Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

 

2025      01          21                                         2025/ШЦТ/32

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Э.Г,

хохирогч М.Б,

шүүгдэгч Т.Х нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Т.Х-д холбогдох эрүүгийн 2425000000**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* ******** ****** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* ******** ********* ****** ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт **** ******* ******* ****** ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Э овогт Т-ийн Х /РД; **********/,

Шүүгдэгч Т.Х нь;

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт шугам, сүлжээ шинэчлэх ажил гүйцэтгэж байхдаа “надад туслаач гэж хэлэхэд үл тоосон” гэх шалтгааны улмаас хохирогч М.Б-д уурлан нүүр хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Т.Х “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч М.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул хэргийн талаар нэмж хэлэх зүйлгүй, харин 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин болон  хамрын хагалгааны зардал нийт 3.000.000 төгрөг нэхэмжилнэ.” гэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч М.Б-ын “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт шугамын ажил явагдаж ажил дээрээ байхад 15.00 цагийн орчим надтай цуг ажилладаг Х гагнуур хийж байхдаа намайг дуудаад байхаар нь би “хүлээж байгаарай, агаа” гэж хэлээд турбо авах гээд газар тэгшлээд байж байсан чинь Х ах ирээд “дуудаад байхад чи муу п***а яагаад ирэхгүй байгаа юм” гэж хэлээд миний баруун талын хавирга руу өвдөглөхөөр нь “яаж байгаа юм” гэж хэлээд түлхсэн чинь намайг барьж аваад баруун талын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод, куртикний малгайнаас дарж байгаад толгойн ар хэсэг рүү цохиод байсан. ...Э ах ирээд бид хоёрыг салгаад Х-ыг цааш нь аваад явж байсан чинь Х “би чамайг ална” гээд орилоод байсан. ...Х-д зодуулсны улмаас “Эрдэнэт медикал эмнэлэг”-ийн гэмтлийн тасагт тав хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн, толгойны томогрфакийн зураг авахуулсан, “Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт үзүүл” гээд үзүүлсэн чинь “хагалгааны заалттай юм байна, Улаанбаатар хот явж үзүүл” гэж хэлсэн. Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт үзүүлж бүх төрлийн шинжилгээ шинжилгээ өгсөн, тэгэхэд “нүдний ухархай цуурсан байна, хагалгаанд орох шаардлагатай” гээд 1-р эмнэлэгт нүдний ухархайн суулгацын хагалгаа хийлгэж, тэндээ гурав хоног хэвтээд гарсан, “хамрын хагалгаа хийлгэж магадгүй юм байна, эхлээд нүдээ сайн болго” гэж хэлсэн. ...Сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй. Гомдолтой байна, гарсан зардал 4.000.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/,

гэрч М.У-ийн “...өнөөдөр...16 цаг өнгөрч байхад ээжийнхээ гэрээс хоёр хүүхдээ авах гээд очсон, дүү Б толгойгоо барьчихсан сууж байсан, “толгой чинь өвдөөд байгаа юм уу” гэхэд над руу харсан чинь баруун талын нүд нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “ажлын газрын ах “туслаач хүрээд ир” гээд дуудах үед өөрийнхөө ажлыг барахгүй байж байхад хараалын үгээр хэлэхээр нь түлхсэн чинь намайг цохиод авахад ухаан балартаад юу болсныг санахгүй байна” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

гэрч Б.С-ийн “...Миний ойлгосноор манай нөхөр Бд ажлын шаардлага тавьсан, тэгэхэд нь эсэргүүцээд байсан юм шиг байна билээ, манай нөхөр “тэрнээс болоод хоёр алгадаад авсан” гэж байсан. ...Тэр асуудал болсны дараа орой би нөхөртэйгөө цагдаа дээр дуудагдан очиж Бтай уулзсан, Бын зүүн нүд хавдсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Т.Х-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Цагаанчулуут багт шугам хоолой тавих ажлаа хийж байгаад хамт ажилладаг дүү Быг “ирээд туслаад өгөөч” гээд төмөр өргүүлэх гээд 2-3 удаа дуудсан, ирж өгөхгүй “ажилтай байна” гээд зөрүүдлээд зогсоод байсан, тэгэхээр нь “чи өөр хүн дуудахаар ингэдэггүй юм билээ, намайг дуудахаар яагаад байгаа юм” гээд цээж рүү нь өвдөглөсөн, тэгэхэд “яагаад байгаа юм” гээд намайг түлхэхээр нь нүүр лүү нь хоёр алгадсан, куртикний малгайнаас доош нь дараад тэгээд салсан. Тэгээд 20-30 минутын дараа Бын баруун нүд хөхрөөд хавдсан, хэсэг байж байгаад ажлаа тарахаас өмнөхөн яваад өгсөн, орой нь цагдаад гомдол гаргасан байсан. ...Тухайн өдөр дуудаад ирэхгүй болохоор уур хүрээд цохисон, ...гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөр барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 77 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай; “...М.Б-ын биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь дан, дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11, 12-13 дахь тал/,

“Эрдэнэт медикал эмнэлэг”-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 397 дугаартай, “...үйлчлүүлэгч М.Б нь “Эрдэнэт медикал эмнэлэг” ХХК-д хэвтэн эмчлүүлэх тасагт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн болно.” гэсэн албан бичиг, хавсралт баримтуудын хамт /хавтаст хэргийн 59, 60-72 дахь тал/,

хохирогч М.Б-ын;

“...2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21.03 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

эмчилгээ хийлгэсэн, хагалгаанд орсон, мөн бусад гарсан зардал нэхэмжилсэн баримтууд /хавтаст хэргийн 22-42 дахь тал/,

шүүгдэгч Т.Х-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Т.Х-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Т.Х дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр,

мөн мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч М.Б-ын “...Х ах ирээд “дуудаад байхад чи муу п***а яагаад ирэхгүй байгаа юм” гэж хэлээд миний баруун талын хавирга руу өвдөглөхөөр нь “яаж байгаа юм” гэж хэлээд түлхсэн чинь намайг барьж аваад баруун талын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод, куртикний малгайнаас дарж байгаад толгойн ар хэсэг рүү цохиод байсан.” гэх,

гэрч М.У-ийн “...дүү Б толгойгоо барьчихсан сууж байсан, “толгой чинь өвдөөд байгаа юм уу” гэхэд над руу харсан чинь баруун талын нүд нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “ажлын газрын ах “туслаач хүрээд ир” гээд дуудах үед өөрийнхөө ажлыг барахгүй байж байхад хараалын үгээр хэлэхээр нь түлхсэн чинь намайг цохиод авахад ухаан балартаад юу болсныг санахгүй байна” гэж байсан.” гэх,

гэрч Б.С-ийн “...Тэр асуудал болсны дараа орой би нөхөртэйгөө цагдаа дээр дуудагдан очиж Б-тай уулзсан, Бын зүүн нүд хавдсан байдалтай байсан.” гэх,

Т.Х-ын өөрийнх нь өгсөн “...Б-ыг “ирээд туслаад өгөөч” гээд төмөр өргүүлэх гээд 2-3 удаа дуудсан, ирж өгөхгүй “ажилтай байна” гээд зөрүүдлээд зогсоод байсан, тэгэхээр нь “чи өөр хүн дуудахаар ингэдэггүй юм билээ, намайг дуудахаар яагаад байгаа юм” гээд цээж рүү нь өвдөглөсөн, тэгэхэд “яагаад байгаа юм” гээд намайг түлхэхээр нь нүүр лүү нь хоёр алгадсан...Б-ын баруун нүд хөхрөөд хавдсан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай, “...“хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. ...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь дан, дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Эрдэнэт медикал эмнэлэг”-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 397 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Т.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч, хохирогч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт шугам, сүлжээ шинэчлэх ажил гүйцэтгэж байхдаа хоорондоо маргалдаж, шүүгдэгч Т.Х нь хохирогч М.Б-д уурлан түүний нүүр хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь  “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Х-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж,  эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Т.Х-ын үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Т.Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Т.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 1.100.000 төгрөг төлснийг, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг, 

түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” гэсэн саналыг тус тус харгалзан,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

Хохирогч М.Б эмчилгээ хийлгэсэн болон хагалгаанд орсон зардал, мөн бусад зардал нэхэмжилж нийт 3.521.300 төгрөг гэж тооцоолсон баримтуудыг хавтаст хэргийн 22-42 дахь талд хавсаргуулсан байна.

          Шүүх хохирлын баримтуудыг нэгбүрчлэн тооцож, үнэлэлт дүгнэлт өгөөд,

          хэргийн 22, 24, 25, 27-34, 36-38, 40-42 дахь талуудад авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс 1.415.400 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор,     

          харин хэргийн 26 дахь талд авагдсан 175.000 төгрөгийн баримт “Доржготовын Б гэсэн нэртэй, 37/эмэгтэй” гэсэн буюу өөрөөр хэлбэл өөр Бын эмнэлэгт үзүүлсэн баримт байсан,

          35 дахь талд авагдсан Голомт банкны 90.000 төгрөгийн баримт гүйлгээ хийсэн баримт байх бөгөөд яг, юунд зарцуулсан нь тодорхойгүй,  

          39 дэх талд авагдсан 10.900 төгрөгийн баримт “хаясан гээсэн тасалбар /ОН/” гэсэн бичиглэлтэй зэрэг алдаатай, ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй тул 175.000+90.000+10.900=275.900 төгрөгийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож,

          хэргийн 23 дахь талд авагдсан 1.800.000 төгрөгийн “Имплант” гэсэн гүйлгээний утгатай баримт аль эмнэлэгт, ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байсан тул энэ баримтыг хэлэлцэхгүй орхисон бөгөөд хохирогч нь энэ баримтын талаар, мөн өвчтэй байсан хугацааны цалин болон эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн шийдвэрлэхэд шүүгдэгч нь “хохирол төлөх тул шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 16.30 цаг хүртэл завсарлуулав.

          Шүүх хуралдаан үргэлжлэхэд шүүгдэгч Т.Х “...1.100.000 төгрөгийг хохирогчид төлсөн, үлдэх 315.400 төгрөгийг маргааш буюу 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төлнө.” гэж тайлбарласан тул түүнээс 315.400 төгрөг гаргуулж хохирогч М.Б-д олгуулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э овогт Т-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Х-аас 315.400 төгрөг гаргуулж хохирогч М.Б-д олгож,

          нэхэмжлэлээс 275.900 төгрөгийн шаадлагыг хэрэгсэхгүй болгосныг,

          хохирогч М.Б-ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг тус тус дурьдсугай.

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э