Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00575

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00575

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: НК ББСБ ХХК, Эрдэнэт салбар.

            Хариуцагч: Э.Н

            595 000 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч Э.Н , иргэдийн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б  би 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 07-08 цагийн орчимд 3 дугаар микрийн 11 дүгээр байр руу эргэх үед ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөн авто осол гаргасан билээ. Тэр үед замын цагдаад дуудлага өгөн газар дээр нь шалтгааныг нь тогтоолгоход ОРО тээврийн хэрэгслийн 100 хувийн буруу нь тогтоогдсон. Харин 3 дугаар сарын 22-ны өдөр Практикал даатгал зөвлөсний дагуу БАН-ХАС ХХК үнэлгээний газар очин үнэлүүлэхэд 199 000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд засварын газар хандан асуухад үнэлгээг буруу гаргасан гэж дүгнэн копутыг нь шинээр солихоор болсон байна гэсэн. Хохирол учруулсан жолооч дахин очиж заргалдсанаар үнэлгээг 423 000 төгрөг болгон өөрчилсөн юм423 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд орж ирсэн Япон копут нь дангаараа 400 000 төгрөг гэж байгаа тул илүү гарах зардлыг төл хэмээн гэм хор учруулсан жолоочид шаардлага тавихад үгүй гэж хариулан, шүүхдээ хандана уу гэсэн. ЛЭНДС ХХК-д үнэлүүлэхэд зөвхөн копутыг 420 000 төгрөгөөр үнэлсэн ба бодит хохирол нийлээд 570 000 төгрөг гэсэн дүгнэлт гарсан, уг үнэлгээг хийлгэхэд 25 000 төгрөг төлсөн болно. Миний тээврийн хэрэгсэл болох 4- ОРО приус-20 автомашин нь Японоос орж ирээд дөнгөж 2 сар болж байгаа шинээрээ байгаа тул маш их гомдолтой байна. Энэхүү 4- ОРО тээврийн хэрэгслийг 1 дүгээр сарын 17-ны өдөр Нэт капитал ББСБ компанитай зээлийн гэрээ байгуулан лизингээр авсан билээ. Миний бие Б.Б авто машинаа өөрөө унаж явах гэрээтэй бөгөөд өмчлөгч нь Нэт капитал ББСБ өмчилдөг. Иймд ОРО тээврийн хэрэгслийн жолооч Э.Н гаас надад учруулсан гэм хорын хохирол болох 595 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. 423 000 төгрөгийг даатгалаас авсан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзаж, будаг хийх, дугаарын хүрээ, сетка солиход гарах зардал Лэндс ХХК-н үнэлсэн үнэлгээний зөрүү 172 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Э.Н би Уурхайчин баг 3-12 дугаар байрны үзүүрт эгнээ байр буруу эзэлсэн гэсэн замын цагдаагийн дүгнэлттэй зөрчил гаргасан. Уг зөрчилд холбогдох приус 20 маркын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг даатгалын компани нийт 3 удаа 199 000, 423 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Хохирогч нь анхны үнэлгээ болох 199 000 төгрөгийг бодит хохирол гарсаныг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний бие өөрийн хүсэлтээр хохирогчтой зөвшилцөн дахин 423 000 төгрөг болгон үнэлүүлсэн бөгөөд үнэлгээний болон даатгалын компаниар үнэлүүлж хохирлыг барагдсан гэж үзэж байгаа тул нэмэлт төлбөрийг олгох боломжгүй гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НК ББСБ ХХК-н Эрдэнэт салбар нь хариуцагч Э.Н д холбогдуулан гэм хорын хохирол 595 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 423 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 172 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Э.Н багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох 172 000 төгрөгийг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 07-08 цагийн орчимд 3 дугаар микрийн 11 дүгээр байр руу эргэх үед ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөн авто осол гаргасан ба 4- ОРО тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан. Үнэлгээ хийлгэж 423 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд Япон улсаас орж ирж байгаа шинэ копут 400 000 төгрөг болдог, зайлшгүй шинийг авч тавих шаардлагатай, будганд оруулах, улсын дугаар түүний суурийг шинээр тавиулах зэрэгт 423 000 төгрөгийн үнэлгээ хүрэлцэхгүй байх тул Лэндс ХХК-н үнэлгээгээр тогтоогдсон зөрүү мөнгө болох 172 000 төгрөгийг хариуцагч төлөх учиртай. 423 000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт авсан тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч Э.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Миний буруугаас зам тээврийн осол гарсан, приус 20 маркын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь үнэн. Даатгалын компанид 199 000 төгрөг, 423 000 төгрөгөөр үнэлүүлсэн. Хохирогч нь анхны үнэлгээ болох 199 000 төгрөгийн бодит хохирол гарсаныг зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан боловч би өөрийн хүсэлтээр хохирогчтой зөвшилцөн дахин 423 000 төгрөг болгон үнэлүүлсэн. Үнэлгээний болон даатгалын компаниар үнэлүүлж хохирлыг барагдуулсан тул нэмэлт төлбөр болох 172 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

            2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 07-08 цагийн орчим№ ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4- ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь талуудын тайлбар, Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн 1---5 дугаартай хариу мэдэгдсэн тэмдэглэлээр батлагдаж байна. Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй, хариуцагч Э.Н өөрийн буруутай үйлдлийн улмаас осол болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байх тул гэм хорын хохиролыг хариуцан арилгах үндэслэлтэй.

            Дээрхи ослын улмаас нэхэмжлэгч НК ББСБ ХХК-н эзэмшилийн 4- ОРО улсын дугаартай тоёото прус маркийн автомашинд 570 000 төгрөгийн эвдрэл, хохирол учирсан болох нь Лэндс ХХК-н үнэлгээгээр тогтоогдсон ба жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу Э.Н гийн даатгуулсан Практикал даатгалаас 423 000 төгрөг төлөгдсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлага, шүүхэд тайлбарласан мэдүүлэг, Б.Б ий Хаан банкны №№№дугаартай дансны дэлгэрэнгүй хуулбараар тус тус нотлогдож байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь НК ББСБ ХХК-н Эрдэнэт салбартай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 6 200 000 төгрөгийг авто машин худалдан авах зорилгоор, 24 сарын хугацаатай, 3.90 хувийн хүүтэй, худалдан авсан 4- ОРО улсын дугаартай тоёото прус маркийн автомашинаа зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн унаж явах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээгээр батлагддаг.  

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Э.Н хохирлыг даатгалын компаниас бүрэн барагдуулсан учир 172 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байх боловч улсын дугаар болон түүний суурь авах, будаг засвар үйлчилгээнд төлөгдөх ёстой зайлшгүй гарах зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролыг арилгах үүрэгтэй бөгөөд даатгалын нөхөн төлбөрөөр хохиролыг барагдуулсан тул одоо төлөх төлбөргүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа зохигч өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч Э.Н нь уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч  НК ББСБ ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг Б.Б д олгосон нь хуульд заасан хэлбэрээр олгосон хүчин төгөлдөр итгэмжлэл байна.

            Иймд хариуцагч Э.Н гаас 172 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НК ББСБ ХХК Эрдэнэт салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 18 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н гаас 5 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Н гаас 172 000 төгрөг гаргуулан НК ББСБ ХХК-н Эрдэнэт салбарт олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 423 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 500 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н гаас 5 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.    Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.АРИУНЦЭЦЭГ

                                              ШҮҮГЧИД                                        Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                       Р.ҮҮРИЙНТУЯА