Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2017/00021

 

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2017/00021

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинхүмбэ суманд 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 1 дүгээр хороонд оршин суух, ............... дугаар регистртэй, Улаан хуулар овогт Пын Оы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар хороонд оршин суух, ................. дугаар регистртэй, Цахар овогт Лийн Бд холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр буюу түүний үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/01391/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч П.О, хариуцагч Л.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Бтэй 2008 онд танилцан, үерхэж байх хугацаанд хүү Гг төрүүлсэн бөгөөд би өөрийн нэрээр хүүгээ овоглосон. Тэгээд 2012 онд хурим найр хийж нэг гэрт хамт амьдарч эхэлсэн боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ба 2015 оны 05 сард хүү Сг төрүүлж, эцэг Л.Бгээр овоглуулсан. Миний хүүхдүүдийн эцэг нь Л.Б юм. Хамт амьдраад Л.Б нь архи ууж янз бүрийн ааш авир гарган дарамталж зодох болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хоёр хүүхдээ аваад аавындаа очсон. Хоёр хүүхдээ бодоод ирэх байх гэтэл ирээгүй, би айлд хоёр хүүхэдтэйгээ байх хэцүү байсан тул одоо хөлсний байранд амьдарч байна. Түүнчлэн Л.Б нь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Одоо Оы Ггийн төрсөн эцэг нь Л.Б мөн болохыг тогтоолгож, хүү О.Г, Б.С нарт тэтгэлэг гаргуулж авна. Бидэнд өөрийн гэсэн гэр оронгүй учир Д.Бгээс 5 ханатай, давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэр буюу түүний үнэ 2.500.000 төгрөг авна гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Отай 2008 оноос танилцан үерхэж байхдаа хүү Гг төрүүлсэн. Хамт амьдраагүй байсан болохоор хүү эхээрээ овоглосон. Миний хүүхэд мөн. П.О бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалддаггүй. Харин хоёр талын эцэг, эхээс үүдэж маргалддаг, П.Оы аав байнга намайг янз бүрээр хэлж дарамтладаг. Бид 2012 онд хурим найр хийж нэг гэрт орсон боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Энэ талаар сайн мэдэхгүй байсан. 2012 онд хүү Б.С төрсөн. Би өөрийнхөө нэрээр овоглосон. Мөн П.Оы хоолойны мах нь зүрхэндээ орсноос ууртай, ааштай болсон. Надад хамтран амьдардаг эмэгтэй байхгүй, П.О бид хоёр сүүлийн үед утсаар ярьж бие биеэ ойлгож байгаа. Бид эргээд хамт амьдрах бодолтой байгаа тул хүү О.Г, Б.С нарт хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, харин миний 5 ханатай, давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэрээ өгөхийг зөвшөөрч байна. Би гэрээ хүүхдүүддээ өгөхөд татгалзах зүйлгүй, тус гэрийг 2.500.000 төгрөгөөр үнэлж байгааг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Л.Бд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, 5 ханатай, давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэр буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.О, хариуцагч Л.Б нар 2008 онд танилцаж, тэдний дундаас 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү О.Г, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.С нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан П.Отай 2008 оноос танилцан үерхэж байхдаа хүү Гг төрүүлсэн. Хамт амьдраагүй байсан болохоор хүү эхээрээ овоглосон. Миний хүүхэд мөн... 2012 онд хүү Б.С төрсөн. Би өөрийнхөө нэрээр овоглосон гэх тайлбар, №0104451, №6704000032 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэргээр нотлогдож байх тул хүү О.Ггийн төрсөн эцгээр Л.Бг тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч Л.Б хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, хамтдаа амьдарна гэж тайлбарлаж байгаа боловч зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү О.Г, хүү Б.С нар гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан тул эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Л.Бгээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.О гэр буюу үнэ 2.500.000 төгрөгийг хариуцагч Л.Бгээс нэхэмжилсэн бөгөөд хариуцагч 5 ханатай, давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэр хүүхдүүддээ өгөхийг зөвшөөрсөн тул Л.Бгээс дээрх гэр буюу үнэ 2.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Од олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд тэрээр хүүхдийн эцэг тогтоолгох, гэр буюу үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн тул хариуцагч Л.Бгээс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, гэр буюу үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Г 8 нас хүрсэн, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.С 1 нас хүрсэн байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 167.200 төгрөгийн 50 хувь буюу 83.600 төгрөгийг хүү О.Г, 83.600 төгрөгийг хүү Б.С нарт сар бүр хариуцагч Л.Б төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.Г, Б.С нарт сар бүр төлөх тэтгэлэг нийт 167.200 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, бүгд 2.006.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөгийг Л.Бгээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Ггийн төрсөн эцэг Цахар овогт Лийн Б мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Гг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Сг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Л.Бгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Хариуцагч Л.Бгээс 5 ханатай, давхар бүрээстэй, иж бүрэн тавилгатай гэр буюу үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Од олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч П.О хүүхдийн эцэг тогтоолгох тухай, гэрийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус тус чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Л.Бгээс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, гэрийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөг, нийт 172.202 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА