| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2016/01523/И |
| Дугаар | 181/ШШ2019/00334 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2019/00334
| 2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 181/ШШ2019/00334 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж шүүгч С.Хишигбат, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: м.т
хариуцагч:Н.Ш
тус албанаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн мэдэгдэл, үйл ажиллагааг хүчингүйд тооцож, уг шийдвэрээс учирсан хохиролд 35.904.023 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2017 оны 6 сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Номинг суулцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Б.******* нар оролцож, иргэдийн төлөөлөгч н.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжин гаргасан тайлбартаа: м.т нь 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Н.Шаас 2016 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 1/27999 дугаартай бичгээр Хаан банкинд мэдэгдэл хүргүүлж м.т компанийн данснаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 35.904.023 төгрөг гаргуулсан үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэж шийдвэр гүйцэтгэх газраас уг мөнгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Иргэн н.Ундрам, н.Хишигтогтох нар Улаанбаатар төлөөлөгчийн газар гэдэг улсын төсөвт үйлдвэрийн газар ажиллаж байсан. н.Ундрамтай холбоотойгоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоож, нөхөн олговорт 16.173.396 төгрөгийг Улаанбаатар төлөөлөгчийн газраас гаргуулж шийдвэрлэсэн. н.Хишигтогтох дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөн Улаанбаатар төлөөлөгчийн ажилд нь эгүүлэн оруулах, цалин, хөлсний олговорт 19.276.296 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжүүлэхдээ м.т ТӨХК-ийн Хаан банк дах данснаас нийт 36.444.023 төгрөг гаргуулж авсан. Буцаагаад 140.000 төгрөгийг өгч одоо бол 35.904.023 төгрөгийн үлдэгдэлтэй. Улаанбаатар төлөөлөгчийн газар нь Монгол Улсын засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор татан буугдаж чиг үүргийг м.т ТӨХК-д шилжүүлсэн тогтоол гарч тогтоолын дагуу Улаанбаатар төлөөлөгчийн газар татан буугдсан учраас эрх залгамжлагчийг м.т гэж үзэж манай данснаас суутгасан. Бид үзэхдээ манайх Улаанбаатар төлөөлөгчийн газрын эрх залгамжлагч нь биш. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот болон Тяаньжин хот ах дүүсийн найрамдалт харилцаатай хот гэж явдаг. Энэ үүднээс Улаанбаатар төлөөлөгчийн газрыг тэнд байгуулж Монгол, Хятадын эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр Улаанбаатар төлөөлөгчийн газар тэнд үйл ажиллагаа явуулж байсан. м.т Засгийн газрын тогтоолоор 2012 оноос Тианжин хотод ложистикийн төсөл, далайд гарцтай болох үүднээс төсөл хэрэгжүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар манайд чиг үүргийг нь л шилжүүлж өгсөн. Улаанбаатар төлөөлөгчийн газрын хөрөнгө болон бусад үйлдэл нь улсын төсөвт үйлдвэрийн газар учраас шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан. Манайх бол үйл ажиллагааны чиглэл хоёр улсын хамтын ажиллагаа эдийн засгийг дэмжих чиглэлийг үргэлжлүүлж авч явж байгаа болохоос биш ямар нэгэн байдлаар эрх залгамжилж энэ компанитай холбоотой өр авлагын хариуцлага хүлээх үндэслэл үүсээгүй. Засгийн газрын 2015 оны 501 дүгээр тогтоолоор татан буулгахтай холбоотой улсын комисс байгуул гэсэн. Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар татан буугдаж байгаа бол улсын комисс байгуулагдана. Улсын комисс тухайн байгууллагын өр авлагыг барагдуулах нь хуулийн дагуу шилжиж очдог. Энэ байгууллагатай холбоотой эрх, үүрэг, хариуцлагыг үүрэх нь м.т ТӨХК хариуцах асуудал биш байсаар байтал манай данснаас суутгаж авсан нь хууль бус тул 35.904.023 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж буцаан гаргуулж өгнө үү.
Улаанбаатар төлөөлөгчийн газар Тяньжин хотын Дунзян дүүрэгт 2 өрөө оффистой. Тэр өрөө нь одоо ч байдаг. Засгийн газрын 501 тоот тогтоолын 11в-д татан буугдсан байгууллага, аж ахуй нэгжийн чиг үүргийг шилжүүлэн авсан байгууллага Иргэний хуульд заасны дагуу татан буулгах комисс байгуулж тухайн байгууллага, алба, нэгжийн албан хэргийн ажлыг болон үндсэн бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж бүртэл хийх үүрэгтэй гэж заасан. Манайхаас татан буулгах комисс байгуулж Улаанбаатар төлөөлөгчийн газрын бичиг баримт болон эд хөрөнгийг бүртгэсэн. Бүртгэж аваад чиг үүргийг нь манайх шилжүүлж авсан юм чинь гэж бодоод чиг үүрэг шилжүүлэхтэй холбоотой албан бичиг хэрэг хөтлөлтийг манай архив шилжүүлж авсан. Тухайн үйл ажиллагаа явуулж байсан эд хөрөнгө болох 2 оффисын өрөө, тавилга, бусад эд хөрөнгүүдийг манайх эзэмших, өмчлөх эрхгүй учраас Сангийн яам болон Шадар сайдын эрхлэх ажлын хүрээнд тухайн Улаанбаатар төлөөлөгчийн газар шилжүүлж өгсөн гэсэн. Манай дээр Улаанбаатар төлөөлөгчийн газраас нэмэгдэж ирсэн мөнгөн хөрөнгө, эд хөрөнгө байхгүй. Архив, албан хэрэг хөтлөлтийг манайх хүлээж аваад чиг үүргийг нь хэрэгжүүлж байгаа. Эд хөрөнгө, өрөө байр нь Тяаньжин хотод байгаа. Улсын төсөвт үйлдвэрийн газар өөрөө Монгол болон Хятад улсад бүртгэлтэй. Манайхаас татан буулгах комисс байгуулсан бол танайх хөрөнгүүдийг манайх дээр нэмж бүртгэсэн юм уу гэхээр м.т ТӨХК-ийн үндсэн болон хөрөнгөнд бүртгэж аваагүй. Тяаньжин хотын тунзин дүүрэгт байгаа 2 тоот өрөөнд эд хөрөнгүүд байгаа. Үүнтэй холбоод эд хөрөнгийн шилжүүлэг хийгдээгүй одоог хүртэл байж байгаа. Татан буулгах комиссын хүмүүсээс асуухад татан буулгах ажиллагаа бүр мөсөн дуусгавар болоогүй юм шиг байна. Хятад Улсад хөрөнгө хүлээж авах, санхүүгийн тайлан хийгдэж байсан компани.Тэр нь эрх залгамжлалаар татан буугдах комисс руу шилжсэн. Татан буулгах комиссыг м.т ТӨХК байгуулсан юм, тушаалаар манайхыг томилоод үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Манайх бол чиг үүргээ шилжүүлж авсан учраас архивын бичиг хэрэг албан хэрэг хөтлөлтийг хүлээж авсан. Хөрөнгүүдийг Төрийн өмчийн хороо болон Сангийн яаманд шилжүүлж өгөх чиг үүрэгтэй.Шилжүүлж өгсөнтэй холбоотой зүйл одоогоор байхгүй.
Комиссын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл байдаг. Түүнтэй холбоотой мэдэгдлийг Сангийн яам руу явуулсан. Засгийн газрын Шадар сайдын тогтоол ирсэн. Манай компанид биш татан буулгах комисст эрх үүрэг шилжсэн. Татан буулгах комиссыг иргэний шүүхэд хариуцагчаар оруулж ирэх нь ач холбогдолтой. Тэгэж байж өр, авлагыг барагдуулах ёстой. Тэрнээс биш манайх шууд гаргах боломжгүй. Манайх руу шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой 4 дүгээр сараас албан бичгүүд ирүүлж байсан. Албан бичигтэй холбоотой тайлбаруудаа бичгээр хүргүүлж байсан. Тэгээд 09 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкин дах данснаас авсан байсан. Манайх анх 501 дүгээр тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн холбогдох албан тушаалтнуудад тайлбар хүргүүлж байсан. Татан буугдсан байгууллагын чиг үүргийг шилжүүлж авсан байгууллага Иргэний хуульд заасны дагуу татан буулгах комисс байгуулж, тухайн байгууллага, алба, нэгжийн архив, үндсэн үүрэг хөтлөлтийг хүлээн авч бүртгэх үүрэгтэй гэж заасан. Тиймээс манайх Сангийн яамнаас 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр чиглэл хүсэхэд танайх в-д заасны дагуу зохион байгуулж ажилла гээд манайх татан буулгах комисс байгуулсан. Татан буулгах комисс хөрөнгө хүлээж авах бүртгэх ажиллагааг хийгээд хуулийн дагуу төлбөр барагдуулах ажиллагаатай холбоотой ажиллагаа хийгээд явж байгаа гэсэн. Улаанбаатар төлөөлөгчийн газар болон комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүсээс ийм, ийм хөрөнгө байна гээд хоёр талаас акт үйлдсэн.Тогтоол манайд байгаа юм чинь хөрөнгийг хүлээж аваад чиг үүргийг шилжүүлж аваад цааш явая гэхээр манайх улсын төсөвт үйлдвэрийн газар хөрөнгийг шууд авдаг газар биш. Төрийн өмчийн хөрөнгийг эзэмшдэг газар. Шууд чиг үүргээр авч хэрэглэхгүй төрийн өмчийн хөрөнгө учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Сангийн яам руу очоод төрийн өмч гэж бүртгэгдсэн хөрөнгийг танайд эзэмшүүлнэ, ашиглуулна гэвэл манайх руу шилжүүлдэг. Манайх шууд хүлээж аваад хөрөнгөн дээр нэмээд явна гэсэн ойлголт байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: Анх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7185 тоот шийдвэрээр Улаанбаатар төлөөлөгчийн газраас н.Хишигтогтохыг ажилгүй байсан хугацааны цалин болох 19.276.296 төгрөг гаргуулж н.Хишигтогтоход олгож, ажилгүй байсан хугацааны цалингаас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, ажилд нь эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр гарсан. Мөн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1518 тоот магадлалаар Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газраас 16.173.396 төгрөгийг гаргуулж Э.Ундрамд олгож, Э.Ундрамыг ложистик, эдийн засаг, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин, хөлсийг гаргуулахаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Үүнийг манай байгууллага 2016 онд хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, Улаанбаатар төмөр замд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг ямар үндэслэлээр хүргүүлсэн бэ гэвэл Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоолыг үндэслэн м.т ТӨХК-д удаа дараа хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 57 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн Хаан банкин дах харилцах данснаас таталт хийж 36.444.023 төгрөг татан авч төлбөр барагдуулсан. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүний нөөцийн газрын тус газарт ирүүлсэн албан бичигт тус Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоолыг үндэслэн Монгол Улсын шадар сайдын 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 04 тоот тушаалаар Улаанбаатар төлөөлөгчийн газрын 4 албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлж, Сангийн сайдын 2016 оны 171 тоот тушаалаар тэдэнд нэг удаагийн тэтгэмж олгосон. н.Хишигтогтохыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар ямар нэгэн шийдвэр, магадлал, тогтоол гараагүй. 501 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажлаас нь чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Яагаад гэвэл анхан шатны шүүхийн шийдвэр 2015 онд, Засгийн газрын 501 тоот тогтоол 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Улаанбаатар төлөөлөгчийн газрын УТҮГ болон м.т ТӨХК-ын ажлын хэсэг 2015 онд холбогдох бичиг баримтыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлэн өгч акт үйлдэн, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт, үндсэн хөрөнгийг Бүгд найрамдах хятад ард улсын Тианжин боомт дах чөлөөт бүсд байрлах төлөөлөгчийн газрын байранд хүлээлцэхээр тохиролцсон актыг м.т ТӨХК-иас тодорхойлсон талаар актад гарын үсэг зурж, аль аль тал нь эд хөрөнгө хүлээлцэж эрх шилжигдсэн байдаг. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т зааснаар талуудын аль нэг байхгүй, сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, үүргээ бусдад шилжүүлсэн бол төлбөр авагч төлбөр төлөгчийн хүсэлтийг уг этгээдийн эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж Улаанбаатар төлөөлөгчийн газрын чиг үүргийг хүрээн авсан м.т ТӨХК-ийн харилцах данснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар суутгал хийж авсан. Энэ ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
501 тоот тогтоолын 11 дүгээр зүйлийн в-д зааснаар татан буулгасан байгууллага алба, нэгжийн чиг үүргийг шилжүүлэн авсан байгууллага нь Иргэний хуульд заасны дагуу татан буулгах комисс байгуулж тухайн байгууллага, албаны нэгж, албан хэргийн ангиллын архив үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэх ажлыг зохион байгуулах, г-д зааснаар бүтцийн өөрчлөлтөд хамаарагдсан Засгийн газар, агентлаг, байгууллагын холбогдох албан хаагчдын хууль тогтоомжид нийцүүлэн зохих орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүргийг нь шилжүүлж байгаа агентлаг, байгууллагад шилжүүлэхээр тогтоосон гэж заасан. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 тоот тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр, хэрэгжиж байгаа. Шилжүүлж авч байгаа комиссын эд хөрөнгө хүлээлцэх актаар ямар шалтгаанаар зарим хэсгийг хүлээлгэж өгчихөөд зарим хэсгийг нь хүлээж авахгүй байгаа шалтгаан нь энэ байгууллагын өөрсдийнх нь дотоод асуудал. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төлбөр төлөгчийг сольж төлбөр төлөгч нь м.т ТӨХК болсон тогтоол байхгүй. Солигдсоныг тогтоолоор гаргаагүй Засгийн газрын тогтоолыг барьж төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэрлэсэн. Хоёр шүүхийн шийдвэр дандаа ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой. Тийм болохоор цалингийн санг чиг үүрэг шилжсэн байгууллагад шилжүүлнэ гэж тогтоол гарсан. Чиг үүргийг хэрэгжүүлж байгаа учир зохих цалингын фонд Төмөр замын газарт ороод явж байгаа. Тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.
2015 оны хүчин төгөлдөр шийдвэр 501 тоот тогтоол гарахаас өмнө гарсан. 501 тоот тогтоол гарсны дараа Сангийн сайдын тушаал гарч 4 хүнийг улсын төсвөөс тэжээн тэтгэсэн. Энэ дөрвөн хүний нэрэнд н.Хишигтогтох , э.Ундрам гэдэг хүмүүсийн нэр байхгүй. Шүүхийн шийдвэрийг Засгийн газрын тогтоол гарахаас өмнө өөрсдөө биелүүлэх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрт ложистик, хамтын ажиллагааны менежерээр ажилд нь эгүүлэн томил гэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Төрийн өмчит компани нь тогтоолын өөрт ашигтай хэсгийг харж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Тогтоолын в, г хэсэгт тодорхой зааж өгсөн. Татан буулгах комиссыг танайх өөрсдөө байгуул гэхдээ комисс байгуулахаас өмнө чиг үүргийг хүлээж ав, үйл ажиллагаа эд хөрөнгийг шилжүүл тэгээд татан буулгах комисс байгуулж татан буулга гэсэн тогтоол гарсан. Татан буулгах комисс одоог хүртэл үйл ажиллагаа явуулж, одоог хүртэл татан буулгаагүй, эд хөрөнгийн зарим хэсгийг хүлээж аваагүй явж байгаа гэв.
Шүүх хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч м.т ТӨХК, Н.Шд холбогдуулж тус албанаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн мэдэгдэл, үйл ажиллагааг хүчингүй болгож, учирсан хохиролд 35.904.023 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Шүүхийн шийдвэр, магадлалд хамааралгүй, Улаанбаатар төлөөлөгчийн газрын эрх залгамжлагч нь биш байхад манай байгууллагын данснаас 35 904 023 төгрөгийг суутгасан тул буцаан гаргуулах, Н.Шы 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн мэдэгдэл, үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах... гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ ...шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүлээж авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, чиг үүргийг шилжүүлэн эд хөрөнгийг хүлээн авсан эрх залгамжлагч тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгчид удаа дараа хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлгүй гэсэн хариу өгч байсан учир нэхэмжлэгчийн Хаан банк дахь данснаас 35 904 023 төгрөгийг татан авч төлбөрийг барагдуулсан. Уг ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох... гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6805 дугаар шийдвэрээр Улаанбаатар төлөөлөгчийн газар /УТҮГ/-ын захирлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01/15 тоот тушаалыг хүчингүй болгож, Э.Ундрамыг Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газрын ложистик хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19 483 436 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 554 545 төгрөг, бүгд 21 037 981 төгрөгийг тус газраас гаргуулж Э.Ундрамд олгож шийдвэрлэсэн,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 25-ны өдрийн 1518 дугаар магадлалаар, 6805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16 173 396 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, үүнээс хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, ..олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсэг 3 310 240 төгрөг, ..ээлжийн амралтын олговорт 1 554 545 төгрөг, тээврийн хөлс 829 619 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай...гэж өөрчлөн шийдвэрлэсэн,
Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7185 дугаар шийдвэрээр Ж.Хишигтогтохыг Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газрын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 276 296 төгрөгийг тус газраас гаргүүлахаар тус тус шийдвэрлэсэн, шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох төлбөр авагч Э.Ундрамын 607 дугаар гүйцэтгэх хуудсаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 16300289, шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн төлбөр төлөгч Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох төлбөр авагч Ж.Хишигтогтохын 938 дугаар гүйцэтгэх хуудсаар 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 16300289 дугаар, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 16280348 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолуудаар ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж м.т ТӨХК-ийг төлбөр төлөгч Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ын эрх залгамжлагч гэж үзэн тус компаний данснаас хасалт хийж, төлбөрт нийт 35.904.023 төгрөг гаргуулж иргэн Э.Ундрам, Ж.Хишигтогтох нарт тус тус олгожээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дугаартай Засгийн Газрын Агентлаг, Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор Улаанбаатар төлөөлөгчийн газар /УТҮГ/ нь татан буугдаж, түүний чиг үүргийг м.т төрийн өмчит хувьцаат компани/ТӨХК/-д шилжүүлсэн, тогтоолын 11-ийн в-д, татан буугдсан байгууллага, алба, нэгжийн чиг үүргийг шилжүүлэн авсан байгууллага Иргэний хуульд заасны дагуу татан буулгах комисс байгуулж, тухайн байгууллага, алба, нэгжийн албан хэргийг архивт, үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах,
г-д,бүтцийн өөрчлөлтөнд хамрагдсан Засгийн газрын агентлаг, байгууллагын холбогдох албан хаагчдыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа агентлаг, байгууллагад шилжүүлэх-ийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга, төсөв ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасан байна.
Засгийн Газрын 501 тогтоолоор, БНХАУ-ын Тяньжин боомт дахь Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь м.т ТӨХК-д шилжүүлснээр, 2016 оны 3 сарын 04-ний өдөр м.т ТӨХК-ий гүйцэтгэх захирлын А/16 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаал /хэргийн 197дах тал/ гарч, Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газар татан буугдсантай холбоотойгоор, ажлын хэсгийг дарга, нарийн бичгийн дарга, 5 гишүүнтэй байгуулж албан хэргийг архивт, үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах, баримтлах удирдамжийг нь батлан, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд, ажлын үр дүнг ажлын хэсгийн тайлан, холбогдох материалын хамт гүйцэтгэх удирдлага, Сангийн яаманд танилцуулахыг ажлын хэсгийн даргад үүрэг болгосон, үүний дараа 2016 оны 9 сарын 9-ний өдөр м.т ТӨХК-ий гүйцэтгэх захирлын А/50 дугаар Татан буулгах комисс байгуулах тухай тушаал /хэргийн 170дах тал/-аар Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгах комиссыг дарга, нарийн бичгийн дарга, 4 гишүүнтэй байгуулж, үйлдвэрийн газрын үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч бүртгэх ажлыг зохион байгуулж, бичиг баримтыг м.т ТӨХК-д хүлээлгэн өгөх, ажлын тайланг тухай бүр танилцуулахыг үүрэг болгосон, өмнөх А/16 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.
2016 оны 3 сарын 10-ны өдөр Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газрын 2015 оны бичиг баримтыг ажлын хэсэг хүлээн авсан тухай акт /хэргийн 80-дах тал/ үйлдсэн.
2016 оны 11 сарын 22-ы өдөр м.т ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны А/50 тушаалаар байгуулагдсан Татан буулгах комисс-ын 2-р хуралдааны тэмдэглэл /хэргийн 199дөх тал/-ээр, Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ыг Татан буулгах комиссын 2 дугаар хурал 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр м.т ТӨХК-ийн хурлын зааланд хуралдан, Байгууллагын архивын ажлын үндсэн заавар-ын 9.8 дахь хэсгийг үндэслэн Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ын цаасан суурьтай архивын баримтыг м.т ТӨХК-ийн архивт хүлээлгэн өгөх, Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ын балансад бүртгэлтэй эд хөрөнгүүдийг эрхийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой эсэхийг тогтоон Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан дарааллаар захиран зарцуулж үлдсэн хөрөнгийг эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх, комиссын гишүүд Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ын БНХАУ дахь данс, бүртгэлтэй эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар тус улсын холбогдох төрийн захиргааны байгууллагын төлөөлөлтэй уулзах, архивын баримтыг авч ирэх зэрэг ажпуудыг хийхээр Тяньжин хотод томилолтоор ажиллахаар шийдвэрлэжээ.
Засгийн газрын мэдээ сонины 2016 оны 9-р сарын 19-ий өдрийн 11 дэх нүүрний зүүн доод хэсэгт, 2016 оны 11-р сарын 21-ий өдрийн 17 цаг хүртэл 2 сарын хугацаанд, мөн өдрийн Өдрийн сонин-ы 13 дугаар нүүр баруун доод булан, Монголын мэдээсонины 6 дах нүүр баруун доод буланд Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ыг татан буулгасантай холбоотой нэхэмжлэгчдийн өргөдлийг 2016 оны 11-р сарын 21-ий өдрийн 17 цаг 30 минут хүртэл 2 сарын хугацаанд хүлээн авах тухай зар тус тус нийтэлсэн байна.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 12 сарын 07-ы өдрийн И/4031 тоот лавлагаа/хэргийн 244-247дах тал/-нд, 5332079 дугаарын регистртэй Улаанбаатар төлөөлөгчийн газар ТБАУТҮГ 48,090,00 мянган төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр бүртгэлтэй, өөрчлөн зохион байгуулсан, татан буугдсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Шүүх дараах дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлд 32.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг,32.1.1.өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан үндэслэлээр татан буулгана гэж зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр болох Монгол улсын Засгийн газрын 501 дүгээр тогтоолоор, Улаанбаатар төлөөлөгчийн газар ТБАУТҮГ-ыг татан буулгах, м.т ТӨХК-д чиг үүргийг нь шилжүүлсэн, тогтоолын 11в заалтаар татан буулгах ажлыг эрхлэн, татан буулгах комисс байгуулж, хуульд заасан журмаар зохион байгуулахыг м.т ТӨХК-д даалгасан байна.
м.т ТӨХК-ий гүйцэтгэх захирлын тушаалаар Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газар татан буугдахтай холбоотойгоор ажлын хэсэг болон Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ыг Татан буулгах комисс тус тус байгуулагдсан, ажлын хэсэг тус үйлдвэрийн газрын 2015 оны албан бичиг баримтыг хүлээн авсан хэдий ч архивт өгсөн баримтгүй, үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авсан гэж тайлбар гаргаж байгаа ч жагсаалт баримтгүй, комисс 2 дох хуралдаан хийж ажилласан боловч татан буулгах ажлыг хуульд заасан журмаар зохион байгуулах гүйцэтгэх захирлын тушаалаар хүлээсэн үүрэг биелэгдсэн талаар баримтгүй, Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ыг Татан буулгах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дугаар хурлын хэлэлцсэн асуудал хэрхсэн талаар ямар нэг баримт ирүүлээгүй байх ба 5332079 дугаарын регистртэй Улаанбаатар төлөөлөгчийн газар ТБАУТҮГ 48,090,00 мянган төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, Монгол, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэй улсын бүртгэлд бүртгэлтэй, өөрчлөн зохион байгуулсан, татан буугдсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Иргэний хуулийн 32.2.Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.гэж зааснаар 32.3.Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.гэж заасан үүргээ хуулийн 32.4.Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна.гэж заасан хугацааг баримтлаагүй, зөвхөн 2 сарын дотор хугацаа зааж зар гаргасан, мөн хуулийн 32.5.Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана; 32.5.7.хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо., 32.6.Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.,32.7.Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно.,32.8.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу харилцагчдад хуваарилна.,32.9.Харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид, хууль буюу дүрэмд заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.,32.10.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээж авах этгээд байхгүй бол төрийн өмчлөлд шилжүүлнэ.,32.11.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ. гэж заасан журмын дагуу татан буулгах ажиллагаа хуулиар тогтоосон дарааллын дагуу хийгдсэн тухай баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж заасан нэхэмжлэгчийн шаардлагаа нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
м.т ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 501 дүгээр тогтоолоор даалгасан, Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ын албан хэргийг архивт, үндсэн болон бусад эд хөрөнгийг хүлээн авч, бүртгэх ажлыг хариуцан, татан буулгах ажлыг эрхлэн, хуульд заасан журмаар зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгах шийдвэр гарч, үйл ажиллагаа нь зогсоогдсон Улаанбаатар төлөөлөгчийн газар УТҮГ-ын чиг үүргийг шилжүүлэн авсан, ажлын хэсэг үйлдвэрийн газрын үндсэн болон бусад эд хөрөнгийг, албан бичиг баримтыг тус тус хүлээн авсан ч архивын нэгж эд хөрөнгийн албан бүртгэл хийгээгүй, нэхэмжлэгч нараас өргөдлийг хуулийн дагуу хүлээн авах ажиллагаа хийгдээгүй, дарааллын дагуу төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагааг одоо болтол хэрэгжүүлээгүй буруутай байна.
Н.Шаас маргаж буй үндэслэлээ нотлож, төлбөр авагч Э.Ундрам, Ж.Хишигтогтох нарын хүсэлтээр, м.т ТӨХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/13297, 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 5/960, 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 1/19151 тоотоор хүргүүлсэн баримтууд ирүүлсэн.
Мэдэгдлийг м.тТөрийн өмчит хувьцаат компани биелүүлээгүй гэж компаний харилцах данс мөнгөн хөрөнгөнөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг харилцагч банкуудад хүргүүлэн, Э.Ундрамын ажилгүй байсан хугацааны олговорт 16,173,396 төгрөг, Ж.Хишигтогтохын 19,276,296 төгрөг бүгд 36,043,023 төгрөгийг татан авч, төлбөр авагч тус бүрд олгон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, үүнээс илүү суутгасан 140 000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.
Хуульд зааснаар Иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудасд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягийг зааж бичих зохицуулалтын дагуу /хэргийн 29, 43 дах тал/ хариуцагч Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газрыг төлбөр төлөгчөөр оноож бичсэн, ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ дагуу тус байгууллагад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай /хэргийн 53, 54 дөх тал/ тогтоол гарган, зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилснаар төлбөр төлөгч нь Улаанбаатар төлөөлөгчийн газар улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
Хариуцагч Н.Шаас Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дугаартай Засгийн Газрын Агентлаг, Төрийн байгууллагуудын бүтэц, зохион Байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу м.т ТӨХК-ид татан буугдсан үйлдвэрийн газрын чиг үүрэг шилжсэн, эд хөрөнгө нь байгаа, эрх залгамжлан авсан гэж үзэж м.т Төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан үндэслэлийг буруутгах үндэсгүй.
Харин 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсон, нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно.гэж зааснаар хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийг солих тухай албан ёсны шийдвэр гаргаагүй, м.т Төрийн өмчит хувьцаат компанийг төлбөр төлөгчөөр татан оролцуулах ажиллагаа явуулаагүйгээс тус компанийг тухайн төлбөр барагдуулах ажиллагаатай холбоотой хуулийн 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан эрх залгамжлагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.гэж заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломж олгоогүй.
Төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольсны үндсэн дээр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэх, эд хөрөнгөнд үзлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах ажиллагааг явуулах хуульд заасан дарааллыг зөрчсөн байх тул м.т" ТӨХК-ийн данснаас хасалт хийх тухай мэдэгдэл, компаний данснаас төлбөрийг гаргаж шилжүүлэн авсан ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4., 12 дугаар зүйлийн 12.1., 24 дүгээр зүйлийн 24.1., 24.2., 34 дүгээр зүйлийн 34.1.1.-д тус тус заасныг зөрчсөн, эрх хөндөгдсөн этгээдийн эрхийг хангаагүй хууль бус байна.
Иймд Н.Шаас нэхэмжлэгч м.т" ТӨХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/27999 дугаартай Хаан банканд хүргүүлсэн мэдэгдэл, түүний дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага мөн бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас бусдад гэм хор учруулсан бол ажил олгогч буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцна.
Хэргийн үйл баримтаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрт авсан мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн, хохирол гэж үзсэн мөнгөн хөрөнгө өөр этгээдэд очсон байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар бусдын шаардах эрхийг хэрэгжүүлсэн ба уг ажиллагааг хүчингүй болгосноор хуульд нийцээгүй ажиллагааны үр дагавар болох мөнгөн хөрөнгийг бодитоор өөртөө шилжүүлэн авсан этгээдээс буцаан шаардах боломжтой учир м.т" ТӨХК-иас төлбөрт гаргуулсан мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах үндэсгүй гэж дүгнэлээ.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/-ны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн дансны хаалт, хасалт хийх тухай мэдэгдэл болон м.т" ТӨХК-ий ХААН банкны 5082069357дугаартай данснаас 36 044 023 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр төлбөр гаргуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож, учирсан хохиролд 35.904.023 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
м.т ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн хураамжид 140 400 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулан, хариуцагчаас хариуцан төлөх хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2..2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2., 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дөх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/-ны 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/27999 дугаартай Хаан банкинд хүргүүлсэн дансны хаалт, хасалт хийх тухай мэдэгдэл болон м.т" ТӨХК-ийн ХААН банкны 5082069357 дугаартай данснаас 36 044 023 /гучин зургаан сая дөчин дөрвөн мянга хорин гурав/ төгрөгийн мөнгөн хөрөнгөөр төлбөр гаргуулсан ажиллагааг тус тус хүчингүй болгож, учирсан хохиролд 35.904.023/гучин таван сая есөн зуун дөрвөн мянга хорин гурав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар м.т ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн хураамжид 140 400 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулан, хариуцагчаас хариуцан төлөх хураамжид 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ