| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,
шүүгдэгч Б.Е- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т овогт Б-ийн Е-д холбогдох эрүүгийн 2413002900382 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгийл суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын ...дугаар /Цагаан арал/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.т овогт Б-ийн Е-, регистрийн дугаар: БГ.............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Е- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн урд замд өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тзэврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.2 дугаар хэсэгт “...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч буй явган зорчигч Х.А-ийг мөргөж, эрүүл мэндэд зүүн шаант ясны битүү хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч буй явган зорчигч Х.А-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон тул дээрх зүйл заалтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн баримтаар гаргаж өгсөн 737,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогчийг Улаанбаатар хотод эмчлүүлж гарсан зардлыг шүүгдэгч өөрөө төлсөн байна. Хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх баримтыг гаргаж өгсөн. Гэмт хэргийн улмаас гарсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан гэж үзэхээр байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй” гэв.
2. Шүүгдэгч Б.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Онгоцоор Улаанбаатар хотод очиж ирсэн. Бүх эмчилгээний зардлыг төлж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруугийн маргаангүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Улаанбаатар хотод очиж шинжилгээг гаргуулж өчигдөр онгоцоор ирсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмшиж байгаа” гэв.
Эрүүгийн 2413002900382 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-08 дахь тал),
6. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 09-12 дахь тал),
7. Шүүгдэгч Б.Е-гийн согтолтын зэргийг шалгахад 1,878 согтолттой байсан талаарх баримт (хавтаст хэргийн 21 дэх тал),
8. Хяналтын камирын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-28 дахь тал),
9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 29-33 дахь тал),
10. Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
11. Насанд хүрээгүй гэрч А.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 740 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
13. Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай “Б.Е-гийн биенээс авсан гэх шингэн цусанд 0,92% промилли спирт илрэв” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
14. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн магадлагаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал),
15. Шүүгдэгч Б.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112 дахь тал), шүүгдэгч Б.Е-гийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
16. Харин шүүгдэгч Б.Е-, түүний өмгөөлөгч С.А- нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
17. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
18. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Е-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
19. Шүүгдэгч Б.Е- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдаан төвийн урд замд өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тзэврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.2 дугаар хэсэгт “...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч буй явган зорчигч Х.А-ийг, мөргөж, эрүүл мэндэд зүүн шаант ясны битүү хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
20. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),
21. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-08 дахь тал),
22. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 09-12 дахь тал),
23. Шүүгдэгч Б.Е-гийн согтолтын зэргийг шалгахад 1,878 согтолттой байсан талаарх баримт (хавтаст хэргийн 21 дэх тал),
24. Хяналтын камирын бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-28 дахь тал),
25. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 29-33 дахь тал),
26. Хохирогч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...буцаад замын нөгөө талд машины зогсоол дээр тавьсан машин руугаа очих гээд зам хөндлөн гарах гээд ирэх үед миний зүүн талаас буюу Бетон гүүрний зүгээс нэлээд хурдтай машин ирээд миний урдуур намайг мөргөх шахаад зам дээр тогтсон ус дайрч ус цацаад өнгөрсөн бөгөөд ахиад түүний араас мөн л нэлээд хурдтай жижиг тээврийн хэрэгсэл намайг чиглэж ирээд миний зүүн хөл талаас мөргөсөн. Тэр үед би машинд мөргүүлээд газарт унасан. Тэгтэл миний зүүн хөлний шилбэ хэсгээр хугарч хөл эргэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
27. Насанд хүрээгүй гэрч А.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай ах болох Б.Е- нь өөрийн цагаан өнгийн Алион тээврийн хэрэгсэлтэй ирээд байж байсан. Тэгээд би өвс буулгаж дууссаны дараа Б.Е- ах намайг гэртээ харья гэж хэлээд намайг өөрийнхөө машинд суулгаад Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Б.Е- ахын гэр лүү явж байх замд буюу Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Оргил” худалдааны төвийн урд хэсгээр өнгөрч явах үед замын баруун талаас машины зогсоолын хажуунаас нэг эрэгтэй хүн явган зорчигч гарч ирээд ах болох Б.Е-гийн унаж явсан машины урдуур орж мөргүүлсэн юм. Б.Е- ах өөрийн тээврийн хэрэгсэлтэй ирээд тухайн айлын гадна машин дотроо хэсэг хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тухайн үед Б.Е- ах жаахан хурдтай явж байгаа юм шиг санагдсан, би яг машины хурдны мил рүү нь хараагүй. Ойролцоогоор 50-60 км хурдтай явсан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
28. Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 740 дугаартай “Иргэн Х.А-ийн биед зүүн шаант ясны битүү хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Х.А-ийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Иргэн Х.А-ийн биед үүссэн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
29. Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дугаартай “Б.Е-н биенээс авсан гэх шингэн цусанд 0,92% промиль спирт илрэв” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
30. Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Явган зорчигч Х.А- нь Монгол Улсын Замын Хөдөлгөний дүрмийн 5.6-д "явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах.хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна..." гэх заалтыг зөрчсөн. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Е- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.2-д "... Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээрийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3-д "... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээрийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн дүрмийн 3.7/а “...Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансуруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Б.Е- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 3.7/а хэсгүүдэд заасныг зөрчсөн нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал),
31. Шүүгдэгч Б.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... миний хуучны найз тааралдаж бид хоёр дундаа 0,5 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад манай авга ах болох Аманжолын гэрийн гадна тухайн авсан архиа уусан. Тэгээд замдаа гүүр гараад явж байтал “Оргил” худалдааны төвийн урд зам дагуу ирэх үед миний баруун гар талаас нэг явган зорчигч гарч ирсэн би тэр үед би тулаад ирсэн болохоор тормоз гишгэх үед тулаад ирсэн болохоор машинаа зогсоож амжилгүй тухайн хүний зүүн талын хөлийг мөргөсөн ба тухайн иргэн газарт унасан. Би хохирогчтой уулзаж эмчилгээнд зарцуулагдаж байгаа төлбөр мөнгийг төлж байгаа мөн цаашид гарах эмчилгээний зардлыг ч мөн төлөхөөр болсон. Миний бие өнөөдрийн байдлаар хохирогч Х.А-ийн эмчилгээнд зориулж нийт 737,000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-112 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
33. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
34. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Б.Е- нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.
35. Шүүгдэгч Б.Е- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн урд замд өөрийн эзэмшлийн .... БӨҮ улсын дугаартай “Тоёота Аллион” загварын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэх заалтыг, мөн дүрмийн 12.2 дугаар хэсэгт “...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч буй явган зорчигч Х.А-ийг мөргөж, эрүүл мэндэд зүүн шаант ясны битүү хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогджээ.
36. Шүүгдэгч Б.Е- нь согтуурсан үедээ тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь хохирогч Х.А-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
37. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан үед үйлдэх” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч Б.Е-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
38. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
39. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Е-гийн согтуурсан, мөн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
41. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.
42. Шүүгдэгч Б.Е- нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Х.А-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 740 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал)-ээр тогтоогджээ.
43. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-т 737,000 төгрөгийн бодит хохирол учирсан ба дээрх хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогч Х.А-ийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бичсэн “Миний бие Ханай овогтой Аманбек 39 настай, эрэгтэй. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Болатбек овогтой Елимайд холбоотой автын ослын хэрэгт миний бие ямар нэгэн гомдолгүй болно” гэх баримтыг үндэслэн шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
44. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Е-д хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх” дүгнэлтийг,
45. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагчийн санал болгосноор эрүүгийн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Е-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
47. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
48. Шүүгдэгч Б.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
49. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1. “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Е- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.А-т учирсан хохирол, хор уршгийг төлж өгсөн болохыг дурдаж байна.
50. Шүүхээс шүүгдэгч Б.Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршгийн зарим хэсгийг төлж өгсөн зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Е-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Е-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
53. Шүүгдэгч Б.Е- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
54. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.т овогт Б-ийн Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Е-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Е-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг СД бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК