Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/959

 

 

      2024            11               28                                           2024/ШЦТ/959

                                                                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтөлж,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О** овогт Ц.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24050000010** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О** овогт Ц.Б (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

           Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 6 дугаар сарын 14-өөс 6 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” зочид буудлын эд зүйл болох 35,000 төгрөгийн үнэ бүхий жижиг сандал 1 ширхэг, 70,000 төгрөгийн үнэ бүхий том сандал 1 ширхэг, 247,000 төгрөгийн үнэ бүхий хаалга, 290,000 төгрөгийн үнэ бүхий вакум цонх зэргийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас нийт 642,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” зочид буудлын 305 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сандал, цонх, хаалга зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 642,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас, 17 дугаар хуудас, 20 дугаар хуудас),

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаартай “…Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай **** зочид буудлын 305 тоот өрөөний эвдэрсэн гэх эд хогшилд учирсан хохирлын бүгд үнэ цэнэ 642,000 төгрөг болохыг тодорхойлов…” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 32-46 дугаар хуудас),

Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас).

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

    Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

    Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” зочид буудлын 305 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сандал, цонх, хаалга зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 642,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, 232 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс (300,000 төгрөг) дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

“Эд хөрөнгө гэмтээх” гэж бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг, “эд хөрөнгө устгах” гэж тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан санаатай үйлдлийг тус тус ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ц.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “****” зочид буудалд 642,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Тухайн иргэнээс хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол саналгүй болно” гэдгээ шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Бг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Б-т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

III. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О** овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ЗОЛБОО