| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/1344/и |
| Дугаар | 155/ШШ2017/00029 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2017/00029
| 2017 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2017/00029 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1975 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38 дугаар гудамжны 4а тоотод оршин суух М овогт Х-ийн З /.............../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2016/1344/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Х.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.З нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б-123 дугаар тушаалаар 15 дугаар усан сангийн ус түгээгчээр түр томилогдон ажиллаж байгаад мөн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/63 тоот тушаалаар ус түгээгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авснаар мэдлээ. Ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 тоот тогтоолоор манай байгууллагыг татан буулгажээ. Гэтэл манай байгууллагыг татан буулгах тухайгаа хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй ба манай байгууллагыг татан буулгасан Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар холбогдох байгууллагад нь хандсан байгаа болно. Мөн шинээр байгуулагдсан Хөвсгөл аймгийн Хөвсгөл Ус суваг ХХКомпаний бүтэц зохион байгуулалтад миний ажлын байр байгаа болно. Иймд Х.З намайг Хөвсгөл аймгийн Хөвсгөл Ус суваг ХХКомпаний ус түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл Ус суваг ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл шүүхэд гаргасан тайлбартаа: Орон нутгийн өмчийн алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татан буулган, бүтэц зохион байгуулалт хийж, компанийн засаглалыг нэвтрүүлж үр ашигтай ажиллуулах зорилгоор УСНААК орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Хөвсгөл дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг татан буулгах асуудлыг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэн дэмжигдэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэж 56 дугаар тогтоолоор татан буугдсан. аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг татан буугдсан 3 аж ахуй нэгжүүдийн ажлын байранд ажилтан бүрийн хувийн хэргийг нягтлан үзэхэд иргэн Х.З жирэмсний амралтаа авсан хүний оронд түр хугацаагаар ажиллаж байгаа, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байдалтай байсны дагуу тус ажлын хэсгээс компанийн удирдлагад Х.Зыг ажлаас чөлөөлөх чиглэл өгсний дагуу чөлөөлөгдсөн байна. Иргэн Х.З Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн ажилтан биш бөгөөд ээлжийн амралттай ажилтны амралтын хугацаанд түр ажиллаж байсан талаар 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 тоот захирлын тушаал гэрчилж байна. Мөн тухайн үед дээрх Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байсан хүний нөөцийн менежер З.Төмөрбаатар хэлэхдээ Х.З нь манай байгууллагын үндсэн ажилтан биш, харин түр өөр ажилд шилжин ажиллаж байгаа ажилтан болон ээлжийн амралттай байгаа ажилтны амралтын хугацаанд түр ажилладаг байсан гэдгийг баталж байна.Иймд дээрх байгууллагын үндсэн ажилтнуудыг ажлын байраар хангаж, орон тооны бус ажилтныг тухайн ажлын байранд сонгон шалгаруулж аваагүй болно. УСНААК орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Хөвсгөл дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг татан буулгаж, шинээр Хөвсгөл Ус суваг ХХК байгуулах шийдвэр нь холбогдох хууль, журмын хүрээнд аймаг, орон нутгийн нийтлэг эрх ашгийн үүднээс шийдвэрлэсэн болно. Иймд Хөвсгөл Ус суваг ХХК хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оноос хойш Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байгаад 2013 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа авч, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эргээд тус байгууллагадаа ус түгээгчээр орж, 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь татан буугдах талаар сонссон. Гэхдээ надад ажлаас халагдах тухай хэлээгүй бөгөөд энэ тухай бусдын амнаас сонссон. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт очиж албан ёсоор ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаа авсан. Би ажлаас халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УСНААК ОНӨҮГ, Хөвсгөл-Ус чандмань ОНӨҮГ, Хөвсгөл Дулаан ХХК-уудийн сүүлийн 3 жилийн алдагдал ихсэж, үйл ажиллагаа нь хэвийн бус байгаад дүгнэлт хийж дээрх байгууллагуудыг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор татан буулгаж, Хөвсгөл Ус суваг ХХК-ийг үүсгэн байгуулж компаний дүрмийг баталсан байдаг. Хөвсгөл Ус суваг ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Хөвсгөл-Ус чандмань ОНӨҮГ-ийг татан буулгахаар Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоол, Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А422 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг байгуулан ажилласан. Тус ажлын хэсэг нь УСНААК ОНӨҮГ, Хөвсгөл-Ус чандмань ОНӨҮГ, Хөвсгөл Дулаан ХХК-ийн ажилтан бүрийн хувийн хэрэгтэй танилцан нягтлан үзэхэд нэхэмжлэгч Х.З нь үндсэн ажилтан бус, харин жирэмсний амралтаа авсан буюу эсхүл түр хугацаагаар өөр ажилд шилжин ажиллаж байгаа ажилтны ажлын байранд түр ажиллаж байсан төдийгүй хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж байсан учраас Хөвсгөл Ус суваг ХХК-ний гүйцэтгэх захирал Энхбаярт Х.Зыг ажлаас чөлөөлөх тухай чиглэл өгсөн байдаг. Тухайлбал Х.З нь Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн ажилтан биш бөгөөд ээлжийн амралттай ажилтны амралтын хугацаанд түр ажиллаж байсан талаар 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 тоот захирлын тушаал гэрчилж байна. Мөн нэхэмжлэгч нь надад хөдөлмөрийн хуульд зааснаар мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарлаж байгаа ч тухайн байгууллагын үндсэн ажилтан биш учраас мэдэгдэл өгөх шаардлагагүй гэж бодсон. Х.З нь 2011 оноос эхэлж ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч байсан гэж тайлбарлаж байгаа ч ажилтанг ээлжийн амралттай үед амраагчаар ажиллаж байсан эсхүл ажилтанг түр өөр ажилд шилжин ажиллаж байх хугацаанд ажиллаж байсан байдаг. Хөвсгөл-Ус чандмань ОНӨҮГ-ын үндсэн ажилтны нэрсэд Х.Зын нэр байдаггүй юм гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч Хд холбогдох ус түгээгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Х.З нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ус түгээгчээр түр томилогдон ажиллаж байсан байх бөгөөд тус газрын захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-47, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж, Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар татах буугдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-47, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-63 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудаар тогтоогдож байна.
Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-47 дугаартай, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б-63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б-63 дугаар тушаалд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа ба Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-47 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь маргааны үйл баримт болоогүй, зохигч маргаагүй болно.
Хариуцагч Х дээрх тушаалынхаа үндэслэлийг Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь алдагдалтай ажиллаж байсан тул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хурлаар татан буугдсан бөгөөд тус байгууллагын үндсэн ажилтан биш түр ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Х.З нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус Чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн ажилтан биш бөгөөд ээлжийн амралттай ажилтны амралтын хугацаанд түр ажиллаж байсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.
Тус компани аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолыг үндэслэж компаний захирал ус түгээгч Х.Зыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа компани татан буугдсан, түр ажилтан гэх үндэслэлээр, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн гэх боловч захирлын тушаалд дээрх заалтыг баримтлаагүй, хуулийн заалтын аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдэг нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй нь буруу байна.
Мөн ажил олгогч ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.
Иймд Х.Зыг Хй ус түгээгчээр ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сард 330.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард 330.000, 2016 оны 8 дугаар сард 330.000 төгрөг авч байсан нь түүний 320739 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин нь 990.000 төгрөг : нэг сард 330.000 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 15.348 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа болох 3 сар 8 хоног буюу нийт 75 хоногийн цалин 1.151.162 төгрөгийг Хөвсгөл-Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь шүүхэд ...Х.Зын хөдөлмөрийн маргаантай холбоотой 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралд оролцох Хөвсгөл Ус суваг ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нь 2017 оны 1 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод албан томилолтоор ажиллаж байгаа тул уг шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсье... гэх хүсэлт ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт шүүх хуралдаанд гаргаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уыг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн....Т.У нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож байгаа бөгөөд уг хурал нь шүүх хуралтай давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.... гэх өмнө гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохын дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.151.162 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 32.178 /гучин хоёр мянга нэг зуун далан найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Х.Зыг Хөвсгөл аймгийн Хй ус түгээгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл-Ус суваг хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.151.162 / нэг сая нэг зуун тавин нэгэн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Зад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Зын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Хас 32.178 /гучин хоёр мянга нэг зуун далан найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ