| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00915/И |
| Дугаар | 155/ШШ2022/00954 |
| Огноо | 2017-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2022/00954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1992 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 05 дугаар багт оршин суух, Шарнууд овогт Дийн Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 04 дүгээр багт оршин суух, Эрхүд овогт Ггийн Тулга-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2017/00915/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Г.Тулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Х нь Г.Тулгатай 2010 онд танилцаж, үерхээд 2015 оны 1 сарын 09-ний өдөр хүү Тулгын Жамъяанг төрүүлсэн юм. Бид хүүхдээ эцгээр нь овоглохын тулд гэр бүлээ 2015 онд батлуулж хүүхэддээ төрсний гэрчилгээг нь авч байсан. Харин Тулгатай нэг гэрт орж, өрх тусгаарлаж амьдраагүй юм. Г.Тулга хүүгээ төрсөн цагаас хойш бид хоёртой хамт амьдардаггүй, үр хүүхдээ тоодоггүй болохоор нь би ч цуг амьдаръя гэж хөөцөлдөж байгаагүй. Бид анхнаасаа хамт амьдраагүй, хурим найр хийж тусдаа гарах талаар ярилцаж байсан ч хийгээгүй тул өнөөдрийг хүртэл Г.Тулга бид хоёр тусдаа амьдарч байгаа болно. Хүү минь Г.Тулгыг ааваа гэж мэдэхгүй, багаасаа хөндий өсөж байгаа болохоор хүүгээ миний асрамжинд үлдээхэд түүнийг маргахгүй байх гэж бодож байна. Бидний хооронд хамт амьдарч болохгүй ноцтой шалтгаан байхгүй ч сэтгэл нийлж амьдрах сонирхолгүй болсон тул цаашид өөр өөрсдийн амьдралыг бодож, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Мөн би энэ 10 сарын 22-нд өөр хүнтэй хурим хийх гэж байгаа. Иймд бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү Жамъяанг миний асрамжид үлдээж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Тулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцаж үерхэж байгаад 2015 оны 01 дүгээр 09-ний өдөр хүү Жамъяан мэндэлсэн юм. Ингээд 2015 оны 01 дүгээр сард Д.Хтай гэрлэлтээ батлуулж, бид албан ёсоор гэр бүл болсон. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш буюу 2015 оны 09 дүгээр сар хүртэл би хүүхэд дээрээ ирэн, очин уулзаад явдаг байсан. Ингээд явж байх хугацаанд Х 2015 оны намар буюу 09 дүгээр сард хүүхдээ эцэг, эх дээрээ үлдээгээд Улаанбаатар хот руу сурахаар явсан. Энэ хугацаанд мөн би хүүхэд дээрээ ирэн, очин уулздаг байсан. Х Улаанбаатар хот руу сургуульд сурахаар яваад ирэхдээ өөр хүнтэй болсон байсан. Энэ үеэс бидний хооронд үл ойлголцол гарч гэр бүл салах шалтгаан болсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Жамъяанг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлгийг эх нь нэхэмжлэхгүй гэсэн тул хүүхдийн тэтгэлгийг гаргуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Г.Тулгад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2015 онд гэр бүл болж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2005 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Т.Жамъяан төрсөн болох нь 6743000005 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн боловч өрх тусгаарлаж хамтдаа амьдраагүй, 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа байдал болон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Т.Жамъяанг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, зохигчийн тайлбар зэргийг харгалзан эх Д.Хгийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Жамъяанг эх Д.Хгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Хгийн эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тулгаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Эрхүд овогт Ггийн Тулга, Шарнууд овогт Дийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Т.Жамъяанг эх Д.Хгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Тулгад, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Хд тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тулгаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН