Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02344

 

 

 

 

 

 

 

 

 

2020оны 09сар ы 17

 

 

181/ШШ2020/02344

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Ц /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: П.Б /РД:/-т холбогдох

 

18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг нар оролцов.

 

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц нь П.Бтай 2017 оны 03 сард 37,000,000 төгрөг өгч, барьж байгаа барилгадаа цахилгаан шат захиалсан. Гэтэл П.Б цахилгаан шатаа өгөөгүй ба мөнгөө нэхээд очтол 2 хуучин машинаа 19,000,000 төгрөгт бодож өгөөд үлдсэн 18,000,000 төгрөгийг өгнө гэж хэлсээр одоог хүртэл өгөөгүй байгаа. Мөнгөө удаа дараа шаардахад 2018 оны 06 сарын 09-ний өдөр би танд мөнгийг чинь төлнө, санаа зоволтгүй гээд 18,000,000 төгрөг тун удаахгүй өгнө, өгөхдөө сар бүр 2 сая төгрөг өгсөөр байгаад мөнгийг чинь өгч дуусгана гэж өөрийн гараар бичиж, хэлсэн зүйлээ баталгаажуулсан боловч үүнээс хойш огт мөнгө төлөхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон тул Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, шүүхээс П.Быг эрэн сурвалжлах шийдвэр гарч, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжилж олсон. Ц.Ц одоог хүртэл 18,000,000 төгрөгөө П.Баас авч чадахгүй байгаа тул П.Баас 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч П.Бт холбогдуулан 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь заалтад Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч П.Бт 2017 оны 03 сард 37,000,000 төгрөг өгч, барьж байгаа барилгадаа цахилгаан шат захиалсан гэснийг хариуцагч үгүйсгэн татгалзаагүй, уг үйл баримтад маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Ц.Ц нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдагч тал буюу хариуцагч П.Бт 37,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч П.Б нь худалдах худалдан авах гэрээний дагуу цахилгаан шатыг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгийг хариуцагч үгүйсгэн татгалзаагүй, уг үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч Ц.Цг худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч П.Быг худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч П.Бтай байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдах худалдан авах гэрээний дагуу түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч П.Б нь нэхэмжлэгч Ц.Цгаас худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан 37,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 06 сарын 09-ний өдрийн огноо бүхий Баталгаа гаргах нь. Пидраа Батбаяр би Цэрэнжанцан гуайд нийт 18,000,000 төгрөгийг нэг сарын 2,000,000 төгрөг ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэсэн агуулга бүхий гараар бичсэн баримт /хх-4 тал/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд хариуцагч П.Баас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтыг баримтлан хариуцагч П.Баас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Баас 247,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР