| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/11 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/11
2025/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгч: Б.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бын Нд холбогдох 2412000000273 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн И сумын Хбагийн И гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Бын Н /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ааймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” сэлбэгийн захын 53 дугаар лангуунаас иргэн Ж.Угийн худалдан борлуулах гэж байсан шинэ модны цахилгаан хөрөөг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 395,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000273 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Угийн мэдүүлсэн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” сэлбэгийн захын 53 дугаар лангуунд хувиараа эд зүйл зарж борлуулдаг бизнес эрхэлдэг юм. Тэгтэл 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд лангууны дотор хаалганы хажууд байсан шинэ хайрцаг савгүй 1 ширхэг модны цахилгаан хөрөөгөө хулгайд алдсан байсан. Хөрөө алдагдах үед манай 53 дугаар лангуун дээр хүн байгаагүй бөгөөд би хаалгыг нь онгорхой үлдээгээд нөгөө талд нь байрлалтай үйл ажиллагаа явуулдаг гэр ахуйн лангуун дээрээ ирсэн байсан юм. Тухайн үед цахилгаан хөрөө хулгайд алдагдсан гэдгийг мэдэлгүй байж байгаад орой нь 21 цагийн орчимд цахилгаан хөрөөгөө хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Уг хулгайд алдагдсан хөрөөг өдөр нь 15 цагийн орчимд өөр хүн худалдаж авахаар бэлдүүлж дотор хаалганы хажууд тавиулсан байсан юм. Цагаан алаг өнгийн, шинэ, модны цахилгаан хөрөө 1 ширхгийг хулгайд алдсан. Манайх шинэ цахилгаан хөрөөг 395,000 төгрөгөөр худалдан борлуулдаг. Би хулгайд алдсан цахилгаан хөрөөгөө зарж борлуулдаг үнээр нь үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Угийн дахин мэдүүлсэн: “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргуулахгүй. Би хохирлын мөнгө болох 395,000 төгрөгийг бэлнээр авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Дийн мэдүүлсэн: “...Манай нөхөр “Х” сэлбэгийн зах руу мотоцикль янзлуулахаар явсан. Удалгүй ирэхдээ нэг шинэ цахилгаан хөрөө аваад ирсэн байсан. ...Хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Манай нөхөр нилээд хэд хоногийн дараа аймгийн төв рүү орж хөрөө хулгайлсан лангууны эзэнтэй нь очиж уулзаж уучлалт гуйгаад хулгайлсан хөрөөний мөнгө 395,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Нгийн мэдүүлсэн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-24-176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-16 хуу/
Эд зүйд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” сэлбэгийн захын ... дугаар лангуунаас иргэн Ж.Угийн худалдан борлуулах гэж байсан шинэ модны цахилгаан хөрөөг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 395,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-24-176 дугаартай шинжээчийн дүгнэлтээр модны цахилгаан хөрөөг 380,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Уд 380,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг шүүх хуралдааны явцад нотлох боломжтой гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” сэлбэгийн захын ... дугаар лангуунаас иргэн Ж.Угийн худалдан борлуулах гэж байсан шинэ модны цахилгаан хөрөөг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 380,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Б.Н нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Х” сэлбэгийн захын .. дугаар лангуунаас иргэн Ж.Угийн худалдан борлуулах гэж байсан шинэ модны цахилгаан хөрөөг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сэм авч 380,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Угийн мэдүүлсэн “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” сэлбэгийн захын 53 дугаар лангуунд хувиараа эд зүйл зарж борлуулдаг бизнес эрхэлдэг юм. Тэгтэл 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд лангууны дотор хаалганы хажууд байсан шинэ хайрцаг савгүй 1 ширхэг модны цахилгаан хөрөөгөө хулгайд алдсан байсан. Хөрөө алдагдах үед манай 53 дугаар лангуун дээр хүн байгаагүй бөгөөд би хаалгыг нь онгорхой үлдээгээд нөгөө талд нь байрлалтай үйл ажиллагаа явуулдаг гэр ахуйн лангуун дээрээ ирсэн байсан юм. Тухайн үед цахилгаан хөрөө хулгайд алдагдсан гэдгийг мэдэлгүй байж байгаад орой нь 21 цагийн орчимд цахилгаан хөрөөгөө хулгайд алдсан гэдгээ мэдсэн. Уг хулгайд алдагдсан хөрөөг өдөр нь 15 цагийн орчимд өөр хүн худалдаж авахаар бэлдүүлж дотор хаалганы хажууд тавиулсан байсан юм. Цагаан алаг өнгийн, шинэ, модны цахилгаан хөрөө 1 ширхгийг хулгайд алдсан. Манайх шинэ цахилгаан хөрөөг 395,000 төгрөгөөр худалдан борлуулдаг. Би хулгайд алдсан цахилгаан хөрөөгөө зарж борлуулдаг үнээр нь үнэлнэ...”, “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлт гаргуулахгүй. Би хохирлын мөнгө болох 395,000 төгрөгийг бэлнээр авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 63-64/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Дийн мэдүүлсэн “...Манай нөхөр “Х” сэлбэгийн зах руу мотоцикль янзлуулахаар явсан. Удалгүй ирэхдээ нэг шинэ цахилгаан хөрөө аваад ирсэн байсан. ...Хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Манай нөхөр нилээд хэд хоногийн дараа аймгийн төв рүү орж хөрөө хулгайлсан лангууны эзэнтэй нь очиж уулзаж уучлалт гуйгаад хулгайлсан хөрөөний мөнгө 395.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-24-176 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-16/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Н нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Б.Нг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А аймгийн Эсумын нутаг дэвсгэрт байрлах “Х” сэлбэгийн захын ... дугаар лангуунаас иргэн Ж.Угийн худалдан борлуулах гэж байсан шинэ модны цахилгаан хөрөөг шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар сэм авч 380,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид 380,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 395,000 төгрөг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Нг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ж.У нь хохиролд шүүгдэгчээс 395,000 төгрөг төлсөн, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй тухай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Нгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Нг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Бын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Нд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар нь гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР