| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00798/И |
| Дугаар | 155/ШШ2017/00938 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2017/00938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, РБ73090900 дугаар регистртэй, Дамбан хар овогт Цэдэндоржийн Энхбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах, Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох
Өөр ажилд буруу шилжүүлсэн тул урьд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00798/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хишигсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид тооцооны нягтлан бодогчоор 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр томилогдон ажиллаж эхэлсэн. Манай байгууллагын ерөнхий нягтлан бодогч В.Мөнгөнцэцэг бид хоёрын дунд 2017 оны 01 сараас үл ойлголцол гарч таарамжгүй харилцаа үүсэн ажлын байрны дарамт надад үзүүлэх болсон. Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ээлжийн амралтаа эдлэх гэж байтал захирал М.Пүрэвсүрэн дуудаж ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, В.Мөнгөнцэцэг та хоёр ажлаасааа халагд эсвэл эвлэр гэх шахалт үзүүлж өөр ажилд шилжүүлэн ажиллах хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл тэр өдрөө 27 дугаартай тушаал гаргаж, намайг мөнгөн хөрөнгийн няравын үүрэгт ажилд шилжүүлсэн байсан. Тушаалаа гардаж аваад амралтаа дуусаад ажилдаа орох гэтэл мөнгөн хөрөнгийн няравын ажлын орон тоо байхгүй байсан. Намайг ямар нэгэн дарамт шахалтаар ажлаас гаргах сонирхолтой байсныг мэдсэн. Манай байгууллага дээр ирсэн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын зөвлөмжид ганцхан надад арга хэмжээ ав гэсэн зүйл байгаагүй. Би мөнгөн хөрөнгийн няравын ажилд орохоор олон хоног хүлээж, асуудлаа шийдвэрүүлэхээр байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч шийдэж өгөлгүй байсаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Миний сарын үндсэн цалин 602.000 төгрөг бөгөөд шагналт цалин, удаан жилийн нэмэгдэл, хоол унааны мөнгө гэх нэмэгдлүүд нэмэгддэг. Би 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 64 хоног ажилгүй байна. Иймд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, урьд ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид урьд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.178.433 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Энхбаяр нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Б/27 тушаалаар мөнгөн хөрөнгийн няравын ажилд томилогдсон болно. Ц.Энхбаяр нь тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалин хөлсийг удаа дараа буруу бодсон, мөн аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хийгдсэн шалгалтаар түүнд холбогдох зөрчил, алдаа дутагдал гарсан зэрэг ажлын хариуцлага алдсан зөрчилтэй зүйлүүд байгаа болно. Ц.Энхбаярын дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Галт суманд 1993 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид хуулийн зөвлөх ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 21 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, РД93032709 дугаар регистртэй, Барнууд овогт Лхагвасүрэнгийн Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн алба болон аудитын шалгалт манай байгууллага дээр ирсэн. Тэр шалгалтаар Ц.Энхбаярыг ажилтны цалин хөлсийг удаа дараа буруу бодсон болохыг тогтоож, хариуцлага тооцон ажиллах зөвлөмж ирүүлсэн. Ц.Энхбаярыг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/27 дугаартай захирлын тушаалаар тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, кассын няравын ажилд томилсон бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас халж байгаа гэсэн үг биш юм. Манай байгууллагын орон тоог жил бүр Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталж өгдөг. Энэ жил кассын няравын 3 орон тоо баталсан, үндсэн ажилчдаа ажилуулж байгаа. Ц.Энхбаяр ээлжийн амралтаа дуусгаад ирэхэд ажлын байр байхгүй байсан хэдий ч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, мөн манай байгууллагын гүйцэтгэх захирлыг томилогдох хүртэл хугацаанд цагаа бүртгүүлээд яваад байх боломжтой байсан. Захирлын тушаал болгоныг би хянадаг. Харин энэ тушаалын хувьд хянаагүй. Ажил олгогчийн зүгээс яагаад ийм тушаал гаргасныг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Энхбаяр нь хариуцагч Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан өөр ажилд буруу шилжүүлсэн тул урьд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 3.178.433 /гурван сая нэг зуун далан найман мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааг хэтрүүлж Ц.Энхбаяр нь өөр ажилд буруу шилжүүлсэн тул урьд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаанд ээлжийн амралттай байсан, мөн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захиргаанд ажлын байраар хангаж, ажилд авах тухай хүсэлтийг шийдвэрүүлэхээр удаа дараа хандан, хариу хүлээж байсан болох нь түүний тус байгууллагад гаргасан хүсэлтийн хуулбарууд, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн амралтын мэдэгдэл, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт зэргээр тогтоогдож байх тул уг хугацааг сэргээн тогтоох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч нь Ц.Энхбаярыг ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан учир өөр ажилд шилжүүлсэн, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй, тус байгууллагын захирал томилогдох хүртэл хугацаанд цагаа бүртгүүлээд байх боломжтой байсан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Ц.Энхбаяр Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Ажил үүргийг өөрчлөн томилох тухай 27 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, 000281136 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.
Нэхэмжлэгч Ц.Энхбаярыг ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалин хөлсийг удаа дараа буруу бодож ажилдаа хайнга хандсан, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн Арга хэмжээ авах зөвлөмжийн дагуу гэх үндэслэлээр тооцооны нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулан мөнгөн хөрөнгийн няравын ажилд шилжүүлэн томилсон болох нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажил үүргийг өөрчлөн томилох, ажилд томилох тухай 27 дугаар тушаал, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д сануулах, 131.1.2-д үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3-д ажлаас халах гэж заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг. Гэтэл ажил олгогч хуулийн зүйл заалтад байхгүй албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг Ц.Энхбаярт ногдуулсан нь буруу байна. Ажил олгогч нь ажилтныг өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж, тус ажлын байраар хангахгүй байгаа нь түүнийг ажлаас халсантай адилтгаж үзнэ.
Ажил олгогчийн гаргасан Ц.Энхбаярыг өөр ажилд шилжүүлэн томилсон Ажлаас чөлөөлж, ажил үүргийг өөрчлөн томилох, ажилд томилох тухай 27 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй, тус тушаалд баримтласан хуулийн зохицуулалт ойлгомжгүй, хариуцагч ямар үндэслэлээр албан тушаал бууруулах арга хэмжээ авсан тухайгаа нотлож чадахгүй байх тул өөр ажилд буруу шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны 64 хоногийн цалинтай тэнцэх олговор 3.178.433 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн бүтэн сар ажилласан 3 сарын цалингийн хэмжээгээр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцсон ба тэрээр 2017 оны 2 дугаар сард 1.917.364 төгрөг, 3 дугаар сард 1.222.831 төгрөг, 4 дүгээр сард 1.051.200 төгрөг авч байсан нь түүний 000281136 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 4.191.395 төгрөг : нэг сард 1.397.131 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 64.982 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 63 хоногийн цалин 4.093.866 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 3.178.433 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 3.178.433 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иймд Ц.Энхбаярыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.178.433 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн үнэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29.042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гомдлын шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.178.433 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 65.805 төгрөгөөс, 36.763 төгрөг, нийт 106.963 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, үлдэх улсын тэмдэгтийн хураамж 29.042 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс ирүүлсэн цалингийн тооцооны баримт нотлох баримтын шаардлага хангахгүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхбаярын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажил үүргийг өөрчлөн томилох, ажилд томилох тухай 27 дугаартай тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсүгэй.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхбаярыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид урьд ажиллаж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.178.433 /гурван сая нэг зуун далан найман мянга дөрвөн зуун гучин гурав төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхбаярт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Энхбаярын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.042 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж нийт 106.963 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, үлдэх улсын тэмдэгтийн хураамж 29.042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА