Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Молор-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, Л.Бурмаа,

Шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Ц.Дуламжав нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Молор-Эрдэнэд холбогдох 1834004790196 дугаартай 2 хавтас, 355 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Боржигон ивэн овогт Бямбаагийн Молор-Эрдэнэ, 1986 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, ам бүл 6, өвөг эцэг, эмэг эцэг, эцэг, эх дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 17-35 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ТЕ86041111.

Шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь өөрийн эхнэрийг амиа хорлоход гарцаагүй хүргэсний улмаас 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газарт 89-08 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Баярмагнай нь машинаас үсэрч амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолоор:

   Шүүгдэгч Боржигон ивэн овогт Бямбаагийн Молор-Эрдэнийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Молор-Эрдэнийг 1жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Молор-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

   Хэрэгт шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий си ди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргаж, эд мөрийн баримтаар тооцсон 89-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Молор-Эрдэнэд буцаан олгож,

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн нь амь хохирогчийн цалингийн зээл 5217000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн давж заалдах гомдолдоо: “Уг эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Н.Бямбасүрэнгийн зүгээс дараах үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн шүүх хуралдааны дараа шүүгдэгч гэм буруугаа ойлгосон гэжээ. Шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч огт гэм буруугаа хүлээдэггүй, шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасны дараа хохирол нөхөн төлбөр барагдуулсан юм. Энэ нь шүүгдэгчийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй.

2. Мөн шүүхээс Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, ОУ-ын хүүхдийн эрхийн конвенц зэргийг үндэслэсэн нь МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно" гэсэн хуулийн заалт, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэсэн заалтуудыг тус тус буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч нь хэрэг гарсан өдрөөс хойш нэг л удаа өөрийн хүүхдүүд болон М.Анар-Од, М.Гэрэлт-Од нартай уулзсан байдаг бөгөөд хүүхдүүдийн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн асрамжид одоог хүртэл байна.

3. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийг цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд гэм буруугийн хуралдаан завсарлах хүртэл тэд гэм буруутай эсэх дээрээ маргаж мэтгэлцэж бичгийн нотлох баримт судлуулдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэж заасан. Шүүхээс Эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шаардлага хангасан гэж үзэж байгаа нь мөн Эрүүгийн хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэжээ.

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгчээс 7.716.942 төгрөг гаргуулан шийдвэрлээд хор уршиг арилсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж байгаа нь мөн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдолдоо: “Бямбаагийн Молор-Эрдэнэд холбогдох 1834004790196 дугаартай эрүүгийн хэргийн оролцогч, шүүгчдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл би Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.11-ний өдрийн 291 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр сууринаас анхан шатны шүүхийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Б.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож" шийдвэрлэсэн тогтоол

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн

3. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хууль  ноцтой зөрчсөн гэж үзлээ.

1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд:

1.1. ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" Шүүх дүгнэлтэндээ "2 хүүхдээ бодоод нөхөр Б.Молор-Эрдэнэтэй буцаад хамт амьдрах талаар ярьж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна" гэж дүгнэсэн атал "амь хохирогчийн сэтгэл санаа тогторгүй, сэтгэл санааны зовиуртай байсан талаар гэрч П.Эрдэнэ-Очирт явуулсан зурвас, гэрч П.Эрдэнэ-Очирын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт баримтаар авагдсан" гэж нотлох баримт харилцан зөрүүтэй байхад буюу амь хохирогч гэрчтэй харилцан бичсэн зурвасаар "салах өргөдлөө өг гэж хэлсэн биздээ" гэхэд "аан заа, одоо өгнөө" гэхэд "тэгдээ хө" гэсэн салах талаар бичсэнийг сэтгэл санаа нь тогтворгүй, зовиуртай байсан гэж дүгнэсэн, харин ч гэрчүүдийн мэдүүлгийн эсрэг салах санаа бодолтой байсан нотлох баримтаар тогтоогдож байхад үүнийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүйг бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

1.2. ЭХХШТХ-ийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал" Дүгнэлтийн "бие засъя" гэхэд зогссон газарт "бие зассангүй" гэх үл ялих зүйлээр шалтаглан "дахиж зогсох боломжгүй" гэж урьд нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас сэтгэл санааны дарамттай байсан, амь хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулсны улмаас амь хохирогч машинаас үсэрч амь нас нь хохирсон" гэдэг хэсэг нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзнэ.

Шүүгдэгчийн мэдүүлгийг өөр нотлох баримтгүйгээр дангаар нь яллах үндэслэл болгон дүгнэсэн, ... "бие засъя", "бие зассангүй", "дахиж зогсох боломжгүй" гэдэг нь машинаас үсэрч амь нас хохирох гарцаагүй нөхцөл байдал, дарамт юм гэдэг нь бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болжээ.

Ядаж шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийж нотлох баримтаар бэхжүүлсэний дараа шүүгдэгчийн мэдүүлгийг яллах үндэслэл болгох байсан.

2. Эрүүгийн хүүлийг бурүу хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

2.1. ЭХХШТХ-ийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн"

Тогтоолын тодорхойлох хэсэгт "энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан бие махбодийн болон сэтгэл санааны гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрт хамаарагдах бөгөөд амь хохирогч шүүгдэгч нар гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаад тухайн өдөр 2 хүүхдээ авч ирэхээр хөдөө явсан бөгөөд Дархан аймгаас хэрэг учрах гарах хүртэл хугацаанд өмнөх таарамжгүй байдал, эхнэр нь нөхөртөө гомдсон гомдол нь сэтгэл санааг нь тавгүйтүүлж, сэтгэлийн хямралтай явж байх явцад амь хохирогч "бие засъя" гэхэд шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэлээ зогсооход тухайн газар нутаг нь эмэгтэй хүн бие засах боломжгүй ил задгай газар байсан тул "бие засах боломжгүй" талаар хэлэхэд Б.Молор-Эрдэнэ нь "тэгвэл дахиж зогсох боломжгүй" гэхэд амь хохирогч тэгвэл "би үсэрлээ гээд үсэрсэн" гэх шүүгдэгчийн уг мэдүүлгийг" гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иш татаж тайлбарлаж хэрэглэсэн.

...шүүгдэгчийн "тэгвэл дахиж зогсох боломжгүй" гэсэн мэдүүлэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т заасан бие махбодын, сэтгэл санааны хүчирхийллийн аль ойлголтонд хамаарч, ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр нь хүчирхийлэлийн хэлбэрт хамаарч байгааг буруу тайлбарласан.

Дээрх тайлбараар үндэслэн мөн Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт "урьд нь гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас сэтгэл санааны дарамттай байсан, амь хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулсны улмаас амь хохирогч машинаас үсэрч амь нас нь хохирсон" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодруулбал "тэгвэл дахиж зогсох боломжгүй" гэсэн мэдүүлэг 1. байнга хүчирхийлсэн, 2. доромжилсон, 3. зодсон, 4. тамлах зовоосон, 5. айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн" алид хамаарах үйлдэл үү, эс үйлдэл үү гэдгийг тайлбарлан тодорхойлоогүй, харин ч хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан дүгнэсэн гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:

3.1. ...Шүүх гэм буруутай гэж үзэж шийдвэр гаргахдаа "амь хохирогч "бие засъя" гэхэд шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэлээ зогсооход тухайн газар нутаг нь эмэгтэй хүн бие засах боломжгүй ил задгай газар байсан тул "бие засах боломжгүй" талаар хэлэхэд Б.Молор-Эрдэнэ нь "тэгвэл дахиж зогсох боломжгүй" гэхэд амь хохирогч тэгвэл "би үсэрлээ гээд үсэрсэн" гэх шүүгдэгчийн уг мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно" гэж шүүгдэгчийн дан мэдүүлгээр өөрөө өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгосон нь ЭХХШТХ-ийг ноцтой зөрчсөн гэжүзэхээр байна.

ЭХХШТХ-ийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан гэдгийн хувьд өмгөөлөгч би хэрэгт авагдсан 42-48, 150-152 дугаар хуудсанд байгаа нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргаж хүсэлтийн зарим хэсгийг хангаж 150-152 дугаар хуудаст байгаа баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж шийдсэн. Харин 42-48 дугаар талд байгаа гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл нь нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлтэй гэдэг саналаа давж заалдах шатны шүүхэд дэмжинэ. Энэ баримтыг шүүх гэм буруутайд тооцох баримт болгож ашигласан.

3.2. ЭХХШТХ-ийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”

ЭХХШТХ-ийн 36.2 дугаар зүйлийн 3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”. Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлт нь бүхэлдээ “тодорхой, ойлгомжтой” байх шаардлагыг хангаагүй.

ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2-т “шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараахь зүйлийг тусгана”, “2.1 гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал” Тогтоолын гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийг тусгаагүй байна.

Иймд хэргийг давж заалдах шатанд бүхэлд нь хянан хэлэлцэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдлыг үндэслэлээ тайлбарлах болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан дүгнэлтэндээ: Нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль буруу хэрэглэсэн гэж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, маргаад байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-ийг шүүх буруу хэрэглэсэн. Мөрдөн байцаалтад буцаахгүйгээр, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл гаргасан саналдаа: Шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь яллах үндэслэл болгосон. Мэдүүлгийг газар дээр нь шалгаж, туршилт хийж бэхжүүлсний дараа шүүгдэгчийг яллах үндэслэл болгох байсан. Миний үйлчлүүлэгчийг цагаатгах үндэслэлтэй байх тул цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа гаргасан саналдаа: Зүйлчлэлтэй санал нийлэхгүй байгаа. Нотлох баримт хангалтгүй байхад гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт нэг ч байнга дарамтлуулсан гэдэг баримт байхгүй. Хүчирхийлэлд байсан гэдэг нотлогддоггүй. Үнэхээр эрхшээлд нь байсан юм бол зургаа найз залууруугаа явуулаад байх уу. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7-г хэрэглэсэн нь үндэслэлтэй гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Молор-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1834004790196 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.

Б.Молор-Эрдэнэд холбогдох 1834004790196 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Яллах дүгнэлтэд хэргийн талаар: “Шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь өөрийн эхнэрийг амиа хорлоход гарцаагүй хүргэсний улмаас 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17.00-18.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутаг Шавартын ам гэх газарт 89-08 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Баярмагнай нь машинаас үсэрч амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэргийн обьектив тал нь байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрхийлэгдэхээр хуульчилсан. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Б.Молор-Эрдэнэд холбогдох эрүүгийн гэмт хэргийн обьектив талын шинж буюу өөрийн эхнэрийг амиа хорлоход хүргэсэн ямар идэвхтэй үйлдэл байгааг тодорхой зааж чадаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг байдлуудыг нотолж, бүрэн тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогчийг амиа хорлоход хүргэсэн шүүгдэгчийн идэвхтэй ямар үйлдэл байгааг болон шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас амь хохирогч өөрөө чин сэтгэлээсээ хүсч амиа хорлосон эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай байдаг.

Хэрэг учрал гарах цаг хугацаанд амь хохирогч болон шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нар хамт байсан бөгөөд “амь хохирогч “бие засъя” гэхэд шүүгдэгч Б.Молор-Эрдэнэ нь тээврийн хэрэгсэлээ зогсооход тухайн газар нутаг нь эмэгтэй хүн бие засах боломжгүй ил задгай газар байсан тул “бие засах боломжгүй” талаар хэлэхэд Б.Молор-Эрдэнэ нь “тэгвэл дахиж зогсох боломжгүй” гэхэд амь хохирогч тэгвэл “би үсэрлээ гээд үсэрсэн” “ гэх шүүгдэгчийн мэдүүлгээс өөр хүнийг амиа хорлоход хүргэсэн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд болсон үйл баримтын талаар нотолж буй баримт хэрэгт цуглараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй талаар заасан.

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсгийн 1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө амь хохирогч бусад хүмүүстэй гар утсаар харилцан бичиж байсан мессежүүд нь хувь хүний нууцад хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хувь хүний нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулж авна гэж заасан. 1-р хавтаст хэргийн 42-48 дугаар хуудсанд авагдсан 2018 оны 7 сарын 08-ны өдөр гэр утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл байх тул нотлох баримтад тооцохгүй байх үр дагавар үүсгэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч П.Эрдэнэ-Очирын гар утсан дээрх хувь хүний нууцтай холбоотой баримтат мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулж авах ажиллагааг хийх шаардлагатай болно.

Гэрч Н.Урангоогоос “Бамбарууш дээр таарахад талийгаач амьд байсан уу” гэсэн мөрдөгчийн асуултад “Манай нөхөр анзаараагүй гэсэн. Надад хэлэхдээ хүүхэд л байсан гэж байсан” гэж хариулжээ /1хх-ийн 106хуудас/.Иймд Н.Урангоогийн нөхрийг гэрчээр асууж, 2018 оны 7 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орох замд 89-08 Дар улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан Э.Баярмагнай машинаас үсэрч амь насаа алдсан гэх хэргийн талаар мэдүүлэг авах шаардлагатай байна.

Дээрх ажиллагаануудыг хийснээр Б.Молор-Эрдэнэ нь үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн хүний амийг хорлох нөхцөл байдалд хүргэсэн ямар идэвхтэй үйлдэл байгаа эсвэл өөр гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоож, хэргийг зүйлчилж ирүүлэх шаардлагатай байна.

Мөн анхан шатны шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г журамласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн хохиролд тооцогдоно. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохиролгүй мэтээр дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/291 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорт очтол шүүгдэгч Б.Молор-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

3. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбасүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

ШҮҮГЧИД                                                 Т.ЭНХМАА

 

 

                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ