Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/92

 

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

              Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох 1934004630350 дугаартай 1 хавтас, 132 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 14-2а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

1. 1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, тэнсэж хянан харгалзсан,

2. 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

3. 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 387 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 2 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 11 сар хорих ялаар,

4. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ухнаагийн Болдбаатар, НС:66032979 регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох Монгол-Солонгос улсын хамтарсан хөрөнгө оруулалтаар баригдаж буй хүлэмжийн уутыг гаднаас нь урж нэвтэрч, хүлэмжинд байсан гагнуурын аппарат, уртасгагч зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 351.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 11 сарын 11-ний өдрийн ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолоор:

   Шүүгдэгч Боржигон овгийн Ухнаагийн Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

        Эрүүгийн 1934004630350 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч ******* 2019.06.12-ны өдөр Монгол-Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалтын хүрээлэнгийн гялгар уутыг урж, хууль бусаар гагнуурын аппарат 1ш, 50м уртасгагчийн утас хулгайлж 281.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон юм. Шүүхээс түүнд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ял оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэм буруугаа ойлгож байгаа. шүүгдэгчийн биеийн байдал муу, хөдөлмөрийн чадвар 70% алдсан зэргийг харгалзаж үзэхгүйгээр ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг багасгаж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтэдээ: Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн талаар гэмшиж байгаа зэргийг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм бурууд маргадаггүй. Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг хэрэглэж ял шийтгэлийг багасгаж өгөөч гэсэн давж заалдах гомдол гаргасан. Энэ гомдлоо дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1934004630350 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай Монгол-Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалтаар баригдаж буй хүлэмжний гялгар уутыг гаднаас нь урж нэвтэрч, хүлэмжид байсан 272.300 төгрөгийн үнэ бүхий SPARK маркийн DC ARC SDA-6160 дугаартай Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 200 вт-ын хүчин чадалтай гагнуурын аппарат 1 ширхэг, 79.300 төгрөгийн үнэ бүхий SSP 1550 маркийн 16 ампертай 50 метр урттай шар өнгийн уртасгагч 1 ширхэг тус бүрийг хууль бусаар авсан болох нь

хохирогч Х.Баасандорж /хх 25/, гэрч Д.Пүрэвжав /хх 27-28/, гэрч Ч.Рагчаасүрэн нарын /хх 32 / мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: "Уг хүлэмж нь хойноос урагш чиглэлтэй байрласан. Гялгар цагаан гадартай хүлэмж байх бөгөөд хүлэмжний зүүн урд хэсэгт гялгар цаас нь урагдсан хүн орж ирсэн байх боломжтой хөндлөн зураас үүсгэж гутлын мөр үүссэн байв." /хх 11-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

*******т холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг багасгаж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлагын дээрх зорилгод нийцэж гарсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь өмнө нь 4 удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсний дараа дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа нь шүүгдэгчийн хувийн байдалд хамаарна.

Aнхан шатны шүүх шүүдэгч *******т ял оногдуулахдаа түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/325 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ