| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0250/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Тулга
Хохирогч: А.Д
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Д
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Д.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Дгийн Цад холбогдох 2412001460159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Эсуманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймаг, И сум, Э баг, Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогтой Дгийн Ц /РД:.../
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим Ааймгийн И сумын Эбагийн нутаг төв магистрал зам дээр 27-82 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган амь хохирогч Ц.Ж нас барсан, хохирогч А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч А.Д мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр талийгаач бид хоёр Архангай аймагт ирээд Ц гэх айлд хоносон. Жы аавын машин болохгүй байна, очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 02-ны өдрөө Т гэх айлд очсон. Тухайн өдрөө манай талийгаач Т гуайн машиныг янзалж өгсөн. 05 дугаар сарын 03-ны өдөр мөн л Цынд хоносон. 05 дугаар сарын 04-ний өдөр Т гуай ирээд үлдсэн ямаагаа самнаад машины юм янзлангаа шинэ хонины шөл ирж уугаарай гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагаас 13 цагийн үед тэр хэрэг болсон. Т гуайнх руу явахаас өмнө Ж, Ц хоёр Архангай аймгийн төв явж ирээд 0.33 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид уусан. Т гуайнд очоод 0.75 литрийн “Х” нэртэй архи уусан. Тэгээд талийгаач болон Ц, Т, Ж, бид нар тухайн архийг хувааж ууцгаасан. Үдээс хойш арван жилийн ангийн 2 хүүхэд гэр бүлийн хамт ирсэн. Тухайн үед тэр хүмүүс 2 шил архитай ирсэн. Тухайн хоёр архины нэгийг манай хүнд өгсөн, нөгөөг нь Т гуайд өгсөн. Тэр хоёр архийг бид нар уугаагүй. Тэгээд бид Цынд очих хонохоор болоод Цын машинаар явсан. Ц, эхнэр хоёр нь урд суудал дээр суугаад талийгаач, бид 2 хойд суудал дээр суусан. Машин асаагаад явж байхад Ц нь маш хурдтай явж байсан. Тухайн үед эхнэртээ уурлаад замдаа нэг зогссон. Тэгээд буцаад дахиад маш хурдтай яваад байсан. Би тухайн үед талийгаачийг чи барих уу гэсэн чинь хүний машин барихгүй гэж хэлж байсан. Тэгээд би энэ хүнд зөөлөн яваач ээ гэж хэлсэн. Тэр үед машин далийгаад унасан. Үүнээс хойш би юм санахгүй байгаа. Нэг мэдэхэд би машины хажууд босоод зогссон байсан. Тэгээд юу болсон бэ, яасан бэ гээд гайхаад талийгчийгаа зүгээр байгаа гээд өөрийн сууж байсан талаасаа дуудаж гаргасан гэсэн боловч ямар ч хариу үзүүлэхгүй байсан. Тухайн үед Ж Цыг хаалгаар татаад гаргаж байсан. Талийгчийг дуудаад сэрэхгүй байсан учраас ухаан алдсан. Хамгийн сүүлд эмнэлэгт сэрсэн ...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д мэдүүлэхдээ “...Миний хүү 2 долоо хоног хөдөө явчихаад ирье гэж хэлээд явсан. Төрсөн өдрийнхөө өмнө буюу 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирнэ гэж хэлсэн. Хүүгээ хөдөө явсан цагаас нь эхлээд би өдөр болгон хүүтэйгээ утсаар ярьж байсан. Өнгөрөх өдөр нь ч хэдхэн цагийн өмнө би хүүтэйгээ утсаар ярьсан. Найз нь хэлэх үггүй хүний мөс чанар муутай хүн байна лээ. Миний хүү энэ хүнийг хамгийн сайн найз нь гэж хэлдэг байсан. Би энэ нутагт 2-3 удаа ирж байна. Намайг энд ирэхэд энэ хүн нэг ч удаа ирж уучлалт гуйсангүй. Миний хажуугаар машин бариад юу ч болоогүй юм шиг өнгөрч байсан. Хүнийг ингэж басамжилж, доромжилж болохгүй. Энэ хүн Улаанбаатар хотод ирэхдээ эхнэр болох Жтайгаа хоёулаа ирээд манайхаар орж гараад явдаг. Өчүүхэн жижигхэн уучлалт гуйх боломж энэ хүмүүст байсангүй. Энэ хүмүүс уулзаж учраад уучлалт гуйгаад явж байсан бол би өнөөдөр гомдолтой гэж хэлээд зогсож байхгүй байсан. Одоо бол гомдолтой байна. Эрүүл саруул сайхан явж байсан хүүг маань энэ хүн байхгүй болгочихлоо. Архи дарс уусан үедээ яах гэж машин барьдаг юм бэ. Энэ ганц удаа болж байгаа хэрэг биш. Үеэл нь жилийн өмнө л согтуу үедээ машин битгий барьж бай гэж сануулж байсан байдаг. Миний хувьд энэ хүнийг миний хүүг санаатай хөнөөсөн гэж бодож байна. Ер нь өсөрхөж явсан учраас ийм байдалд хүргэсэн юм биш үү гэж бодож байна. Эмнэлэг дээр эхнэрийг нь салах ёс хийлгэх гээд байж байхад энэ хүн тухайн эмнэлэг дээр янгуучлаад үзүүлээд явж байсан. Үнэхээр хүний найз юм бол найзтайгаа салах ёс хийгээд зогсож байж болно шүү дээ. Ийм л хүн муутай хүн байна. Миний хүү энд наймаа хийх гэж ирсэн. Хүмүүс мөнгө төгрөг муутай байна, тэгэхдээ яах вэ ээжээ болгоно гэж хэлж байсан. Тэгээд надтай ярьснаасаа хойш хэдхэн цагийн дараа ийм зүйл болсон байсан. Миний хувьд найзад нь гомдолтой байна. Энэ хүний ар гэр Архангайгаас Улаанбаатар руу шарил ачих машины зардалд 1,500,000 төгрөг өгсөн, оршуулгын зардалд 5,000,000 төгрөг өгсөн. Өөр бусад төлбөр мөнгийг өгөөгүй. Миний хүүгийн хамтран амьдрагч манай бэр болох охинд эмчилгээний төлбөр мөнгө өгөөгүй. Дээр нь нэмээд утсаар ярихаар бид нарт ч хэцүү байхад битгий олон юм яриад бай гээд загнаад байдаг. Миний хувьд хүүхдийнхээ эмчилгээ зардал мөнгийг гаргуулж олгуулмаар байна. Мөн оршуулгын зардал гэж 15,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний хүүгийн 3 хүүхэд нь өнчин хоцорч байна. Хүүгийн маань том хүүхэд нь оюутан. Хоёр бага нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд. Энэ бүгдийн хариуцлагыг энэ хүн хэрхэн хүлээх болохыг би сайн хэлж мэдэхгүй байна...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2412001460159 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч А.Дын мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хамтран амьдрагч Жтэй Архангай аймгийн И сумын төвийн урд Ц, Ж нарын гэрт байсан...05 дугаар сарын 03-ны өдөр Жийн төрсөн өдөр байсан тул Ж, Ц нар архи уусан. Оройны 21 цагийн үед ууж эхэлсэн бөгөөд 0,5 литрийн савлагаатай “Ногоон экс”, 0,75 литрийн савлагаатай “Ногоон экс” архийг уусан... Ц, Ж нар 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагт гэртээ ирэхдээ 0,5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн. Архи авч ирээд Ц, Ж нар архийг задлаад ууж байснаа гараад явсан...Т гэх ахын гэрт очсон. Тэдний гэрт 12 цагийн үед очсон санагдаж байна...Ж, Т, Ц нар 1 шил цэнхэр өнгийн “Экс” гэх архи уусан. Үүний дараа Ц хонь гаргасан. Т, Ж нар гадаа мөн дээрх архинаас тойруулцгаасан... Д Т ахын гэрт ирэхдээ “Ногоон экс” нэртэй 0,75 литрийн 2 шил архитай ирсэн. Уг архины нэгийг нь Т ах авсан. Т ахынх 1 шил 0,5 литрийн “Шар чингис” архи задлаад тэнд байсан Т, түүний эхнэр, Д, Ц, Ж, бид нар хувааж уусан...Үүний дараа 17, 18 цагийн үед шиг санагдаж байна, Цын гэр рүү хөдлөх гэтэл манай “Приус 20” машин асахгүй байсан бөгөөд холбож асаах гээд болохгүй болохоор нь Цын машинд чирүүлээд засмал замын хажууд ирсэн. Тэнд ирж машинаас буугаад “Приус-20” машинаа Ж дахин асаахаар оролдож байсан. Тэр хугацаанд Дгийн авчирч өгсөн 0,75 литрийн “Ногоон экс” архийг уусан. Түүний дараа Ц нар зам дээр байсан мотоцикльтой залууг И сум руу явуулж архи захисан. Тэр залуу 0,75 литр, 0,5 литрийн “Ногоон экс” архи авчирч өгөөд явсан... Ц, Ж нар тэр архийг уугаад согтоод байсан. Би ч тэр архинаас нь хувааж уусан. “Экстрал” машинд орж суугаад 0,75 литр “Экс” гэх архийг уугаад, 0,5 литрийн архи уулгүй үлдээж, Ц машинаа жолоодоод, Ж урд суудалд, би түүний ард хойд талд, Ж, Цын ард суугаад засмал замаар ороод хөдлөөд явсан. Хөдөлж явснаа Ц хүчтэй тоормос гишгэж зогссоноо эхнэр Жд хандаж зөөлөн яв гэнээ гичий минь, өөрөө барь гэж хэлээд хаалгаа саваад буусан...Ц машинд орж ирээд шууд л давхиад эхэлсэн. Маш хурдтай яваад байсан. Би гараараа Цыг илээд битгий давхилдаа, тайван яв гэж хэлээд байснаа санаж байна. Тэгтэл машин онхолдсон би зогсож байсан. Би юу болсныг ч ойлгоогүй. Нөхрийгөө машины хойд суудал дээрээс татаад дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 41-47 хуу/
Гэрч Д.Цийн мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр миний бэр Знад руу залгаад Ц зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд Цын гэрт Архангай аймгийн И суманд яваад очтол Цын эхнэр нь надад хандаж 05 дугаар сарын 04-ний өдөр талийгаач Ц.Ж нь төрсөн өдөр болж байна гэж хэлээд нэг хүнээр архи авахуулсан, уг архийг ямаа самнаж байхдаа өглөө уусан гэсэн... Дүү Ц “Экстрал” маркийн тээврийн хэрэгсэлтэй юм. Замд явж байхад том машины хурц гэрэл орж ирээд зам дээрээс баруун тийшээ унасан гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23-25 хуу/
Гэрч Г.Югийн мэдүүлсэн “...Би уг дуудлагын дагуу очиход И сумын нутагт засмал замын баруун талд саарал өнгийн суудлын машин онхолдсон байдалтай байсан. Машины баруун талд 2 эмэгтэй нэг нэгнийгээ тэвэрчихсэн сууж байсан. Машины зүүн талд нэг эрэгтэй хүн хэвтчихсэн учир хэдэн хүн байгааг асуутал жолоочийн эхнэр нь 4 хүн явсан гэсэн. Онцгой байдлын алба хаагчдаас нөгөөх хүн нь хаана байгааг асуутал нэг нь машинд байна гэж хэлсэн. Машины ард талд эрэгтэй хүн баруун тийш налсан байдалтай байсан. Тиймээс зовхийг нь нээгээд гэрэл тусгахад хүүхэн хараа нь гэрлийн урвалгүй, 2 талдаа өргөссөн, амьсгалахгүй, зүрхний авиа сонсогдохгүй, нас барсан байсан. Тийм болохоор дараагийн хэвтэж байсан эрэгтэйд үзлэг хийхэд та зүгээр үү гэж асуухад хариулахгүй, хөдөлгөөнгүй дээш хараад хэвтэж байсан. Амнаас нь маш их архи үнэртэж байсан...Дараагийн эмэгтэйчүүдийг үзтэл Д гэх эмэгтэйн зүүн гар хугарсан учир чиг тавьж боосон. Жы биед хугарал тогтоогдоогүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51 хуу/
Иргэний нэхэмжлэгч Т.Жы мэдүүлсэн “...Би өөрийн саарал өнгийн 27-82 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн машины урд суусан, манай нөхөр Ц жолоо бариад нөхрийн ард талд амь хохирогч Ж, миний ард талд түүний эхнэр Д суусан байсан. Засмал замтай нийлээд манай нөхөр зөөлөн явж байснаа гэнэт хурдаа ихэсгээд, урдаас гэрэл харагдаад машин ирж байна шүү гэж хэлээд явж байтал гэнэт юу ч санахгүй байсан...2024 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 12 цаг болохоос өмнө 0,5 литр “Хараа” нэртэй 1 шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Дараа нь “Шар чингис” 0,5 литрийн архийг манай аав Т, Ж, Ц нар уусан. Түүний дараа өдөр 18 цагаас хойш 0,75 литрийн ногоон экс архийг дөрвүүлээ хувааж уусан. Дараа нь 0,75 литрийн архи хувааж ууж байгаад доороос нь 4 хуруу хэртэй үлдээсэн. Мөн нэг архийг машиндаа авч явж байгаад зам тээврийн осолд орсон... Би тээврийн хэрэгслийн үнэлгээг нэхэмжлэхгүй. Өөрийн нөхрөөс нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 186-189 хуу/
Шинжээч Б.Чын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай “...1. 27-28 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэн хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ. 13.2.1-д Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, шинжилгээний албаны шинжээч Оын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаартай дүгнэлтийн шинжилгээгээр Д.Цын цусанд 1,0 промилли спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ... тухайн ангиллын тээврийн. хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Тус осол хэрэг нь 27-28 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Цын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна заалтыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй...“ гэх дүгнэлт /1хх-ийн 75-76 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаартай “...1. Д.Цын гэх цусанд 1,0 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 84-85 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай “...1. А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 121-122 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаартай “...1. А.Дын биед их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн шуу ясны далд хугарал, ялтас шургаар бэхлэх мэс заслын дараах байдал /2024.05.20/, хамар ясны хугарал, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /2хх-ийн 42-45 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн цогцсын шинжилгээний 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай “...1. Амь хохирогч Ц.Жийн биед гавлын орой, суурь ясны цөмөрсөн болон шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархай, хамар, доод эрүү ясны хугарал, нүүрэнд зулгаралт, шарх, баруун шуу ясны ил хугарал, шарх, зулгаралт, баруун тохой, гуя, зүүн бугуй, өвдөг, хэвлий, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Гавлын орой, суурь ясны цөмөрсөн болон шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал тархины эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Ц.Ж нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ...” гэх дүгнэлт /1хх-ийн 172-175 хуу/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн 797 дугаартай “...1.2 Хохирогч А.Дын сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон гэмт хэргийн улмаас түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал учирсан байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 235-237 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн “...Зорчигч А.Дын биед хүндэвтэр, Т.Жы биед хөнгөн хохирол учруулсны улмаас А.Д 3,035,398 төгрөгийн, Т.Ж нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,557,668 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 6-7 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн үед Архангай аймгийн И сумын нутагт саарал өнгийн машин замын хажууд онхолдсон байна...” гэх тэмдэглэл /1хх-ийн 2 хуу/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...замын баруун урд 27-82 АРН улсын дугаартай, марк нь тодорхойгүй саарал өнгийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд... улсын дугаараар шүүхэд “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгсэл байв...Тээврийн хэрэгслийн хойд талд саарал өнгийн цамцтай эрэгтэй хүний цогцос байв. Уг цогцсыг Б үсгээр тэмдэглэв. Амь хохирогчийн халааснуудыг гараар тэмтэрч болон эргүүлж үзэхэд ямар нэгэн эд зүйл байхгүй байв...Тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгыг нээж харахад машины урд хэсгийн аваарын дэрнүүд задарсан суудлын бүрээс хуниралдсан. Тааз буюу хойд талын багааж чихэгдэж хонхойсон...Тээврийн хэрэгслийн хойд талын дотор талд 0,75 литрийн савлагаатай экспорт /export/ нэртэй архины хоосон шил зэрэг эд зүйл эмх замбараагүй тарж унасан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-11 хуу/
Ослын газрын схем зураг /1хх-ийн 12 хуу/
Яллагдагч Д.Цын мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг осол миний болгоомжгүй үйлдлээс болж гарсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 213-214 хуу/,
Өвчний түүх /1хх-ийн 103 хуу/,
Хохирлын талаарх баримтууд /3хх-ийн 38-44 хуу/
Шүүх хуралдаанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирол төлсөн талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04- ний өдөр 23 цагийн орчим А аймгийн И сумын Эбагийн нутаг төв магистрал зам дээр 27-82 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн тус дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган амь хохирогч Ц.Ж нас барсан, хохирогч А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Ц нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим А аймгийн И сумын Эбагийн нутаг төв магистрал зам дээр 27-82 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн тус дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган амь хохирогч Ц.Ж нас барсан, хохирогч А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч А.Дын мэдүүлсэн “... Ц, Ж нар тэр архийг уугаад согтоод байсан. Би ч тэр архинаас нь хувааж уусан. “Экстрал” машинд орж суугаад 0,75 литр экс гэх архийг уугаад, 0,5 литрийн архийг уулгүй үлдээж, Ц машинаа жолоодоод, Ж урд суудалд, би түүний ард хойд талд, Ж, Цын ард суугаад засмал замаар ороод хөдлөөд явсан. Хөдөлж явснаа Ц хүчтэй тоормос гишгэж зогссоноо эхнэр Жд хандаж “зөөлөн яв гэнээ гичий минь, өөрөө барь” гэж хэлээд хаалгаа саваад буусан...Ц машинд орж ирээд шууд л давхиад эхэлсэн. Маш хурдтай яваад байсан. Би гараараа Цыг илээд битгий давхилдаа, тайван яв гэж хэлээд байснаа санаж байна. Тэгтэл машин онхолдсон би зогсож байсан. Би юу болсныг ч ойлгоогүй. Нөхрийгөө машины хойд суудал дээрээс татаад дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41-47 хуу/,
гэрч Г.Югийн мэдүүлсэн “...Би уг дуудлагын дагуу очиход И сумын нутагт засмал замын баруун талд саарал өнгийн суудлын машин онхолдсон байдалтай байсан. Машины баруун талд 2 эмэгтэй нэг нэгнийгээ тэвэрчихсэн сууж байсан. Машины зүүн талд нэг эрэгтэй хүн хэвтчихсэн учир хэдэн хүн байгааг асуутал жолоочийн эхнэр нь 4 хүн явсан гэсэн. Онцгой байдлын алба хаагчдаас нөгөөх хүн хаана байгааг асуутал нэг нь машинд байна гэж хэлсэн. Машины ард талд эрэгтэй хүн баруун тийш налсан байдалтай байсан. Тиймээс зовхийг нь нээгээд гэрэл тусгахад хүүхэн хараа нь гэрлийн урвалгүй, 2 талдаа өргөссөн, амьсгалахгүй, зүрхний авиа сонсогдохгүй нас барсан байсан. Тийм болохоор дараагийн хэвтэж байсан эрэгтэйд үзлэг хийхэд та зүгээр үү гэж асуухад хариулахгүй, хөдөлгөөнгүй дээш хараад хэвтэж байсан. Амнаас нь маш их архи үнэртэж байсан...Дараагийн эмэгтэйчүүдийг үзтэл Д гэх эмэгтэйн зүүн гар хугарсан учир чиг тавьж боосон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-51 хуу/,
иргэний нэхэмжлэгч Т.Жы мэдүүлсэн “...Би өөрийн саарал өнгийн 27- 82 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн машины урд суусан, манай нөхөр Ц жолоо бариад нөхрийн ард талд амь хохирогч Ж, миний ард талд түүний эхнэр Д суусан байсан. Засмал замтай нийлээд манай нөхөр зөөлөн явж байснаа гэнэт хурдаа ихэсгээд, урдаас гэрэл харагдаад машин ирж байна шүү гэж хэлээд явж байтал гэнэт юу ч санахгүй байсан...2024 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 12 цаг болохоос өмнө 0,5 литр хараа нэртэй 1 шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Дараа нь шар чингис 0,5 литрийн архийг манай аав Т, Ж, Ц нар уусан. Түүний дараа өдөр 18 цагаас хойш 0,75 литрийн ногоон экс архийг дөрвүүлээ хувааж уусан. Дараа нь 0,75 литрийн хувааж ууж байгаад доороос нь 4 хуруу хэртэй үлдээсэн. Мөн нэг архийг машиндаа авч явж байгаад зам тээврийн осолд орсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 186-189 хуу/,
шинжээч Б.Чын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай “...1. 27-28 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2-т Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах иргэн хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ. 13.2.1-д Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, шинжилгээний албаны шинжээч Оын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаартай дүгнэлтийн шинжилгээгээр Д.Цын цусанд 1,0 промилли спиртийн зүйл илэрч согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...тухайн ангиллын тээврийн. хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. 2. Тус осол хэрэг нь 27-28 АРН улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Цын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна заалтыг зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй...“ гэх дүгнэлт /1 хх-ийн 75-76 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаартай “...1. Д.Цын гэх цусанд 1,0 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1 хх-ийн 84-85 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай “...1. А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 121-122 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаартай “...1. А.Дын биед их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн шуу ясны далд хугарал, ялтас шургаар бэхлэх мэс заслын дараах байдал /2024.05.20/, хамар ясны хугарал, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /2 хх-ийн 42-45 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн цогцсын шинжилгээний 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай “...1. Амь хохирогч Ц.Жийн биед гавлын орой, суурь ясны цөмөрсөн болон шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, хуйхны цус хуралт, хоёр нүдний ухархай, хамар, доод эрүү ясны хугарал, нүүрэнд зулгаралт, шарх, баруун шуу ясны ил хугарал, шарх, зулгаралт, баруун тохой, гуя, зүүн бугуй, өвдөг, хэвлий, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь осол болох цаг хугацаанд үүснэ. 4. Гавлын орой, суурь ясны цөмөрсөн болон шугаман хугарал, тархины хатуу хальсны урагдал тархины эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Ц.Ж нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 172-175 хуу/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 14- ний өдрийн 797 дугаартай шинжээчийн “...1.2 Хохирогч А.Дын сэтгэцэд 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болсон гэмт хэргийн улмаас түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал учирсан байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 235-237 хуу/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 2 хуу/,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 3-11 хуу/,
ослын газрын схем зураг /1 хх-ийн 12 хуу/,
яллагдагч Д.Цын мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг осол миний болгоомжгүй үйлдлээс болж гарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 213-214 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнээр зүйлчилдэг.
Шүүгдэгч Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Жийн амь нас хохирсон, хохирогч А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь “Ниссан эктрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаартай шинжээчийн химийн шинжилгээний “...Д.Цын гэх цусанд 1,0 промилль спиртийн зүйл илрэв...” гэсэн дүгнэлтээр түүний цусанд 1,0 промилль спиртийн үзүүлэлт илэрсэн нь “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тайлбарласнаас дээш үзүүлэлт тул согтуурсан гэж үзэх үндэслэл болно.
Д.Ц нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Жийн амь насыг хохироосон, мөн хохирогч А.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэрэгт тухайн зүйл ангийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Д.Цыг согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим А аймгийн И сумын Эбагийн нутаг төв магистрал зам дээр 27-82 АРН улсын дугаартай ”Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн тус дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган амь хохирогч Ц.Ж нас барсан, хохирогч А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Ц.Жийн амь нас хохирсон, хохирогч А.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “...Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй...” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч А.Д нь шүүх хуралдаанд баримтаар 15,100,000 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн бөгөөд хэрэгт баримтаар 9,381,325 төгрөгийн баримт авагджээ.
Хохирогч А.Дын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн баримт, эмийн сангаас эм худалдан авсан баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбараар зорчсон баримт зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.327.300 төгрөгийг тооцлоо.
Шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохиролд төлсөн 500,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан 1,327,300 төгрөгийн нэхэмжлэлээс хасаж нийт 827,300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч А.Дд олгохоор шийдвэрлэв.
Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй тухайлбал хэрэгт авагдсан и-баримтын хуулбар хувь, хэний цахим банкны данснаас ямар үйлчилгээ авсан эсэх нь тодорхойгүй цахим банкны гүйлгээний хуулбарууд, хэрэгт хамааралгүй 404228266 гэрээний дугаартай М+ багц бүхий юнивишн хэрэглэгчийн төлбөр төлсөн баримтууд, токи пэй аппликэйшнээр төлсөн зориулалт тодорхойгүй баримтууд, тог, байр, СӨХ-ийн төлбөр төлсөн баримтууд, цахим банкаар такси утгатай хийгдсэн гүйлгээний баримтууд, байрны түрээс төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтууд нь түрээсийн гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул нийт 8,054,050 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...” зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэрэг гарсан хугацаанд буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэрэг 2024 оны 05 дугаар сарын сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 797 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Дын сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоосныг үндэслэн шүүгдэгчээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 34 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 22,440,000 төгрөг гаргуулан,
шүүгдэгч Цаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 827,300 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 22,440,000 төгрөг, нийт 23,267,300 /хорин гурван сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч А.Дд олгохоор тус тус шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д нь хэрэгт 16,000,000 төгрөгийн оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжилсэн боловч хэрэгт баримтаар 15,121,877 төгрөгийн баримт авагджээ.
Нотлох баримтын шаардлага хангасан, оршуулгын зардалтай холбоотой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, хэрэгт хамааралтай 13,455,777 төгрөгөөс шүүгдэгчийн хохиролд төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж 8,455,777 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Харин шарил ачих зардалтай холбоотой гарсан зардал 1,500,000 төгрөгийг төлсөн гэх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 1,500,000 төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй 1,666,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож /660,000*150=99,000,000/ ерэн есөн сая төгрөг, шүүгдэгчээс нийт 107,455,777 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч А.Дын Хаан банкны 5019410319 тоот дансанд 2,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дийн Хаан банкны 5040221380 тоот дансанд 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул уг төлбөрийг хасаж шүүгдэгчээс 21,267,300 төгрөг гаргуулан хохирогч А.Дд, 105,455,777 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Дын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлын төлбөр 3,035,398 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Жы эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлын төлбөр 1,557,668 төгрөгийг шүүгдэгч Д.Ц нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 4,593,066 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Цад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Цад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Д.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч Д.Цын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Д.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/881 дугаартай шүүгчийн захирамжаар 25 /хорих тав/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний 25 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бовогт Дгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Цыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Д.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Цаас 21,267,300 /хорин нэгэн сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч А.Д, 105,455,777 /нэг зуун таван сая дөрвөн зуун тавин таван мянга долоон зуун далан долоо/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д нарт олгож, хохирогч А.Дын нэхэмжлэлийн шаардлагаас 8,054,050 /найман сая тавин дөрвөн мянга тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,666,100 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуу/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Цаас 4,593,066 /дөрвөн сая таван зуун ерэн гурван мянга жаран зургаа/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
8. Шүүгдэгч Д.Цад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР