| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2018/00463/И |
| Дугаар | 181/ШШ2019/00647 |
| Огноо | 2019-03-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2019/00647
| 2019 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 181/ШШ2019/00647 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Н.З
хариуцагч: м.д
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч м.д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.З ХХК шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Н.З ХХК нь 2014 оны 09 сарын 06-ны өдөр м.д ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр талууд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 5 см өндөр, 6 метр өргөн, 2 км урт, асфальтан хучилттай авто зам, 4 км авто замын бордюр, 4 км явган замын бордюр, 4000 м.кв. явган замын хавтан, 84 ширхэг нарны эх үүсвэр бүхий гэрэлтүүлэг зэрэг ажлыг 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгөөр м.д ХХК нь санхүүжүүлэхээр тохиролцож, 2014 оны 09 дүгээр сарын 08-наас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон болно. Н.З ХХК нь гэрээнд заасан хугацаандаа гэрээгээр тохиролцсон ажлыг хийж дуусгасан ба Захиалагчийн өмчлөлд шилжүүлж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар Улсын Комисст хүлээлгэн өгсөн. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 381 730 000 төгрөгийн өртэй гарсныг баталж тооцоо нийлж баталгаажуулсан. Гүйцэтгэгч нь захиалагчид гэрээний үлдэгдэл төлбөр болох 362 000 000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж, боломж олгон хойшлуулсан өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлсэнгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг удирдлага болгон гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Иймд м.д ХХК-иас 362 000 000 /гурван зуун жаран хоёр сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.З ХХК нь м.д ХХК-тай 2014.09.06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус ажил гүйцэтгэх гэрээгээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд таван сантиметрийн өндөртэй, зургаан метрийн өргөнтэй, хоёр километрийн урттай асфальтан хучилттай зам болон дөрвөн километр замын хувьд явган хүний бордюр, наян дөрвөн ширхэг нарны эх үүсвэртэй гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний ажлаа хийж гүйцэтгээд, м.д ХХК-д хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгсний дараа 2015 оны 07 дугаар сард тухайн зам дээр байгалийн гамшиг болж, үер буусны улмаас зам нь эвдэрсэн. Ингээд Н.З ХХК болон м.д ХХК-ийн удирдлагууд уулзаж, ус зайлуулах хоолой хийе, зураг төсөл дээрээ ус зайлуулах хоолой нь тусгагдаагүй юм байна гэдэг талаар ярилцаад, энэ ажлаа байгууллагаар биш, хувь хүнээр хийлгүүлье гэснийг нь манай захирал зөвшөөрөөд, эвдэрсэн газарт дахиж ус зайлуулах хоолой хийсэн. Энэ ажлын үнийн дүн нь 34.516.996 төгрөг болсон бөгөөд м.д ХХК-иас манай захирал н.Энх-Амгалангийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Нийтдээ м.д ХХК-иас гэрээндээ нэг тэрбум төгрөгийн ажил гэж тусгагдсан байдаг. м.д ХХК-иас манайд нийтдээ 638.000.000 төгрөгийг төлсөн. Үүнээс үлдэгдэл нь 362.000.000 төгрөгийг манай байгууллага нэхэмжилж байна. Манайх ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох гэрээнд тусгагдсан ажлыг хүлээлгэн өгсөн. Ингээд 2015 онд улсын комисс хүлээж авсан байдаг. Тиймээс үлдэгдэл 362.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 сарын 06-ны өдөр хоёр байгууллага ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 3.3-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэсэн заалттай. Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хийсэн ажлыг 2014.09.08-2014.10.15-ны хооронд хийж гүйцэтгэх байсан боловч Н.З ХХК нь хугацаандаа хийж гүйцэтгээгүй хойшлуулж хугацаа хэтрүүлсэн. Тухайн хийсэн ажлынх нь ТК0340, ТК0350-ын хооронд үерийн усны улмаас гадаргуу угаагдсан, хучилтад цөмрөлт үүссэн байдаг. Энэ нь Н.З ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүйгээс зам эвдэрсэн, хашлага болон зам үерийн усанд автсан, угаагдсан гэж үзэж байна. Манайх нэмэлт 34.500.000 төгрөг дээр маргаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 27.000.000 төгрөг гэж гарсан. 362.000.000 төгрөгөөс 34.000.000 төгрөгийг нь хасуулж, үлдэгдэл дээр нь маргаан байхгүй гэж үзэж байгаа. Өмнө нь өгсөн 638.000.000 төгрөг дээр маргахгүй. Учир нь сайн ч байсан, муу ч байсан ажлаа хүлээгээд авсан. Энэ 362.000.000 төгрөгөөс төлсөн 34.500.000 төгрөгийг хасаагүйн улмаас үлдэгдэл дээр маргаантай байгаагаас энэ асуудал сунжирсан юм. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хоёрт, Н.З ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 08-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд манай ажлыг хийж эхэлсэн байдаг. Гэтэл энэ тусгай зөвшөөрөл нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс гурван жилийн хугацаагаар хүчинтэй гэсэн байгаа юм. Энэнээс өмнөх зөвшөөрөл нь хавтаст хэрэгт байхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.З ХХК нь хариуцагч м.д ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 362 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж гэрээт ажлаа хүлээлгэж өгсний дараа барьсан зам дээр байгалийн гамшиг болж, үер буусны улмаас эвдэрсэн, 2 компанийн удирдлагууд уулзаж, ус зайлуулах хоолой хийе, зураг төсөл дээрээ ус зайлуулах хоолой нь тусгагдаагүй гэдэг талаар ярилцаад, энэ ажлаа байгууллагаар биш, хувь хүнээр хийлгүүлэхээр тохирч, эвдэрсэн газарт дахиж ус зайлуулах хоолой хийсэн, энэ ажлын зардал дүн 34.516.996 төгрөг болсныг оруулан нийт гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс 362 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хариуцагч м.д ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдэл ус зайлуулах хоолойн ажлын хөлс 34 000 000 төгрөг гэснийг маргаж, тохиролцоогүй, анхны хийсэн ажил нь чанаргүйгээс үерийн усанд урссан, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж марган, гэрээт ажлын хөлсний баталгаа акт үйлдсэний дараа төлсөн мөнгөө хасаад үлдэх хэсгийг төлөхөө хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан.
НэхэмжлэгчН.З ХХК нь 2015 оны 04 сарын 29-ий өдрөөс 3 жилийн хугацаатай 15 км хүртэл хатуу хучилттай зам барих, бүх төрлийн гүүр, гүүрэн гарам барих/25 м хүртэл/ ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл/хэргийн 5 дахь тал/ олгогдсон.
Талуудын хооронд 2014 оны 09 сарын 06-ны өдөр 2/130 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ/хэргийн 7-9дөх тал/ байгуулагдаж, захиалагч м.д ХХК-ийн захиалгаар, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 5 см өндөр, 6 метр өргөн, 2 км урт, асфальтан хучилттай авто зам, 4 км авто замын бордюр, 4 км явган замын бордюр, 4000 м.кв. явган замын хавтан, 84 ширхэг нарны зайн эх үүсвэр бүхий гэрэлтүүлэг зэрэг 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгийн төсөвт ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Н.З ХХК хийж гүйцэтгэхээр талууд тохиролцон, ажлыг гүйцэтгэсэн, 2015 оны 10 сарын 20-ы өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт/хэргийн 52-53 дахь тал/-аар ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс хийгдсэн [email protected] хаягт хийсэн үзлэгээр, нэхэмжлэгч м.д ХХК, төлөгч Н.З ХХК-ий хооронд, 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 381 730 000 төгрөгийн өртэй болохыг баталж тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдсэн тухай үзлэгийн тэмдэглэл/хэргийн 162-166 дахь тал/ үйлдэгдсэн.
Н.З ХХК-ий ХААН банк дахь харилцах дансаар 2014 оны 9 сарын 01-ий өдрөөс 2017 оны 09 сарын 28-ны өдрүүдэд м.д ХХК-иас 638 000 000 төгрөг/хэргийн 10-20 дох тал/ шилжүүлсэн.
Иргэн Дэмбэрэлийн Энх-Амгалангийн ХААН банк дахь 5503001542 дугаар дансанд 2015 оны 7 сарын 22-ны өдөр зам засварт утгатай гүйлгээгээр 20 сая төгрөг, 2015 оны 7 сарын 23-ны өдөр м.д зам засварын хөлс утгатай гүйлгээгээр 14 500 000 төгрөг тус тус/хэргийн 59, 74-79 дөх тал/ иргэн Батбаярын Ганбаатарын 5079139989 дугаарын данснаас шилжсэн.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн дүгнэлт/хэргийн 125-147 дох тал/-эд; 1.Цогт-Овоо суманд хийсэн 2 км урт асфальтан хучилттай авто замын 4 замын уулзварт ус зайлуулах хоолой зурагт тусгагдаагүй байна.
2. Цогт-Овоо суманд хийсэн 2 км урт асфальтан хучилттай авто замын 4 замын уулзварт ус зайлуулах хоолойн ажил нэмэлтээр гүйцэтгэсэн ажил болно.
3. Цогт-Овоо сумын төвийн 4 замын уулзварын хойд хэсгийн замд хийгдсэн ус зайлуулах хоолойг хийж гүйцэтгэсэн ажлын зардал 27 874 513 төгрөг болно гэжээ.
Нэхэмжлэгч талын гэрч Ж.Хатанбаяр, Б.Мөнхтулга нарын мэдүүлэгт/хэргийн 93-96дахь тал/, ус зайлуулах хоолойн ажлыг замын ажлын дараа 2015 оны 8 сард нэмэлтээр гүйцэтгэсэн тухай мэдүүлсэн.
Хэргийн баримтууд, талуудын тайлбар мэтгэлцээнээр, талуудын хооронд 2014 оны 09 сарын 06-ны өдөр захиалагч м.д ХХК-ийн захиалгаар, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 5 см өндөр, 6 метр өргөн, 2 км урт, асфальтан хучилттай авто зам, 4 км авто замын бордюр, 4 км явган замын бордюр, 4000 м.кв. явган замын хавтан, 84 ширхэг нарны зайн эх үүсвэр бүхий гэрэлтүүлэг зэрэг 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгийн төсөвт ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Н.З ХХК хийж гүйцэтгэхээр тохиролцон, ажлыг гүйцэтгэж, 2015 оны 10 сарын 20-ы өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт/хэргийн 52-53 дахь тал/-аар ашиглалтад хүлээлгэн өгсөн нь гол нөхцлөө талууд тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан хэрэгжсэн, энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээнд заасан ажлуудыг улсын комисс үзэж шалган ашиглалтад авсан нь гүйцэтгэгч тал ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн, харин захиалагч тал тохиролцсон хөлсөө бүрэн төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Талууд дээрх гэрээгээр гүйцэтгэсэн ажил болох зам дээр, ус зайлуулах хоолой нэмж тавьсан ажлын хөлс гэх 34.516.996 төгрөг буюу нэхэмжлэгчийн шаардлагаа дэмжиж байгаа тайлбараар 34 500 000 төгрөгт маргаж байна.
Нэхэмжлэгч анхны нэхэмжлэлээр 2014 оны 09 сарын 06-ны өдрийн 2/130 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 362 000 000 төгрөг шаардаж, нэхэмжлэлд шаардлагаа нотолж, Н.З ХХК-ийн ХААН банк дахь харилцах дансны хуулга, мөн хариуцагчаас шилжүүлсэн ажлын хөлс төлсөн гүйлгээний түүвэр хуулга/хэргийн 20, 21дэх тал/-ууд баН.З ХХК-ийн ХААН банк дахь харилцах дансаар 2014 оны 9 сарын 01-ий өдрөөс 2017 оны 09 сарын 28-ны өдрүүдэд м.д ХХК-иас 638 000 000 төгрөг шилжүүлсэн баримтууд хавсаргасан, мөн шүүхээс хийсэн үзлэгээр 2 талын санхүүгийн ажилтнуудын тооцоо нийлсэн актад маргаагүй тул эдгээр баримтуудаар сүүлийн үйл баримт нь 2017 оны 09 сарын 28-ны өдөр 638 000 000 төгрөгийг м.д ХХК төлсөн гэх байдал нотлогдоно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын тус компанийн ажилтан, иргэн Батбаярын Ганбаатарын 5079139989 дугаарын данснаас Н.З ХХК-ийн захирал Дэмбэрэлийн Энх-Амгалангийн ХААН банк дахь 5503001542 дугаар дансанд 2015 оны 7 сарын 22-ны өдөр 20 сая төгрөг, 2015 оны 7 сарын 23-ны өдөр 14 500 000 төгрөг тус тус/хэргийн 57дох тал/ шилжүүлсэн баримт ирүүлснийг нэхэмжлэгч тал 2 компанийн удирдлагууд амаар тохирч, нэмэлтээр ус зайлуулах хоолойн ажил нэмж гүйцэтгэсэн, энэ ажлын хөлсийг 34 500 000 төгрөг гэж тооцон, 2 компаний захирлууд хувь хүнээрээ тооцоо хийхээр тохирсон тул хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй гэж тайлбарласныг хариуцагч тал нэмэлт ажлын талаар тохиролцоогүй, гэрээт ажлын чанар муугаас баталгаат хугацаанд гарсан доголдлоо өөрөө хариуцан засах үүрэгтэй тул 34 500 000 төгрөг төлснөө үлдэгдэл төлбөртөө тооцуулна гэж маргана.
Эндээс үзэхэд талууд хариуцагч компаний ажилтны хувийн дансаар нэхэмжлэгч компаний захирлын хувийн дансанд замын ажлын хөлс төлөгдсөн үйл баримтад маргаагүй, харин энэ нь нэмж гүйцэтгэсэн ус зайлуулах хоолойн ажлын хөлс эсвэл 2/130 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт төлөгдсөн аль нь болох асуудалд маргаж байна.
Ажил гүйцэтгэх үед үйлчилж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар бүх төрлийн барилга байгууламжийг барих үйл ажиллагаа барилгын ажил болох ба хуулийн 3.1.4.барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан ...зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж орж байна.
Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д барилга байгууламжид 9.1.2.энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан, 9.1.5.үйлдвэрлэлийн гоо зүй, байгаль орчны нөхцөл, шаардлагад нийцсэн байх шаардлага тавьсан.
Мөн хуулийн12 дугаар зүйлийн 12.1.-д Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, зураг төсөл зохиогч, хөрөнгө оруулагчаас чанарын хяналт тавих, худалдан борлуулахтай холбогдсон ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно., 12.2.Барилгын гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулна.,12.4.Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна.,12.5.Энэ хуулийн 12.4-т заасан хугацаа дуусгавар болох үед ашиглагч, гүйцэтгэгч, өмчлөгч хамтран үзлэг хийж шаардагдах арга хэмжээ авснаар баталгаат хугацаа дуусгавар болно., 14 дүгээр зүйлийн 14.1....барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.,16 дугаар зүйлийн 16.1.1.барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад байгаль орчин, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх; 16.7.Барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулна.гэж барилгын ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг тус тус заасан.
Маргаж буй ус зайлуулах хоолойн ажлыг барилгын гэрээгүй хийсэн байх ба захиалагчтай амаар тохирсон гэсэн тайлбарыг хариуцагч тал үл зөвшөөрч, үгүйсгэж байгаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 43 дугаар зүйлийн 43.1.Амаар хийх хэлцлийг 43.1.1.хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хийсэн гэж үзэхийг зохицуулснаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
НэхэмжлэгчН.З ХХК нь 2015 оны 04 сарын 29-ий өдрөөс 3 жилийн хугацаатай барилгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон нь 2014 оны 9 сарын 6-ны өдөр 2/130 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний ажлыг эхлэхэд зөвшөөрөлгүй байсан хэдий ч ажлын явцад тусгай зөвшөөрөл олгогдсон,ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн байх тул буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэлийн зүйл нь 2/130 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг бөгөөд энэ гэрээ байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад орсноор дуусгаварласан байх ба ус зайлуулах хоолой барилгын ажлын зурагт тусгагдаагүй байсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, шинжилгээгээр харагдана.
Харин гэнэтийн үерийн улмаас тавьсан зам эвдэрснээс шалтгаалан нэмж хийсэн гэдгээ нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
Ус зайлуулах хоолойг барилгын ажлын гэрээгүйгээр гүйцэтгэснээс төсөв зардлыг хэн хариуцах асуудал тодорхойгүй, барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажлын гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулсан зүйлгүй тул хариуцагчийн ажлын доголдлоо арилгасан гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Барилга байгууламжийг байгаль орчны нөхцөл, шаардлагад нийцсэн байдлаар гүйцэтгэх, болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад байгаль орчин, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх хуулиар тогтоосон шаардлагыг хангах үүрэг барилгын ажил гүйцэтгэгч хүлээх ба баталгаат хугацаанд гэрээт ажлын гүйцэтгэл дээр нэмж хийсэн ажлын зардлыг барилга байгууламжийн захиалагчид хариуцуулах үндэслэл тогтоогдохгүй, мөн ус зайлуулах хоолойн ажилд 34.516.996 төгрөгийн бодит зардал гарсан гэдэг ямар нэг баримтгүй, нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч талын тайлбараар ус зайлуулах хоолойн ажлыг иргэд хоорондоо тохирч хийсэн гэж байгаа нь тохиролцсон талуудын хооронд хэлцлийн үүрэг тооцоход энэ маргаан хамааралгүй болно.
Иймд 2/130 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ/хэргийн 7-9дөх тал/-ний үүргийг талууд тохиролцон 2015 оны 5 сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулсан, 2018 оны 1 сарын 31-ий өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн нь шаардлага гаргах хугацаандаа байх тул тооцооны баталгаажуулсан үлдэгдэл болох 381 730 000 төгрөгөөс 2015 оны 7 сарын 22-ны өдөр зам засварт утгатай гүйлгээгээр 20 сая төгрөг, 2015 оны 7 сарын 23-ны өдөр м.д зам засварын хөлс утгатай гүйлгээгээр 14 500 000 төгрөг тус тус төлөгдсөнийг хасч үлдэх 347 230 000 төгрөгийг хариуцагчид хариуцуулан, нэхэмжлэлээс үлдэх 14 770 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хувааж хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1., 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар хариуцагч м.д ХХК-иас 347 230 000/гурван зуун дөчин долоон сая хоёр зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.З ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 14 770 000 /арван дөрвөн сая долоон зуун далан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 967 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 1,894,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ