Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ДШМ/94

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

Нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн шийдвэрлэсэн, 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 735 дугаар шүүгчийн захирамжтай *******д холбогдох 1934001840154 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дэлгэрэх овгийн Цэрэннадмидын Цэвээнсамбуу, 1976 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг, Төв аймгийн Эрдэнэсант сум Улаанхудаг 5-р багийн 1 дүгээр хороо 12 дугаар гудамж, 117 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, регистрийн дугаар: НФ76060217.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын “Улаанхудаг” 5 дугаар багийн төвд Д.Түмэндэлгэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Д.Түмэндэлгэрийн зүүн чихэн тус газар цохиж, улмаар “хэнгэргэн хальсны сорвижилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 735 дугаар шүүгчийн захирамжаар:

            Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 1934001840154 дугаартай хэрэгт холбогдуулан шүүгдэгч Дэлгэрэх булаг овгийн Цэрэннадмидын Цэвээнсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Оюунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1934001840154 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь

1. Хавтаст хэрэгт хохирогч Д.Түмэндэлгэр нь мөрдөн байцаалтын шатанд гэрч хохирогчоор мэдүүлэг өгөхдөө "2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд ******* нь адуу малнаас болж надтай муудалцан, миний зүүн талыг чихрүү цохисоны улмаас чихэнд нь гэмтэл учирсан" талаар маш тодорхой, тогтвортой, эх сурвалжаа зааж мэдүүлэг өгдөг. Энэ талаар мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Түмэндэлгэр болон хохирогч Б.Өсөхгэрэл нар нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээ давхар нотолж мэдүүлэг өгдөгөөс гадна Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч Д.Түмэндэлгэрийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон гэрч нар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлсэн гэж дүгнэлт хийсэн үндэслэлгүй байна.

2. Хохирогч Д.Түмэндэлгэрийн биед учирсан хохирлыг тогтоосон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Түмэндэлгэр нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон "баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал, хэнгэргэн хальсны сорвижилт гэмтэл бүхий хуучин гэмтлүүд"-ийг хэрхэн авсан, энэ хэрэгтээ холбоогүй талаараа мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс *******д холбогдох хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан "анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэх заалтыг зөрчсөн байна. Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч И.Ганболор нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцож "зүүн талын чихэнд хэнгэргэн хальсны сорвижилт гэмтэл ... нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой эсэх талаар" асууж, шинжээчээр цаг хугацааг тогтоох боломжгүй, тухайн гэмтлийг авснаас хойш 1 сарын хугацаанд бүрэн сорвижиж эдгэх боломжтой гэмтэл" талаар мэдүүлсэн.

Иймд анхан шатны шүүхээс *******д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно", мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 "Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг зөрчсөн.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ба яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт "гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол"-ыг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 735 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтэдээ: Гэрч нар зөвхөн өөрсдийн харсан зүйлийг мэдүүлдэг. Зөрүүтэй гэрчилсэн гэдэг нь үндэслэлгүй. Яллах дүгнэлтийн хавсралтад хохирлыг тусгаагүй нь хохирлыг тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй. Шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болж чадаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн. Шүүгчийн захирамжийг биелүүлэх боломжгүй болсон тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэстэй гарсан. Хохирогчийн хувьд яг хэзээ, хаана цохьсон талаар цаг хугацааны хувьд өөр өөр мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчиж гарсан. Нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шүүгчийн захирамжийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1934001840154 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгч байгаа хүний мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой бус бол түүний

мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байхаар хуульчлан заасан. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Б.Өсөхгэрэл, М.Эрхэмбаяр, Ч.Хүрлбаатар нар нь гэмт хэрэг гарсан байдлын талаар 3 өөр янзаар мэдүүлэг өгчээ. Тухайлбал хавтас хэргийн 15-16 дугаар хуудсанд гэрч Б.Өсөхгэрэл “... намайг салгах хооронд Цэвээнсамбуу ах баруун гараараа Түмэндэлгэрийн зүүн талын шанаа, чих хэсэг рүү нь нэг удаа цохисон, тэгээд би Цэвээнсамбуу ахыг хориод тэр хоёрыг салгасан...” гэж,

хавтас хэргийн 19-20 дугаар хуудсанд гэрч Ч.Хүрэлбаатар “...Түмэндэлгэр Портертойгоо түрүүлж ирээд араас нь Цэвээнсамбуу нь жижиг машинтайгаа ирцгээж машинуудаасаа бууж ирцгээгээд маргалдацгаагаад байх шиг байсан. Цэвээнсамбуу Түмэндэлгэрийг заамдаад зогсож байсан. Харин Түмэндэлгэрийг хэн нэгэн хүнд цохиулахыг нь би харж чадаагүй. Би машин дотор сууж байгаад бууж Цэвээнсамбууг салгасан...” гэж,

хавтас хэргийн 21-24 дүгээр хуудсанд гэрч М.Эрхэмбаяр “..Цэвээнсамбуу ах Түмэндэлгэрийг баруун гараараа цээж рүү нь нэг удаа түлхэхэд нь Түмэндэлгэр нь миний машины хамрыг мөргөж байсан. Өөрөөр бол Түмэндэлгэрийг цохихыг нь би анзаарч хараагүй... гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Өсөхгэрэл ...Эрхэмбаяр бид хоёр машинд сууж байтал Түмэндэлгэр түрүүлж ирсэн. Араас нь Самбуу ах ирсэн. Энэ хоёр машинаас буугаад хоорондоо муудалцаад Түмэндэлгэрийг Самбуу ах алгадах шиг болсон. Би тэгээд боль гээд салгасан...,

гэрч М.Эрхэмбаяр ...Сумын төв дээр байж байхад Б.Өсөхгэрэл над дээр ирсэн. Бид хоёр уулзаад байж байхад Түмэндэлгэр ирсэн. Тэгээд Самбуу ах ирсэн.  Энэ хоёр машины гадаа муудалцаад байх шиг байсан. Тэгээд төд удалгүй барилцаад авсан. Б.Өсөхгэрэл салгасан, би энэ хоёрыг мөн салгасан... гэж тус тус мэдүүлсэн байна. 

Анхан шатны шүүх хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлаад, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөгчийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн тогтоолоор Д.Түмэндэлгэрийн биед шинжилгээ хийхийг Төв аймгийн ШША-ын шинжээч И.Ганболорт даалгажээ /хх-н 28х/. 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Д.Түмэндэлгэрийн биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал, хэнгэргэн хальсны сорвижилт гэмтэл тогтоогдсон. Дээрхи гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй, уг гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.

Анхан шатны шүүхийн “мөрдөн байцаалтын шатанд дээрх баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугарал бүхий хөнгөн гэмтэлтэй холбоотой өвчний түүх, эмнэлгийн магадалгаа, амбулаторийн карт зэрэгтэй хамааралтай нөхцөл байдлуудыг шалган тодруулж, тухайн гэмтлийг авч байх үед зүүн чихний хэнгэргэн хальсны урагдалт бүхий хөнгөн гэмтэл үүссэн эсэх талаар мөн давхар шалгаж тодруулах ёстой байтал энэ талаар шалгаж тодруулаагүй атлаа хэнгэргэн хальсны хуучин сорвижилт бүхий хөнгөн гэмтлийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үед үүссэн

байна гэж таамаглаж яллах дүгнэлтийнхээ эх сурвалжаа болгож байгаа нь ойлгомжгүй, хохирогчийн цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын зөрүүтэй эргэлзээтэй мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна гэж үзэх үндэслэлгүй, шүүхээс шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 137 дугаартай дүгнэлтийг үнэлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлогдсон эсэхийг хянах үүрэгтэй. 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 177 дугаартай прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгийн 5.3-т заасан шаардлагыг хангаж гараагүй байна.

*******д холбогдох 1934001840154 дугаартай эрүүгийн хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө анхан шатны шүүхийн хуралдаанаар хянан хэлэлцэж, 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 735 дугаар шүүгчийн захирамжаар *******д холбогдох 1934001840154 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ. Прокурорын гаргаж буй “хуульд заасан эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн тайлбараар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 735 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

    Р.МӨНХ-ЭРДЭНЭ