Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2017/00023

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2017/00023

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1990 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Мөрөн сумын 13 дугаар баг 61-07 тоотод оршин суух Дэрдлэй овогт Э.Д/РР-............./-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 3 эцэг, эхийн хамт одоо тусдаа Цагаан-Үүр сумын 3 дугаар багийн нутаг Булаг гэх газарт оршин суух Тариачин овогт А................н Г /РР-.............../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, хариуцагч А.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр А.Гтэй 2008 онд танилцаж үерхэж байгаад 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд 2010 оны 3 дугаар сарын 28-нд охин У, 2011 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин У нарыг тус тус төрүүлсэн. Бид хоёр 2013 хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдрах болсон ба одоо би өөр хүнтэй гэр бүлийн холбоотой болж хүүхдийг нь төрүүлсэн учир цаашид хамт амьдрах боломжгүй болсон

Иймд гэр бүлээ цуцлуулж, 2 охиноо өөрийн асрамжинд авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч А.Г шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Одоо эхнэрДнь өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсон гэж байх тул цаашид хамт амьдрах боломжгүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд гэр бүлээ цуцлуулж, 2 охиноо эхийнх нь асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлгийн хувьд бид хоёр тохиролцсон болно гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч А.Гэд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Э.Д, хариуцагч А.Г нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Г.У, Г.У төрсөн болох нь. Тухайлбал;

Гэрлэгчдийг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг тамгын газар бүртгэж № 0157387/25 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин Гийн У /РР-10232806/, 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин Гийн У /РР-11280208/ нарыг төрүүлсэн, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн холбоотой болсон, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын Ерөнхий боловсролын сургууль, тус сумын хүүхдийн Жаргалан цэцэрлэг, Хөхөө багийн засаг даргын тодорхойлолтууд, хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, хариуцагч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт: ....2 охиноо эхийн асрамажид үлдээхийг зөвшөөрч байна.... гэх, нэхэмжлэгч Э.Дгийн ....2 охиноо өөрийн асрамжинд авна.... гэх тайлбар, мэдүүлэг зэргийг харгалзан охин Г.У, Г.У нарыг эхийн асрамжинд үлдээлээ.

Иймд Э.Д, А.Г нарын гэрлэлтийг цуцалж охин Г.У, Г.У нарыг эх Э.Дгийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх өөр дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдаж шийдвэрлэлээ.

Э.Д гэр бүл цуцлах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Дд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Тариачин овогт Амарсанаагийн Г /РР-88081170/, Дэрдлэй овогт Э.Д/РР-................/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин Гийн У /РР-......................../, 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр охин Гийн У /РР-11280208/ нарыг эх Э.Дгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Э.Д нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гээс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Дд олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Ц...........-д даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ