Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2407 00000 0291 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн *******,******* тоотод иргэн Л.атай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Л.агийн хэвлийн хэсгийг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн дээд хэсэгт хэвлий, цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хөдөөгөөс ирсэн. ийн байрны урд буугаад эгчийгээ ирээд аваач гэсэн. Тэгсэн чинь эгч дүү чинь машинаа унаад явж байгаа гэсэн. Дүү рүү залгахад “ахаа би машинаа янзлуулж байна, жоохон байж байгаад очъё” гэсэн. Хүлээгээд гуанзанд ороод сууж байсан. Хоёр дүү маань намайг ирээд авсан. Л.агийнд очоод Л.аг байгаа юу гэж асуухад байгаа, согтуу байгаа гэсэн. Би гар хоосон ороод яах вэ гээд дэлгүүр ороод архи авсан. Л.а ах архи уусан байсан. Бид хоёр архинаас хоёр татсан. Намайг ирэхэд мах чанасан байсан. Мах идэж байхад намайг “танайх бүгдээрээ хулгайч” гэх зэргээр доромжилж эхэлсэн. Би 20, 30 минут тэвчиж суусан. Би мах идээд сууж байсан хутгатай гараараа санаандгүй цохисон. Хутга барьж байсан гэдгээ мартаад санаандгүй цохисон...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэрт ирэхдээ чихэр, жимс, 0,75 литрийн архи авч ирсэн, архиа задлаад өгөхөөр нь нэг татаад маргааш өглөө нь ажилтай гэхэд “та яах гэж тэгж байдаг юм, би таныг хүндлээд архи авч ирж байхад” гээд маргаан үүссэн. Тухайн үед ******* манайд мах идэж байсан хутга бариад босоод ирсэн би урдаас нь босоход миний хэвлийн зүүн хэсэгт дүрэх шиг болсон. Би *******ийн гарыг бариад авсан хойноос нь эхнэр салгаж *******ийн хутгыг салгаж авсан. Манай эхнэр цагдаа дуудсан... ” гэх мэдүүлэг /хх-05-06 дахь тал/,

Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...а “архичин дүүгээ авч ирж хонууллаа” гэж уурлаад байсан. Тэгээд би гараад нойл ороод сууж байтал гэрт хүмүүс зодолдох чимээ гарсан. Тэр даруй гэртээ ороход ******* манай бор иштэй хутгыг нэг гартаа бариад нэг гараараа атай нэг нэгийгээ заамдаж аваад зогсож байсан. Би шууд *******ийн барьж байсан хутгыг авч тэр хоёрыг салгасан. агийн зүүн талын хавирга орчимд зүссэн байсан тэр даруй цагдаа удалгүй ирж эмнэлэг орж үзүүлэхэд 3 см орчим зүсэгдсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 509 дугаартай “...Л.агийн биед хэвлийн зүүн дээд хэсэгт хэвлий, цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги  нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-43-44 дэх тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-02 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч А.*******ийг согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн *******, дэнжийн 8-328 тоотод хохирогч Л.атай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Л.агийн хэвлийн хэсгийг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна....гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч А.*******ийг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргахгүйгээр оролцож байгаа. Хохирогч Л.агийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын зүгээс оногдуулж байгаа торгох ялтай санал нэг байна. Тэгэхдээ торгох ялын хэмжээг багаар шийдэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч А.*******эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч А.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн *******,******* тоотод иргэн Л.атай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Л.агийн хэвлийн хэсгийг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь “хэвлийн зүүн дээд хэсэгт хэвлий, цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.*******эд холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Л.аг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, түүнчлэн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 59,708 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх  талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг хутга хураагдсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, нэг талдаа ир үзүүртэй, бариул хэсэг нь хүрэн өнгийн төмөр их биетэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           

 

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД