Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00285

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/00285

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  холбогдох

Татварын өр 59 784 646.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* нь Татварын хэлтэст ******* тоот регистрийн дугаартайгаар 2006 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу ******* нь татвар ногдох зүйл албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. 2018 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвараар 3 107 414.30 төгрөг төлөхөөр татварын тайлан гаргаж ногдол хийсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татварын өр хуулийн хугацаандаа төлөгдөөгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16.1-д албан татвар төлөгч нь бараа ажил үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурьдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана гэж заасан байдаг. Татварын улсын байцаагчид 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 200015490 тоот актаар 55 454 540 төгрөгийн төлбөр, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот актаар 4 928 115.20 төгрөгийн төлбөрийг тус тус хариуцуулсан байна. Татвар төлөгч актуудыг зөвшөөрч гардан авсан боловч холбогдох төлбөрөө төлөөгүй байна. Татварын хэлтсийн зүгээс ******* тоот актын төлбөрөөс 2016 онд 3 705 422.70 төгрөгийг татварын төрөл хооронд суутган хасалт хийснээр актаар төлбөл зохих нийт төлбөр 1 222 692.50 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Татварын ерөнхий хуулийн 57.1.2-д хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногт багтаан төлбөрийг төлөхөөр хуульчилсан байна. Мөн хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байхаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч ******* нь тухай бүрт нь холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй *******-ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн *******-иас 59 784 646.80 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч 5 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 54 784 646.80 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан манай *******-ийн НӨАТ-ын 59 784 646.80 төгрөгийн өрийг 2016-2018 онуудад хүлээн зөвшөөрөөд татварын хэлтсээс манай компанид өгсөн актууд гарын үсэг зурсан болно. Энэ өрийг төлөх талаар манай компаниас санаачлага гаргаж татварын хэлтсийн даргаа, хуулийн зөвлөх байцаагч нартай уулзаж *******-ийн зүгээс Ховд аймгийн төвд баригдсан 12 айлын орон сууцны 2 өрөө 60 м2 талбайтай шинэ орон сууцыг дээрхи өрөндөө авах боломж байна уу гээд 2016-2017 онуудад 2 удаа албан тоотоор хүсэлт гаргаж Татварын ерөнхий газарт уламжилж байсан болно. ******* энэ асуудлыг шийдэх эрх зүйн боломж байхгүй байгааг тайлбарлаж байсан тул миний бие татварын ерөнхий газрын даргатай уулзахаар очоод чиг үүргийнхээ дагуу орлогын хэлтсийн дарга *******тай уулзаж дээрхи санал болгосон байрны талаар ярилцаж НӨАТ-ын өрийг төлөх боломжийн талаар бүх л арга чаргыг ярилцаад татварын хуультай нийцэхгүй байна гээд зөвхөн байраа зараад өрөө барагдуулах тал дээр тогтсон. Манай компани яагаад энэ өрийг төлөх талаар өөрсдөө хөөцөлдөөд яваад байгаагийн учир нь гэвэл ******* нь 2006 оноос 2014 он хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаад энэ өрөөс болж 2014-2018 он хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болоод байгаа учраас компанийхаа хэвийн үйл ажиллагааг хангаж, ажил үйлчилгээгээ явуулах зорилго тавьж байгаа юм. Манай компани 2 хүний гишүүнчлэлтэй 50:50 хувийн хөрөнгө оруулалттай. Компанийн 1 гишүүн ******* нь 2015 оны 09 дүгээр сард нас нөхцсөн тул энэ өрийг төлөх тал дээр асуудал үүсч эхэлсэн. Компаний өв залгамжлагч нартай өрийн талаар ярьсан боловч өнөөдрийг хүртэл нааштай шийдвэрлээгүй. Гэсэн хэдий боловч *******-ийн албан ёсны захирал хуулийн этгээдийн хувьд өрийн зүгээс хариуцлагаа хүлээж өрийг барагдуулах талаар бүх боломжийг хайсаар л явна. Өрийг төлөхөөр дээрхи санал болгосон 2 өрөө 60м2 шинэ байр бол *******-ийн өмчлөлийн байр биш иргэн ******* миний өмч юм. Иймээс би дээрхи байраа хувь линзингээр зарж дээрхи өрийг барагдуулах талаар Орхон аймгийн татварын хэлтсийн дарга, ахлах, хуулийн зөвлөхтэй ярилцаад НӨАТ-ын өрөө зохих графикийн дагуу төлөхөөр тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Голомт банкны ******* тоот дансанд 3 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-нд 1 000 000 төгрөг төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч БЯЦО ХХК-д холбогдуулан татварын өр 59 784 646.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 000 000 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэгч төлсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 200015490 актаар 55 454 540 төгрөгийн төлбөр, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот актаар 4 928 115.20 төгрөг хариуцуулснаас 3 705 422.70 төгрөгийг татварын төрөл хооронд суутган хасалт хийж актаар төлбөл зохих 1 222 692.50 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2018 оны нэмэгдсэн өртгийн албан татвараар 3 107 414.30 төгрөг төлөхөөр тайлан гаргаж нийт төлбөл зохих 59 784 646.80 төгрөгөөс 5 000 000 төгрөг төлсөн тул 54 784 646.80 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч БЯЦО ХХК-ний захирал ******* нэхэмжлэлийн үнийн дүнд маргаан байхгүй, төлөх үүрэгтэй гэдгийг ухамсарлаж байна. Нэг гишүүн маань нас барсан тул өв залгамжлагчтай өрийн асуудлаар ярилцах, өөрийн өмчлөлд байгаа орон сууцаар төлбөр төлөх талаар холбогдох байгууллага албан тушаалтантай уулзсан 2018 оны 12 дугаар сараас эхлэн 5 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Хариуцагч БЯЦО ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, Улсын бүртгэлд ******* тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба татвар төлөгч хуулийн этгээдийн хувьд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, 18.1.4-т заасан зөрчлийг арилгах, тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хугацаанд нь төлөөгүй татварын өрийг үл маргах журмын дагуу барагдуулах боломжгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэсний дагуу нэхэмжлэгч байгууллага шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага түүний үнийн дүнгийн талаар маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн биелэгдсэн шаардлага 5 000 000 төгрөгийг хасч 54 784 646.80 төгрөг болгосныг дурдах нь зүйтэй байна.

Иймд БЯЦО ХХК-наас 54 784 646.80 төгрөг гаргуулан *******т олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *******, хариуцагч БЯЦО ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон бөгөөд итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэв. Нэхэмжлэгч төрийн байгууллага нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******-наас 54 784 646.80 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 431 888 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Татварын Ерөнхий Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн татварын хэлтэс нэхэмжлэлийн шаардлагаа 5 000 000 төгрөгөөр бууруулсан болохыг дурдаж, хариуцагч БЯЦО ХХК-иас татварын өр 54 784 646.80 төгрөг гаргуулан Орхон аймгийн татварын хэлтэст олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 зааснаар Орхон аймгийн татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд заасны дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч БЯЦО ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 431 888 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.АРИУНЦЭЦЭГ