| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2017/03203/И |
| Дугаар | 181/ШШ2017/03059 |
| Огноо | 2017-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2017/03059
| 2017 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 181/ШШ2017/0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие Д.т 2016 оны 05 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 2 сар /2016.05.17-2016.07.17/-ны хугацаатайгаар сарын 15 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний мөнгийг 2016 оны 05 сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэвч Д. нь зээлж авсан мөнгөө хугацаанд нь төлөөгүйн дээр өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй, миний эрх ашгийг хохироож байна. Бидний харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4-т “Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож зээл өгөгчид төлөх үүрэгтэй” гэж заасан байгаа тул өөрийгөө алданги нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд Д.ээс үндсэн мөнгө 4 000 000 төгрөг, хүү 1 200 000 төгрөг, алданги 2 600 000 төгрөг нийт 7 800 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Д. нь нэг удаа надад 200 000 төгрөг өгсөн тул үүнийг нь хүүгээс хасаж тооцон, хуульд заасны дагуу үндсэн зээл 4 000 000 төгрөг, төлөөгүй хүү 1 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодорхойлж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Би С.тай утсаар холбогдон 4 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцож, 2016 оны 05 сард мөнгийг дансаар хүлээж авсан нь үнэн. Тухайн үед миний бизнес хэвийн үргэлжилж байсан бөгөөд 2016 оны 6 сард бизнес маань зогсож, хүүгээ ч өгч чадаагүй. С. нь Хөх хотод магистрт тэтгэлгээр сурч байсан ба мөнгөө өгч чадахгүй байгаа шилтгаанаа утсаар ярихдаа хэлж ойлгуулж байсан. нь амралтаараа Монгол улсад ирээд буцахдаа МҮЭСТО-д зохион байгуулагдаж байсан үзэсгэлэн худалдаанд оролцож байхад над дээр 2017 оны 2 сарын 22-ны өдөр ирж, өнөөдөр буцах гэж байна хэд ч хамаагүй мөнгө өгөөч гэхэд нь өөрт байсан 200 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.
2016 оны 11 сараас миний ээж хүндээр өвчилж, удаа дараа эмчилгээний мөнгө гарч байсан ба 2017 оны 5 сарын 5-ны өдөр Сонгдо эмнэлэгт нас барж, хагалгаа, эмчилгээний төлбөр 15 000 000 төгрөг гарсныг одоогоор би төлж барагдуулан явж байна. С. нь 2017 оны хавар сургуулиа төгсөж ирсэн ба 2017 оны 8 сард биечлэн уулзалдаж зээлийн гэрээг бичгээр нөхөж хийсэн юм. Би аас зээлдсэн үндсэн зээл 4 000 000 төгрөг, тохирсон 2 сарын хугацааны хүү 1 200 000 төгрөгийг л төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги гэж нэхэмжилж байгаа 2 500 000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. нь хүүнээс алданги нэмж тооцож надаас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд миний хүлээн зөвшөөрч байгаа үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүнээс төлөгдөөгүй үлдсэн 1 000 000 төгрөг, алдангид ядахнаа 1 000 000 төгрөгийг нэмж тооцуулаад нийтдээ 6 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгааг шүүх харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С. нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхийн зүгээс нэхэмжлэгч С.ын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлдүүлсэн үндсэн зээл 4 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 1 200 000 төгрөгөөс түүний төлсөн 200 000 төгрөгийг хасаж, төлөөгүй үлдсэн 1 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 300 000 төгрөгөөр багасган тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С., хариуцагч Д. нарын хороонд 2016 оны 5 сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 4 000 000 төгрөгийг, 2016 оны 5 сарын 17-ны өдрөөс 2017 оны 7 сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, сар бүр 15 хувийн хүү төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэйг зааж гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т заасан зохицуулалтад нийцсэн бөгөөд субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, хүүний үлдэгдэл 1 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 5000 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Д.ээс нэхэмжлэгч С. шаардаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 4 000 000 төгрөг, 2 сарын хугацааны хүүний үлдэгдэл 1 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргаангүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэв.
Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын алданги гэх 2 500 000 төгрөгийг хүүнээс давхар тооцож нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, түүний мөнгийг төлөөгүй удаасан нь үнэн учир алдангид 1 000 000 төгрөг төлж болох юм гэж тайлбарлан маргаж байна.
Зээлдэгч Д. нь гэрээний 4-т “Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож зээл өгөгчид төлөх үүрэгтэй” гэж заасан заалтыг зөрчсөн болох нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдох ба гэрээний үүргээ зөрчсөн талаар хариуцагч тал маргахгүй байна.
Дээр дурдсан баримтаар зээлдэгч Д. нь гэрээний үүргээ зөрчсөн байх тул гэрээний 4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт, “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус зохицуулсны дагуу зээлдүүлэгч С. нь алданги шаардах эрхтэй байна.
Гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь алдангийг хуульд зааснаар үндсэн зээл 4 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүүний үлдэгдэл 1 000 000 төгрөг ба нийт 5 000 000 төгрөгийг төлөөгүй учир алдангид 2 500 000 төгрөг тооцож, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, нэхэмжлэлийн шаардлага нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гэрээний үндсэн үүрэг 4 000 000 төгрөг, хүүний төлбөр 1 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.ээс 7 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.т олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 134950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ