Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 160

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

шүүгдэгч Д.Шинэн, Э.Төртогтох,

/шүүгдэгч нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Шинэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Төртогтох нарт холбогдох 2017 2503 0390 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Даваасүрэн овогт Даваасүрэнгийн Шинэн /РД:ИЭ70022618/,

 

  1. Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Өгөөмөр шар” секьюрит ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 45а байрны 62 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Их Монгол овогт Эрдэнийн Төртогтох /РД: Х374050479/.

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Шинэн нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "11В" гэх нэртэй караоке бааранд хохирогч Э.Төртогтохыг өөрийг нь зодлоо гэж уурлан улмаар түүний бие махбодид баруун талын 5, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зулай, доод, уруул.хэлэнд шарх, баруун нүдний эргэн тойрон, дух, баруун, хөмсөг, дээд уруулд зулгаралт, бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Э.Төртогтох нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "11В" гэх нэртэй караоке бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Д.Шинэнгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь үүдэн дээд баруун 1-р шүдний булгарал, зүүн 1 дүгээр шүдний сулрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шинэн мэдүүлэхдээ: “Би сэлбэг авахын тулд хөдөөнөөс хотод орж ирэхдээ Амаржаргалтай уулзсан. Түүний найзын төрсөн өдөр болж байна гэхээр нь би тэдний сууж байсан караокед очсон. Тэнд Соёлоогийн найзыг нь өөр өрөөнөөс дуудчих гэхээр нь би очоод дуудтал маргаад байхаар нь буцаж өрөөндөө орж ирж суусан. Тэгэхэд араас Төртогтох орж ирээд дахин маргасан. Намайг текний хажууд байхад Төртогтох цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Төртогтохын нүүр рүү нь 2 удаа цохиход тэр хойшоо унахаар нь би дахин нүүрэн дээр нь цохисон. Миний ам хамраас цус гарсан байхаар нь өөрийгөө цэвэрлээд явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Төртогтох мэдүүлэхдээ: “Тэр өдөр миний багын найз Одгэрэл нь надад “төрсөн өдөр тэмдэглэж байна хүрээд ир” гэхээр нь би 2 найзтайгаа яваад очсон. Тэнд 5 хүүхэн байсан. Би Одгэрэлээс гадна Соёлмааг бас таньдаг байсан. Тэнд байсан хүмүүс согтоод зарим нь явцгаасан. Соёлоо болон Болороо нар үлдээд хажуу өрөөнд байсан найзууд руугаа орж гараад байсан. Би архи уугаад нилээд муудсан учир дуудлагын жолооч дуудсан. Дуудлагын жолооч ирчихлээ гэхээр нь би гарах гэж байхдаа зодуулсан. Нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Маргааш нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан. Би Одгэрэлд болсон зүйлийн талаар хэлэхэд маргааш нь Шинэн над руу ярьсан. Би түүнд зодуулсан гэдгээ хэлэхэд тэр бас надад зодуулсан гээд бид хоёр цагдаагаар явсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Шинэн мэдүүлэхдээ: “Эмчилгээний зардлаа би өнөөдөр л авлаа. Харин өвчтэй байсан хугацааны цалинг маань өгөөгүй байна. Энэ талаар цалингийн тодорхойлолт байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Төртогтох мэдүүлэхдээ: “Би нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

 

           Хохирогч Э.Төртогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай багийн найз Одгэрэл утсаар яриад манай найз Соёлоогийн төрсөн өдөр байна болж байна, хүрээд ир гэсэн. Тэгээд өөрийн найз Чадраа, Билгээ нарын хамт Одгэрэл дээр очиход таван эмэгтэй төрсөн өдөр тэмдэглэж байсан юм. Ингээд бид хоорондоо танилцаад ууж идээд байж байтал манай хоёр найз түрүүлээд явчихсан би ганцаараа дуудлагын жолооч дуудаад хүлээгээд үлдсэн юм.  Бид нарын сууж байсан өрөөний хажуухан талд Соёлоогийн найз эрэгтэйчүүд бас хамт байсан юм байна лээ Тэр үед бас л Одгэрэл болон түүний найзууд явчихсан Соёлоотой хамт байсан санагдаж байна. Тухайн үед нилээн архи уугаад их согтсон байсан ба нэг мэдэхэд хэн нэгэнд зодуулчихсан байсан юм. Ингээд Соёлоо намайг дагуулаад гэрт хүргэж өгсөн юм. Ингээд гэртээ унтчихаад өглөө босоход толгой тархи нил хүндүүр хагарчихсан нүүр бас нилээн гэмтчихсэн байсан ингээд Цагдаагийн байгууллагад хандах болсон юм ... намайг Соёлоогийн найз Шинэн, Амарсанаа хоёр нийлж зодсон юм шиг байна, тэгэхдээ яг сайн санахгүй байна. Тэр хоёртой муудалцсан зүйл байхгүй, миний хувьд тэр хоёрыг нийлж зодсон гэж 100 хувь мэдүүлж чадахгүй байна, ямар ч байсан би зодуулсан тул гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ" гэсэн мэдүүлэг / хх-12-13 х/,

 

              Хохирогч Д.Шинэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Би 2017 оны 01 дугэзр сарын 24-ний өдөр найз Амарсанаатай хамт Соёлоогийн төрсөн өдрөө тэмдэглэж байгаа газар болох Тэнгис кино театрын хажуугийн караокед ороод 7 номерын өрөөнд орж суусан юм. Соёлоо 8 тоот өрөөнд найзуудынхаа хамт сууж байгаа гэж хэлсэн. Ингээд нилээн орой болж байхад Соёлоо манай өрөөнд орж ирээд 8 номерын өрөенд цөөхөн хүн үлдсэн байгаа дуудчих бөөндөө сууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би 8 номерын өрөөний хаалгыг татахад нэг хүүхэн залуу хоёр сууж байсан юм. Тэгтэл тэр эрэгтэй нь хаалгаа хаагаад гаднаас нь тогшоод орж ир гэж хэлэхээр нь хаалгыг нь тогшоод ороход нөгөө залуу  Соёлоо өөрөө яагаад намайг дууддаггүй юм бэ, шоронгийн юмаар хүн дуудууллаа гээд уурласан Би өөрөө хуулийн хүн чамайг янз бүрээр дарамтлуулна шүү гэхээр нь юу яриад байна вэ би шоронгийн хүн биш гэж хэлсэн. Ингээд надтай маргалдаад байхаар нь би өрөөнөөс нь гараад 7 номерын өрөөндөө ороод сууж байхад тэр залуу буцаж орж ирээд нүүрэн дээрээ сорвитой пиздагаас болж миний хүүхэн явчихлаа, хаана байна гээд уурлахаар нь тэр хүүхэн чинь энд орж ирээгүй цаана чинь л байгаа байх гэж хэлэхэд гараад явсан. Ингээд Амарсанаа, Соёлоо бид гурав гаръя гээд тооцоо хийх санаатай явж байхад караокены коридор дотор намайг нөгөө залуу эргэж хараад шууд цохиод авахаар нь бариад автал дахиад нэг цохихоор нь би түүнийг барьж аваад хэд хэдэн удаа цохиход газарт уначихсан тэгэхээр нь би цусаа цэвэрлээд гараад явсан юм.... Би тэр залууг өмнө таньж мэддэггүй байсан тухайн өдөр л харсан сүүлд нэрийг нь мэдэхэд  Э.Төртогтох  гэдгийг мэдсэн ер  нь  надтай  маргаан  үүсгэх шалтгаан байгаагүй.Миний нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. миний хамар болон шүдэнд гэмтэл учруулсан ..." гэсэн мэдүүлэг / хх-14-16х/,

 

Гэрч Я.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн өдрөө тэмдэглээд найз Одгэрэл, Оюун-Эрдэнэ, Болороо, Сувдаа нарын хамт БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах рестаронд хоолонд орсон. Орой 19 цагийн үед бид тавуулаа рестароноос гараад Тэнгис кино театрын ард талын караокед орж суусан зодоон  болох шалтгаан байгаагүй, миний харснаар Төртогтох нь эхлээд цохиод авсан, тэгээд харилцан зодолдсон ... Э.Төртогтох нь эхлээд Д.Шинэнгийн нүүрэнд цохиж хамраас нь цус гаргаж гэмтэл учруулсан харин түүнээс болоод Д.Шинэн нь Э.Төртогтохыг гараараа хэд хэдэн удаа цохиж газар унагааж унасан хойно нь хүртэл цохиод байхаар нь би гүйж очоод салгасан юм. Энэ хоёр бие биенийхээ зодож гэмтэл учруулсан ..." гэсэн мэдүүлэг/ хх-17-18х/,

 

Гэрч Ц.Амарсанаагийн мэдүүлэг / хх-22-23 хуудас/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2066 дугаартай дүгнэлтэд:

        “1. Э.Төртогтохын биед баруун талын 5, зүүн талын 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зулай, доод уруул, хэлэнд шарх, баруун нүдний эргэн тойрон, дух, баруун хөмсөг, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-31х/,

 

         Яллагдагч Д.Шинэнгийн "....Э.Төртогтох нь миний урдаас 2 удаа цохьсон тул биеэ хамгаалах зорилгоор цохьсон. Бид хоёрыг маргалдахад хажууд Амарсанаа, Соёлоо болон караокены ажилчид харж байсан...." гэсэн мэдүүлэг/ хх-55, 57 хуудас/

 

              Д.Шинэнгийн Цагдаагийн хэлтэст хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол / хх-4 хуудас/

             

              Гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэртэй караокег найзтайгаа нийлж ажиллуулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө миний бие бармен Золоо, зөөгч Баясаа нарын хамт ажиллаж байсан. Энэ өдөр 23 цагийн орчимд үл таних 5 эмэгтэй орж ирээд төрсөн өдөр тэмдэглэж явна гээд 6 номерын өрөөнд орсон. Ингээд 6 номерын өрөөнд орсон эмэгтэйчүүд дээр нэмж 20-30 минутын дараа 2 залуу орж ирээд нэг өрөөнд сууцгаасан байдаг. Ингээд байж байгаад 1 цаг гаруй хугацааны дараа хоёр залуугийн нэг нь гараад явсан нөгөө зодуулсан залуу ганцаараа үлдсэн ...,Ингээд 6 номерын өрөөнд хоёр эмэгтэй болон зодуулдаг нас тогтсон эрэгтэй хоёр үлдсэн бусад явсан. Харин 7 номерын өрөөнд бол сүүлд ирсэн хоёр залуу байж байсан. Ингээд миний анзаарч харсанаар 6 номерын өрөөнд байсан залуу 7 номерын өрөөнд байсан хоёр залуугийн өрөөнд орсон, би дотроо хүний ерөөнд орчихлоо гэж бодож байхад 6 номерын ерөөнд байсан залуу хойшоо ухраад гараад ирсэн харин 7 номерын өрөөнд байсан хоёр залуугийн нэг нь хамраа бариад миний хамар руу цохьчихлоо гэж уурлаж байгаад нөгөө 6 номерын өрөөнөөс гарч ирсэн залууг / Төртогтох/ цохьж газар унагаасан тэгснээ дээрээс нь өшиглөөд байсан ...Тэгснээ уг зодож байгаа залуу миний хамар хугарчихлаа гэмтэл орлоо гээд найзтайгаа хамт гараад явчихсан. Зодуулсан залуу / Төртогтох/ нэг эмэгтэйтэй хоёулаа үлдсэн одоо бодоход төрсөн өдрийн эзэн гээд байгаа жижигхэн биетэй эмэгтэйтэй / Соёлмаа/ хамт үлдээд араас нь гараад явсан байдаг” гэх мэдүүлэг /хх-

 

Насанд хүрээгүй гэрч М.Баясгалангийн мэдүүлэг / хх-24-26х/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2516 дугаартай дүгнэлтэд:

        “1. Д.Шинэнгийн биед үүдэн дээд баруун 1-р шүдний булгарал, зүүн 1-р шүдний сулрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид 5% нөлөөлнө.

          5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-34х/,

              

               Хохирлын баримтууд /хх-40-44х, 92х/,

 

               Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63, 66х/,

 

             Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64-65х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69,71х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүгдэгч Д.Шинэн нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "11В" гэх нэртэй караоке бааранд хохирогч Э.Төртогтохыг өөрийг нь зодлоо гэж уурлан улмаар түүний бие махбодид баруун талын 5, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хоёр нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зулай, доод, уруул.хэлэнд шарх, баруун нүдний эргэн тойрон, дух, баруун, хөмсөг, дээд уруулд зулгаралт, бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

         Шүүгдэгч Э.Төртогтох нь 2017 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "11В" гэх нэртэй караоке бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Д.Шинэнгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь үүдэн дээд баруун 1-р шүдний булгарал, зүүн 1 дүгээр шүдний сулрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            шүүгдэгч Д.Шинэнгийн өгсөн: “Би сэлбэг авахын тулд хөдөөнөөс хотод орж ирэхдээ Амаржаргалтай уулзсан. Түүний найзын төрсөн өдөр болж байна гэхээр нь би тэдний сууж байсан караокед очсон. Тэнд Соёлоогийн найзыг нь өөр өрөөнөөс дуудчих гэхээр нь би очоод дуудтал маргаад байхаар нь буцаж өрөөндөө орж ирж суусан. Тэгэхэд араас Төртогтох орж ирээд дахин маргасан. Намайг текний хажууд байхад Төртогтох цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Төртогтохын нүүр рүү нь 2 удаа цохиход тэр хойшоо унахаар нь би дахин нүүрэн дээр нь цохисон. Миний ам хамраас цус гарсан байхаар нь өөрийгөө цэвэрлээд явсан” гэх мэдүүлэг,

           шүүгдэгч Э.Төртогтохын өгсөн: “Тэр өдөр миний багын найз Одгэрэл нь надад “төрсөн өдөр тэмдэглэж байна хүрээд ир” гэхээр нь би 2 найзтайгаа яваад очсон. Тэнд 5 хүүхэн байсан. Би Одгэрэлээс гадна Соёлмааг бас таньдаг байсан. Тэнд байсан хүмүүс согтоод зарим нь явцгаасан. Соёлоо болон Болороо нар үлдээд хажуу өрөөнд байсан найзууд руугаа орж гараад байсан. Би архи уугаад нилээд муудсан учир дуудлагын жолооч дуудсан. Дуудлагын жолооч ирчихлээ гэхээр нь би гарах гэж байхдаа зодуулсан. Нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Маргааш нь би цагдаад хандаж өргөдөл гаргасан. Би Одгэрэлд болсон зүйлийн талаар хэлэхэд маргааш нь Шинэн над руу ярьсан. Би түүнд зодуулсан гэдгээ хэлэхэд тэр бас надад зодуулсан гээд бид хоёр цагдаагаар явсан” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Шинэнгийн өгсөн: “Эмчилгээний зардлаа би өнөөдөр л авлаа. Харин өвчтэй байсан хугацааны цалинг маань өгөөгүй байна. Энэ талаар цалингийн тодорхойлолт байгаа” гэх мэдүүлэг,

хохирогч Э.Төртогтохыг өгсөн: “Би нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

           хохирогч Э.Төртогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “... намайг Соёлоогийн найз Шинэн, Амарсанаа хоёр нийлж зодсон юм шиг байна, тэгэхдээ яг сайн санахгүй байна. Тэр хоёртой муудалцсан зүйл байхгүй, миний хувьд тэр хоёрыг нийлж зодсон гэж 100 хувь мэдүүлж чадахгүй байна, ямар ч байсан би зодуулсан тул гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ" гэх мэдүүлэг,

            хохирогч Д.Шинэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Ингээд надтай маргалдаад байхаар нь би өрөөнөөс нь гараад 7 номерын өрөөндөө ороод сууж байхад тэр залуу буцаж орж ирээд нүүрэн дээрээ сорвитой пиздагаас болж миний хүүхэн явчихлаа, хаана байна гээд уурлахаар нь тэр хүүхэн чинь энд орж ирээгүй цаана чинь л байгаа байх гэж хэлэхэд гараад явсан. Ингээд Амарсанаа, Соёлоо бид гурав гаръя гээд тооцоо хийх санаатай явж байхад караокены коридор дотор намайг нөгөө залуу эргэж хараад шууд цохиод авахаар нь бариад автал дахиад нэг цохихоор нь би түүнийг барьж аваад хэд хэдэн удаа цохиход газарт уначихсан тэгэхээр нь би цусаа цэвэрлээд гараад явсан юм.... Би тэр залууг өмнө таньж мэддэггүй байсан тухайн өдөр л харсан сүүлд нэрийг нь мэдэхэд  Э.Төртогтох  гэдгийг мэдсэн ер  нь  надтай  маргаан  үүсгэх шалтгаан байгаагүй.Миний нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. миний хамар болон шүдэнд гэмтэл учруулсан ..." гэх мэдүүлэг,

гэрч Я.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: "… миний харснаар Төртогтох нь эхлээд цохиод авсан, тэгээд харилцан зодолдсон ... Э.Төртогтох нь эхлээд Д.Шинэнгийн нүүрэнд цохиж хамраас нь цус гаргаж гэмтэл учруулсан харин түүнээс болоод Д.Шинэн нь Э.Төртогтохыг гараараа хэд хэдэн удаа цохиж газар унагааж унасан хойно нь хүртэл цохиод байхаар нь би гүйж очоод салгасан юм. Энэ хоёр бие биенийхээ зодож гэмтэл учруулсан ..." гэх мэдүүлэг,

гэрч Ц.Амарсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Д.Шинэн нь Э.Төртогтохыг гараараа нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон мөн хөлөөрөө өшиглөж байсан түүнээс гадаа ямар нэгэн зүйл барьж цохиж зодоогүй …Э.Төртогтох нь Д.Шинэнг эхлэж нэг удаа гэндүүлээд цохиод авсан тэр үед л шүд нь гэмтчих шиг болсон миний шүд хугарчихлаа гэж хэлсэн мөн адил гартаа ямар нэгэн эд зүйлс барьж цохиогүй гараараа л цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг,

яллагдагч Д.Шинэнгийн "....Э.Төртогтох нь миний урдаас 2 удаа цохьсон тул биеэ хамгаалах зорилгоор цохьсон. Бид хоёрыг маргалдахад хажууд Амарсанаа, Соёлоо болон караокены ажилчид харж байсан...." гэсэн мэдүүлэг/ хх-55, 57 х/

Д.Шинэнгийн Цагдаагийн хэлтэст хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол / хх-4х/,

          гэрч Б.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Ингээд миний анзаарч харсанаар 6 номерын өрөөнд байсан залуу 7 номерын өрөөнд байсан хоёр залуугийн өрөөнд орсон, би дотроо хүний ерөөнд орчихлоо гэж бодож байхад 6 номерын ерөөнд байсан залуу хойшоо ухраад гараад ирсэн харин 7 номерын өрөөнд байсан хоёр залуугийн нэг нь хамраа бариад миний хамар руу цохьчихлоо гэж уурлаж байгаад нөгөө 6 номерын өрөөнөөс гарч ирсэн залууг / Төртогтох/ цохьж газар унагаасан тэгснээ дээрээс нь өшиглөөд байсан ...Тэгснээ уг зодож байгаа залуу миний хамар хугарчихлаа гэмтэл орлоо гээд найзтайгаа хамт гараад явчихсан. Зодуулсан залуу /Төртогтох/ нэг эмэгтэйтэй хоёулаа үлдсэн одоо бодоход төрсөн өдрийн эзэн гээд байгаа жижигхэн биетэй эмэгтэйтэй / Соёлмаа/ хамт үлдээд араас нь гараад явсан байдаг” гэх мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч М.Баясгалангийн мэдүүлгүүд,

        Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2066 дугаартай дүгнэлт /хх-31х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2516 дугаартай дүгнэлт /хх-34х/, Хохирлын баримтууд /хх-40-44х, 92х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63, 66х/,              Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64-65х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-69,71х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Төртогтох нь шүүгдэгч Д.Шинэнтэй харилцан муудалцаж зодолдсон. Уг гэмт хэрэг нь нэг цаг хугацаа нэг орон зайд үйлдэгдсэн тул хувийн сэдэлттэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Шинэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, шүүгдэгч Э.Төртогтохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Шинэн, Э.Төртогтох нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний  хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч Д.Шинэн, Э.Төртогтох нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.