Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2019/00938

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2019/00938

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж

нэхэмжлэгч:Х.П

хариуцагч:  м.т

гэрээний үүрэгт 19.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, Ц.*******, хариуцагчийн м.т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нарийн бичгийн даргаар Д.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа: м.т ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ӨА-18/01 тоот Үйлдвэрлэлийн зариулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулан, Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн аман дахь Ар хүүшийн аманд төлөвлөж буй Премиум ресорт амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх ажлын өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэн өрөмдлөгийн ажлын параметр нийт уртааш 2.430 метрын ажлыг захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн. Ажлаа дүгнэж актаар хүлээлцэхэд 3.375 метр болсныг хүлээлцсэн байгаа. Авах ёстой ажлын хөлс мөнгөн дүн 33.750.000 төгрөг болсноос урьдчилгаа хөлс 6.000.000 төгрөг, түлшний зардал 3.700.000 төгрөг, үлдэгдлийн баталгааны дагуу 19.050.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө олон удаа очиж захиралтай нь уулзаж, уян хатан нөхцлөөр тохиролцох саналыг зөндөө санал тавьсан боловч хүлээж аваагүй учраас шүүхэд хандсан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа захиалагч тал м.т ХХК болон Т.Х.Пгийн хийсэн ажилтай хоёулантай хамааралтай гэж тайлбарлаад байгааг би эрс үгүйсгэж байна. Хийх ёстой ажлаа хэлсэн хэмжээний дагуу хийсэн. Тэсэлгээ хийх нь надад хамааралгүй, зөвхөн өрмийн диаметр гэж байдаг. Цооног хаана гэдгийг би тавьдаггүй, м.т ХХК-ийн инженерүүд өөрсдөө тавьж өгдаг, 2 цооногийн хоорондох зайг м.т ХХК-ийн инженерүүд өөрсдөө тавьсан. Энд өрөмд гэсэн цэгийг м.т ХХК гаргаж өгснөөр л би цэгүүд дээр өрөмдлөг хийдэг. Өрмийн бүдүүн, нарийн хэмжээ бүгдийг нь м.т ХХК хянаж байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өрөмдлөгийн ажлаа хийж дуусгаад акт үйлдэж, баталгаа гаргасан. Эцсийн дүн 19.050.000 төгрөг тавьсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага дээр маргахгүй, хугацаа тохирох нөхцөл байдал үүссэх бол тохиролцоод явж болно. Зохигчид хэн аль нь Премиум болор ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Шударга ёсны заримаар нэг нь өрөмдлөг, нэг нь тэсэлгээ хийсэн. Хэн алины буруутай үйлдэл байна уу гэдгийг нөгөө иргэний хэрэгт шинжээчээр тогтоолгосны дараа л мөнгө хоорондоо өгөх талаар ярилцъя гэсэн асуудал байгаа, нэхэмжлэлийн шаардлага болох 19.050.000 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Харин захиалагч компаниасаа манай компани мөнгө авч чадаагүй болохоор л нөхцөл байдал хүндрээд байна. Манай өөрийн компаниас урьдчилгаанд 6.000.000 төгрөгийг гаргаж өгөөд ажлыг явуулж байсан. Бид нар захиалагчтайгаа маргаантай байгаа гэж тайлбарлаж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Х.П нь хариуцагч м.тХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжилсэн.

Хариуцагч м.тХХК нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, харин өөрийн ажлын хөлсөө гаргуулахаар өөр шүүхэд үүсгэсэн маргаанд энэ хэргийг хамаарна гэж, шинжилгээ хийгдвэл дүгнэлт гарах хүртэл хэргийг түдгэлзүүлнэ гэсэн хүсэлт тайлбар гарган маргасан.

Шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэн Т.Х.П м.т ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр ӨА-18/01 тоот Үйлдвэрлэлийн зариулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулан, Налайх дүүргийн нутаг Горхи Тэрэлжийн аман дахь Ар хүүшийн ам-д төлөвлөж буй Премиум ресорт амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх ажлын, өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, зассан талбайд 2.430 тууш метр буюу 1 тууш метр дутамд нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр 10.000 төгрөгөөр тооцон ажлыг хийж гүйцэтгэсэн.

Талууд 2018 оны 7 сарын 2-ны өдөр ажлаа дүгнэж акт үйлдсэнээр гүйцэтгэсэн ажил 3.375 метр болсныг хүлээлцсэн байна.

Үүний дараа 2018 оны 8 сарын 21-ний өдөр ажлын хөлсний тооцоог гарган нийт гэрээт ажлын хөлс 33.750.000 төгрөг, урьдчилгаанд олгосон 6.000.000 төгрөг, түлшний 3.700.000 төгрөг, алдагдал 5.000.000 төгрөг гэж тооцон төлөгдөх хөлсийг 19.050.000 төгрөг гэж баталгаажуулсан баталгаа баримт хийгдсэн үйл баримт бий болсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний шинжийг агуулж илэрхийлсэн ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн, талуудын хүсэл зоригийн дагуу гэрээ хэрэгжсэн байгаа нь хуулийн хүчин төгөлдөр хэлцэл болно.

Хариуцагч талын маргаж буй асуудлын хүрээнд авч үзвэл;

1. Захиалагч м.т ХХК уг гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүргээ хэрэгжүүлэн хүлээн авсан тул гүйцэтгэгч Т.Х.Пд хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс төлөгдөөгүй үлдсэн,талууд тохирч актаар баталгаажуулсан 19.050.000 төгрөгийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

2. Гэрээний 4.2-т эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд захиалагч талын боловсруулж өгсөн өрөмдлөг тэсэлгээний паспортын дагуу өрөмдлөгийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ, 4.5 захиалагчийн зөвшөөрөлгүй дур мэдэн ажил явуулахгүй.., гэж гүйцэтгэгчийн, 5.1. захиалагч батлагдсан барилгын суурийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх байршил, цаг хугацааг урьдчилан төлөвлөж, өрөмдлөг хийх талбайд өрөмдлөгийн цэгийг тэмдэглэж, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм,зааврыг хангаж зохион байгуулалттай ажиллах тал дээр шаардлага эрхтэй, 5.4.захиалагч өрөмдлөг тэсэлгээ хийх талбайг бэлтгэх ажлыг дэд гүйцэтгүүлэгчтэй холбогдож, хийлгэж гүйцэтгэсэн байна, 5.7. гүйцэтгэгийн ажил үүрэгт чанарын шаардлага тавих эрхтэй гэж захиалагчийн үүргийг тохирсон байгаа нь захиалагч ажлын захиалгаа өгөх, өрөмдлөгийн цэг зааж өгөх, ажлын талбайг бэлдэх,ажлын гүйцэтгэл чанарт хяналт тавьж шаардах эрх үүрэг захиалагч хүлээж байна.

3. Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хариуцагч маргаагүй, шаардлага хэлэлцүүлээгүй, захиалагчийн хувьд м.т ХХК ямар нэг шаардлага гомдлын шаардлага гаргаагүй, гүйцэтгэгч Т.Х.Пгийн хийж гүйцэтгэсэн өрмийн ажил дээр тэсэлгээний ажлаа үргэлжлүүлэн явуулсан, ажил хүлээн авснаас хойш есөн сар 21 хоног өнгөрсөн байх тул хүлээн авсан ажлын үр дүнг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй.

4. Хариуцагч тал шүүх хуралдаан дээр м.тХХК-ий Премиум болор ХХК-тай байгуулсан үйлдвэрлэлийн зохиулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх гэрээ, Премиум болор ХХК-ийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл тус тус ирүүлсэн нь м.т ХХК Премиум болор ХХК-ийн хооронд үүссэн тэдний хооронд байгуулагдсан гэрээний маргаанд нэхэмжлэгч хамааралтай байдал нотлогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх байдал болохгүй болно. Мөн м.т ХХК-ийн Премиум болор ХХК-иас гэрээний үүрэг ажлын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, шүүхэд гаргасан хүсэлт гэх баримтууд бичгийн баримтын шаардлага хангахгүй үнэлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байдал тогтоогдохгүй, шүүхээс шинжилгээ хийгдээгүй, шинжээчийн дүгнэлт байхгүй байхад шинжлгээний дүгнэлт гартал хэрэг шийдвэрлэх боломжгүй гэх байдал тогтоогдсонгүй.

Захиалагч гүйцэтгэгчийг ажлын захиалгаар ханган, гүйцэтгэх ажлыг зааж өгч чанарын шаардлага тавьж ажиллуулсан ажлын үр дүнгээ хүлээн авсан нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2.гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах захиалагчийн үүргээ хэргжүүлсэн, харин хуулийн 351.1.1. гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 9.4.3.хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж зааснаар өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй болно.

Иймд нэхэмжлэлийг хангаж, хариуцагч м.т ХХК-иас 19.050.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Х.Пд олгож шийдвэрлэв.

 

 

Нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгээр зохигчдод тэмдэгтийн хураамж хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар хариуцагч м.т ХХК-иас 19.050.000 /арван есөн сая тавин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Х.Пд олгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд тушаасан 253.200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас харицан төлөх хураамжид 253.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ