| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
2025 01 20 2025/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
хохирогч Г.Г,
шүүгдэгч Г.Ж, З.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Ж, З.Ц нарт холбогдох эрүүгийн 2425005130**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр ********* ******* төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, **** ******* ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл **, найз охины хамт ****** ******* ***** ****** ********* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
А овогт Г-ын Ж /РД; ************/,
Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр ********* ******* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл **, эцэг, эх, дүү нарын хамт ****** ******* ***** ****** ********* тоотод оршин суух, урьд;
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,
Х овогт З-ийн Ц /РД; ************/,
шүүгдэгч Г.Ж, З.Ц нар;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” /Шугар/ баарны гадаа хохирогч Г.Г-ийг өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Ж “...2024 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө “Sugar” баар руу ороод З.Цтай хоёр, хоёр шил пиво уусан, баарнаас гараад байж байхдаа хүнтэй муудалцаад салсан, би энэ хүнтэй /хохирогчийг хэлэв/ муудалцаж, цохилцож салаад буцаж явахдаа гүйж очоод өшиглөсөн.” гэв.
шүүгдэгч З.Ц“...2024 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө “Sugar” баранд орсон. Гадаа гарч тамхилчихаад орж ирэхэд манай найз муудалцсан байсан, би очиж салгаад, уучлалт гуйсан. Гадаа гараад тамхилж байхад ах хүрч ирээд “хоёулаа юм яръя” гээд манай найзыг авч явсан, юм ярьж байхад хажуу талаас нь найз нь орж ирж манай найзыг цохисон. Бид хэд эхэндээ хараагүй байсан, манай найзыг унагаасан өшиглөж байхаар нь очоод салгасан. Би цаашаа явж байгаад буцаж хүрч ирээд гуя хэсэгт нь хоёр удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, уучлаарай.” гэв.
хохирогч Г.Г “...Тухайн үед сагсны тэмцээн дуусаад найзуудаараа зургуулаа “Maestro”-д хоол идэж, нэг шил архи уусан, тэгээд хажуу талынх нь караокед нэг цаг дуулаад нэг, нэг пиво уугаад баар орсон. Бааранд нэг шил архи захиалж бөөндөө суусан, талбай дээр бүжиглэж байхад энэ хоёр залуу бүжиглэж байсан. Архиа уугаад сууж байхад юу болсныг мэдэхгүй, цагаан цамцтай залуу ирээд миний дагз руу цохиод авсан, би “яаж байгаа юм бэ ахын дүү, ах нь олон эмэгтэй хүнтэй явж байна, чамтай маргалдмааргүй байна, зодоон хиймээргүй байна” гэхэд “гараад ир” гэсэн. Манай найз хамгаалагч дуудаад “бид нар олон эмэгтэй хүмүүстэй явж байгаа, хүнтэй маргалдмааргүй байна” гэхэд хамгаалагч энэ хоёр залууг гаргасан, удаа ч үгүй 10-15 минутын дараа “бүгдээрээ харья, зарим нь маргааш ажилтай” гээд гарахад энэ залуучууд гадаа бөөндөө тамхилаад зогсож байсан, “хоёулаа” гэж ярьж байгаа боловч 3, 4 залуучууд болсон зогсож байсан. Энэ залуу /Г.Ж-г хэлэв/ “ахаа одоо хоёулаа үзье” гээд байхаар нь “ахын дүү хоёулаа тийшээ уулзъя” гээд бид хоёр юм яриад зогсож байхад найз маань энэ залууг “яах гээд байгаа юм” гээд цохиод авсан нь үнэн, би өөрөө нэмж цохисон, нэлээн зодоон болсон. Зодоон болох дундуур миний нүд рүү нэг нь өшиглөсөн, тэрийг сайн санахгүй байна, нүдээ бариад эмэгтэй найзтайгаа урагшаа алхсан, аргаа бараад эмнэлгийн урд хашаанд эхнэртэйгээ утсаар ярьчихаад жаахан амраад хэвтэж байхад удалгүй энэ хоёр залуу намайг тэнд байгааг хараад хоёулаа бууж ирээд нүүр, нүдгүй балбасан, түүнээс болоод хамар, нүдний яс хугарсан болов уу гэж бодож байна. Би хот руу гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, нийгмийн даатгалын хөнгөлөлттэй газруудаар орж үзүүлсэн, тэр газрууд “хийгдээгүй хагалгаанд бичиг хийж өгөхгүй, хориотой” гэсэн шалтгаанаар надад бичиг хийж өгөөгүй, “Медипас” эмнэлэг дээр очиход “манайх нүдний хагалгаа хийхгүй, харин хамрын хагалгаа хийж болно” гэсэн, гэхдээ хийгдээгүй хагалгаанд ийм, тийм төлбөр гарна гэсэн бичиг хийж өгөх боломжгүй, хуулиараа хориотой байдаг” гэсэн хариултууд өгч байгаа болохоор би өнөөдрийг хүртэл хагалгаанд орж чадахгүй байдалтай байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Г.Г-ийн “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 23.00 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” бааранд ажлын газрын Н, Б, Э, Т нарын хамт орж 0.75л нэг шил архи хувааж уусан. ...бүжгийн талбай дээр бүжиглэж байтал үл таних 2-3 залуучууд манай ажлын эмэгтэйчүүдийг өдөж хоргоогоод байсан, баарнаас гарах үед тухайн залуучуудын цагаан өнгийн цамцтай залуу миний толгойн ар дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, баарны гадаа гартал намайг “наашаа хүрээд ир, одоо чамайг ална” гэх зэргээр орилоод “хоёулаа уулзъя” гэж хэлээд баарны доод талын урд дагуулж очоод толгой хэсэгт 2-3 удаа цохисон, би өөрийгөө хамгаалаад тухайн залууг хоёр, гурав цохисон. Доошоо тонгойх үед миний нүүрэн тус газарт гараараа цохисон уу, хөлөөрөө өшиглөсөн үү ямар ч байсан нэг удаа цохитол нүд “час” гээд манараад явчихсан, газар унахад дээрээс өшиглөөд, цохисон. Манай ажлын газрын хүмүүс зодооныг салгахаар нь би зугтаад БОЭТ-ийн төмөр торон хашааны зүүн урд буланд нүдээ дараад, хамрынхаа цусыг цэвэрлээд байж байтал цагаан цамцтай залуу өөр нэг залуугийн хамт ирээд дахиад нэмж зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
гэрч Ж.Б-ын “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр...22.00 цагийн орчим Г.Г, Э, Т, Б, Н нарын хамт зургуулаа “Sugar” бааранд орсон. “Sugar” бааранд бүжиглэж байхад үл таних хоёр залуу Г-той маргалдаад байхаар нь бид нар ширээндээ очоод сууж байтал цагаан цамцтай залуу манай ширээн дээр ирээд “гарах уу”, “үзэх үү” гээд “зүгээр байхад та нар өдлөө” гээд дайраад хэрүүл өдөөд байсан. Н нэлээн согтсон байсан учир би гэрт нь хүргэж өгөх гээд түрүүлээд дагуулаад гарсан, ... “Sugar” баарны гадаа зогсож байтал манай бусад найзууд гарч ирсэн, өмнө муудалцсан хоёр залуу дөрөв, тавуулаа болсон “Set” баарны гадаа зодоон болж эхэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
гэрч Б.Б-ийн “...“Sugar” бааранд үл таних хоёр залуу...манай ажлын эмэгтэйчүүд рүү хандраад Г-той муудалцаад байсан, ширээн дээр ирээд “гарах уу”, “үзэх үү” гээд байхаар нь “зодоон хийхгүй ээ” гэтэл цагаан подволктой залуу Гийг цохихоор нь баарны хамгаалагчийг дуудаад тухайн залуучуудыг гаргуулсан. ...найз Г “Set” баарны урд “Sugar” бааранд байсан залуучуудтай хэрэлдээд байхаар нь би очиж цагаан подволктой залууг цохиж, бөөн зодоон болсон, ...БОЭТ-ийн зүүн урд хашааны гадна талд Г Т-ын хамт сууж байхаар нь очтол хоёр нүд нь тагларсан, хамар нь хавдаж цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
гэрч А.Т-ын “...2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр...23.00 цаг өнгөрч байхад Б, Г, Н, Ж.Б, Э бид зургаа “Sugar” баар орцгоосон. ...Г цагаан цамцтай, өндөр залуутай маргалдаж, Энхзулыг өмөөрөөд хэрэлдээд байсан. ...Би Г-ийг аваад БОЭТ-ийн зүүн урд талын хашааны хажууд явж байтал цагаан цамцтай, өндөр залуу нэг нүцгэн найзтайгаа гүйж ирээд цагаан цамцтай, өндөр залуу Г-ийн нүүр болон цээж хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөсөн, нүцгэн залуу хоёр удаа бие рүү нь өшиглөчихөөд зугтаагаад гүйгээд явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Г.Ж-гийн яллагдагчаар өгсөн “…2024 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө найз Ц, Т нартай хамт “Sugar” баарнаас гараад Г гэх залуу дээр очоод маргалдаад байж байтал түүний найз нь над руу гүйж ирээд цохиж зодоод, Ц гүйж ирж зууралдаад салцгаасан, салсны дараа Г БОЭТ-ийн зүүн урд талын хашааны гадаа эмэгтэй хүнтэй явж байхаар нь би гүйж очоод тухайн залуугийн нүүрлүү нь 3-4 удаа өшиглөсөн, араас Ц гүйж ирээд хоёр удаа гуяруу нь өшиглөөд бид хоёр буцаад зугтаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
З.Ц-ын яллагдагчаар өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө найз Ж-тэй “Sugar” баарнаас гартал Ж Г гэх залуу дээр очоод маргалдаад байж байтал түүний найз нь Ж-г цохиж зодоод, би очиж салгаж зууралдаад салцгаасан. Тэгээд салсны дараа Г гэх залуу БОЭТ-ийн зүүн урд талын хашааны гадаа эмэгтэй хүнтэй явж байтал Ж гүйж очоод тухайн залуугийн нүүрлүү нь өшиглөөд, би араас нь нүцгэн гүйж очоод хоёр удаа гуя руу нь өшиглөөд бид хоёр зугтаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 867 дугаартай; “...Г.Г-ийн биед “зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний ухархайн доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
хохирогч Г.Г-ийн “...2024 оны 10 дугаар сарын 07-ны шөнө Зэст баг “Sugar” баарны гадаа үл таних хүмүүст зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны хяналтын камерын “БОЭТ-ийн зүүн болон зүүн урд талын хашааны гадна хэсэг”-ийг харуулсан бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
Шүүгдэгч Г.Ж-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Шүүгдэгч З.Ц-ын;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74 дэх тал/,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-82 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Ж, З.Ц нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Г.Ж, З.Ц нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,
мөн мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч Г.Г-ийн “...баарнаас гарах үед...цагаан өнгийн цамцтай залуу миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохисон, баарны гадаа гартал намайг “наашаа хүрээд ир, одоо чамайг ална” гэх зэргээр орилоод “хоёулаа уулзъя” гэж хэлээд баарны доод талын урд дагуулж очоод толгойн хэсэгт 2-3 удаа цохисон, ...доошоо тонгойх үед миний нүүрэн тус газарт гараараа цохисон уу, хөлөөрөө өшиглөсөн үү ямар ч байсан нэг удаа цохитол нүд “час” гээд манараад явчихсан, газар унахад дээрээс өшиглөөд цохисон. ...би зугтаад БОЭТ-ийн төмөр торон хашааны зүүн урд буланд нүдээ дараад, хамрынхаа цусыг цэвэрлээд байж байтад цагаан цамцтай залуу өөр нэг залуугийн хамт ирээд дахиад нэмж зодсон.” гэх,
гэрч Б.Б-ийн “...БОЭТ-ийн зүүн урд хашааны гадна талд Г Т-ын хамт сууж байхаар нь очтол хоёр нүд нь тагларсан, хамар нь хавдаж цус гарсан байсан.” гэх,
гэрч А.Т-ын “...Би Г-ийг аваад БОЭТ-ийн зүүн урд талын хашааны хажууд явж байтал цагаан цамцтай, өндөр залуу нэг нүцгэн найзтайгаа гүйж ирээд цагаан цамцтай, өндөр залуу Г-ийн нүүр болон цээж хэсэг рүү нь 4-5 удаа өшиглөсөн, нүцгэн залуу хоёр удаа бие рүү нь өшиглөчихөөд зугтаагаад гүйгээд явсан.” гэх,
Г.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Г БОЭТ-ийн зүүн урд талын хашааны гадаа эмэгтэй хүнтэй явж байхаар нь би гүйж очоод тухайн залуугийн нүүрлүү нь 3-4 удаа өшиглөсөн, араас Ц гүйж ирээд хоёр удаа гуяруу нь өшиглөөд бид хоёр буцаад зугтаасан.” гэх,
З.Ц-ын яллагдагчаар өгсөн “...Г гэх залуу БОЭТ-ийн зүүн урд талын хашааны гадаа эмэгтэй хүнтэй явж байтал Ж гүйж очоод тухайн залуугийн нүүрлүү нь өшиглөөд байхаар нь би араас нь нүцгэн гүйж очоод хоёр удаа гуя руу нь өшиглөөд бид хоёр зугтаасан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 867 дугаартай, “...Г.Г-ийн биед “зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны хяналтын камерын “БОЭТ-ийн зүүн болон зүүн урд талын хашааны гадна хэсэг”-ийг харуулсан бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Ж, З.Ц нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “бүлэглэж” гэдгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх явцад хоёр, түүнээс олон хүн санаатай хамтран оролцсоныг ойлгох бөгөөд нэг удаагийн тохиолдлоор нэгдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдаг.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
Шүүгдэгч Г.Ж, З.Ц нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны гадаа хохирогч Г.Г-ийг өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн доод хана, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ж, З.Ц нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Г.Ж, З.Ц нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.Ж, З.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Г.Ж, З.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д 2 /хоёр/ сар 15 /арвантав/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч З.Цад 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан дээрх хугацаанд;
шүүгдэгч Г.Ж-д ажиллах хөдөлмөрлөх боломж олгон түүний оршин суух хаяг болох **** ******** ******* ***** ****** **** ******* тоот хаягаас ***** ******** ********* ***** хүрэх чиглэл тогтоож,
харин шүүгдэгч З.Ц шүүх хуралдааны үед “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж мэдүүлсэн тул түүнийг ****** ******** ******* ********* нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
шүүгдэгч Г.Ж-гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
шүүгдэгч З.Ц-ын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.
Хохирогч нь шүүхийн болон шүүхээс өмнөх шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй тул шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Г.Г-ийн шүүх хуралдааны үед “...нүдний ухархайн болон хамрын хагалгаанд орно.” гэж мэдүүлснийг үндэслэн түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой гарсан зардлын баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны хяналтын камерын “БОЭТ-ийн зүүн болон зүүн урд талын хашааны гадна хэсэг”-ийг харуулсан бичлэгт бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж, З.Ц нарт урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Г-ын Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Х овогт З-ийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г 2 /хоёр/ сар 15 /арвантав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
шүүгдэгч З.Ц-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүгдэгч Г.Ж-д оршин суух хаяг болох ******* ******* ******* ******* ***** тоот хаягаас ******* ******** ****** ******** ***** хүрэх чиглэл тогтоож,
шүүгдэгч З.Ц-ыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу **** ******* ***** ******* нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж, З.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хохирогч Г.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.
7.Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баарны хяналтын камерын “БОЭТ-ийн зүүн болон зүүн урд талын хашааны гадна хэсэг”-ийг харуулсан бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э