| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 2025005120329 |
| Дугаар | 2025/ШЦТ/06 |
| Огноо | 2025-12-25 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/06
2024 12 25 2025/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Б, С.Э, тэдний өмгөөлөгч Г.Ц,
шүүгдэгч Ф.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Ф.Бд холбогдох эрүүгийн 2025005120***** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** ******** ******* ***** төрсөн, ** настай, **эгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ****** ****** ******** ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Х овогт Ф-ын Б /РД; *************/,
Шүүгдэгч Ф.Б нь;
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
хохирогчийн төлөөлөгч Л.Э-ийн “...Б туршилтын нэг сарын хугацаанд Улаанбаатар салбарт ажиллаж байсан, харин 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Орхон аймаг дахь салбарыг хариуцсан. ...2020 оны 11 дүгээр сарын 03-04-ний үеийн тооллогоор бараа материал нь 210,000,000 орчим, бэлэн мөнгө 5,800,000 төгрөг орчим, бараа бүтээгдэхүүн бэлэн мөнгө хоёр нийлсэн 215,823,355 төгрөгийн хохирол манай байгууллагад учраад байгаа юм. ...2020 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд С, А нар ирж тооллого хийх үед бараа бүтээгдэхүүн дутсан байсан тул дөрөв дэх тооллого 2020 оны 11 дүгээр сарын 04, 05-ны өдөр тоолоход...их хэмжээний бараа бүтээгдэхүүн дутсан. Ф.Бгийн дутаасан төлбөр 183,122,821 төгрөгөөс илүүдсэн 1680 ширхэг 43,230,703.11 төгрөгийн бараа материалыг хасаж нэхэмжлэхээр болсон.” гэх /1 дэх хавтаст хэргийн 50-52, 2 дахь хавтаст хэргийн 98 дэх тал/,
гэрч Л.С-ын “...2020 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдөр Л-тай хамт очиж тооллого хийхэд бараа материал дутсан байсан, Бгаас асуухад “хүнд зээлээр өгсөн” гэж ярьж байсан. ...Л бид хоёр 4, 5 дахь өдөр тооллого хийгээд 1 дэх өдөр удирдлагуудад танилцуулах ёстой, тэгэхэд Б “би амралтын өдөр зээлээ авчихна” гэж хэлсэн, 1 дэх өдөр хүртэл байгууллагын дансанд мөнгө орж ирэхгүй болохоор нь дарга нарт 210 орчим сая төгрөгийн бараа дутаж байгаа талаар танилцуулсан. Б “...25 аж ахуй нэгжид 135,166,501 төгрөгийн бараа зээлсэн, бусад бараа бүтээгдэхүүний дутагдлыг мэдэхгүй байна.” гэж хэлсэн, тухайн 25 аж ахуй нэгж рүү нь холбогдоход 24 байгууллага нь “танайхаас бараа материал аваагүй” гэсэн. ... Б барааны зарлагын падаанаар биш нэхэмжлэхээр бараа гаргаад байсан юм билээ.” гэх /1 дэх хавтаст хэргийн 56-57, 59 дэх тал/,
гэрч А-ийн “...Манай компани жилд 2-3 удаа тооллого хийдэг, ...2020 оны 5 сарын сүүлээр Алимаа тооллогоор яваад ирэхэд Орхон аймаг дахь салбарын бараа материал дутсан байсан, ...тооллого явуулсан баримтыг хүлээж аваад скайнердаад “Р” ХХК-ийн удирдлагууд явуулсан. ...Дараа нь би 2020 оны 10 дугаар сарын 29, 30-нд Орхон аймаг дахь салбарын бараа материалыг тоолохоор ерөнхий менежер Сонинбаярын хамт очсон, тэгэхэд 220.000.000 орчим төгрөгийн барилгын материал дутсан байсан, энэ талаар Бгаас асуухад “хүнд зээлчихсэн байгаа, мөнгө нь өнөөдөр, маргааш орох ёстой” гэж хэлж байсан. ...С бид хоёрыг тооллого хийж дууссаны дараа Б “надад хоёр өдөр өгчих, би дутаасан бараа бүтээгдэхүүний зээлээр өгсөн мөнгөө авчихна.” гэж хэлсэн.” гэх /1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
гэрч А.А-ийн “...2020 оны 5 дугаар сарын 27, 28-ны өдөр хийсэн тооллогын явцад хөвөн, усны хаялаганы эд ангиуд, төмөр дээвэр дутсан, бараа болгон нь хасах, нэмэхтэй гарсан. ...дутсан барааны талаар асуухад Б нь нөхөр А-аас “энэ барааг санаж байна уу”, “хоёулаа тийм хүнд өгчихсөн шүү дээ”, “мөнгийг нь чи бид хоёрын дансруу хийчихсэн шүү дээ”, “мөнгөө миний дансруу хийчихсэн би компанийн дансруу хийхээ мартчихаж” гэсэн утгатай юм ярьж байсан. ...Би тооллогын материалыг хоёр хувь үйлдээд Бгийн гарын үсгийг зуруулсан, “тооллогын үр дүнтэй санал нэг байна” гэж өөрөө бичиж өгсөн. ...Тооллого хийх үед таазны модон хүрээ дутсан, энэ талаар асуухад Б “Булган уруу гардаг зам дээр хувийн дэлгүүр барьж байгаа, тэрэндээ хэрэглэсэн, захирлуудаас хямдралыг нь асууж байгаад зарлагын падаанаа гаргана” гэж хэлж байсан.” гэх /1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
гэрч Э.Б-ийн “...Манай салбараас бараа, бүтээгдэхүүн худалдаж авсан тохиолдол бүрт иргэн болон байгуулагад НӨАТ-ийн баримт, падаан өгдөг. ... Бараа материалыг ахлах менежер Б эсвэл борлуулалтын менежер миний бие өөр, өөрсдийн олгогдсон кодын дагуу программ руу орж зарлагаддаг, зарлагын баримт гаргаж нэг хувийг нь няравт өгдөг, нярав хүлээж аваад бараагаа худалдан авагчид өгдөг, манайх түгээлт хийдэггүй учир хоёр грүүшик маань бараа материалыг агуулахаас гаргаж өгдөг ажил хийдэг. ...2020 оны 5 дугаар сард хотоос Алимаа гэх хүн ирж шалгалт хийсэн бөгөөд ямар нэг асуудал гараагүй гэж Б хэлж байсан. ...Улаанбаатар хотоос тээврийн жолооч нар барааг маань ачиж ирээд ачиж ирсэн барааны дотоод шилжүүлгийн хэвлэмэл хуудсыг салбар хариуцсан менежер Бд хүлээлгэн өгч үүний дагуу Б бараа материалаа тулгаж хүлээн авдаг, жолоочоос авсан барааны дотоод шилжүүлгийн хэвлэмэл хуудас Бд өөрт нь үлддэг байсан.” гэх /1 дэх хавтаст хэргийн 65-66, 3 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-н “...аудитийн шинжилгээ хийх явцад “Орхон нүнжиг” ХХК Б-гийн хувийн данс руу 15,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан, энэ 31,000,000 төгрөгийг Б нь компани руу тушаагаагүй, төлөгдөөгүй. “Химон констракшн” ХХК 45,311,220 төгрөгийн нэхэмжлэл үүсгүүлж үүнээс 18,160,000 төгрөгийн бараа манайхаас авч төлбөрийг нь тушаасан, үлдэгдэл 27,151,220 төгрөгт манайхаас бараа авсан уу, эсвэл Б авсан уу гэдэг нь тодорхойгүй байна.” гэх /6 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/ мэдүүлгүүд,
“Есөнхангай Аудит” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт /6 дахь хавтаст хэргийн 69-88 дахь тал/ болон “Р” ХХК-ийн Ерөнхий захирал Л.А-д гаргасан Ф.Б-гийн тайлбар, түүний эзэмшлийн Хаан банкны 5093051518, 5099999022 тоот данснуудын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 5099999022 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, “Р” ХХК-ийн албан хэрэгцээнд ашигладаг “Ярлык” санхүүгийн программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч Ф.Б-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг эрх бүхий байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа давуу тал болгон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу “Р” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүн, мөн тэдгээрийг худалдан борлуулсан орлогыг бэлэн мөнгөөр болон өөрийн эзэмшлийн Хаан банкны 5099999022 тоот дансаар шилжүүлэн авч “Р” ХХК-иас их хэмжээний буюу 94,239,533.85 төгрөг завшсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжийг хангах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан бөгөөд шүүгдэгч нь хохирогч “Р” ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Ф.Б “...үлдсэн хохирол төлбөрөөс 25,000,000 төгрөгийг 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлнө, үлдэгдэл мөнгийг 3 сарын хугацаанд хуваан төлнө.” гэдгээ илэрхийлэхэд хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Б, С.Э, өмгөөлөгч Г.Ц нар хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Ф.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор нь торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар шүүгдэгчтэй тохиролцсон байгаа хэдий ч шүүх торгох ялын хэмжээ, ялыг биелүүлэх хугацаа зэргийг нь харгалзан, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн “Есөнхангай Аудит” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24/29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн 825 хуудас 4 хавтас санхүүгийн материалыг хохирогч “Р” ХХК-д хүргүүлж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ийн гаргаж өгсөн камерын бичлэг бүхий 1ш хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ф-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ф.Б-г арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ф.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ф.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ф.Б-гаас 79,239,533.85 төгрөг гаргуулж хохирогч “Р” ХХК-д олгосугай.
7.Хэрэгт ирүүлсэн “Есөнхангай Аудит” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24/29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн 825 хуудас 4 хавтас санхүүгийн материалыг хохирогч “Р” ХХК-д хүргүүлж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ийн гаргаж өгсөн камерын бичлэг бүхий 1ш хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.С-д даалгасугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э