Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Г.Ганзориг,   

Хохирогч Ч.*******э,

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******т холбогдох эрүүгийн 2407 00000 0300 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                                                                             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймагт төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод бүртгэлтэй боловч, одоо *******,*******,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******н ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.******* нь , тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Ч.*******ийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хохирогч Ч.*******ийг унтсаны дараа түүний эзэмшлийн алтан бөгжийг гарын хуруунаас тайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,840,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гараад авчихсан юм” гэв.

Хохирогч Ч.*******э шүүхийн хэлэлцүүлэгт: “...9 дүгээр сарын 09-ний өдөр би найзынхаа төрсөн өдөрт орчхоод тэгээд Н.******* рүү залгаад чи хаана байна гэсэн чинь Налайхад байна гэхээр нь ахдаа нэг такси олоод ирээч эндээс унаа олдохгүй байна ах нь уучихсан байна гээд тэгээд Н.******* ирээд таксинд суугаад гэртээ ирээд манай гэрт нэг шил архи байсан. Тэрийг Н.******* би хоёр уугаад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Тэгээд нэг сэрсэн чинь шалан дээр би хувцастайгаа унтаж байсан. Тэгээд миний бөгж байхгүй байхаар нь бөгжөө хайсан чинь байдаггүй. Тэгээд би Н.*******т манай гэрт чамаас өөр хэн ч орж ирээгүй манай гудам камертай, хэн орсон гарсныг би илрүүлж чадна, чи зүгээр авчраад өгчих гээд гуйсан чинь би ерөөсөө аваагүй цагдаа шүүхээр яваад олоод ав гэсэн. Тэгээд би хэлснээр нь цагдаад өргөдөл өгсөн. Би уг нь зөндөө гуйсан, анхааруулж байсан. Би Н.*******т хоолныхоо махнаас ч хүртэл таллаад, будаанаасаа ч гэсэн өгөөд, мөнгө өгч, манайх хоол ундгүй болчихлоо, манай хүүхэд өвчин тусчихлаа, эм тариагүй боллоо гэх болгонд нь би боломжоороо тусалж ирсэн боловч ийм зүйл хийсэнд нь гомдолтой байна…” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би энэ жилийн 2 сараас эхлэн хамт ажилладаг байсан ******* гэх эмэгтэйтэй танилцаж дотно харилцаатай болсон. ******* нь Налайх дүүргийн 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч албан тушаалд ажилладаг байж байгаад энэ оны 08 дугаар сард ажиллаасаа гарсан. Би *******т хувиасаа олон удаа тусалж байсан бөгөөд нийт 2,967,000 (Хоёр сая есөн зуун жаран долоон мянга) төгрөгийг бэлнээр болон дансаар өгч байсан гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* бид хоёр уулзаж манай гэрт хамт архи уусан тэгээд би тасраад сэртэл миний баруун гарны ядам хуруунд байсан алтан бөгж алга болчихсон би гэртээ ганцаараа байсан. Тэгээд би ******* рүү залгаж “Миний алтан бөгж хаана байна” гэхэд “Би аваагүй” гээд байсан бөгөөд би *******т “Хэрэв чи ломбарданд тавьчихсан бол зүгээр надад хэлчихээ би өөрөө мөнгийг нь төлөөд авчъя” гэж олон удаа гуйсны эцэст ******* надад “Улаанбаатар хот Ботаникын автобусны буудлын эсрэг талын гэх ломбардэнд тавьсан” гэж хэлсэн тэгээд би тухайн ломбарданд очоод бөгжөө авах үед миний бөгжийг “2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,450,000 төгрөгөнд” ******* нь өөрөө тавьсан байсныг би 2024 оны 10 дугаар сарын 12- ны өдөр 1,520,000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-05 дахь тал/,

Хохиролтой холбоотой баримтууд /хх-08-10 дахь тал/,

Дамно ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Н24-13 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-12-20 дахь тал/,

Шүүгдэгч Н.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “...Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Н.******* нь , тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч Ч.*******ийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хохирогч Ч.*******ийг унтсаны дараа түүний эзэмшлийн алтан бөгжийг гарын хуруунаас тайлж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,840,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  “Хохирогч Ч.*******ийн өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* бид хоёр уулзаж манай гэрт хамт архи уусан тэгээд би тасраад сэртэл миний баруун гарны ядам хуруунд байсан алтан бөгж алга болчихсон би гэртээ ганцаараа байсан. Тэгээд би ******* рүү залгаж “Миний алтан бөгж хаана байна” гэхэд “Би аваагүй” гээд байсан бөгөөд би *******т “Хэрэв чи ломбарданд тавьчихсан бол зүгээр надад хэлчихээ би өөрөө мөнгийг нь төлөөд авчъя” гэж олон удаа гуйсны эцэст ******* надад “Улаанбаатар хот Ботаникын автобусны буудлын эсрэг талын гэх ломбардэнд тавьсан” гэж хэлсэн тэгээд би тухайн ломбарданд очоод бөгжөө авах үед миний бөгжийг “2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1,450,000 төгрөгөнд” ******* нь өөрөө тавьсан байсныг би 2024 оны 10 дугаар сарын 12- ны өдөр 1,520,000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг,  Дамно ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Н24-13 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан , шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулан нууцаар хохирогчийн гарынх нь хуруунд байсан бөгжийг авсан үйлдэл нь  өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учир, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба бусдын  эд зүйлийг хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлд заасан “хулгайлах “ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Иймд шүүхээс шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1,608,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 Шүүхээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, бага насны 3 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хангах үүднээс Улаанбаатар хотын Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гадна зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

       Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 497 дугаар зүйлийн 497.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.*******ээс 1,608,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******эд олгосугай.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                  

                                       ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД