Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/91

 

*******од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 752 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн хохирогч Б.Банзрагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 752 дугаар шүүгчийн захирамжаар хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Банзрагч давж заалдах гомдолдоо: “Эрүүгийн 1834007660477 тоот хэргийн хохирогч Б.Банзрагч миний бие Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019-06-04-ны өдрийн 2019/ШЦТ/168 дугаартай шийтгэх тогтоолыг 2019-06-28-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан хүлээн авч уг тогтоолыг оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж 2019-07-10-ны ажлын өдөр мөн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан явуулсан. Гэтэл Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь миний гомдлыг "хугацаа хэтэрсэн" гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул би хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2019-09-21-ны өдрийн 752 тоот захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхэд хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг шүүгч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа тул гомдлыг хянан хэлэлцэж хугацааг сэргээж, давж заалдах гомдол гаргах эрхийг хангаж өгнө үү. Түүнчлэн миний хүү Б.Тэмүүжин нь уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа атал түүний хуульд заасан гомдол гаргах эрхийг хязгаарласан эсэхийг хянуулах хүсэлтэй байгаа тул гомдол гаргах эрхийг хангаж, хугацааг сэргээж өгөхийг хүсье” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтэндээ: Гомдлын утга нь хугацааны асуудал байгаа. Давж заалдах гомдол гаргах эрхийг нь шүүх бүрэн хангасан. Дорноговь аймгийн шүүх гомдол гаргаад байна уу Банзрагч гэдэг хүн гомдол гаргаад байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн туслах нь тайлбар гаргадаг. Энэ тайлбартаа шүүхийн тэмдгийг дараад байгаа нь хууль зөрчиж байна. Шүүхийн тэмдгийг хувь хүнд ашиглуулаад байна. Давж заалдах гомдлыг буцаасан ерөнхий шүүгчийн албан бичиг, шүүгчийн захирамж нь үндэслэлтэй. Иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой гомдол гаргахаар хуульд заасан. Гэтэл хохирогч нь иргэний нэхэмжлэгчийн өмнөөс гомдол гаргаад байгаа. Гомдлыг хангах ямар үндэслэл алга. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хохирогчид гардуулсан хугацааг л голлож ярих үндэслэлтэй. 6 сарын 28-ны өдөр шуудан холбооноос хохирогчид шүүхийн шийдвэрийг гардуулсан байгаа. Үүнээс хойш тоолоход давж заалдах гомдол гаргах хугацаа 7 сарын 12-ны өдөр дуусч байгаа. Энэ өдөр нь улс даяар амралтын өдөр учраас амралтын өдрийн дараах ажлын эхний өдөр болох 16-ны өдөр шуудан холбоонд давж заалдах гомдлыг хүргэсэн байдаг. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар давж заалдах хугацаа гомдол нь хугацаандаа гаргасан тул давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж өгнө гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүхээс хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдлын хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийн талаар өгсөн эрх зүйн дүгнэлт болон хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогчийн давж заалдах гомдол гаргах хуулийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хохирогч Б.Банзрагчид тус шүүхийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг шуудангаар хүргүүлжээ /3хх-ийн 41 хуудас/. Хохирогч Б.Банзрагч шийтгэх тогтоолыг 2019 оны 06 сарын 28-нд хүлээн авч, давж заалдах гомдлоо 2019 оны 07 сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Шуудан үйлчилгээний газарт өгсөн байна /3хх-ийн 47 хуудас/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдол гаргах сүүлийн өдөр нь боловч Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т зааснаар “улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр” байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдол гаргах хугацааны сүүлчийн өдөр нь ажлын бус өдөр тохиолдож байх ба давж заалдах гомдол гаргах хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр  буюу 2019 оны 07 сарын 16-ны өдрөөр тоолох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах МУ-ын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх суурь зарчимд нийцэж байгаа болно.

Анхан шатны шүүх хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдлын хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг 2019 оны 08 сарын 03-ны өдөр хүлээн авсан атлаа уг хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэхгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 сарын 23-ны өдрийн ШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг анхан шатны шүүхэд буцааснаас хойш 56 хоногийн дараа хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зэргээр хуульд нийцээгүй ажиллагаа явуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүжин давж заалдах гомдол гаргаагүй байх тул хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдлын дагуу иргэний нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч Б.Банзрагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэхээр *******од холбогдох эрүүгийн 1834007660477 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 752 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хохирогч Б.Банзрагчийн гомдол гаргах хугацааг сэргээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 38.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 1834007660477 дугаартай хэргийг Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр болох тул хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

ШҮҮГЧИД                                                 Т.ЭНХМАА

 

 

                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ