Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2021/00531

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: С.Г-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Б.Л-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, газрын гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 155/2021/00323/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч С.Г, хариуцагч Б.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие С.Г нь 1977 онд Г суманд төрсөн. Б. Б.Лтай 1999 онд танилцаад 2005 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2000 онд хүү Г.С, 2002 онд хүү Г.Сг нар төрсөн. Б. Б.Л нь гэр бүлээс гадуур харилцаатай болсны улмаас бидний хооронд байнгын хэрүүл маргаан гарах болж 2012 оноос хойш тусдаа амьдрах болсон. 2012 оноос хойш 2 хүүхэд маань хоёр гэрийн хооронд эрэн очин явдаг байсан ба миний бие эцэг хүний үүрэг хариуцлагаа ухамсарлан хоёр хүүхэддээ хичээлийн хэрэгсэл болон бусад шаардлагатай эд материалын туслалцааг байнга үзүүлдэг байсан. Одоо миний бие 2019 онд гэр бүл зохиож, 2020 онд охин Г.А төрсөн. Миний бие 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эвлэрүүлэн зуучлал-д хандаж гэрлэлт цуцлуулах хүсэлт гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлтийг талуудаас гаргасны дагуу 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болсон талаарх тэмдэглэл гарсан байх тул 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 30 тоот гэрлэлтийг цуцалж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Бидний хооронд Г суманд гэр бүлийн дундын эд хөрөнгө болох гэр бүлийн зориулалттай 0.7 га газар байдаг. Тус газрын үнэ болох 2,000,000 (хоёр сая) төгрөгөөс хариуцагчид өөрт нь болон хоёр хүүхдэдээ хуваарьт хөрөнгийг хуулийн дагуу өгөх ба газрын гэрчилгээг хариуцагч Б. Б.Лаас гаргуулан авах хүсэлтэй байна... Тухайн газрыг 2,000,000 төгрөгөөр үнэлж хариуцагч болон хоёр хүүдээ ногдох хэсгийг өгч газрын гэрчилгээг авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа....гэв.

Хариуцагч Б.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1979 онд Г суманд төрсөн. 1999 онд нэхэмжлэгчтэй танилцаж 2000 онд гэр бүл болсон ба 2000 оны 7 дугаар сарын 05-ны өдөр том хүү Г.С, 2002 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бага хүү Г.Сг нар төрсөн. 2005 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бид тусдаа амьдах болсон шалтгаан нь архины хамааралтай болж маш их дарангуйлал үүсч, таарч тохирохоо байсан учраас тусдаа амьдрах болсон. Том хүү маань оюутан бага нь ямар нэгэн ажил эрхэлдэггүй, сургуульд сурдаггүй. Тухайн газар нь 2,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба тус мөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувийг авч газрын гэрчилгээг нь шилжүүлж өгнө гэж эвлэрлийн гэрээ байгуулсан. Би цаашдаа хоёр хүүхдээ сайн сайхан амьдруулах үүргийг би хүлээгээд цааш өрх толгойлсон эмэгтэйгээр амьдрахаар шийдсэн. Эцэг хүний үүргээ ухамсарлахгүй байгаа учраас надад одоо гомдоод байх зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь 2018 онд хамтран амьдрагчтай болж 2020 онд хүүхэдтэй болсон. С.Г гэх хүний хувьд надруу дайрч дарамтлах зэрэг асуудал үүсгээгүй. Хамтран амьдрагч гэх хүн нь намайг дарангуйлж дарамталдаг учраас хоёр хүүхдийнхээ ирээдүйг бодоод гэрлэлтээ цуцлуулахаар шүүх хуралдаанд оролцож байна. Газрын гэрчилгээ амласан 1,500,000 төгрөгөө өгсний дараа шилжүүлж өгнө. Урьдчилж 350,000 төгрөг авсан....гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Г нь Б.Лид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, газрын гэрчилгээ гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2000 онд гэр бүл болж, 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0022839 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2000 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүү Г.С, 2002 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Сг нар төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4 дүгээр тал/

Нэхэмжлэгч С.Г, хариуцагч Б.Л нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд газрын гэрчилгээ гаргуулах шаардлагад нэхэмжлэгч С.Г нь 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч Б.Лид өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг, нийт 117,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гт олгохоор тогтлоо.

Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар  Б.Л , С.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар газрын гэрчилгээ гаргуулах шаардлагад нэхэмжлэгч С.Г нь 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч Б.Лид өгөхөөр зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч С.Гт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч Б.Лид тус тус даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 (нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лаас улсын тэмдэгтийн хураамж 117,150 (нэг зуун арван долоон мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гт олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ