

 

           Шүүгдэгч Т.Эын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/141 дугаартай тодорхойлолт, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-68 хуудас) зэрэг болно.

 

           2.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Богч гэх газарт оршин суух иргэн Ж.*****ын гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 10 килограмм ямааны ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэн 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. ” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Т.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй ямар нэгэн маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна. ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

       

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Эт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Богч гэх газарт оршин суух иргэн Ж.*****ын гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж 10 килограмм ямааны ааруулыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

 Хохирогч Ж.*****ын “...Нөхөр бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр айлд малаа тавих гээд малаа туугаад айлд хүргэж өгчихөөд 09 дүгээр сарын 28-ны 10 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрийн тоононы гялгар рамыг урж тасдаад хулгайч ороод гэрт байсан 10 кг орчим ааруулыг аваад явсан байсан. Тэгээд цас ороод цагдаад бүртгүүлж чадахгүй байж байгаад өнөөдөр ирж мэдэгдэж байгаа юм. Би өөрөө цагаан идээгээ боловсруулж ааруул тавьсан. 10 кг орчим ямааны ааруул байсан. Нөхөр бид 2 малаа тавих гэж явахдаа гэрээ эзэнгүй орхиод, гэрийн хаалгаа түгжээд, өрхөө бүтээчихээд явсан. Манай гэрийн цоож зүгээр, харин гэрийн тооноор орсон юм шиг байна лээ. Тоононы гялгар, рамыг ураад хаясан байна лээ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 хуудас),

 

          Гэрч Ж.*****ын “...Манай гэрт 2024 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд хулгай орж гэрт байсан 10 кг ааруул алга болсон байхаар нь танай байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 хуудас),

 

          Гэрч Ж.*****ийн “...Тухайн өдөр манай нөхөр ***** миний хаан банкны картыг авч явсан байсан. Манай нөхөр шөнө ирж хоносон юм. Намайг унтаж байхад өглөө гэртээ гэрээсээ гараад явсан байсан. Тэгээд өдөр 14 цагийн орчимд 1 уут (50 кг) гурил, 5кг будаа авч согтуу ирсэн. Тэгэхээр нь чи хаанаас мөнгө олсон юм гэж асуусан чинь за чамд хамаагүй гэж хэлсэн. Тухайн үед миний Хаан банкинд холбоотой утасны эрх нь хаагдсан байсан болохоор надад мөнгө орж ирснийг би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 хуудас),

 

          Иргэний нэхэмжлэгч Т.*****гийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ажиллуулдаг жимс ногооны дэлгүүрт 11 цаг 30 минутын орчимд ирээд ажлаа хийгээд байж байтал нэг танихгүй эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд ямааны ааруул зарна та авах уу? гэж асуухаар нь би хэд гэж байгаа юм гэж асуухад нөгөө хүн 1 кг нь 30,000 төгрөг гэхээр нь би ааруулыг үзээд би бүгдийг нь авъя. 28,500 төгрөгөөр өгөх уу? гэж асуусан чинь тэгье гээд би ааруулыг нь жинлэсэн чинь 10 килограмм болж байсан. Тэгээд би тэр хүнээс 10 кг ямааны ааруулын мөнгийг Хаан банкны ***** гэсэн данс руу 250,000 төгрөгийг өөрийн ***** дугаарын данснаас шилжүүлээд үлдэгдэл 35,000 төгрөгийг бэлнээр тэр хүнд өгсөн. Би гүйлгээний утган дээр “Aaruul” гэж бичиж шилжүүлсэн Дөч орчим насны бор царайтай, туранхай, хар өнгийг богино хүрэмтэй, улаан хүрэн өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг харвал танина. Тэр ааруул одоо надад байна. Би огт хэрэглээгүй, хэвээрээ байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 хуудас),

 

          Шүүгдэгч Т.Эын яллагдагчаар өгсөн “...***** нь манай ээжийн төрсөн дүү, манайхтай саахалт айл байгаа юм. Би 2024 оны 09 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд хамаатны айл болох *****ын гэрт нь очиход хаалга нь түгжээтэй байсан. Тооноор гэрт нь ороод цагаан ууттай ааруулыг аваад гэртээ ирсэн. Би 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг ороод цагаан идээний дэлгүүрт 290,000 төгрөгөөр тухайн ааруулыг зарж борлуулсан. ***** хэсгийн төлөөлөгч тухайн ааруулыг хураан авч ***** эгчид буцаан өгсөн. Би ааруул зарж борлуулсан хүндээ 290,000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52 хуудас),

 

          2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-10 хуудас),

         

          Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/20 дугаартай “...Аруул /ямааны сүүний/ 10 кг х 40,000=400,000 төгрөг”  гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-41 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 килограмм ямааны ааруулыг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 16-17 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Т.*****гээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-12 хуудас),

         

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 18 хуудас),

 

          Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хаан банк дахь иргэн Ж.*****ийн эзэмшлийн ***** дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21-26 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Т.Эт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

             Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт ач холбогдолтой.

 

           Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.

 

          Шүүгдэгч Т.Э нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,  түүний үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

           Шүүгдэгч Т.Эын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Шүүгдэгч Т.Эт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

           2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

             Хохирогч Ж.***** нь хулгайд алдагдсан 10 кг ааруулыг буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Т.*****гээс 10 килограмм ямааны ааруулыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ж.*****д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэсэн тайлбар зэргээр,

 

            Иргэний нэхэмжлэгч Т.***** нь  250,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Ааруулыг нь буцааж өгсөн. 290,000 төгрөгөө хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

 

       3.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгчдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид урьд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан нь эрүүгийн хариулцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, бага насны 3 хүүхэдтэй амьдардаг зэрэг байдлыг нь харгалзан үзэж улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид хорих ял эдлүүлэх саналтай байна.гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.

             Шүүгдэгч Т.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.            

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж  хуульчилсан.

 

          Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг  тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Эыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

           Шүүгдэгч Т.Эт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувиийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

 

Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

                   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч ***** овгийн *****ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***** овгийн *****ыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.***** нь эд зүйлээ буцааж авсан, иргэний нэхэмжлэгч Т.***** нь 290,000 төгрөгийг хүлээн авсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ