Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Галтбаатарын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2019/00005 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, ПЕ59101513 тоот регистрийн дугаартай, Хүүд ноёдынхон овогт  Ноосонгийн Галтбаатарын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Н.Галтбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлтээр хөдөө эцэг эхийн хамт мал дээр гарч, 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажилласан. 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажилласан. 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд анх малчнаар ажилд орсон, гарсан тушаал байхгүйн улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

            Иймд Н.Галтбаатар намайг 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

                Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2019/00005 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЕ59101513 тоот регистрийн дугаартай, Хүүд ноёдынхон овогт Ноосонгийн Галтбаатарын 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

                Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Н.Галтбаатар нь 1990-2000 онуудад хувиараа мал маллаж байсан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүнийг эрх зүйн байдалд нөлөөлж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.Галтбаатарыг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Хүсэлт гаргагч Н.Галбаатар нь 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар, 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 2 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-нд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Галтбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат нь “1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар, ажиллаж байсан” гэж хүсэлтийн шаардлагыг өөрчилжээ.

            Шүүх хүсэлтийн шаардлагыг өөрчилсөн хэмжээнд хангаж шийдвэрлэжээ.

            Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл.

Хүсэлт гаргагч Н.Галтбаатар нь 1990-2000 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл бүхий 2014 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ...1990 оны  1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан гэж “хугацааг нь” давхардуулан тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалттай нийцээгүй байна.

            Мөн шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээр дурдсан хүсэлтийн шаардлага, үндэслэлийг тодруулах байжээ.

            Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шийдвэрийг хүчингүй болгосон тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олголоо.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШШ2019/00005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР