| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/02 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0228/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,
улсын яллагч Ч.Мядагбадам,
хохирогч,
шүүгдэгч, түүний өмгөөлөгч (цахимаар 3389) нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000204 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт**************, (РД:******* ),******* оны******* дүгээр сарын******* өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн******* сумын******* багийн байрны тоотод оршин суух хаягтай, урьд:
Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн5 дугаар зүйлийн5.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаатай хорих ял шийтгэж ял хойшилсон,
Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн2 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн5 дугаар зүйлийн5.2 дахь хэсэгт зааснаар******* сарын хугацаатай хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил******* сарын хугацаатай хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 01 сарын хугацаатай хорих ял тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 02
цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах
байрны подвалд байрлах эзэмшлийн агуулахын
цоожийг эвдэн орж хүүхдийн бэлэн хувцсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль
бусаар авч 7,294,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг байрны 9 дүгээр подвалд байрлах иргэн эзэмшлийн агуулахад хууль бусаар нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 16 нэр төрлийн бэлэн хувцас (шинэ)-ыг авч 6,464,000 төгрөгийн хохирол, өмсөж, хэрэглэж байсан 11 нэр төрлийн хувцас, гутал (хуучин)-ыг авч 612,500 төгрөгийн хохирол, бусдад нийт 7,076,500 (долоон сая далан зургаан мянга таван зуу) төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “... дугаарын утсаар “Дархан сумын 4-р баг,-р байрны 09-р орцны 1 давхрын шатны доод талын миний эзэмшлийн агуулахад хулгай орж, эд зүйл алдагдсан байна.” гэх гэмт хэргийн талаарх харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан мэдээллийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10:22 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 07 дахь тал),
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-12 дахь тал),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...гэрч Банзрагчийнгаас 5 хүний зураг дотор танд шинэ, гялгар ууттай хүүхдийн 5 ширхэг куртик өгч архи авсан хүний зураг танд үзүүлж буй 5 эрэгтэй хүний зураг дотор байна уу? хэрэв байвал дугаарыг нь хэлж өгнө үү? гэхэд 4 дугаартай**************-г зааж “энэ хүн мөн байна”, (хавтаст хэргийн-15 дахь тал),
“...гэрч 5 хүний зураг дотор танд шинэ, гялгар ууттай хүүхдийн 5 ширхэг куртик өгч архи авсан хүний зураг танд үзүүлж буй 5 эрэгтэй хүний зураг дотор байна уу? хэрэв байвал дугаарыг нь хэлж өгнө үү? гэхэд 4 дугаартай**************-г зааж “энэ хүн мөн байна” гэв. (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Хохирогч өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн орчим Дархан сум 4 дүгээр баг, байрны гадна явж байхад манай
байрны СӨХ-ийн дарга, орцны жижүүр эгч хоёр
тааралдаад таны эзэмшлийн энэ байрны 9 дүгээр орцны нэг давхарт байдаг шатны
доод талын агуулахын цоожтой хаалгыг чинь эвдээд хаячихсан хаалга нь онгорхой
байдалтай 2-3 хонолоо шүү гэж хэлсэн. Би агуулах болгосон өрөөнд очиж харахад
цоожийг эвдсэн байсан. ...Тэгээд агуулах дотор
байсан эд зүйлээ бүртгэж харахад хавар, намар, зуны хүүхдийн бэлэн нэг том
хайрцаг, том 3 шуудайтай хувцаснууд алга болсон байсан. ...Мөн өөрсдийн
хэрэглэж байсан хуучин гутал, хувцаснууд, бараа өлгөхөд ашигладаг холбоотой
хоёр цүнх, гинжнүүд байхгүй байсан. ...Би лангуун дээрээ зарж байсан үлдэгдэл
хавар, зун, намрын хүүхдийн бэлэн хувцаснуудыг хадгалчихсан байсан юм. Тухайн
бэлэн хувцаснуудыг нэр төрөл, тоо ширхгээр нь дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгнө.
...Манай агуулах байх орцонд ямар нэгэн хяналтын камер байхгүй. Харин орцны
үүдэнд байх хүнсний дэлгүүр камер байдаггүй. Манай өөрийн гэр тухайн байрны
6 дугаар орцны тоотод байдаг. Би агуулах дээрээ 2024 оны 02 дугаар
сарын 23-ны өдөр очиход хаалга нь ил нэг цоожтойгоо бүрэн бүтэн байсан. Тэрнээс
хойш эргэж очоогүй байсан. ...Тухайн агуулахыг би СӨХ-ийн даргад хэлээд 2
жилийн өмнөөс агуулахаар ашиглаад явж байгаа юм. Урьд өмнө нь ямар нэгэн
байдлаар хулгай орж байгаагүй. ...Би өөрөө Дархан захын гадна талбайн хүүхдийн
бэлэн хувцас зардаг дүгээр лангуунуудыг түрээсэлж ажиллуулж 2008 оноос
хойш одоог хүртэл хүүхдийн бэлэн хувцас зарж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
“... над руу залгаад таны алдсан эд зүйл байж магадгүй хувцас, гутал, нөгөө хулгай хийсэн залуугийн амьдарч байсан подвалаас олчихлоо, та ирээд үзээч гэж хэлсэн. Тэгээд би очиж үзэхэд миний хавар намрын богино түрийтэй гутал 1 хос, өвлийн урт түрийтэй гутал 1 хос ээжийн минь гутал, миний өвлийн урт түрийтэй гутал 1 хос, богино хар ханцуйтай ноосон жилитек цамц 1 ширхэг, манай алдагдсан хүүхдийн хувцас байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
Гэрч өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын эхээр яг хэдний өдөр
гэдгийг сайн санахгүй байна. Би гэх найзын хамт архи уучихсан Дархан зах дээр явж байхад гэдэг эмэгтэй бид хоёртой тааралдаад гялгар
ууттай хүүхдийн шинэ яарликтай хувцас өгөөд үүнийг зараад өгөөч гэсэн. Бид
хоёр тухайн хувцсыг аваад Буян зах руу орж тэнд байсан хүмүүст 10,000 төгрөгөөр
зарсан. Тэгээд тэндээс гарчд 10,000 төгрөг өгсөн. Тэгэхэд нөхөр нь гэж
ярьж байсан намхан нуруутай шар царайтай залуу тэр хоёр дахиад ийм шинэ
хувцас байгаа аваад ирье зараад өгөөч гэж хэлээд явсан. Тэгээд нэг цаг гаруй
хугацааны дараа хоёр хайрцагтай хувцас барьчихсан нөхрийнхөө хамт
өөр танихгүй 3 хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд бид хоёрт хайрцагтай хувцас
өгөөд бид нар энд байж байна. Та хоёр зах руу ороод зарчхаад ирээрээ гэж хэлсэн.
Тэгээд бид хоёр Дархан зах руу тухайн хоёр хайрцагтай хувцсыг шинэ
зах дээр мах худалдаж борлуулдаг ченж нарт зарсан. Хэдэн төгрөг болсон талаар
Ням-Эрдэнэ мэдэж байгаа. Хувцас зарсан мөнгийг ньд өгсөн. Бид хоёрын Дархан зах дээр оруулж зарсан хоёр хайрцагтай хувцас бол бүгд хүүхдийн шинэ хувцас байсан ямар размертай байсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дэх тал),
Гэрч өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын эхээр яг хэдний өдөр
гэдгийг сайн санахгүй байна. Би архи уучихсан Дархан зах дээр гэдэг
найзтайгаа хамт явж байхад гэх зах дээр архи уугаад явж байдаг эмэгтэй хүн нөхөр нь гэж ярьж байсан намхан шар царайтай залуутай хамт бид
хоёртой уулзаад гялгар ууттай хүүхдийн шинэ яарликтай хувцас өгөөд үүнийг
зараад өгөөч гэхээр нь бид хоёр тухайн хувцсыг аваад Буян зах руу орж тэнд байсан
хүмүүст 30,000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэндээс гарчд 10,000 төгрөг
өгсөн. Тэгэхэд нөхөр нь гэж ярьж байсан намхан нуруутай шар царайтай залуу тэр
хоёр дахиад ийм шинэ хувцас байгаа аваад ирье зараад өгөөч гэж хэлээд явсан.
Тэгээд нэг цаг гаруй хугацааны дараа хоёр хайрцагтай хувцас барьчихсан
нөхрийнхөө хамт өөр танихгүй 3 хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд бид хоёрт
хайрцагтай хувцас өгөөд бид нар энд байж байна та хоёр зах руу ороод зарчхаад
ирээрээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Дархан зах руу тухайн хоёр
хайрцагтай хувцсыг шинэ зах дээр мах худалдаж борлуулдаг ченж нарт 30,000
төгрөгөөр зараад мөнгийг ньд өгсөн. ...Бид хоёрын Дархан зах дээр
оруулж зарсан хоёр хайрцагтай хувцас бол бүгд хүүхдийн шинэ хувцас байсан ямар
размертай байсан талаар мэдэхгүй байна. яарликтай хувцаснууд байсан. Надад
Баярмаа гэдэг хүн Солонгос улсаас манай дүү явуулсан гэж хэлсэнд маш
олон тооны хүүхдийн хувцас байгаа гэж ярьж байсан. Надаар хувцас заруулсны
маргааш нь дахиад өөр хүмүүсээр заруулсан гэж би сонссон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Гэрч өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Үдээс хойш би архи уучихсан Байгалаа
гэх найзыгаа хайж явж байгаад Төмөр замын байрны орцны
гадна талд байдаг жижиг төмөр хаалгатай подвал руу ороход*******ын Цоомоо
хочтой******* гэдэг залуу хоёр байсан. Тэнд цагаан өнгийн шуудаатай
хүүхдийн хувцас байхаар нь энэ ямар учиртай юм гэж асуухад наад
хувцас чинь намайг ирэхэд энд байсан. Би хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. Энэ
шуудаатай хувцаснаас би хэдэн ширхэг хүүхдийн шинэ хувцас Дархан зах дээр
очиж зараад архи авч уусан талаар надад хэлсэн. Тэгэхээр нь би энэ яг хэнийх юм
бэ гэж асуухад энэ шуудаатай хувцаснаас******* гаргаж зараад архи уугаад
байгаа юм чинь эзэнгүй байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хувцаснаас зарж болох
юм уу гэж асуухад болох байх гэжг хэлэхээр нь би 10 орчим ширхэг
хүүхдийн шинэ гялгар ууттай хувцас шуудайнаас гаргаж аваад Дархан зах дээр
очиж, гэдэг хоёр хүнд нөгөө хувцсаа өгөөд зараад өгөөч
гэхэд тэд нар зөвшөөрч тухайн хүүхдийн хувцсыг аваад явсан. Тэгээд зргэж ирээд
10,000 төгрөг өгсөн. Тэгээд бид хоёр шинэ зах руу орчхоод ирье гэж хэлээд явсан.
Тэгээд би хүлээгээд байж байхад тэр хоёр буцаж ирээд надад 20,000 төгрөг өгчхөөд
явсан. Би таксинд суугаад Орхон сум руу гэр лүүгээ явсан. ...Би тэр подвалоос
хүүхдийн хувцас авч гарахад Цоомоо хочтой******* надад ямар нэг юм яриагүй.
Тийм болохоор би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Бүгд гялгар ууттай хүүхдийн шинэ
хувцас байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
Гэрч өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын сүүлээр би*******той Дархан зах дээр уулзахад би гэрээсээ энд хүрээд ирсэн. Орцоор хонож байгаа гэхээр нь би*******д Төмөр замын байрны төв зам талаасаа 2 дахь
орцны подвалд хүн цуглуулж архи уухгүй хонож байгаараа гэж хэлсэн. Тэгээд би
Цолмонг дагуулж тухайн подвалд хамт очиж хонож байхад шөнө дунд*******
гараад явсан. Би унтаж хоноод өглөө нь гарсан. Тэгээд нэг хоногийн дараа орой 19
цагийн орчимд******* байхгүй тэнд цагаан өнгийн шуудаатай зүйл байхаар нь
онгойлгож үзэхэд шинэ гялгар ууттай хүүхдийн хувцас байхаар нь би айгаад би
буцааж тэнд нь орхиод гараад явсан. ...Би*******г авч ирсэн байж магадгүй гэж
бодож байна. Тухайн үед би*******д тэр подвалыг зааж өгч орж хонож байгаараа
гэж хэлсэн. Би тухайн подвалд байсан хүүхдийн хувцаснаас зарж борлуулаагүй.
Тухайн цаг үед подвалд байсан*******, нар зарсан байж магадгүй гэж
бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Гэрч өгсөн: “... Цолмон гээд залуу цагаан сараас хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш байнга амьдраад байсан.*******г
дүгээр байрны орцны подвалоос гаргаж цэвэрлэж байгаад тэр алдагдсан
зарим эд зүйлийг нь олсон.******* ганцаараа амьдарч байсан бөгөөд өдөрт янз
бүрийн хүмүүс цуглуулж архи уучхаад байдаг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
Гэрч өгсөн: “...г 2008 оноос өмнө таньдаг байсан. Биржийн гадна талбайд 5 лангуутай, дотор 2 лангуутай бөгөөд ихэвчлэн хүүхдийн хувцас зардаг. Бараагаа БНХАУ-аас бид нар цугтаа явж бараагаа татдаг. ...Ихэнх илүү гарсан болон улирлын чанартай түр хураасан бараагаа гэр лүүгээ авч явдаг байсан. Яг хаана хадгалдгийг мэдэхгүй ээ. Сүүлд подвал аваад бараагаа хадгалдаг болсон гэж хэлж байсан. Ер нь одоо үлдэгдэл бараа их гардаг болсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 245 дахь тал),
Гэрч өгсөн: “... нь ихэнх илүү гарсан болон улирлын чанартай түр хураасан бараагаа байрныхаа доод талын подвалд хадгалдаг гэж ярьж байсан. Олон жил ингэж ажиллаж байгаа болохоор маш их зарагдаагүй үлдсэн бараа илүү гардаг бөгөөд тэрийгээ гэртээ болон агуулах түрээсэлж хадгалдаг. Хүүхдийн бүх төрлийн хувцас буюу өвөл, зун, хавар, намрын хувцас зардаг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 247 дахь тал),
“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай ...шинжилгээний объектод ирүүлсэн нийт 27 нэр төрлийн эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 7,076,500 (долоон сая далан зургаан мянга таван зуу) төгрөгөөр тогтов.” гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүгдэгчгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед гэж хүнтэй явж байсан. Гэхдээ би тэр подвалын хаалганы цоожийг би эвдсэн нь үнэн. Би тухайн үед 3 тортой хувцас аваад архи зардаг хүнд өгч, архи авч уусан. Бусад хувцсаа яг яаснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр өөрийн үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал, ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, агуулахад нэвтэрч, бусдад нийт 7,076,500 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Тиймээс шүүгдэгчд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авав.
Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж Давж заалдах шатны шүүхийн магадлалаар дүгнэсэн болно. Иймд “Ашидбилгүүн хөрөнгийн үнэлгээ” ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээг дахин хийсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу бага үнийн дүнгээр гарсан дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчг агуулахад хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хулгайлах гэмт хэрэгт тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн шинж нь учрах саадыг арилгах зорилгод үндэслэсэн байх ёстойг хуульд тодорхой заажээ. “Учрах саадыг арилгах зорилгоор” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлахад тухайн багаж хэрэгслийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүйгээс гадна, өмчлөгч болон бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр, нууцаар үйлдэхийн тулд гэмт үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх зорилгоор ашигласан, үүнийг гэмт этгээд гэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан бодож төлөвлөсөн, бэлтгэсэн нөхцөл байдлыг ойлгоно.
Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд зориулан шинээр хийсэн, хийц загварыг өөрчилсөн багаж хэрэгсэл, мөн тухайн эд хөрөнгийг авахад шаардлагатай зориулалтын багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмж хамаарна.
Гэтэл шүүгдэгч нь хохирогч агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ тухайн хаалганы цоожийг ямар эд зүйл, багаж зэвсгээр эвдэж онгойлгосон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ийнхүү дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүний гэм буруу болон эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй болохыг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.5. Хохирол, хор уршиг:
Шинжээчийн дүгнэлтээр 7,076,500 төгрөгийн эд зүйлсийн үнэлгээ гарсан бөгөөд хохирогч нь....эмэгтэй хүний хар өнгийн түрийтэй, хагас өсгийтэй 38 размерын гутал 56,000 төгрөг, эмэгтэй хүний хавар, намрын богино түрийтэй гутал, 37 размерын эмэгтэй хүний хамар намрын түрийтэй гутал, хар ханцуйтай, ноосон жилетик цамц зэрэг 241,500 төгрөгийн гутал, хувцсыг биет байдлаар хүлээн авсан. Үлдсэн барааны 6,835,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаар шүүгдэгч нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчгоос 6,835,000 (зургаан сая найман гучин таван мянга) төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг-р байрны тоотод оршин суух (РД:ТГ69031660, утас:)-д олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасны дагуу шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газарт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1 Улсын яллагч: “...Шүүгдэгчд үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 255 хоногийг эдлэх ялд нь тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал”-ийг,
Хохирогч: “...надад учирсан хохирлыг барагдуулбал ямар нэгэн санал, гомдол байхгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьд ял эдэлж байсан нь эрх зүйн байдлыг доордуулах үндэслэл болохгүй. Энэ хэрэгт цагдан хоригдох хугацаандаа ажил, хөдөлмөр эрхэлж, 1,000,000 төгрөг цуглуулсан. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас цалин хөлсөө авах боломжгүй байна. Шүүхээс тогтоосон хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Тиймээс шүүгдэгчд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал”-ыг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгчд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Цолмонгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 91 дэх тал), татвар төлдөг талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 92-93 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 96-123 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.“ гэж зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 255 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 255 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд холбогдох 2418000000204 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт**************г бусдын эд хөрөнгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчгоос 6,835,000 (зургаан сая найман зуун гучин таван мянга) төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг-р байрны тоотод оршин суух (РД: , утас: )-д олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 255 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчгоос 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН