| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0117/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч Б.С /S / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С /S /-т холбогдох эрүүгийн ........... тоот хэргийг 2025 оны 01 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, ........ оны . д...угаар сарын ...-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ............... хошууны ...........гэх газарт төрсөн, ..... настай, э.эгтэй, ....... боловсролтой, ., тэтгэвэрт .....байдаг, ам бүл ........ хамт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын .............хошууны Улиастайн 1-101 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот, ....... дүүрэг, .......... дугаар байрны .........тоотод түр оршин сууж байгаа, Б овогт С /S / /паспортын дугаар .........../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Б.С /S / нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэтрүүлэх боомтоор 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйл болох рүүжин чимэглэл /ясан чимэглэл 212 ширхэг, голын чимэглэл 1 ширхэг/, дэншиг /хоёр гууль холбосон/, зэс хөөмөл толгой 1 ширхэг, догшин дүртэй бурхны нэг тэргүүн 1 ширхэг, чимэглэл 3 ширхэг зэрэг эд зүйлүүдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С /S / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотоос найз Б-ийн машинтай Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гарах гээд 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Тэгээд бид хоёр 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Замын-Үүд суманд ирж, Замын-Үүд сумаас Эрээн хот хооронд явдаг суудлын тээврийн хэрэгсэлд суугаад хилийн боомт дээр ирсэн. Тэгээд хүмүүсийн адил би Б-ийн араас яваад өөрийн цүнхийг хяналтын тоног төхөөрөмж рүү хийгээд цаад талд нь гарч ирээд гаалийн ажилтанд цүнхээ шалгуулахад ямар эд зүйл байгаа талаар гаалийн ажилтан асуухаар нь надад найз Б-аас авсан эд зүйл байсан ба ямар эд зүйл байгаа талаар мэдэхгүй байсан тул найз Б миний өмнө хяналтын тоног төхөөрөмжөөр цүнхээ шалгуулаад гарсан байсан тул би Б-ийн гар утас руу залгаж дуудсан. Тэгээд бид хоёрын цүнх дотор байгаа эд зүйлийг гаалийн ажилтан хилээр гаргаж болохгүй бараатай байгаа тул шалгах шаардлагатай гээд бид хоёрын эд зүйлийг хурааж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн үед миний авч явсан эд зүйлийг надад найз Б өгсөн байсан бөгөөд тэдгээр эд зүйлийг би урагшаа Хятад руу гаргаад ямар нэг эд зүйл болгоод өөртөө хэрэглэе гэж бодоод аваад гарах гэж байсан юм. Мөн Монгол Улсаас буцаж байгаа тул Хятад улсад амьдардаг найзууддаа бэлэглэх гэж байсан юм. Би үүлэн дүрслэл бүхий хэлбэртэй зүйл, бурхны зэсэн хэв, гуулин хэв, сураар холбосон найман тахилтай 2 ширхэг дугуй эд зүйл, бор хүрэн өнгийн чулуу, жижиг том 2 ширхэг, шар самбаа хадаг дээр зурсан зураг, малгайн гоёл гэх зэрэг эд зүйлийг авч байсан ба би тухайн эд зүйлийг ямар эд зүйл болох талаар сайн мэдэхгүй. Манай найз Б өөрийн хийдэг эд зүйлээс илүү гарсан эд зүйлийг надад өгсөн. Тэгээд би хэд хоногийн өмнө өөртөө байлгаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хилээр гарахдаа цүнхэндээ хийгээд авч гарч байсан. Тухайн үед миний авч явсан эд зүйлийг надад найз Б өгсөн байсан бөгөөд тэдгээр эд зүйлийг би урагшаа Хятад руу гаргаад ямар нэгэн эд зүйл болгоод өөртөө хэрэглэе гэж бодоод аваад гарах гэж байсан юм. Мөн Монгол улсаас буцаж байгаа тул Хятад улсад амьдардаг найзууддаа бэлэглэх гэж байсан юм гэв.
Шүүгдэгч Б.С /S / шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Үнэн учир нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруу дээр маргаан байхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх эд зүйлс нь шашны эртний эдлэл, түүх соёлын дурсгалт зүйлс байна. Дээрх эд зүйлсийг Дорноговь аймагт авч үлдэж, аймгийн түүх, соёлын эд зүйлст баяжилт хийх саналтай байна гэжээ. /хх-ийн 98-99/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... хороо, .......... тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг бөгөөд 1995 оноос хойш хувиараа чөлөөт уран бүтээлч буюу зээгт наамал хийж байна. Зээгт наамал гэдэг нь даавуун дээр бурхан шашны эд зүйл болон Монгол уламжлалт хувцас ахуйн бүх зүйлийг нааж оёж хийдэг зүйлийг хэлдэг юм. Эдгээр дундаас хамгийн үнэд хүрдэг нь бурхан шашны эд зүйл тул би ихэвчлэн бурхан шашны эд зүйл хийж зарж борлуулдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хийсэн 3 ширхэг зээгт наамал бурхан рүүжин буюу цамын гоёл бүхий эд зүйл зэргийг улсын хилээр авч гарсан. Тухайн үед миний найз болох С надтай хамт явж байсан бөгөөд би түрүүлээд рентгенээр ороод зүгээр гараад явсан. Миний араас явж байсан С-ыг хориотой зүйл авч явж байна гээд гаалийн ажилчид саатуулаад намайг дуудаж миний цүнхтэй эд зүйлийг дахин шалгаж С бид хоёрын эд зүйлийг бүгдийг нь хурааж авсан. Тэгээд прокурор дээр очоод цагдаа дээр ирсэн. Би тухайн үед хилээр авч гарсан 3 ширхэг зээгт наамал бурхан болон рүүжин буюу цамын гоёлоо одоогоос 2-3 жилийн өмнөөс эхнэрийн хамт хийж бүтээсэн бөгөөд бид хоёр тухайн эд зүйлээ гэртээ хийж туурвидаг юмаа. Би эдгээр зүйлсийг хийхдээ өөрт хэрэг болсон эд зүйлсээ танил найз нөхөд бүтээл туурвидаг хүмүүсээс авч хийдэг юм. Эдгээр эд зүйлс бол хийж бүтээсний дараа хуучруулалт хийж зарж борлуулдаг юмаа. С хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод байх үедээ манай гэрт очсон бөгөөд тэр үед нь би С-ыг сонирхоод байхаар нь наанаа байгаа зүйлсээс өөртөө хэрэгтэй зүйлсийг ав гэж хэлсэн бөгөөд С өөрөө сонгоод хэд хэдэн зүйл авсан. Яг юу юу авсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэдгээр эд зүйлсээ надтай хамт 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан. Тэдгээр эд зүйлс нь манай гэрт удаж байгаа эд зүйлс бөгөөд миний бүтээлдээ ашиглаж байсан эд зүйлс байгаа юмаа. Харин тэр чулууны хувьд одоогоос жил гарангийн өмнө хөдөөгөөс олж ирсэн чулуу бөгөөд би ашиглахгүй машиндаа байлгаад байсан. Тэгтэл Сүхбаатар шинжлүүлж үзнэ гээд аваад цүнхэлсэн явж байгаад хил дээр саатуулагдсан гэжээ. /хх-ийн 32-33/
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд гаалийн газрын .................т хариуцсан гаалийн улсын байцаагч бөгөөд тухайн ажил албан тушаал дээрээ 6 жил болж байна. Би тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 08 цагт хуваарь томилгоотой танилцаад хуваарийн дагуу буюу 08 цагаас 10 цагийн хооронд биет шалгалтын үүрэг гүйцэтгээд 10 цагаас 12 цагийн хооронд рентген тоног төхөөрөмж дээр ажиллах үүрэг чиглэл авсан. Тэгээд 11 цаг өнгөрөөгөөд рентгенээр хэлбэр дүрс нь тодорхойгүй металл зүйл илэрсэн. Тухайн үед би надтай хамт биет шалгалт хийж байсан байцаагч нартаа энэ талаар хэлж тухайн цүнхтэй эд зүйлийг шалгах талаар хэлсэн. Тухайн үед А байцаагч тэр цүнхэнд үзлэг хийгээд намайг дуудсан. Тэгээд би тухайн цүнх дэх эд зүйлүүдийг үзтэл эртний байж болзошгүй бурхан шашны холбогдолтой эд зүйлүүд байсан. Тэгээд би тэдгээр зүйлсийг үзээд байж байтал тухайн эд зүйлсийг авч явж байсан хүн нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн S гэх хүн байсан бөгөөд тэр хүн тухайн эд зүйлсийг минийх биш гэж хэлээд хамт явж байгаа гэх Монгол улсын иргэн Д.Б гэх хүнийг дуудан цүнх дотроос нь дахин бурхан шашны эд зүйл гарч ирсэн. Тэгээд би тухайн эд зүйлсийг түүх соёлын үнэт эд зүйл байж магадгүй гэж бодоод S , Д.Б-ийн цүнхэнд байсан эд зүйлсийг бүгдийг нь тэмдэглэл үйлдэн хураан аваад прокурорын байгууллагад танилцуулсан. Тэгээд прокурорын байгууллагаас цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн. Тухайн үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гэх S -н цүнхнээс улаан даавуун дээр зүүсэн ясан хэлхээтэй эрх мэт зүйл нэг ширхэг, ясан үүлэн хэлбэртэй зүйл 1 ширхэг, бурхны хөөмөл зэсэн хэв нэг ширхэг /толгойн дүрслэл бүхий/, бурхны толгойн дүрслэл бүхий гуулин хэв нэг ширхэг, сураар холбосон найман тахилтай 2 ширхэг дугуй төмөр зүйл, бор хүрэн өнгийн том, жижиг, чулуу 2 ширхэг, шар самбаа хадаг дээр зурсан зураг 1 ширхэг, малгайн заслын зүүлт /үүлэн хэлбэртэй жижиг зүүлт 3 ширхэг/, Догийн толгой гэх жижиг зэсэн 2 ширхэг, Догийн толгой мөнгөн хоёр ширхэг зэрэг эд зүйлс байсан. Тэр үед Д.Б-ийн цүнх дотроос торго даавуун дээр наасан зээгт наамал бурхан 2 ширхэг, Торго даавуун дээр оёсон бурхан нэг ширхэг эд зүйл гарч ирсэн. S надад хэлэхдээ эдгээр зүйлс манай найз Д.Б-ийн эд зүйлс гэж хэлсэн, өөр зүйл яриагүй. Харин Д.Б нь би өөрөө бурхан бүтээдэг хүн байгаа юм. Би Бээжин хотод болж байгаа үзэсгэлэн худалдаанд эдгээр зүйлсээрээ оролцох гэж явж байна гэж хэлж байсан. Хилээр гарч байгаа иргэд биедээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаальд мэдүүлэх ачаа барааг Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаартай тушаалын дагуу "Монгол улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн байцаагчид танилцуулж гаалийн ногоон болон улаан хилийг сонгон үйлчлүүлэх эрхтэй. Гаальд мэдүүлэх бараагүй иргэд гаалийн ногоон хилийг сонгож үйлчлүүлэх, харин гаальд мэдүүлэх бараатай иргэд дээрх хууль, дүрэм журмын дагуу "Монгол улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн улаан хилээр нэвтэрнэ. Зорчигч иргэд хууль, дүрэм журамд заасны дагуу гаальд мэдүүлэх бараа биедээ авч явж байгаа талаар гаалийн улсын байцаагчид энэ талаар урьдчилан хэлж "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн хилээр нэвтрүүлэх, эсвэл хориглосон бараа байгаа бол нэвтрүүлэхгүй талаар анхааруулж ажиллана. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С-ын хувьд гаалийн хилээр нэвтрэхдээ гар тээшиндээ авч явж байгаа зүйлээ гаалийн улсын байцаагчид урьдчилан мэдэгдээгүй, "Монгол улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөөгүй гаалийн рентген тоног төхөөрөмжөөр гар тээшнээс нь гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байж болохуйц зүйл илэрсэн тул гар тээшинд нь нарийвчлан үзлэг шалгалт хийхэд дээрх бараа илэрсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тухайн бараатай холбогдох дагалдах бичиг баримт байхгүй гэжээ. /хх-ийн 40-43/
Шинжээч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжилгээнд ирүүлсэн Дог чимэглэл нь иж бүрэн бус тул аливаа нэгэн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг илэрхийлж чадахгүй. Хэдийгээр хуучны хэв шинжийг илэрхийлж байгаа боловч түүх соёлын дурсгалт зүйлийг илэрхийлж чадахгүй байгаа. Дог чимэглэл нь ямар эд зүйлд байсан нь тодорхой бус байгаа. Бүрэн бүтэн байдлыг илэрхийлж чадахгүй байгаа тул түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй. Язгуур зориулалтаар хэрэглэж байсан ул мөртэй, яг хэддүгээр зууных гэдгийг тогтоох боломжгүй, бүрэн бүтэн биш. Шинжилгээнд ирүүлсэн дог нь соёлын биет өвд хамаарахгүй, соёлын биет өвийн нэг хэсэг гэж явна. Дог нь иж бүрэн бус тул аливаа нэгэн эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг илэрхийлж чадахгүй тул түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй. Дээрх хоёр дог нь 19-20 дугаар зууны эхэн үед сүм хийд, мөн айлуудад хадгалагдаж шүтэгддэг шүтээн зураг гэжээ. /хх-ийн 79-82/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйл заалтын хувьд "Зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэх тусгай журам" байгаа юм. Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно гэсэн нь тухайн иргэн Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаартай тушаалын дагуу "Монгол улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн байцаагчид танилцуулж гаалийн ногоон болон улаан хилийг сонгон үйлчлүүлэх эрхтэй байдаг. Тухайн иргэн "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөөгүй буюу гаалийн байгууллагад өөрийн авч яваа ачаа барааны талаар мэдүүлээгүй байна гэж үзнэ. Харин зорчигч иргэд хууль, дүрэм журамд заасны дагуу гаальд мэдүүлэх бараа биедээ авч явж байгаа талаар гаалийн улсын байцаагчид энэ талаар урьдчилсан хэлж "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн хилээр нэвтрүүлэх, эсвэл хориглосон бараа байгаа бол нэвтрүүлэхгүй талаар анхааруулж ажиллаж иргэдэд зөвлөгөө өгдөг. Мөн зорчигч иргэн бичгээр, амаар, үйл хөдлөлөөр мэдүүлэх эрхтэй байдаг. Ямар нэг бичгээр, амаар, үйл хөдлөлөөр өөрийн биед авч яваа ачаа барааны талаар мэдүүлээгүй бол рентген тоног төхөөрөмж, гаалийн хяналт шалгалтаар иргэний биед авч явж байгаа ачаа бараанаас ямар нэг хориглосон, хязгаарласан бараа илрүүлсэн бол энэ нь тухайн зорчигч иргэн гаалийн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэж үзэж хуулийн дагуу арга хэмжээ авна гэжээ. /хх-ийн 101/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-12/
Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ шинжилгээний дүн /хх-ийн 67-71/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/
Шүүгдэгчийн гадаад пасторт, Монгол улсад түр оршин суух үнэмлэх /113/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 136/
Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 01 сарын 02-ны өдрийн 04/02 дугаартай эд зүйлд хийсэн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 238-243/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.С /S/ нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэтрүүлэх боомтоор 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйл болох рүүжин чимэглэл /ясан чимэглэл 212 ширхэг, голын чимэглэл 1 ширхэг/, дэншиг /хоёр гууль холбосон/, зэс хөөмөл толгой 1 ширхэг, догшин дүртэй бурхны нэг тэргүүн 1 ширхэг, чимэглэл 3 ширхэг зэрэг эд зүйлүүдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн “...би С--ыг сонирхоод байхаар нь наанаа байгаа зүйлсээс өөртөө хэрэгтэй зүйлсийг ав гэж хэлсэн бөгөөд С өөрөө сонгоод хэд хэдэн зүйл авсан. Яг юу юу авсан талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэдгээр эд зүйлсээ надтай хамт 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагдсан. Тэдгээр эд зүйлс нь манай гэрт удаж байгаа эд зүйлс бөгөөд миний бүтээлдээ ашиглаж байсан эд зүйлс байгаа юмаа..” /хх-ийн 32-33/ гэх мэдүүлэг, гэрч С.М-ын “...Тухайн үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн гэх S -н цүнхнээс улаан даавуун дээр зүүсэн ясан хэлхээтэй эрх мэт зүйл нэг ширхэг, ясан үүлэн хэлбэртэй зүйл 1 ширхэг, бурхны хөөмөл зэсэн хэв нэг ширхэг /толгойн дүрслэл бүхий/, бурхны толгойн дүрслэл бүхий гуулин хэв нэг ширхэг, сураар холбосон найман тахилтай 2 ширхэг дугуй төмөр зүйл, бор хүрэн өнгийн том, жижиг, чулуу 2 ширхэг, шар самбаа хадаг дээр зурсан зураг 1 ширхэг, малгайн заслын зүүлт /үүлэн хэлбэртэй жижиг зүүлт 3 ширхэг/, Догийн толгой гэх жижиг зэсэн 2 ширхэг, Догийн толгой мөнгөн хоёр ширхэг зэрэг эд зүйлс байсан. Тэр үед Д.Б-ийн цүнх дотроос торго даавуун дээр наасан зээгт наамал бурхан 2 ширхэг, Торго даавуун дээр оёсон бурхан нэг ширхэг эд зүйл гарч ирсэн. S надад хэлэхдээ эд манай найз зүйлс нь Д.Б-ийн эд зүйлс гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Харин Д.Б нь би өөрөө бурхан бүтээдэг хүн байгаа юмаа би Бээжин хотод болж байгаа үзэсгэлэн худалдаанд эдгээр зүйлсээрээ оролцох гэж явж байна гэж хэлж байсан. Хилээр гарч байгаа иргэд биедээ гаалийн тухай хуульд заасны дагуу гаальд мэдүүлэх ачаа барааг Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйл, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаартай тушаалын дагуу "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн байцаагчид танилцуулж гаалийн ногоон болон улаан хилийг сонгон үйлчлүүлэх эрхтэй. Гаальд мэдүүлэх бараагүй иргэд гаалийн ногоон хилийг сонгож үйлчлүүлэх, харин гаальд мэдүүлэх бараатай иргэд дээрх хууль, дүрэм журмын дагуу "Монгол улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн улаан хилээр нэвтэрнэ. Зорчигч иргэд хууль, дүрэм, журамд заасны дагуу гаальд мэдүүлэх бараа биедээ авч явж байгаа талаар гаалийн улсын байцаагчид энэ талаар урьдчилсан хэлж "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн хилээр нэвтрүүлэх, эсвэл хориглосон бараа байгаа бол нэвтрүүлэхгүй талаар анхааруулж ажиллана. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С-ын хувьд гаалийн хилээр нэвтрэхдээ гар тээшиндээ авч явж байгаа зүйлээ гаалийн улсын байцаагчид урьдчилан мэдэгдээгүй, "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөөгүй гаалийн рентген тоног төхөөрөмжөөр гар тээшнээс нь гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байж болохуйц зүйл илэрсэн тул гар тээшинд нь нарийвчлан үзлэг шалгалт хийхэд дээрх бараа илэрсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.” /хх-ийн 40-43/ гэх мэдүүлэг, шинжээчийн 15/3 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 10-24/, шинжээчийн 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 03 сарын 27-ны өдрийн 01/183 дугаартай албан тоот, эд зүйлд хийсэн шинжилгээ /хх-ийн 57-63/, шинжээч Б.Э-ын мэдүүлэг/хх-ийн 79-82/, гэрч Б.Б-ы “...Тухайн иргэн "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөөгүй буюу гаалийн байгууллагад өөрийн авч яваа ачаа барааны талаар мэдүүлээгүй байна гэж үзнэ. Харин зорчигч иргэд хууль, дүрэм журамд заасны дагуу гаальд мэдүүлэх бараа биедээ авч явж байгаа талаар гаалийн улсын байцаагчид энэ талаар урьдчилсан хэлж "Монгол Улсын гааль зорчигчийн гаалийн мэдүүлэг" бөглөж гаалийн хилээр нэвтрүүлэх, эсвэл хориглосон бараа байгаа бол нэвтрүүлэхгүй талаар анхааруулж ажиллаж иргэдэд зөвлөгөө өгдөг. Мөн зорчигч иргэн бичгээр, амаар, үйл хөдлөлөөр мэдүүлэх эрхтэй байдаг.” /хх-ийн 101/ мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.С /S /-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн өрхийн орлого, түүний шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг харгалзан үзээд торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс эд мөрийн баримтаар ирсэн хот мандлыг дүрсэлсэн зээгт наамал 1 ширхгийг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл гэж үзэж Дорноговь аймгийн Музейд шилжүүлэх хүсэлт гаргасан. Хот мандлыг дүрсэлсэн зээгт наамал нь Соёлын өвийн үндэсний төвийн 2025 оны 01 сарын 02-ны өдрийн 04/02 дугаартай эд зүйлд хийсэн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 238-243/-ээр түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарахгүй, харин наамал дээрх шүр, шилэн сувс бүхий чимэглэл болох хорхой шүр, шилэн сувс нь хуучны хэд шинжийг илэрхийлж байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд Хот мандлыг дүрсэлсэн зээгт наамлыг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл гэж үзэх үндэслэлгүй болно.
Эд мөрийн баримтаар хураагдсан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох рүүжин чимэглэл, улаан даавуун дээр зүүсэн ясан хэлхээтэй эрх, яс үүлэн хэлбэртэй 1 ширхэг, дэншиг /цайрын агууламж өндөртэй цайвар гуулиар цутгаж хийсэн жижиг хэлбэрийн шашны хөгжмийн зэмсэг/, дог /0,3 см-0,5 см зузаантай гуулин хуудас ашиглан хийсэн, салаа хажтай зэс горивоор чимэглэсэн, жижиг хэлбэрийн гуулин толгой/, дог /0,3 см-0,5 см зузаантай мөнгөн хуудас ашиглан хийсэн салаа хажтай мөнгөн горивоор чимэглэсэн, жижиг хэлбэрийн гуулин толгой/, зэс хөөмөл толгой, догшин дүртэй бурхны тэргүүн хэсэг, малгайн заслын зүүлт 3 ширхэг /0,3 мм-ийн зузаантай цоолбортой, гуулин их бие дээр паалан будгаар будсан, өнгө өнгийн шилэн сувдан унжлага зүүлт бүхий чимэглэл/ зэргийг Дорноговь аймгийн Музейд шилжүүлж, бор хүрэн өнгийн чулуу гэх 2 ширхэг /жижиг, том/, бурхан багшийн дүр бүхий зээгт наамал 1 ширхэг, Гүргүүллхам бурхны дүр бүхий хатгамал 1 ширхэг, хот мандлыг дүрсэлсэн зээгт наамал 1 ширхэг, тахилын хураангуй зэргийг эзэмшигч Д.Б-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С /S /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С /S /-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С /S / нь оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ружин чимэглэл Улаан даавуун дээр зүүсэн ясан хэлхээтэй эрх, яс үүлэн хэлбэртэй 1 ширхэг,
дэншиг /цайрын агууламж өндөртэй цайвар гуулиар цутгаж хийсэн жижиг хэлбэрийн шашны хөгжмийн зэмсэг/,
дог /0,3см-0,5см зузаантай гуулин хуудас ашиглан хийсэн, салаа хажтай зэс горивоор чимэглэсэн, жижиг хэлбэрийн гуулин толгой/,
дог /0,3см-0,5см зузаантай мөнгөн хуудас ашиглан хийсэн салаа хажтай мөнгөн горивоор чимэглэсэн, жижиг хэлбэрийн гуулин толгой/,
зэс хөөмөл толгой,
догшин дүртэй бурхны тэргүүн хэсэг,
малгайн заслын зүүлт 3 ширхэг /0,3 мм-ийн зузаантай цоолбортой, гуулин их бие дээр паалан будгаар будсан, өнгө өнгийн шилэн сувсан унжлага зүүлт бүхий чимэглэл/ зэргийг Дорноговь аймгийн Музейд шилжүүлж,
бор хүрэн өнгийн чулуу гэх 2 ширхэг /жижиг, том/, бурхан багшийн дүр бүхий зээгт наамал 1 ширхэг, Гүргүүллхам бурхны дүр бүхий хатгамал 1 ширхэг, хот мандлыг дүрсэлсэн зээгт наамал 1 ширхэг, тахилын хураангуй зэргийг эзэмшигч Д.Б-д буцаан олгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овогт С /S /-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б