Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00578

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00578

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ж.А

            Хариуцагч: Б.Э

            4 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л , хариуцагч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.А би өөрийн танил болох С.Урантөгсөөс 2 000 000 төгрөг бэлнээр авч, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Э т 2 000 000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан өгсөн. Гэтэл Б.Э нь уг мөнгийг хугацаандаа өгөхгүй удааж, мөнгөө нэхэхэд 2015 оны 07 дугаар сард 500 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш утасаа ч авахгүй сураггүй алга болсон. Гэтэл анх мөнгө зээлсэн С.У үлдэгдэл 1 500 000 төгрөгөө нэхэхэд 2015 оны 09 дүгээр сард иргэн З.Т 1 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүү тооцон зээлж авсан. Зээлийн хүүг сар болгон миний бие өгсөөр ирсэн. Одоог хүртэл иргэн З.Т зээлийн гэрээг сунгаж хүүг нь төлсөөр байна. Ийм учраас Б.Э ээс үлдэгдэл болох 1 500 000 төгрөг болон зээлийн хүү болох 2 700 000 нийт 4 200 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ж.А гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Үндсэн төлбөр болох 1 500 000 төгрөгийг төлж барагдуулна. 2017 оны 06 дугаар сард багтаан 1 500 000 төгрөгийг буцаан төлж өгнө. Одоохондоо буцаан төлөх боломжгүй байна. Нэхэмжилсэн хүү болох 2 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад төлж өгөх мөнгөний чадвар боломж байхгүйн дээр хүү төлөх үндэслэлгүй байна. А Т мөнгө авлаа гэж хэлж байгаагүй гэв.  

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б.Э т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хүүний төлбөр 2 700 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ж.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.Э мөнгөө өгөхгүй байгаа тул Т хүүтэй мөнгө зээллэсэн. Хүү төлсөн учир энэ хохиролыг Б.Э хариуцах учиртай, иймд үндсэн зээл 1 500 000 төгрөг, Тогоохүүгийн зээлийн гэрээний хүүнд төлсөн 2 700 000 төгрөг нийт 4 200 000 төгрөг гаргуулан гэж тайлбарладаг.  

            Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 2 000 000 төгрөг Ж.А авсан, 500 000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл 1 500 000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа. Бидний хооронд хүү тохироогүй тул хүү төлөх үндэслэлгүй, Т мөнгө авлаа гэж хэлж байгаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдаж 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүү алданги тооцохгүйгээр Ж.А нь Б.Э т зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр нотлогдож байна. 2015 оны 07 дугаар сард 500 000 төгрөгийг Б.Э нь Ж.А өгсөн, тэдний тооцоогоор 1 500 000 төгрөг үлдсэн, зээлийн гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн хийгээд, мөнгө хүлээлцсэн эсэх талаар талууд маргаагүй.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б.Э ээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

            Хариуцагч мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмэжлэгч Ж.А Т 2 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээллэсэн. Уг мөнгөний хүүг сар бүр төлж байгаа учраас 2 700 000 төгрөгийн хүүг Б.Э хариуцан төлөх учиртай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шаардах эрхийн үндэслэл болж байгаа нотлох баримт нь хэргийн үйл баримттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл Ж.А нь Т 2 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлдэж авсан бөгөөд Ж.А , Т нарын хооронд зээлийн харилцаа 01 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байна.

Нэхэмжлэгч Ж.А хариуцагч Б.Э т 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буюу 15 хоногийн дараа 2 000 000 төгрөг зээлдүүлсэн байх бөгөөд 3 сарын дараа төлөх ёстой мөнгийг өгөөгүйн улмаас Т мөнгө зээллэсэн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүү тохироогүй байх тул нэхэмжлэгчийн хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.А нь өөрийгөө бүрэн төлөөлүүлэх эрхийг Б.Л д олгосон бөгөөд хуульд заасан шаардлага, хэлбэрийг хангасан хүчин төгөлдөр итгэмжлэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 82 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э ээс 38 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А олгох нь зүйтэй байна.

             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э ээс 1 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.А олгож, шаардах эрхийн үндэслэлгүй тул 2 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 82 150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э ээс 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.А олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ