Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2018/00810 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 11-32 тоотод оршин суух, ХГ84051100 регистрийн дугаартай, Луулынхан овогт Нэргүйн Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 06-12 тоотод оршин суух, ПЕ84112019 регистрийн дугаартай, Анчин овогт Цогтбаатарын Хүдэрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Ц.Хүдэр түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Миний бие Н.Үүрийнтуяа нь 2007 онд Ц.Хүдэртэй сайн дурын үндсэн дээр гэр бүл болж хамтран амьдарч бидний дундаас 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр охин Х.Хүрэлцэцэг, 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Х.Хүрэлсүх нар төрсөн. Миний нөхөр Ц.Хүдэр нь гэр бүл болсноосоо хойш зан байдал нь эвдэрч эхэлсэн ба үүний улмаас бидний дунд таарамжгүй харьцаа үүсэж, гэр бүлийн дунд байнгын хэрүүл маргаантай байдаг болсон. Нөхөр Ц.Хүдэр нь архи уудаг, архи уусан үедээ хэрцгий догшин зан авир гаргаж, гэртээ агсам согтуу тавьж намайг элдэв бусаар хэлж хардаж, байнга цохиж зоддог болсон. Миний бие нөхөр Ц.Хүдэрийн хэрцгий зан авир байнгын зодуур дарамтыг тэвчин хамтран амьдрах боломжгүй болж 2015 онд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж байсан. Бид эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаанд эвлэрээгүй тул миний бие 2017 онд Улаанбаатар хотруу явж, 1 жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаад ирсэн. Одоо миний бие бага насны хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Миний бие Ц.Хүдэртэй цаашид хамтран амьдрах боломжгүй, Ц.Хүдэр нь одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Х.Хүрэлцэцэг, хүү Х.Хүрэлсүх нарыг эх миний асрамжид үлдээж, эцэг Ц.Хүдэрээс хүүхдүүдийн тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 04-23 тоотод байрлах хашаанд амины зориулалттай баригдаж /дутуу баригдсан/ байгаа байшин, 06-00 ХОҮ улсын дугаартай Note маркийн автомашин 1 ширхэг, 08-91 ХОҮ улсын дугаартай Foton маркийн зүтгүүр /чиргүүлтэй/ 1 ширхэг зэрэг эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Н.Үүрийнтуяа бид хоёр гэр бүл болсноос хойш маргалдах асуудал гарч байсан. Харин Н.Үүрийнтуяаг хэрцгийгээр зодож цохиж биед нь удаа дараа халдсан үйлдлийг гаргаж байгаагүй. Ямар нэгэн зүйлээс болж маргалдахад Н.Үүрийнтуяа нь уурлаад аавынх руугаа явчихдаг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний үеэр айлын хуриманд очиж ирээд бид маргалдаж, Н.Үүрийнтуяа нь хүүхдүүдээ гэртээ үлдээгээд өөрийн аав Нэргүйнх руу явсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй. Гэтэл 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хот руу явсан гэсэн сураг гарсан. Би түүнтэй холбоо барих гэсэн боловч миний утасны дугаарыг блоколчихсон байсан. Хүүхдүүдтэйгээ хааяа утсаар ярьдаг байсан. Миний бие нь 2017 оны 8 дугаар сард 2 хүүхдээ Улаанбаатар хот руу авч явж ээжтэй нь уулзуулсан. Ээжтэй нь уулзуулаад 10 гаруй хоногийн дараа хичээл орох цаг болсон тул бид гурав буцаж ирсэн. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үеэр хоёр хүүхэд маань “ээж хотоос ирж байгаа гэнэ” гэж хэлсэн. Гэтэл намайг байхгүй хойгуур ирээд хоёр хүүхдийг аваад явсан байсан. Н.Үүрийнтуяа нь 2016 оны 11 дүгээр сард хүүхдүүдээ орхиод гэрээсээ явснаас хойш хүүхдүүдээ харж хандаж байгаагүй, хааяа утсаар л ярьдаг байсан.

Хүүхдүүд надтай 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл хамт амьдарч байсан. 2013 оны үед бидний амьдарч байсан гэр гал түймрийн улмаас шатсан. Н.Үүрийнтуяа нь намайг одоо өөр хүнтэй амьдарч байна гэдэг. Тийм зүйл байхгүй. Н.Үүрийнтуяаг гэрээсээ явснаас хойш би өөрийн ээж Х.Наранцэцэг, хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байсан. Миний ээж Х.Наранцэцэг 2016 онд зам тээврийн осолд орж, ерөнхийдөө асаргаанд байдаг. Иймд Н.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин охин Х.Хүрэлцэцэг, хүү Х.Хүрэлсүх нарыг миний бие өөрийн асрамжид авна. Н.Үүрийнтуяа нь хүүхдүүдээ орхиж яваад 1 жил 8 сарын дараа асрамждаа авна гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ хугацаанд хүүхдүүдээ асран халамжлах эх хүний үүргээ биелүүлээгүй. Өмнө нь ч хоёр хүүхдээ орхиод л явчихдаг байсан. Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 04-03 тоотод байрлах хашаа нь бидний дундын өмч биш юм. Энэ нь ээж Х.Наранцэцэгийн өмчлөлийн эд хөрөнгө юм. Дээрх хаягт байрлах хашаанд дутуу баригдсан байшин нь Н.Үүрийнтуяад хамаагүй. 06-00 ХОҮ улсын дугаар бүхий Нөөт маркийн автомашин нь миний нэр дээр байгаа. Би 2 хүүхдээ сургуульд нь хүргэж өгч авах гэж энэ машиныг 2017 оны намар аваад 2018 онд 5,000,000 төгрөгөөр зарсан. 08-91 ХОҮ улсын дугаартай Foton маркийн зүтгүүр /чиргүүлтэй/ нь миний нэр дээр байдаг ч миний өөрийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө биш бөгөөд одоо Хятад улсад байгаа болно. 2016 оны 7 дугаар сарын сүүлээр миний бие Хятад улс руу Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор дээрх автомашинтай тээвэр хийж гараад түрээслүүлэгчтэй тээврийн хөлсний талаар үл ойлголцсон учраас автомашин нь Хятад улсад үлдсэн. Дахин Монгол улсын хилээр орж ирээгүй байгаа. Мөн Н.Үүрийнтуяагийн нэхэмжилж байгаа зурагтын суурь нь эвдэрсэн, үүнийг Н.Үүрийнтуяа өөрөө мэдэж байгаа. Харин Hair маркийн 2 хаалгатай дунд оврын хөргөгч 1 ширхэг, LG 40 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, 2 хүний модон ор 1 ширхгийг Н.Үүрийнтуяад өгнө гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2018/00810 дугаар шийдвэрээр: “1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Анчин овогт Цогтбаатарын Хүдэр, Луулынхан овогт Нэргүйн Үүрийнтуяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Х.Хүрэлцэцэг, 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Х.Хүрэлсүх нарыг эх Н.Үүрийнтуяагийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Х.Хүрэлцэцэг, 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Х.Хүрэлсүх нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Хүдэрээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Үүрийнтуяад даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 06-00 ХОҮ улсын дугаартай Note маркийн автомашин, 08-91 ХОҮ улсын дугаартай Foton маркийн зүтгүүр /чиргүүлтэй/-ийг хариуцагч Ц.Хүдэрийн өмчлөлд үлдээж, хариуцагч Ц.Хүдэрээс 30,375,000 төгрөг /гучин сая гурван зуун далан таван мянга/ гаргуулан нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа, охин Х.Хүрэлцэцэг, хүү Х.Хүрэлсүх нарт олгож, хариуцагч Ц.Хүдэрээс Hair маркийн 2 хаалгатай дунд оврын хөргөгч 1 ширхэг, LG 40 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, зурагтын модон суурь 1 ширхэг, 2 хүний модон ор 1 ширхгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Үүрийнтуяад олгож, нэхэмжлэгч Н.Үүрийнтуяагаас 485,000 төгрөг /дөрвөн зуун наян таван мянга/ гаргуулан хариуцагч Ц.Хүдэрт олгосугай.

7.Нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 04-23 тоотод байрлах хашаа, байшин, 53-86 ХОА улсын дугаартай верна аксент маркийн автомашин 1 ширхэг, 20-37 ХОА улсын дугаартай Аксио Королла маркийн автомашин 1 ширхэг, Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд нүүрсэнд явуулдаг 40-38 улсын дугаартай шаланз маркийн том оврын автомашин 1 ширхэг эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

            8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Үүрийнтуяагийн гэрлэлт цуцлуулахтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 104,550 төгрөгийг /нэг зуун дөрвөн мянга таван зуун тавь/ нэхэмжлэгч Н.Үүрийнтуяагаас гаргуулан улсын орлогод, хариуцагч Ц.Хүдэрээс гэр бүлийн дундын эд хөрөнгийн үнэ нийт 42,440,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 370,150 төгрөгийг /гурван зуун далан мянга нэг зуун тавь/ гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

          9.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай гэж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт шүүх нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний саналыг харгалзан, хүүхдийн нас, эцэг эхийн халамж, амьдрах орчин, эдийн засгийн байдал, зэргийг харгалзан үзнэ гэж хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь охин Х.Хүрэлцэцэг, хүү Х.Хүрэлсүх нарыг эх Н.Үүрийнтуяагийн асрамжид үлдээхдээ нөхцөл байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.  Мөн гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө хэмээн дүгнэж 26.250.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байх бөгөөд хариуцагч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмаа хэрэгжүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны  байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Үүрийнтуяа нь Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг Ц.Хүдэрт холбогдуулан гаргаж, Ц.Хүдэрийн нэр дээр бүртгэлтэй 08-91ХОҮ улсын дугаартай Foton маркийн машин /зүтгүүр, чиргүүлийн хамт/-аас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-ийн 165 дугаар тал/

Шүүх хуралдааны явцад   нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын бичигт багийн 4-23 тоотод байрлах хашаа байшин, 53-06 ХОА verna accent маркийн автомашин, 20-37 ХОА дугаартай Аксио Королла маркийн автомашин,40-38 улсын дугаартай шаланз маркийн том оврын автомашин зэрэг эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан байна. /хх-ийн 180 дугаар тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “хүү Х.Хүрэлсүхийн хүсэл сонирхлыг харгалзан үзээгүй, 08-91 хоү улсын дугаартай Foton маркийн зүтгүүрийн чиргүүл”-ийг ”гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж дүгнэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар гэрлэгчид 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ 2006 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2006 оны 11 дугаар сарын 27-ны өдөр охин Х.Хүрэлцэцэг,2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Х.Хүрэлсүх төрсөн болох нь тогтоогджээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

    Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлалаар дамжуулж авсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасантай нийцжээ. /хх-ийн 140-143,156-159 дүгээр тал/

Гэрлэгчид нь 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа үйл баримт хэрэгт авагдсан   баримт болон талуудын тайлбар зэргээр нотлогдсон, талууд энэ асуудлаар маргаагүй.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт нийцсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүү Х.Хүрэлсүх нь “эцгийн асрамжид үлднэ” гэж саналаа илэрхийлсэн байх боловч шүүхээс хүүхдүүдийн насны байдал, эхийн асрамж, халамж, хоёр хүүхдийн дассан орчин, цугтаа сурч боловсрох нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ц.Хүдэрийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх нийтлэг үүрэг нь хэвээр үлдсэнийг шүүх тайлбарлаж өгчээ. Мөн түүнчлэн хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал үүссэн тохиолдолд асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хариуцагч талд  нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна. 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдлын нэг үндэслэлээ авто тээврийн газраас ирүүлсэн лавлагаагаар 08-91ХОҮ улсын дугаартай Foton маркийн машин     2017,2018 онуудад улсын техникийн үзлэгт ороогүй,Хятад улсаас Монгол иргэд хүнд даацын автомашин түрээсэлж тээвэр хийхэд Монгол улс дотор зорчих учраас тухай жолоочийн нэр дээр тээврийн хэрэгслийг бүртгүүлдэг.Уг тээврийн хэрэгсэл нь 2016 онд Ховд аймгийн Ярант боомтоор Хятад улс руу гараад буцаж орж ирээгүй,энэ тээврийн хэрэгсэл бидний дундын өмч биш гэдгийг Н.Үүрийнтуяа мэдэж байгаа,энэ нөхцөл байдлыг нотлуулахаар Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газраас лавлагаа авахуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журмыг зөрчсөн байх бөгөөд хариуцагч миний  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүхийн өмнө тэгш байх”,”мэтгэлцэх” зарчмаа хэрэгжүүлэх эрхийг зөрчсөн гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж зохицуулсан байдаг. Энэ хуульд зааснаар шүүх тухайн орон нутагт байгаа нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй байна. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагчдад 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр түүнд эрх үүргийг тайлбарлаж өгсөн байх бөгөөд хариуцагч нь 08-91ХОҮ улсын дугаартай Foton маркийн машиныг гэрлэгчдийн дундын эд хөрөнгө биш гэдгийг нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.   

Хуульд зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг төрийн сангийн орлогод хэвээр нь үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2018/00810 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.2.-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА