Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2022/00180

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч Т.Гангэрэл, Өвөрхангай аймгийн Хар хорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *******,******* тоотод оршин суух,******* регистрийн дугаартай,******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй Хариуцагч: *******,*******,*******, Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод оршин суух, регистрийн дугаартай,ын Жамъянмядаг Хариуцагч: Дашваанжил ХХК нарт холбогдох

Гэм хорын хохирол 6.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч,хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч Н.******* /онлайн/, хариуцагч М.Ядамсүрэн, өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Б.Жамъянмядаг, өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах д үйлчлүүлж байхдаа тухай рестораны хариуцлагагүйн улмас ахуйн хүрээний газыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдаж, тухайн ресторанд надтай хамт үйлчлүүлж байсан миний найз амь хохирч, мөн миний бие болон нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмтэл авсан. Үүний дагуу тухайн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Н.******* миний шүүгдэгч нараас нэхэмжилсэн 6.100.000 төгрөгийг хэлэлцэлгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан журмаар буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон.

Энэ хэрэг нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянагдаж, ковид-19 өвчний улмаас хугацаа авсаар нэхэмжлэл гаргах хугацаа хойшилсон. Энэ хугацаанд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх үеийн хугацааны цалин 1.398.000 төгрөг, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт хэвтэн оношлуулан, эмчилгээ хийлгэсний зардал 3.100.000 төгрөг, Өвөрхангай аймгийн төвөөс Баянхонгор аймагт ирж, буцсаны унааны зардалд 950.000 төгрөг, өмгөөллийн зардал 650.000 төгрөг болсон. Иймд хариуцагч М.Ядамсүрэн, Б.Жамъянмядаг нараас надад учирсан гэм хорын хохирол болох нийт 6.100.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн 112.550 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ. Нэхэмжлэгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.Жамъянмядаг, М.Ядамсүрэн, Дашваанжил ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбараас 6,100,000 төгрөг нэхэмжилсэн үүнд Улаанбаатар хотод хийлгэсэн эмчилгээ, замын зардал, гаднаас авсан эм, тарианы мөнгө, цалингийн зөрүү, Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд хандсан байдаг бөгөөд нааш цааш явсан унаа, бензиний зардал, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд надад олгогдох ёстой байсан цалин, өмгөөлөгчийн хөлс зэрэг зардлуудын хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудын дагуу нэхэмжилсэн. Эрүүгийн хэргийн шүүхээс миний гаргасан нотлох баримтуудыг иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн. Тэгээд би нотлох баримтуудаа эрүүгийн хэргээс хуулбарлан авсан. НӨАТ баримтууд нь бичиг нь бүдгэрч унших боломжгүй байсан. Нөхөн бүрдүүлэх боломжгүй юм. Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд чөлөө олгосон тушаал гарсан эсэхийг би мэдэхгүй. Би тухайн үед гүйцэтгэх ажил хариуцсан ажилтай байсан. Миний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой баримт бичиг нууцын зэрэглэлд байдаг тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан. Өмгөөллийн зардлын хувьд би эрүүгийн хэргийн хохирогч байхдаа Өвөрхангай аймгаас өмгөөлөгч хөлсөлж 650.000 төгрөг төлсөн. 450.000 төгрөгийг дансаар, 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан. Би энэ хэрэгт хохирсноос болж Өвөрхангай аймгаас Баянхонгор аймагт байцаалт өгөх, шүүх хуралд оролцох зэргээр олон удаа автомашин хөлсөлж шатахуун хийж явсан. Мөрдөн байцаалтын шатанд хариуцагч нар нь надад хохирол төлбөр гэж мөнгө өгөөгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна..гэв.

Хариуцагч М.Ядамсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Миний бие 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах д иргэн Н.******* ахуйн газанд хордсон гэх хэрэг гарах үеэр Дашваанжил ХХК-ийн Баянхонгор салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Одооч ажиллаж байна. Хэргийн материалд миний хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал, шийдвэр авагдаагүй. Дашваанжил ХХК-ийн захиргаанд байдаг тул холбогдох баримтыг аваагүй байгаа юм. Н.******* нь газанд хордсоноос болж эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйлдэл нь миний буруутай үйлдэлтэй холбоотой болохыг зөвшөөрч байгаа ч миний бие хохирол төлбөр төлөх чадваргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв. Хариуцагч Б.Жамъянмядаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******ын нэхэмжлэлтэй танилцсан. Миний буруутай үйлдлээс шалтгаалан Н.*******ын биед хохирол, зардал учирсныг хүлээн зөвшөөрч байна. Н.*******ыг эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байлгах үед миний зүгээс эм тариа болон бусад зүйлээр тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Энэ хэрэг явдал болсноос хойш миний бизнесийн үйл ажиллагаа зогссон, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа тул одоо хохирол төлөх боломжгүй байна..гэв. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.******* нь гэм хорын хохирол 6.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Дашваанжил ХХК нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг. Нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээд нь тухайн иргэний хэрэгт хариуцагчаар оролцдог. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болохоор заасан байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлж, үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шаардах эрхтэй байдаг. Иймд Дашваанжил ХХК нь нэхэмжлэлд дурдсан хариуцагч биш гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулах гэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах ёстой байтал нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчихөөс гадна деспозитив зарчим шүүх хэрэг маргаанд хөндлөнгийн байр сууриас оролцоно гэсэн байр суурь нь давхар хөндөгдөж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэрээний бус үүрэг бөгөөд зөрчлийн улмаас үүсэх үүрэг. Иймд гэм хор учирсан байх үүрэг, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо гэм буруутай байхаар хуульчилсан. 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хариуцагч Б.Жамъянмядаг, М.Ядамсүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон байдаг. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар Дашваанжил ХХК нь хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн хөлс, эмнэлгийн зардал, цалин хөлсний талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч татгалзлалын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д зааснаар бичгийн нотлох баримт нь эх хувиараа эх хувиараа байхгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэлнэ гэж зааснаар нэхэмжлэгч цалин хөлсний талаарх лавлагаа, өмгөөлөгчийн хөлс, эрүүл мэндийн зардал, эмчилгээний зардлын асуудалтай холбоотой баримтууд нь бичиг үсэг нь харагдахгүй, ямар эм тан хэрэглэсэн нь ойлгомжгүй, огноо бүдгэрч, нотлох чадвараа алдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан үнэлэх боломжгүй баримтууд байдаг. Өмгөөлөгчийн хөлс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан гаргуулах зардалд хуульчлаагүй. Мөн Иргэний хуулийн 550 дугаар зүйлийн 550.1-т зааснаар бусад зардалд ороогүй. Учир нь тухайлан хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах үүрэггүй, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс туслалцаа авах нь хэргийн оролцогчдын эрхийнх нь асуудал байдаг. Иймд өмгөөлөгчийн хөлсийг хангах боломжгүй юм. Эмчилгээний зардал нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 дахь хэсэгт зааснаар тухайлан заасан эмчээс эм найруулагчид хандан жороор олгогдож байгаа эмийг хэлдэг. Гэтэл эмчид хандсан эмчийн бичиг эмийн жор нь байхгүй байгаа нь хангах боломжгүй шаардлагууд байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.Ядамсүрэн нь манай Дашваанжил ХХК-ийн Баянхонгор салбарын эрхлэгчээр ажилладаг. Хэрэг учрал болох үеэр манай байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Одооч ажиллаж байгаа.. гэв. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн баримтын хүрээнд дүгнэж үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангадаггүй. Тодруулбал 13А маягт дээр Н.*******ыг тагнуулын газарт ажилладаг гэж бичигдсэн байдаг. Үүний дагуу Нийгмийн даатгалын газраас лавлагаа гаргуулахад тэрээр тахир дутуугийн тэтгэвэр аваагүй байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагч нь тахир дутуу бус хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгал төлөгч, даатгуулагч энэ агуулга нь өөрөө зөрүүтэй. Хоёрдугаарт нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдол бүхий ажилд орсон, гарсан, ажлаас чөлөөлөгдсөн, ажилгүй байсан гэх нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байгаа нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримтыг нууцын зэрэглэлтэй гэж үзэхгүй болов уу, учир нь зөвхөн түүний хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал яригдаж байгаа бөгөөд төрийн нууц, ажил үүрэгтэй ямар нэг байдлаар холбоотой асуудал биш юм. НӨАТ-ын баримтууд нь шаардлага хангадаггүй, мөн хэн гэдэг эмчийн заавраар, ямар өвчний оношоор, ямар эмийн эмчилгээ, тариа хийх шаардлага гарсан бэ гэсэн баримт авагдаагүй Улсын клиникийн төв эмнэлгийн ирүүлсэн баримтаас харахад нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн шүүхэд гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцнэ гэсэн хуулийн заалттай нийцдэггүй.

Жишээ нь хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэсэн тайлбар гаргадаг боловч тухайн эмнэлгийн тодорхойлолтоор хэвтэн эмчилгээ хийлгэсэн баримт хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүрэг биелэгдээгүй, нотлох баримтыг хоорондоо шалтгаант холбоотой, эргэлзээгүй гэж үзэх нотлох баримтын шаардлага хангагдаагүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Дашваанжил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хамтран хариуцагчаар татсан нь буруу гэж үзэж байгаа талаарх тайлбартай нь холбогдуулан хэлэхэд, өмгөөлөгчийн зүгээс хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг гаргасан байдаг. М.Ядамсүрэнгийн хувьд тус компанид 6 жил ажиллаж байгаа бөгөөд хэрэг болох үед 400,000 төгрөгийн цалин авдаг байсан. Одоо 600,000 төгрөгийн цалин авч ажилладаг. Түүний хувийн байдлын хувьд ам бүл 5, эхнэр нь хөхний хорт хавдартай учир өөрөө ажил хөдөлмөр эрхэлж ар гэр амьдралаа авч явдаг. Тэрээр Дашваанжил ХХК-ийн 3-4 хүний ажлыг ганцаараа хийж гүйцэтгэдэг. Гэтэл Дашваанжил ХХК нь ажилтныхаа хувийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тал дээр тухайн үед банкны өр зээлийг төлнө гэж ярьж байсан боловч ямар нэгэн туслалцаа дэмжлэг үзүүлээгүй. Хамтран хариуцагч татсан нь буруу гэж тайлбарлаж байгааг өмгөөлөгчийн зүгээс мөн хувь хүнийхээ зүгээс гайхаж хүлээн авч байна. Хэдийгээр хариуцагчийн зүгээс хүсэлт гаргасан боловч шүүхээс тухайн хэрэг маргааныг бүхэлд нь хянаж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар хамтран хариуцагчаар татсан нь ямар нэгэн процессын алдаа гараагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээ гаргаж өгөөгүй асуудалд манай зүгээс шүүхэд хүсэлт өгсөн байдгаас гадна өөр бусад холбогдох баримтыг Дашваанжил ХХК гаргаж өгөөгүй өдийг хүрсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дашваанжил ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гэдэгт маргах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Зөвхөн албан тоотыг үндэслэн цалин хөлс хэмээн 1,398,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүнийг шүүх гаргах үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нь тухайн албан тоотыг бусад нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Нэхэмжлэгч нууцын зэрэглэлтэй учир гаргаж өгөх боломж байгаагүй гэж тайлбарлаж байгаа боловч холбогдох баримтуудаа шүүхэд хүсэлт гаргаж гаргуулах боломжтой байсан. Мөн 3,100,000 төгрөгийн эм хэрэглэсэн гэх боловч эмч нь тухайн эмийг заавал карт дээр бичиж эмийг хэрэглэх ёстой юм. Улаанбаатар хотын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний зардал нэхэмжилсэн боловч тухайн эмнэлэгт эмчлүүлээгүй болохыг нотолсон эмнэлгийн бичиг ирсэн байдаг. Эмийн баримтууд нь бүгд нотлох чадвараа алдсан баримтууд байдаг. Бензиний зардалд 950,000 төгрөг нэхэмжилсэн байдаг бөгөөд энэ мөн нотлох чадвараа алдсан. Тухайн шатахууныг юунд хэрэглэсэн, мөрдөн байцаагч тухайн өдөр дуудсан бол мэдүүлэг өгсөн эсэх гээд холбоотой дагалдах баримтуудыг хэрэгт гаргаж өгөх ёстой байсан. Тухайн хүн өмгөөлөгч авах эсэх нь тухайн хүний өөрийнх нь эрхийн асуудал байдаг бөгөөд өмгөөлөх хууль зүйн туслалцаа авах гэрээг хавсаргах ёстой байдаг. Эдгээрийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нотлох баримтаа гаргаж өгч, цуглуулах үүрэгтэй гэх зарчим алдагдсан. Мөн хэрэгт авагдсан баримтууд нь бүгд нотлох чадвараа алдсан учир эдгээр баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хэрэв шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг үндэслэн Дашваанжил ХХК-иас гаргуулах ёстой гэсэн байр суурьтай байна.. гэв. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Н.*******ын нэхэмжилсэн төлбөрийг тус Дашваанжил ХХК, М.Ядамсүрэн, Б.Жамъянмядаг нар нь барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна..гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Н.*******, хариуцагч М.Ядамсүрэн, Б.Жамъянмядаг нарын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 2020/ДШМ/62 дугаар магадлал, МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 528 дугаар тогтоол, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 2019 оны 02 сарын 20, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн шинжилгээний дүгнэлт, уушигний рентген зураг, ТЕГ-ын Баянхонгор аймаг дахь Хэлтсийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 14/30 дугаар албан бичиг, НӨАТ-ын баримт 9 хуудас /хуулбар 8 хуудас, эх хувиараа 1 хуудас/, 97-47 ӨВР автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Лхагвасүрэнгийн иргэний болон жолооний үнэмлэх, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 41 дугаар албан бичиг, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 1/186 дугаар албан бичиг, хавсралт, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 64 дүгээр албан бичиг, Н.*******ын 1270 дугаартай өвчний түүх, М.Ядамсүрэнгийн мэргэжлийн сургалтанд суралцсан тухай сертификат 2 ш, Мэргэжлийн үнэмлэхний хуулбар, зааварчилгаа сургалтын хяналтын хуудас 2 ш, Дашваанжил ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ш зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.Жамъянмядаг, М.Ядамсүрэн нарт холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэг 6.100.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ядамсүрэн, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Дашваанжил ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах д үйлчлүүлж байхдаа тухайн рестораны хариуцлагагүйн улмаас ахуйн хүрээний газыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдаж, миний биед хөнгөн хохирол учирсан, үүнээс шалтгаалж эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх, аймаг хооронд болон хот хооронд зорчих, хөдөлмөрийн чадвар алдсанаас ажлаа хийж, цалин аваагүй зэргээр эдийн засгийн хохирол, зардал гарсан тул хариуцагч нараас 6.100.000 төгрөг гаргуулна ..гэж шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагч түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Үйл баримтаар нэхэмжлэгч Н.******* нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах д үйлчлүүлж байхдаа М.Ядамсүрэн, Б.Жамъянмядаг нарын болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан болох нь бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэрээр Иргэний хуульд зааснаар өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хор, холбогдох зардлыг мөнгөөр тооцон буруутай этгээдүүдээс шаардах эрхтэй байна. Түүнчлэн хариуцагч М.Ядамсүрэн нь гэм хорын тохиолдол болох үеэр Дашваанжил ХХК нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, хөдөлмөрлөх явцдаа бусдын биед хохирол учруулсан үндэслэл тогтоогдсон байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ..гэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно..27.3Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно..гэж тус тус заасан бөгөөд хариуцагч М.Ядамсүрэнгээс хамтран хариуцагчаар өөрийн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг Дашваанжил ХХК-ийг татан оролцуулахыг хүссэн, хүсэлтийг нэхэмжлэгч Н.******* татгалзаагүй тул шүүхээс Дашваанжил ХХК-ийг хамтран хариуцагчаар татан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцсэн байна. Шүүх зохигчдоос хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтууд, зохигчдын нэхэмжлэл тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэслэлийг тайлбарлавал: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/165 дугаар шийтгэх тогтоолоор М.Ядамсүрэн, Б.Жамъянмядаг нарын болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2019 оны 02 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу барилга ба норм дүрмээр батлагдсан хийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөнөөс тус ресторанд үйлчлүүлж байсан иргэн ....Н.******* нарын өрөөнд нь хийн халаагуур ажиллуулж уг өрөө өгөлт соролтын агаар сэлгэлтийн системгүй байснаас шалтгаалж агаар сэлгэлт явагдахгүй болж ...бусдад хохирол учруулсан.., Н.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон ч Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 д заасан хэргийн хохирогч биш тул хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Улмаар Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 2020/ДШМ/62 дугаар магадлал, МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 528 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Иймд хариуцагч нарын болгоомжгүй хууль бус үйлдлээс шалтгаалж Н.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нараас өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг мөнгөн дүнгээр тооцон нэхэмжлэгч эрхтэй байна. 1. Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн зүйл болох эд хөрөнгийн хохирлоо мөнгөн дүнгээр илэрхийлж бичмэл нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлснийг шүүх хуралдаанаар шинжлэн судлахад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгүүд нь нотлох баримтын хувьд үнэлэх боломжгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлоогүй, зарим баримт нь цаг хугацааны хувьд хэргийн үйл баримтаас зөрүүтэй, зарим шаардлагыг гэм хорын хохиролд тооцох боломжгүй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал: Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийн эрүүл мэндэд учирсан өвчнөө эмчлэх зорилгоор авч хэрэглэсэн Эм гоо, Тавин ус зэрэг хуулийн этгээдээс хэрэг учралтай хамаарал бүхий хугацаанд буюу 2020 оны 01 сараас 03 саруудад худалдан авч хэрэглэсэн эм хэрэгслийн үнэ 376971 төгрөг, Сод Монгол Групп ШТС-аас 2020 оны 02 авч ашигласан шатахууны үнэ 70.000 төгрөг нийт 446.971 төгрөгийн баримт, нотолгоо нь нотлох баримтын шаардлага хангасан, хэргийн үйл баримттай хамаарал бүхий, ач холбогдолтой гэж үзэх тул дээрх төлбөрийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх..үүрэгтэй гэсэн бол мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй..гэж тус тус үүрэгжүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгч Н.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлэх зорилгоор 2019 оны 02 сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт эмчлүүлсэн тул ажлаас чөлөөлөгдөж ажилгүй байсан хугацааны 1.398.678 төгрөгийн цалин гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон ч Тагнуулын Ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 14/30 дугаартай албан бичгээс өөрөөр нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Н.******* нь 2019 оны 02 сарын 13-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдрийг хүртэл захиргааны чөлөөтэй байсан, энэ хугацаанд цалин, хөдөлмөрийн хөлс аваагүй хохирсон гэх боловч өөрийн хөдөлмөрлөж байсан албан байгууллагын удирдлагаас гаргасан чөлөө олгосон тухай тушаал, шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримт байхгүй, хөдөлмөрийн чадвар түр алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн бол нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж авч байсан эсэх нь тодорхойгүй зэргээр нэхэмжлэлийн дээрх шаардлага нь нотлогдохгүй байна гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор 1.398.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах боломжгүй байна. 3. Мөн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт хэвтэн, оношлуулсан эмчилгээ хийлгэсний зардал 3.100.000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсэг нотлогдохгүй байна. Тухайлбал: Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 64 дүгээр албан бичиг, Н.*******ын 1270 дугаартай өвчний түүхээр.. Н.******* нь 2019 оны 02 сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 сарын 19-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь тогтоогдсон, 170.590 төгрөгийн эм, хэрэгслийг эмнэлгийн зүгээс гаргаж, өвчтөнд хэрэглэсэн гэсэн бол Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 1/186 дугаар албан бичгээр Н.******* нь 2019 оны 02 сарын 27-ны өдөр, 2019 оны 03 сарын 01-ний өдрүүдэд тус тус 3 удаа үзлэг, шинжилгээ хийлгэсэн ..гэжээ. Дээрх баримтуудаар Н.******* нь нэр бүхий 2 эмнэлэгт эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн гэх боловч эмчилгээний зардалд 3.100.000 төгрөг зарцуулсан гэх үндэслэл нотлогдохгүй, няцаагдаж байна. 4. Түүнчлэн нэр бүхий эмнэлгүүдэд шинжилгээ оношлогоо хийлгэж, эмчилгээ хийлгэсэн гэх боловч өвчтөний үзлэгийн дэвтэр/карт/ эмчилгээ хийлгэх тухай эмчийн заалт зэрэг нотлох баримтын эх сурвалжууд байхгүйгээс нэхэмжлэгч нь ямар эмчилгээнд, хэдэн төгрөгийн нэр төрөл бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэх, хэрэглэсэн эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн эм, эмнэлгийн хэрэгсэл авч хэрэглэсэн гэх НӨАТ-ийн баримтыг үндэслэн 376971 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. 5. Өмгөөлөгчийн ажлын зардал 650.000 төгрөг гаргуулах шаардлагыг хянахад Н.******* нь 2019 оны 02 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг д үйлчлүүлж байхдаа М.Ядамсүрэн, Б.Жамъянмядаг нарын болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан гэмт хэргийн учир өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байгаа ч тэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд зааснаар зайлшгүй өмгөөлөгч авч, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах шаардлага үүсээгүй, өмгөөлөгч авах эсэх нь түүний сайн дурын эрхийн асуудал байсан болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн хөлс 650.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ..гэсэн бол хариуцагч М.Ядамсүрэн нь нэхэмжлэгч Н.*******ын биед хөнгөн хохирол учруулах үедээ Дашваанжил ХХК-ний Баянхонгор салбарын эрхлэгчээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул М.Ядамсүрэнг энэ иргэний хэргийн хариуцлагаас чөлөөлж, түүний хууль бус үйлдлээс бусдад учруулсан хохирол, төлбөрийг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу Дашваанжил ХХК хүлээх нь хуульд нийцэхээр байна. Иймд шүүх нэмэмжлэгч Н.*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 446.971 төгрөгийг хариуцагч Б.Жамъянмядаг, Дашваанжил ХХК нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 5.653.029 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас хохирлыг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан болохыг дурдав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112550 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 14059 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Жамъянмядаг, Дашваанжил ХХК нараас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 446.971 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 5.653.029 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Жамъянмядаг, Дашваанжил ХХК нараас улсын тэмдэгтийн хураамж 14059 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧ  Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ  Г.ЭНХ-АМГАЛАН