| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03581/И |
| Дугаар | 181/ШШ2021/00545 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2021/00545
2021 03 12 181/ШШ2021/00545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан. Н ХХК, Л ХХК-ийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр NS01/2019/ худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.
Тус гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээний зүйлийг заасан. Н ХХК нь цахилгааны КТПН гэж тоног төхөөрөмж зардаг. Нэг нь 8,500,000 төгрөгийн үнэ энэ төхөөрөмжөөс 2 ширхгийг авсан. Мөн нэг бүр нь 8 сая төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг трансформатор, 1 литр нь 3000 төгрөгийн үнэтэй трансформаторын тосноос 600 литрийг 1,800,000 төгрөгөөр авсан. Гэрээний 2.3 дахь хэсэгт гэрээний урьдчилгаа төлбөр 20 сая төгрөгийг гэрээ хийсэн өдөр нийлүүлэгчийн Капитрон банкны 3004000010 тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 30,800,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэхээр тохиролцсон.
Өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 30,800,000 төгрөг болон гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой алдангиа төлөхгүй байгаа. Дээрх гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгаа. Гэрээний дагуу бараагаа нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Захиалагч нь худалдах худалдан авах гэрээний 3.8 дахь хэсэгт заасан хугацаанд нийлүүлэгч талд төлбөрийг бүрэн төлөх үүргээ ноцтой зөрчсөн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л ХХК болон Н ХХК нь тооцооны үлдэгдлийг баталгааны хуудасны дагуу тооцоо нийлсэн.
Тус тооцооны хуудасны эхний нүүрэнд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12 өдрийг дуустал хугацаанд өгч авсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Л ХХК нь 30,800,000 төгрөгийн өртэй гарсныг батлав гэсэн байдаг. Энэхүү өрийн үлдэгдлийг 2020 оны 02 улирлаас эхлэн төлөхөөр Л ХХК-ийн нягтлан бодогч Олзбаяртай тохиролцож, санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулсан баталгаат хуудаснууд байдаг. Үүний дараа 2020 оны 2 улиралд тооцоогоо дуусгахыг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Иймээс 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний төлбөр нэхэмжлэх тухай албан бичиг хүргүүлсэн. 3 хоногийн дотор хариу өгөхийг шаардсан боловч хариуцагчийн зүгээс Ковид19-тэй холбоотойгоор түншүүд Хятад улс руу гарсан үндэслэлээр төлбөрийг төлөөгүй.
Дараа нь Хятад түншүүд нь орж ирсэн гэсэн мэдээлэлтэй байгаа боловч ямар нэгэн байдлаар төлбөрийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд захиалагч тал хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан. Иргэний хуульд заасны дагуу алдангийг гэрээнд бичгээр тохиролцсон тул нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Шаардаж буй үндэслэл нь Иргэний хуулийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн.
Дээрх гэрээний хариуцлага зохицуулалт нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн бөгөөд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 30,800,000 төгрөгийн 0,3 хувь нь 92,400 төгрөг ба нийт гүйцэтгээгүй үүргийн хоног болох 665 хоногоор тооцоход 61,446,000 төгрөг болж байна. Гэвч хуульд заасны дагуу алданги нь 50 хувиас хэтэрч болохгүй учир 30,800,000 төгрөгийн 50 хувь болох 15,4000,000 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний 46,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 46,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчдын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №НС-01/2019 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгч Н ХХК нь нийт 50,800,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг КТПН, 4 ширхэг трансформатор, 600 литр трансформаторын тос зэргийг худалдан авагч Л ХХК-д худалдах, худалдан авагч Л ХХК нь гэрээний төлбөр болох 50,800,000 төгрөгийн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, үлдэгдэл 30,800,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор Н ХХК-ийн Капитрон банкан дахь 300 400 0010 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний дагуу 2 ширхэг КТПН, 4 ширхэг трансформатор, 600 литр трансформаторын тосыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Л ХХК нь гэрээгээр тохирсон 2 ширхэг КТПН, 4 ширхэг трансформатор, 600 литр трансформаторын тосыг хүлээн авч, урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 30,800,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж, Л ХХК нь 30,800,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Хариуцагч нь гэрээний 2.4-т зааснаар үлдэгдэл төлбөр 30,800,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээж, мөн гэрээний 6.1-д Төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд захиалагч тал хэтэрсэн хоног бүр төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон байна.
Иймд хариуцагч Л ХХК нь гэрээний 2.4-т заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 665 хоногийг 30,800,000 төгрөгийн 0,3 хувиар тооцоход /30,800,000х0.3%=92,400х665/ 64,446,000 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгчийн шаардсанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 15,400,000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хариуцагч Л ХХК-д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гардуулж өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан өдрөөс хойш шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2020 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Л ХХК-иас 46,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Л ХХК-иас 22,320,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 388,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ