Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/90

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолтой *******т холбогдох 1934002900216 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Г.Цэрэнжамц давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн нийтийн байрны 05 тоотод иргэн М.Ганчимэгийн хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн нийтийн байрны 05 тоотод иргэн М.Ганчимэгийн хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үед нь эсэргүүцэл үзүүллээ гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн 1906036341824 дугаартай хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна.

Гэтэл яллагдагч ******* нь эрүүгийн 1934002900216 дугаартай хэрэгт Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байна.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж заасан байх боловч мөн хуульд ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарасны дараа тогтоогдвол хэрхэн ял оногдуулах тухай зохицуулалт тусгагдаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл бий болж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 191 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, үргэлжилсэн үйлдлээр зүйлчилж хэргийг хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1934002900216 дугаартай хэргийг прокурорын дүгнэлт гаргаснаар хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт Ж.Хулангийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Наранбаатар Чинзоригийг бусдын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэргийг, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Боржигон овогт Наранбаатар Чинзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч *******т үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний үсний боолт 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* нь Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 6 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн нийтийн байрны 05 тоотод иргэн М.Ганчимэгийг хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн нийтийн байрны 05 тоотод иргэн М.Ганчимэгийг хүсэл зоригийх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үед нь “эсэргүүцэл үзүүллээ” гэх шалтгаанаар зүүн нүдэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол хэрхэн ял оногдуулах зохицуулалт Эрүүгийн хуульд тодорхойгүй байх тул прокурорын дүгнэлтэд дурдагдсан “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл бий болж байна” гэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1934002900216 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

 

ШҮҮГЧИД                                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ