Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/00527

 

 

 

 

 

 

 

 

2021 03 11 181/ШШ2021/00527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ММ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 4,293,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, хариуцагчийн төлөөлөгч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, гэрч Б.Ч, нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ММ ХХК нь Б ХХК 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 38 тоот хаягт байрлах 3 давхрын 252 м2, зоорийн давхрын гал тогоо бүхий 18 м2, хоолны заал бүхий 26 м2 талбайг 1 сарын 5,500,000 төгрөгөөр түрээслүүлсэн.

Манай компани Монгол улс, цаашлаад дэлхийн хэмжээнд шинэ коронавирусын халдвар гарч, улсын онцгой комиссоос худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор нийт түрээслэгчдийн түрээсийн төлбөрийг 4 дүгээр сард 20 хувь, 5 дугаар сард 40 хувь хөнгөлсөн бөгөөд түрээсийн төлбөр 3.700.000 төгрөг болсон.

Б ХХК нь 2020 оны 01 дүгээр сард 2.933.333 төгрөг, 2 дугаар сард 5.500.000 төгрөг, 3 дугаар сард 1,833,333 төгрөг, 4 дүгээр сард 4,400,000 төгрөг, 5 дугаар сард 3,300,000 төгрөг, 6 дугаар сард 1,210,000 төгрөг, 5 сарын интернетийн төлбөр 250,000 төгрөг, нийт 19,426,666 төгрөг төлөх ёстойгоос 15,133,000 төгрөгийг төлсөн.

2020 оны 3 дугаар сард Б ХХК ямар нэгэн шалтгаангүйгээр үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Энэ талаар бид харилцан тохиролцож 3 дугаар сард 10 хоног ажилласан байгаа, үлдсэнд нь хөнгөлөлт үзүүлээч гэснээр түрээсийг ажилласан 10 хоногоор тооцохоор болж, үлдсэн хоногуудын түрээсийн төлбөрийг хөнгөлж өгсөн. 2020 оны 6 дугаар сард Б ХХК үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн байдлаар тогтвортой ажиллуулаагүй учраас аль болох боломжоороо төлөөрэй гэдэг байдлаар хэлж байсан. Нөхцөл байдлын улмаас түрээслэгч нараас түрээсийн төлбөр төлөгдөөгүй маш ихээр бөөгнөрч байсан. Ингээд ажиллахгүй байгаа, түрээсийн төлбөр маш ихээр бөөгнөрч удсан байсан учраас түрээсийн гэрээг дангаар цуцалсан. 2020 оны 6 дугаар сарын төлбөр 1.210.000 төгрөг болсон. Анх түрээсийн гэрээ байгуулснаас хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл интернетийн төлбөр 250.000 төгрөгийг нэмж, нийт 4.293.666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төлбөрт алданги тооцоогүй гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б эмнэлэг нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 38 тоот хаягт байрлах 3 давхрын 252 м2, зоорийн давхрын гал тогоо бүхий 18 м2, хоолны заал бүхий 26 м2 талбайг бүхий ажлын байрыг ММ ХХК-тай байгуулсан гэрээнд заасан нөхцөлөөр түрээслэн ажиллаж байсан.

Ингээд цар тахал гарснаар хүмүүс багасаж эмнэлэгт байх шаардлагагүй гэдэг байдлаар улс даяар мэдэгдэл ирснээр өвчтөнүүд айдас хүйдэстэй болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээ больсон. Бидний зүгээс бүх ажилчдаа амраагаад үйл ажиллагаагаа зогсоож, 2020 оны 3 дугаар сараас хойш 21 хоног ажиллаагүй. Нэгэнт хөл хорио тогтоосон байсан учраас эмнэлэгт ирэх ч хүн байхгүй байсан.

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3 дугаар эмнэлэгт манай худ нуруугаа хугалж, мэдээгүй болоод хагалгаанд ороод тухайн өвчтөн цус алдаж, бидэнд цус олдохгүй байж байтал М.Т утастаад өнөөдөр түлхүүрээ авна гэсэн. Бид ийм байдалтай байгаа талаар нөхцөл байдлаа хэлэхэд заавал өнөөдөр түлхүүрээ авна гэж утсаар яриад хүн явуулж түлхүүр авахуулна гээд н.Батбаатар гэж залуу ирсэн. Тэгээд чи юу хийдэг хүн бэ гэж асуухад би энэ компанийн санхүүгийн шинжээч гэж хэлсэн. Тэгээд би түүнд 17 ширхэг жижиг түлхүүрийг 3 ш хар түлхүүрийн хамт өгөөд явуулсан. Тэр шөнөдөө настай хүний бие маш муу байсан учраас эмнэлэг дээр хоносон.

2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр М.Т албан бичиг өгсөн гэж хэлээд байдаг боловч албан бичгийг тэр өдөр надад өгөөгүй. Бидний юмыг зөөхдөө урьдчилан албан тоот өгч мэдэгдэх ёстой байхад ямар ч бичиг өгөөгүй бидний өмч хөрөнгийг дээрээс доош зөөсөн байсан. Сүүлд нь албан бичгээ авъя, ажилд орох гэсэн юм гэхэд гал тогооны заалны хэсэгт манай эд хөрөнгийг хураасан байсан. Би тухайн үед бичгийг аваад юу ч хэлээгүй гараад явсан. М.Т-д дараа нь юмаа авах талаар ярихад эхлээд мөнгөө л өгчих гэдэг шаардлага тавьж байсан. Тайлан тооцоогоо хийе гэхэд нягтлантай тооцоо нийлэх шаардлагагүй, надтай тооцоо нийл гэж хэлсэн. Энэ хүнтэй болохгүй болохоор мэргэжлийн хүнтэй уулзъя гэдэг байдлаар шаардлага тавихад уулзуулахгүй өнөөдрийг хүргэсэн.

Бидний эд хөрөнгийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр аваад өнөөдрийг хүртэл аваагүй явж байгаа. М.Т-д ажлын байргүй болохоор мөнгө олоход хэцүү байна гэж хэлэхэд эхлээд мөнгөө л ол гэдэг зүйл хэлдэг байсан. Би найзынхаа ажлын байранд ажиллаж, нөхрийнхөө тэтгэврийн мөнгийг өөрийн мөнгөтэй нийлүүлээд өгч байсан. Сүүлд Эрдэнэтээс ирсэн хүнд эмчилгээ хийж, ачаа дагуулаад мөнгө олохын тулд би өвчтөнийг ганцаараа харж хандаж байсан. Тэр хүнийг тав тухтай байлгахын тулд, мөнгө олохын тулд би маш хичээсэн. Гэтэл энэ хүн паараа хаагаад хүйтэн болоход 2 давхар хөнжлөөр хучаад гаднаас тень авчран өрөөг нь дулаацуулсан. Энэ хугацаанд би боломжийн хэрээр ажил хийж мөнгө олж түрээсийн төлбөрийг төлж байсан.

2020 оны 6 дугаар сарын 11-ний дотор ажлын байрыг хүлээлгэн өгнө үү, мөн 2 дугаар сарын түрээсийн үлдэгдэл 800.000 төгрөг, 3 дугаар сарын 10 хоногийн ажилласан төлбөр 1.833.333 төгрөг, 4 дүгээр сарын үлдэгдэл 2.800.000 төгрөг, 5 дугаар сарын үлдэгдэл 2.800.000 төгрөг, 6 дугаар сарын 11 хоногийн 1.210.000 төгрөг, интернет ашигласны төлбөр 250.000 төгрөг, нийт 9.693.333 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор манай компанийн дансанд шилжүүлнэ үү, харин манай гал тогоог ашигласан цахилгааны төлбөрийг авахгүй байхаар шийдсэн. Уг нөхцөл байдал дуусаж сайхан болмогц дахин хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг өгсөн.

Шүүхэд нэхэмжилсэн дүн, албан бичигт байгаа мөнгөн дүн зөрүүтэй байна. Би 9.693.333 төгрөгөөс өнөөдрийг хүртэл дансанд нь шилжүүлж байсан төлбөр нийт 8.500.000 төгрөг төлөөд 1.193.333 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Анх өгч байсан 5.500.000 төгрөгийн барьцаа байгаа болохоор үлдэгдэл 1.193.333 төгрөгийг суутгаад үлдсэн 4.307.000 төгрөгийг буцааж авах юм байна гэхэд тийм зүйл байхгүй гэдэг тайлбар өгсөн. Миний хувьд анх гэрээ байгуулснаас хойш нийт 16.434.000 төгрөг төлсөн байдаг.

Анх барьцааны төлбөр болох 5.500.000 төгрөгийг надтай хамт ажилладаг Батсүхийн Санчир гэдэг хүнээс дансаар шилжүүлэн авсан байсан. Би 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт 5.500.000 төгрөгийг төлсөн. Ингээд төлсөн нийт төлбөрт Б.Санчирын өгсөн 5.500.000 төгрөгийг оруулаад үлдэгдэл 4.307.000 төгрөгийг надад буцаж өгөх ёстой юм. Тэгээд бид чи барьцааны мөнгөө оруулаад 20 сая болгоод байна гэхэд та буруу яриад байна, үлдэгдэл төлбөрийг бид өгөх учиргүй, үлдэгдэл төлбөрийг өг гээд өөр юм ярьдаггүй. Миний хувьд энэ хүнд үлдэгдэл төлбөрийг өгөх учир байхгүй. Гэрээнд тухайн түрээслэгч байрыг эвдэж гэмтээсэн, ёс бусаар ашигласан бол тэр мөнгийг буцааж олгохгүй гэдэг шаардлага байгаа. Гэтэл тийм зүйл байгаагүй.

Нэгдүгээрт, ажлын байргүй болгож эд хөрөнгийг битүүмжилсэн байж биднээс мөнгө нэхээд байгаа. Хоёрдугаарт, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, маш бүдүүлэг харьцдаг. Манайх 13 ажилчидтай бүгд ажилгүй болсон. Бүх эд хөрөнгийг дураар дур мэдэн бүх юмыг зөөсөн. Манай компанийг дампууруулсан. Манай бүх ажилчид ажилгүй болж амьдралд нь нөлөөлсөн. Манайх бүх төрлийн шинжилгээ авдаг лабораторитой бүх багаж төхөөрөмжийг бүгдийг хураасан. Тусгай журмаар хадгалагддаг горим нь алдагдсан, тоног төхөөрөмжүүдийг шаардлага хангахгүй байдлаар хураасан. Урвалж уусмалуудыг тусгай журмаар үзэж хадгалдаг байгаа. Энэ хүний гэрээ цуцлах тухай албан бичиг болон сүүлд өгсөн нэхэмжлэл дээрх төлбөрийн дүн нь хоорондоо зөрдөг. Би чадах хэмжээгээрээ орлого олох бүртээ өгч байсан учраас энэ хүнд 4.307.000 төгрөг төлөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,293,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2020 оны 01 дүгээр сарын 15ы өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч М ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 38 тоот хаягт байрлах 3 давхрын 252 м.кв, зоорийн давхрын гал тогоо бүхий 18 м.кв, хоолны заал бүхий 26 м.кв ажлын байрыг нэг сарын 5,500,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч Б ХХКнь түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн байна.

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа байх бөгөөд Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь бичгийн хэлбэрээр байгуулсан дээрх гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг үүрэгтэй байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ Түрээслэгч ММ ХХК-ийн захирал М.Т эд хөрөнгийг маань барьцаалснаас болж эмнэлгийн үйл ажиллагааг дампууруулсан, түрээслэгч паар таслах зэргээр гэрээний үүргээ эхэлж зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гэрээг дуусгавар болгоно.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон Ажлын байрны түрээсийн гэрээ-ний 9.2-т Гэрээний аль нэг тал гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал нь ноцтой зөрчлийг арилгуулахаар буруутай талдаа мэдэгдэнэ. Буруутай тал мэдэгдэл хүлээн авснаас хойш хуанлийн 10 хоногийн дотор тухайн зөрчлийг арилгах арга хэмжээ авна. Хэрэв буруутай тал хуанлийн 10 хоногийн дотор ноцтой зөрчлийг арилгаагүй эсвэл гэрээний бусад үүргээ удаа дараа зөрчсөн бол нөгөө тал нь буруутай талд бичгээр мэдэгдсэнээр энэхүү гэрээг дангаар нэн даруй цуцалж болох бөгөөд гарсан хохирлыг буруутай тал хариуцна гэж заажээ.

Түрээслүүлэгч М ХХК нь Монгол улсад коронавирусын халдвар гарч, Улсын онцгой комиссоос худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан түрээсийн төлбөрийг 2020 оны 3 дугаар сард 20 хувиар, 2020 оны 5 дугаар сард 40 хувиар тус тус бууруулжээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, түүнчлэн 208 дугаар зүйл 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу түрээслэгч тал тухайн сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн хэдий ч энэхүү үүргээ зөрчиж, түрээсийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн байна.

Түрээслэгч Б ХХК нь түрээсийн төлбөрт 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг төлж, гэрээнд заасан төлбөрийг сар бүрийн 5-ны дотор төлөх үүргээ удаа дараа зөрчсөнөөс гэрээний 9.4.1-т Түрээсийн төлбөр төлөх хугацаа 30-аас дээш хоногоор хэтэрсэн зааснаар түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл бүрдсэн байна.

Түрээслүүлэгч М ХХК нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид 2020 оны 6 дугаар сарын 01, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус хүргүүлж, Ажлын байрны түрээсийн гэрээ-г 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болжээ.

Талуудын маргаагүй тайлбараар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр түрээслэгч Б ХХК нь түрээсийн байрны түлхүүрийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгч, түрээслэгч нь түрээсийн байрнаас түрээслүүлэгчийн эд хогшлыг чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байх тул 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг түрээслэгч Б ХХК нь төлөх үүрэгтэй.

Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу түрээслэгч Б ХХК нь түрээсийн төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 2,933,333 төгрөг, 2 дугаар сард 5,500,000 төгрөг, 3 дугаар сард 1,833,333 төгрөг, 4 дүгээр сард 4,400,000 төгрөг, 5 дугаар сард 3,300,000 төгрөг, 6 дугаар сард 1,210,000 төгрөг, нийт 19,426,666 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд түрээсийн гэрээний хугацаанд нийт 15,133,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид барьцаа төлбөр болох 1 сарын түрээсийн төлбөр 5,500,000 төгрөгийг Б.Санчирын дансаар шилжүүлсэн, мөн 2020 оны 3 дугаар сард түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх төлбөрүүдийг төлсөн нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас Ажлын байрны түрээсийн гэрээ-ий дагуу түрээсийн төлбөрт 4,293,666 төгрөг /19,426,666-15,133,000/ гаргуулж нэхэмжлэгч ММ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Харин ажлын байрны зориулалтаар түрээсэлж байсан түрээсийн талбайд байсан хариуцагчийн өмчлөлийн эмнэлгийн тоног төхөөрөмж одоо М ХХК-ийн эзэмшилд байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ заасан, тодруулбал, түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний төрөлд хамаардаг тул уг харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам мөн адил үйлчилнэ.

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгчийн зүгээс үүргийн биелэлтийг хангуулахаар түрээслэгчийн өмчлөлийн хөрөнгийг ийнхүү хуулийн дагуу түр саатуулж, түүний өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах юм.

Иймд нэхэмжлэгч М ХХК-г Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч Б ХХК-ийн эд хөрөнгийг саатуулан барьсан гэж үзнэ.

Хариуцагч Б ХХКнь М ХХК-ийн захирал М.Т манай компаний эд хөрөнгийг барьцаалж өгөхгүй байгаагаас эмнэлгийн үйл ажиллагаа зогсож, хохирол учирсан гэж маргадаг боловч энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй болохыг дурдъя.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан Б ХХК-иас 4,293,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ММ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83,648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ