Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/89

 

Ч.Энхжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Хохирогч Б.Отгон,

Хохирогч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

Шүүгдэгч Ч.Энхжаргал,

Нарийн бичгийн дарга М.Сайнболд нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 09 сарын 06-ны өдрийн ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Энхжаргалд холбогдох 1834003970271 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон Чимэдийн Энхжаргал, 1986 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 10-р хороо 14-р гудамжны 470 тоотод оршин суух, “Тана импекс” ХХК-нд өрөмдөгч, экскаваторын жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ЧР86030211.

Шүүгдэгч Ч.Энхжаргал нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газарт 95-55 УНЛ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн зааль буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Г.Эрдэнэзолын жолоодож явсан 04-47 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, жолооч Г.Эрдэнэзолын эд хөрөнгөд 3.045.000 төгрөг, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, зорчигч Б.Отгоны эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Анударь, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Ичинноров нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Эрдэнэтуяа, Т.Содномдорж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газрын газраас шүүгдэгч Ч.Энхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон Чимэдийн Энхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.Энхжаргалын тэнссэн 2 жилийн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Энхжаргал нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Шүүгдэгч Ч.Энхжаргалын тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж,

            Хохирогч Б.Отгон нь өөрийн болон насанд хүрээгүй хохирогч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Анударь нарын, хохирогч Г.Эрдэнэзол, Б.Ичинноров, насанд хүрээгүй хохирогч Т.Содномдоржийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 3 жилийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн 1834003970271 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Энхжаргалын №387314 дугаартай жолоочийн үнэмлэх, №01753480 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа давж заалдах гомдолдоо: “2019 оны 09 сарын 06-ны өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг 2019 оны 09 сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч Г.Эрдэнэзол, Б.Отгон, Э.Ичинноров нарын хохирол дээр гомдол гаргаж байгаа болно.

1. Б.Отгоны 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан 984 325 төгрөгийн баримт, 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан 492.100 төгрөгийн, мөн шүүх хурал дээр өгсөн 302.000 төгрөгийн нэхэмжлэлийг НӨАТ төлөөгүй буюу хаана, хаашаа явсан нь тодорхойгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон.

2. Хохирогч Г.Эрдэнэзолын эмчилгээний 180.000 төгрөгийн баримтыг НӨАТ баримт авагдаагүй, 323.825 төгрөгийн шатахууны баримтыг хаанаас хаашаа явсан нь тодорхойгүй гэж хэлэлцэхгүй орхисон.

3. Хохирогч Э.Ичинноровын эмчилгээний баримтаас 732.830 төгрөгийн хохирлыг НӨАТ төлөөгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхисныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эмчилгээний баримтуудад эргэлзээтэй баримт огт байхгүй, осол гарснаас хойш бүх хохирлоо хохирогч нар өөрсдөө гаргаж байсан. Жолооч Энхжаргал хохирол төлөхөд анхаарал тавьж байгаагүй бөгөөд шүүх хурал орохоос өмнө хэдэн төгрөг төлсөн. Хохирогч нар бусад дагалдах зардлыг нэхэмжлээгүй, зөвхөн эмчилгээний зардал нэхэмжилсэн.

Иймд дээрх 3 хохирогчийн эмчилгээний төлбөрөөс НӨАТ-ын баримт бүрдүүлээгүйг хэлэлцэхгүй орхиж шийвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан дүгнэлтэдээ: НӨАТ-ын баримтгүй гэсэн үндэслэлээр зарим хохирлыг гаргаагүй. Хохирогч нарын гаргаж өгсөн баримтыг үндэслэн хохирлыг гаргах нь зүйтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Отгон гаргасан тайлбартаа: Осол гарснаас хойш өөрсдийнхөө зардлаар эмчлүүлж яваа. НӨАТ-ын баримтгүй гэж хассаныг олгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг НӨАТ-ын баримт авагдаагүй гэсэн үндэслэлээр хохирогч нарын хохирлыг гаргуулаагүйд гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирлыг гаргуулж өгнө үү. Дахиж НӨАТ-ын баримт гаргуулж авна гэхээр нөхөж авах боломжгүй болчоод байгаа юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан саналдаа: Шүүхээс тооцсон хохирлыг гаргаж хохирогчид өгсөн. Төрийн байгууллагаас НӨАТ-ын баримтыг гаргаж өгөх ёстой. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Энхжаргал гаргасан тайлбартаа: Хэрэгт холбогдсоны  дараа ажилгүй болчоод хохирлыг чадах чинээгээрээ төлж байсан. Шүүх хурлаас өмнө ажилдаа орсон байсан тул цалингийн зээл авч хохирлыг төлсөн. Цаашид гарах хохирлыг төлөх болно гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Энхжаргалд холбогдох эрүүгийн 1834003970271 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч.Энхжаргал нь 2018 оны 6 дугаар сарын 10-ны орой 18:00 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Галзуу харын худаг” гэх газар 9555 УНЛ улсын дугаартай Приус 30 /Prius-30/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино” а/. уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/. өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх."-ийг зөрчсөний улмаас Г.Эрдэнэзолын жолоодож явсан 04-47 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, жолооч Г.Эрдэнэзолын эд хөрөнгөнд 3.045.000 төгрөг, эрүүл мэндэд нь “баруун 4, 7 дугаар хавирга, баруун сарвууны 2 дугаар хурууны хугарал, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун өвдөгт цус хуралт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Отгоны эрүүл мэндэд “гавал ясны баруун сэртэнгийн шугаман хугарал, уушгины няцрал, зүүн 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, тархи доргилт, дух, баруун, зүүн хацар, хамар эрүүнд шарх, зулгаралт, цээж, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хүнд хохирол, Б.Анударийн эрүүл мэндэд “зүүн сарвуу, зүүн тавхайн хугарал, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, Б.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгний далд хугарал, нүүрэнд шарх, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, Э.Ичинноровын эрүүл мэндэд “сээрний Th38 Th4, Th5, Th6-р нугаламын хугарал, баруун хөмсөг, зүүн чамархайд шарх, нүүрэнд зулгаралт, баруун бугалга, шуунд цус хуралт зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Эрдэнэтуяагийн эрүүл мэндэд “баруун 7-р хавирганы хугарал, чамархайд шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун бугалганд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Т.Содномдоржийн эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Эрдэнэзол, Б.Отгон, Э.Ичинноров, Б.Эрдэнэтуяа, гэрч Б.Бат-Эрдэнэ, А.Болдбаатар, насанд хүрээгүй гэрч О.Дөлгөөнтуул нарын мэдүүлэг, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.15-ны өдрийн №345 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.15-ны өдрийн №346 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №341 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №349 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №344 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.15-ны өдрийн №343 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018.6.18-ны өдрийн №351 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Ч.Энхжаргалд холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Энхжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хохирогч Б.Отгоны нэхэмжилсэн 1.776.600 төгрөгийн, Г.Эрдэнэзолын нэхэмжилсэн 180.000 төгрөгийн, Э.Ичинноровын нэхэмжилсэн 732.830 төгрөгийн хохирлыг “нотлох баримт нь НӨАТ төлөөгүй” гэх үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэлэлцэхгүй орхижээ. Хохирогч Б.Отгон нь эм тарианы үнэ гэх 490 000 төгрөг /1-р хх 185/, сайжруулсан оронд хэвтүүлсэн гэх 200 000 төгрөг, 5 000 төгрөг /1-р хх 186/, уушигны зураг авахуулсан гэх 155 000 төгрөг /1-р хх 187/, Дуб ХХК-нд дунд чөмөгний эгц, хажуу талын зураг авахуулсан гэх 35 000 төгрөг /1-р хх 194 ар тал/, нөхөн төлжүүлэх тос авсан гэх 100 000 төгрөг /1-р хх 194 ар тал/, 2-р хавтаст хэргийн 68-р хуудсанд Мөнгөн чагнуур эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 320 000 төгрөг /2-р хх 68 (13)/, өндөрлөгөөтэй улавч авсан гэх 100 000 төгрөг /2-р хх 68 (8,14)/, Дуб ХХК-нд зураг авахуулсан гэх 70 000 төгрөг /2-р хх 68 (9-10)/, унааны зардал 302 000 төгрөгийн нийт 1.776.600 төгрөгийн, хохирогч Г.Эрдэнэзолын 1-р хавтаст хэрэгт авагдсан “Med trauma” эмнэлэгт дүрс оношилгоо хийсэн гэх 150 000 төгрөг /1-р хх 197 ар тал/, “Дуб” ХХК-нд зураг авахуулсан гэх 30 000 төгрөг /1-р хх 196/ нийт 180.000 төгрөгийн, хохирогч Э.Ичинноровын 1-р хавтаст хэргийн 183-р хуудсанд авагдсан 350 000 төгрөг, 186-р хуудсанд авагдсан 205 000 төгрөг, 187-р хуудсанд авагдсан 155 000 төгрөг, 193-р хуудсанд авагдсан 20 000 төгрөг, нийт 732 830 төгрөгийн хохирлын баримтууд нь шинжилгээ хийсэн, хэвтүүлж эмчилсэн байгууллагаас хэдэн төгрөгний тусламж, үйлчилгээ авсныг нотолж байгаа, тухай байгууллагын тэмдэг дарагдсан, нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байхад НӨАТ төлөөгүй гэсэн үндэслэлээр хохирлыг хэлэлцэхгүй орхисон нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарын гаргаж өгсөн, эрүүгийн хэрэгт хавсаргасан баримт бичиг нь нотлох баримт болно.  

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих нэмэлт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 06-ны өдрийн ШЦТ/265 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт 6-11 дүгээр заалтыг нэг дугаар ухрааж дугаарлан өөрчилж, “6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхжаргалаас 1.778420  төгрөгийг гаргуулж хохирогч Б.Отгонд, 732.830 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ичинноровт, 180.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Эрдэнэзолд тус тус  олгосугай.” гэсэн заалт шинээр нэмж оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогч нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ