Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/00964

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 15 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, Эрхэл овогт Чойсүрэнгийн Бямбадорж /РЭ56101517/-д холбогдох,

301.400 /гурван зуун нэг мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чойсүрэн овогтой Бямбадорж нь Хөвсгөл Эрчим хүч ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа тус компаниас 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 39314 дугаарт төлбөрийн даалгавраар 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд 198.600 төгрөг буцаан төлсөн. 2017 оны 06 дугаар сарын 01-ний байдлаар 301.400 төгрөгийг төлөөгүй байгаа тул хуулийн дагуу үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Бямбадорж нь 2007 оноос 2008 оны хооронд Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг бэлнээр гаргуулж авсан юм билээ. Энэ тухай санхүүгийн баримт бол байдаг. Үүнээс 198.600 төгрөг нь суутгагдаад төлөгдсөн. Одоо нийт 301.400 /гурван зуун нэг мянга дөрвөн зуу/ төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм. Уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Бямбадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл Эрчим хүч ХХК-аас миний нэр дээр 2008 онд ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 500.000 төгрөг зээлж авсны үлдэгдэл 301.400 төгрөгийг нэхэмжилжээ. Би тэр үед тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2008 оны 1 сард гадаадад явахдаа 500.000 төгрөг дараа төлөхөөр зээлж авсан ба сар сарынхаа ТУЗ-ийн гишүүний урамшууллаас хасч тооцоод 12 дугаар сард үлдсэн зөрүү 198.600 төгрөгийг бэлнээр тушааж тооцоо дуусгасан болно. Гэтэл 9 жилийн дараа дахин нэхэмжилсэн атлаа анхан шатны санхүүгийн баримтаа гаргаж өгөхгүй байгааг гайхаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ч.Бямбадоржид холбогдуулан 301.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг хариуцагч Ч.Бямбадоржид хүлээлгэн өгсөн ба зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь уг зээлсэн 500.000 төгрөгөөс хариуцагч Ч.Бямбадорж нь 198.600 төгрөгийг төлсөн ба үлдэх 301.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хариуцагч нь дээрх зээлдүүлсэн 500.000 төгрөгийг Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа буюу 2008 онд гишүүний сар улирлын урамшууллаасаа хасаж тооцуулаад үлдэх 198.600 төгрөгийг бэлнээр өгч барагдуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2008 оны 01 сарын 17-ны өдөр хариуцагч Ч.Бямбадоржид буцааж төлөх нөхцөлтэйгээр 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргахгүй байна.

Дээрх үйл баримтаас зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба Зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой үүсдэг гэрээ бөгөөд зээлдүүлэгч нь мөнгө болоод төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь авсан мөнгө, эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргийг харилцан хүлээдэг гэрээ юм.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан ба дээрх үйл баримтаар зохигчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь зээлсэн 500.000 төгрөгийг тухайн ондоо багтааж төлөх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн ...сар сарынхаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний урамшууллаас хасч тооцоод 12 сард үлдсэн зөрүү 198.600 төгрөгийг бэлнээр тушааж тооцоо дуусгасан гэх тайлбараас дүгнэж үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан тул 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хэрэгт авагдсан баримтаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хариуцагч Ч.Бямбадоржоос 301.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Ч.Бямбадоржид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Ч.Бямбадоржид холбогдох 301.400 /гурван зуун нэг мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.692 /есөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Н.БЯМБАСҮРЭН