Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

2025      01          15                                         2025/ШЦТ/26

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

улсын яллагч Л.Т,

шүүгдэгч О.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч О.У-т холбогдох эрүүгийн 2425000000**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** ******* ******* төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхийн хамт ****** ******* ******* ******** ***** тоотод оршин суух хаягтай, урьд;

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

С овогт О-ийн У /РД; ***********/,

Шүүгдэгч О.У нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “CU” дэлгүүр дотор хохирогч Т.Б-тэй шалтгаангүйгээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “хоёр шүдний булгарал, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч О.У “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Т.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15.00 цагийн орчим Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдааны төвөөр үйлчлүүлж байгаад үл таних согтуу хүнд цохиулж гэмтсэн, ...тухайн хүн бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Би тухайн дэлгүүрт ундаа авах гэж ороод зогсож байтал нэлээн согтуу хүн гаднаас орж ирээд биеэрээ намайг түлхээд, мөрлөөд байсан, би холдоод зогсож байтал хажуу талаас цохиод гараад явсан, ...миний нүүр хэсэгт буюу шүд рүү нэг удаа зүүн гараараа цохисон, үүдэн нэг шүд унасан, уруул язарч гэмтсэн, эмнэлэгт очиж долоон оёо тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

“...дээд үүдэн нэг шүд, доод уруулын шарх зэрэг гэмтэл бэртэл авсан. Надад сэтгэл санааны хохирол учраагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...унасан шүдээ янзлуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч З.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “CU” сүлжээ дэлгүүрт кассын ажлаа хийгээд сууж байхад гаднаас нүдний шилтэй, урт хар цувтай эрэгтэй хүн орж ирээд ус, ундаа, кофе аваад байж байсан чинь согтуу эрэгтэй хүн орж ирээд дэлгүүр дотор агсарсан шинжтэй яваад байсан. Тэгээд ус, ундаа авсан эрэгтэй хүнтэй тэр согтуу хүн хажуугаар нь гарах гээд шүргэлцсэн чинь тэр согтуу хүн өөдөөс нь дайрсан чинь нүдний шилтэй эрэгтэй хүн “холдоорой, та их уусан байна” гээд холдсон чинь араас юм яриад байхаар нь түлхээд хаалгаар гаргасан чинь буцаж орж ирээд нүдний шилтэй эрэгтэй хүний нүүрэн тус газар нь нэг удаа цохичихоод гараад яваад өгсөн. Зодуулсан эрэгтэй хүн тэр согтуу хүнтэй хэрүүл маргаан үүсгээгүй, согтуу хүн нь агсраад яваад байсан, “дээд талын хоёр шүд хугарсан, цагдаа дуудаад өгөөч” гээд цагдаа дуудаад хэсэг хугацааны дараа цагдаа ирээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

шинжээч эмч Э.Батбаярын “...хоёр шүдний булгарал гэмтэл нь дан, дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн үеийн үзлэгээр баруун дээд нэг, зүүн дээд нэгдүгээр шүд булгарсан байсан, тухайн баруун, зүүн дээд нэгдүгээр шүдний буйланд аль алинд цус хуралт үүссэн байсан тиймээс хоёр шүдний булгарал гэж үзсэн. Тухайн үед Т.Б нь хиймэл шүдтэй эсэх талаар хэлж яриагүй. Хохирлын зэргийг зөвхөн өөрийн байгалиас заяагдсан буюу төрөлх эрхтэнд тогтооно, хиймэл эрхтэнд хохирлын зэрэг тогтоохгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, 

О.У-ын яллагдагчаар өгсөн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “CU” сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан залуутай мөрлөлцөөд тэгээд нөгөө залууг нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 902 дугаартай; “...Т.Б-ийн биед хоёр шүдний булгарал, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь дан, дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учир учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

хохирогч Т.Бийн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “CU” худалдааны төвд үйлчлүүлж байгаад үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15.40 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “CU” дэлгүүрийн дотор талыг харуулсан”  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...2024-10-19 Tue 15:12:30 гэсэн бичиглэлтэй бичлэг эхэлж байх бөгөөд хохирогч Т.Б нүдний шилтэй, дээгүүрээ хар бараан өнгийн пальтотой, доогуураа шаргал өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай байх бөгөөд сэжигтэн О.У-тай хоорондоо маргалдаж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байх бөгөөд 15:13:31 секундэд хохирогч Т.Б сэжигтэн О.У-ыг түлхэж, дэлгүүрийн гарах хаалганы хэсэгт очиж зогсоход сэжигтэн О.У нь үүдний хаалганы хэсэгт очиж 15:13:43 секундэд хохирогчийн нүүрэн тус газар нэг удаа цохиж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Шүүгдэгч О.У-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн О.У-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч О.У дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн, шүүгдэгч О.У-ын “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч Т.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15.00 цагийн орчим Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “CU” худалдааны төвөөр үйлчлүүлж байгаад үл таних согтуу хүнд цохиулж гэмтсэн, ...миний нүүр хэсэгт буюу шүд рүү нэг удаа зүүн гараараа цохисон, үүдэн нэг шүд унасан, уруул язарч гэмтсэн.” гэх,

гэрч З.Б-ийн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр...согтуу эрэгтэй хүн орж ирээд дэлгүүр дотор агсарсан шинжтэй яваад байсан. ...түлхээд хаалгаар гаргасан чинь буцаж орж ирээд нүдний шилтэй эрэгтэй хүний нүүрэн тус газар нь нэг удаа цохичихоод гараад яваад өгсөн. Зодуулсан эрэгтэй хүн...“дээд талын хоёр шүд хугарсан, цагдаа дуудаад өгөөч” гээд цагдаа дуудаад хэсэг хугацааны дараа цагдаа ирээд аваад явсан.” гэх,

шинжээч эмч Э.Батбаярын “...хоёр шүдний булгарал гэмтэл нь дан, дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх,

О.Уын яллагдагчаар өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “CU” сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан залуутай мөрлөлцөөд тэгээд нөгөө залууг нэг удаа цохисон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 902 дугаартай, “...Т.Б-ийн биед хоёр шүдний булгарал, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт болон “CU” дэлгүүрийн хяналтын камерын “дотор талыг харуулсан” бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч О.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч О.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “CU” дэлгүүр дотор шалтгаангүйгээр хохирогч Т.Бийн нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “хоёр шүдний булгарал, доод уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.У-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг, шүүгдэгч О.У-ын үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч О.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч О.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч О.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар танхайрч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд,

          түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг түүнд анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгч О.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Хохирогч Т.Б нь хохирол төлбөртэй холбоотой баримт, нэхэмжлэл  гаргаагүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байгаа хэдий ч хавтаст хэргийн 17 дахь талд авагдсан хохирогчийн “...дээд үүдэн нэг шүд, доод уруулын шарх зэрэг гэмтэл бэртэл авсан. Надад сэтгэл санааны хохирол учраагүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...унасан шүдээ янзлуулмаар байна.” гэснийг нь үндэслэн түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хэрэгт хураан ирүүлсэн “CU” дэлгүүрийн дотор талыг харуулсан” хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт О-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч О.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Хохирогч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.

          7.Хэрэгт хураан ирүүлсэн “CU” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э