| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
2025 01 21 2025/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
хохирогч Г.М,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.А-т холбогдох эрүүгийн 242500000****** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 2001 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн ** настай, эрэгтэй, ************* боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******” /*******/ зөөгч ажилтай, ам бүл *, аав, ээж, дүү нарын хамт ********* ************** ************** ************ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
*********** овогт Батбаярын А /РД; *****************/,
Шүүгдэгч Б.А нь;
2024 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг “GS-25” /Жи Эс-25/ сүлжээ дэлгүүрийн гадаа хохирогч Г.М-д “найзтай маргалдаж, намайг цохилоо” гэсэн шалтгаанаар уурлаж түүний нүүр, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “эрүү, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чихний дэлбэн, хэвлий, хүзүүнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.А “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. М-ын биед хүрсэн нь миний буруу, би энэ хүнтэй уулзах гээд 2024 оны 10 дугаар сарын 30, 31, 11 дүгээр сарын 4, 5-нд өөрийн биеэр цагдаа дээр очсон, араас нь нэлээн хэд хоног явсан. М-тэй хамт эмнэлгээр явсан, Эрдэнэт мед эмнэлэгт очиж хамрын нарийн зургийг нь авахуулж, зурагны үнэ 130.000 төгрөг төлсөн. Хохирогчийн эмчилгээний зардлыг нотлогдсон баримтыг үндэслэн төлнө. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
хохирогч Г.М “...тухайн шөнө “GS-25” дэлгүүрийн гадаа С-тай маргаж байхад дундуур А гэдэг залуу орж ирээд намайг зодсон, миний хамар, шанааны тулгуур яс хугарсан, тулгуур ясаа эмчлүүлмээр байна, бид хоёр хамт явж эмчтэй уулзахад “эрүүний ясны хагалгааны зардал 5.000.000 төгрөг орчим, нүдний хагалгааны зардал 1.000.000 төгрөг орчим болно” гэж хэлсэн. Тэдэн төгрөгийн зардал болох нь гэж хэлэхэд Б.А “яана аа” гэж байснаа зугтаад алга болсон, сүүлдээ утас нь холбогдохгүй болж, намайг блоклсон. Хотод гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн, эмч нар “цаашид хүнд үр дагавартай байна, эрүү, нүүрний хагалгаа хийлгэхгүй яваад байвал хугарсан эрүүг чинь тайрна, хөгжлийн бэрхшээлтэй болно, ажил хийж чадахгүй болно шүү” гэж хэлсэн. Би хувийн байдлын хувьд боломжгүй байгаа учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна, эрүүний болон хамрын хагалгааны төлбөр, мөн өвчтэй байсан 1 сар 20 хоногийн цалин нийт 11.000.000 төгрөг нэхэмжилнэ.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан;
хохирогч Г.М-н “...2024 оны 10 дугаар сарын 29-30-ныг шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг “GS-25” дэлгүүрийн гадаа А, А нарын хамт зогсож байтал С, Б, А гурав машинтай ирсэн. ...С надад “чи хүнийг хэл үгээр доромжлохгүй шүү” гэж хэлсэн. ...Нэг мэдсэн Стай барьцалдаж аваад намайг дугтрахаар нь би зөрүүлээд цохисон, ...А С бид хоёрыг салгаад хоёр тийш болгож намайг зодсон, зодохдоо нүүрэн тус газар цохиж зодсон. ...хохирлоо барагдуулмаар байна, миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй, нэхэмжлэх шаардлагагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч С.Д-н “...2024 оны 10 дугаар сарын 29-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг “GS-25” дэлгүүрийн гадаа М ах, А, А нарын хамт очсон. ...үл таних гурван залуу ирээд нэг нь дэлгүүр орсон, гадаа хоёр нь М ахтай муудалцаад байсан. М, А хоёр бие, биенээ харилцан цохилцсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч Д.С-ын “...2024 оны 10 дугаар сарын 29-ний орой Баялаг дээр ажил дээрээ байж байхад М намайг эхэлж өдсөн, учир нь “наад гөлөг шиг юм аа яах гээд ахаа гээд байгаа юм, п***а” гээд А, А хоёрт хэлээд байсан. ...Ажил тараад А, Б хоёртой юм идэх гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг “GS-25” дэлгүүр орсон, дэлгүүрийн гадаа М А, А гурвыг харсан. Би машинаас буугаад А, А хоёрыг “юу хийж яваа юм, харихгүй юм уу” гэсэн, М над руу эргэж муухай харсан, тэгэхээр нь би “чи хүнийг харааж, ерөөгөөд явдаг юм уу, би чамтай юу ч яриагүй шүү дээ” гэсэн, ...“чи ер нь юу яриад байгаа юм” гээд намайг заамдаад авсан, би “тавь” гэж хоёр гараараа цээж рүү нь өөрийгөө тавиулах гээд түлхтэл миний нүүрэн тус газар цохиж авсан, хамраас цус гарсан. Тэгээд байж байтал А дундуур орж ирж салгахад М тэр хоёр муудалцаад, хэн, хэнийгээ цохиод эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
гэрч С.Б “...2024 оны 10 дугаар сарын 29-30-ныг шилжих шөнө найз А, С нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг “GS-25” дэлгүүр орсон, би дотогш орж авах юмаа хараад явж байтал манай хоёр найз орж ирээгүй болохоор нь гараад харсан чинь тэр хоёр хүнтэй муудалцаж байсан. Тэгэхээр нь би Сыг Мэс салгаж аваад цааш харахад А нь А, А хоёртой цаана харанхуйд юм яриад байсан. ...С, М хоёр барьцалдсан байдалтай хэн, хэнээсээ зууралдсан байсныг би салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч Ц.А-ын “...дэлгүүрийн гадаа М, А бид гурав зогсож байсан, гэтэл А, С, Б гурав ирсэн, С ах А бид хоёрыг “ийм орой юу хийж яваа юм харьж марихгүй юм уу” гэсэн. ...С ах М ах дээр очоод юм яриад муудалцаад байх шиг байсан, тэр хоёр барьцалдаж аваад С ах М ахыг хоёр гараараа дугтарсан. Тэгсэн М ах С ахыг цохиж аваад хамраас нь цус гарсан, С ах хамраа дараад доош тонгойсон, ...А ахыг М ах түрүүлж цохиж аваад тэр хоёр зодолдоод эхэлсэн. ...М-г А-аа бид хоёрыг харж байхад А ах цохиж зодсон. С, Б хоёр гар хүрч цохиж, зодоогүй. ...М ах С, А хоёрыг цохиж, хамраас нь цус гаргасан. ...М ах хэд хоногийн өмнө над руу чатаар “энэ гурвыг гурвууланг нь зодсон гэж хэлээрэй, би явуулдаг газар нь явуулна” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Б.А-н яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Найзыг маань цохиж зодсон учир би салгасан, намайг түрүүлж цохих үед би хохирогчийг цохиж зодсон. Хохирогчийн биед гэмтэл, бэртэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 994 дугаартай; “...Г.М-н биед “эрүү, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чихний дэлбэн, хэвлий, хүзүүнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан, дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,
хохирогч Г.М-н;
Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Орхон БОЭТ-ийн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Дүрс оношилгооны тасгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
цалингийн тодорхойлолт /хавтаст хэргийн 64 дэх тал/,
хохирол нэхэмжилсэн 220.000 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 64-68 дахь тал/,
шүүгдэгч Б.А-н;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/,
хохирол төлбөрт 130.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 95 дахь тал/,
шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.А дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр,
мөн мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан, хохирогч Г.Мйн “...нэг мэдсэн Стай барьцалдаж аваад намайг дугтрахаар нь би зөрүүлээд цохисон, ...А С бид хоёрыг салгаад хоёр тийш болгож намайг зодсон, зодохдоо нүүрэн тус газар цохиж зодсон.” гэх,
гэрч С.Д-н “...М, А хоёр бие, биенээ харилцан цохилцсон.” гэх,
гэрч Д.Сын “...А дундуур орж ирж салгахад М тэр хоёр муудалцаад хэн, хэнийгээ цохиод эхэлсэн.” гэх,
насанд хүрээгүй гэрч Ц.Аын “...А ахыг М ах түрүүлж цохиж аваад тэр хоёр зодолдоод эхэлсэн. ...М-г Ааа бид хоёрыг харж байхад А ах цохиж зодсон.” гэх,
Б.Айн өөрийнх өгсөн “...хохирогчийн биед гэмтэл, бэртэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 994 дугаартай, “...эрүү ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан, дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлтээр болон хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг “GS-25” сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
шүүгдэгч Б.А нь 2024 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг “GS-25” дэлгүүрийн гадаа хохирогч Г.М-тэй маргалдаж, улмаар түүний нүүр, толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “эрүү, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун чихний дэлбэн, хэвлий, хүзүүнд зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулсан нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Б.А-н үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.А-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
олон нийтийн газар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, цалин орлоготой байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чА бүрэн арилаагүй байдал, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлснийг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд,
мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...нөхцөл байдлыг буруугаар ойлгож, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хохирогчийг эмнэлгээр дагуулж явсныг, эмчилгээний зардалд 130.000 төгрөг төлснийг, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал гаргасныг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар А, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Шүүх хуралдааны үед өмгөөлөгч Ц.М “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.6-д заасан нөхцөл байдлууд байгааг харгалзан үзнэ үү.” гэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;
тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг,
гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн гэдэгт хохирогчид эмнэлгийн анхан шатны шаардлагатай тусламж үзүүлсэн, амь нас, эрүүл мэндийг нь аварч болох газарт хүргэсэн, эмнэлгийн тусламж дуудсан, шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгсэл өгсөн байхыг,
учруулсан хохирлыг төлсөн гэдэгт гэмт хэргийн улмаас шууд учруулсан хохирлоо ухамсарлаж хэний ч шахалтгүйгээр сайн дураараа төлсөн байхыг,
нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6-д заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлгүй байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Г.М нь хохирол, төлбөр нэхэмжилж, чих хамар хоолойн эмчийн үзлэгийн 25.000 төгрөгийн, нүдний эмчийн багц үзлэгийн 30.000 төгрөгийн, “Эрдэнэ дент” шүдний эмнэлгийн 35.000 төгрөгийн, үг, үсэг нь харагдахгүй болсон баримт /шүүх хуралдааны үед улсын яллагч 130.000 төгрөгийн баримт гэж тайлбарласан/ нийт 4 ширхэг 220.000 төгрөгийн баримтуудыг гаргаж хавтаст хэргийн 64-68 дахь талд хавсаргуулсан байна.
Хохирогч, шүүгдэгч нар дээрх баримтуудад, мөн 130.000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй тул шүүх шүүгдэгчийн төлөөгүй үлдсэн чих хамар хоолойн эмчийн үзлэгийн 25.000 төгрөгийн, нүдний эмчийн багц үзлэгийн 30.000 төгрөгийн, “Эрдэнэ дент” шүдний эмнэлгийн 35.000 төгрөгийн баримтуудыг үнэлээд шүүгдэгчээс 90.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхэд шүүгдэгч уг төлбөрийг төлж барагдуулсан, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болсон.
Харин хохирогч Г.М “...эрүүний болон хамрын хагалгааны төлбөр, мөн өвчтэй байсан 1 сар 20 хоногийн цалин нийт 11.000.000 төгрөг” нэхэмжилсэн боловч үүнийг нотлох баримтуудаа гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх түүний эрхийг нь нээлттэй үлдээв.
Хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Хохирогч Г.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хэрэгт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э