Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/38

 

Н.Жаргалсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, Б.Баярмагнай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Даваа,

Шүүгдэгч Н.Жаргалсайхан,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолтой Н.Жаргалсайханд холбогдох 1934000000356 дугаартай 2 хавтас, 465 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 11-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 6 дугаар баг Боржигон 23-3 тоотод оршин суух, 1983 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 6 сарын хорих ялаар, 1985 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169 б-д зааснаар 3 жилийн хорих ялаар, 1989 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 төгрөгийн торгох ял, 1990 онд Эрүүгийн хуулийн 176 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Дундговь аймгийн шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А/3 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 1997 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр зүйлийн 27-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Нарангийн шар овгийн Намжилын Жаргалсайхан, ЗЮ:66091071 регистрийн дугаартай,

Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна  Б.Ууганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр санаатай дайрч хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Нарангийн шар овгийн Намжилын Жаргалсайханыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жаргалсайханы цагдан хоригдсон нийт 179 /зуун далан ёс/ хоногийг  эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 2279 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч Н.Жаргалсайханд буцаан олгохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувиарлах зардалгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярт 7557000 /долоон сая таван зуун тавин долоон мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Гантулгад 99000 /ерэн есөн мянга/ төгрөг төлснийг тус тус дурдаж,

Шүүгдэгч Н.Жаргалсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний ял эдлэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Энэ хүн миний хүүгийн амь насыг санаатайгаар хөнөөсөн, хийсэн хэргээ зөвшөөрөхгүй болон гэмшихгүй байгаа бөгөөд санаатайгаар алсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой байхад миний хүүгийн амь 7.511.349 төгрөгийн үнэтэй хөнгөн ял болсонд нь гомдолтой байна. Мөн оршуулганд хэрэглэсэн 17.921.849 төгрөгийг хохиролд тооцож бусад мөнгийг гаргаагүй орхигдуулсан, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгчийг хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж ялын доод хэмжээгээр ял шийтгэл оноосонд гомдолтой байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж хохирогчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү. Маш их гомдолтой байна.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр анх мөрдөгч Цэрэндовдонд 7.511.349 төгрөгийн баримт, буяны ажилд нийт 3.950.000 төгрөг зарцуулсан тооцоо, мөн дараа нь оршуулга болон хоног хураахад хэрэглэсэн 6.460.000 төгрөг нийт 17.921.849 төгрөг зарцуулсан баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн.

Гэтэл улсын яллагчийн яллах дүгнэлтээр 7.511.349 төгрөгийн хохиролтой гэж тэмдэглэн хэргийг шүүхэд шилжсэн. Улсын яллагч хэргийг хянахдаа нэмж өгсөн баримтыг огт үнэлж дүгнэлт яллах дүгнэлтэд оруулаагүй байсан.

Шүүхийн шийтгэх тогтоолд: Шүүх хуралдааныг завсарлуулах хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Н.Жаргалсайхан нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоос 5.500.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн, харин шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр 2.057.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэргээр нийт 7.557.000 төгрөгийг буюу 45.651 төгрөгийг илүү төлсөнийг гэж дурьдсан байна.

Хавтаст хэрэгт хохирогч Т.Өлзийбаяр эхлээд 7.511.349 төгрөгийн баримтыг мөрдөгч цагдаагийн а/д Цэрэндовдонд өгч мөрдөгч тэмдэглэл үйлдэж шивж хохирогч Т.Өлзийбаяраар гарын үсэг зуруулж авсан. Энэ баримтанд тусгагдсан мөнгийг хохирогч шүүгдэгчээс авсан.

Харин дээрх өгсөн баримтуудтай залгуулаад хавтаст хэргийн 30-р хуудаснаас эхлэн хайрцаг, хөшөө, хорго, оршуулганд хэрэглэсэн хүнсний зүйл, түлш шатахууны мөнгө, хоног хураасан зан үйлтэй холбоотой баримтууд нийлээд 6.460.500 төгрөгийн хохирлын баримтыг нэмж хавтас хэрэгт хийсэн байхад хяналтын прокурор болон анхан шатны шүүхээс эдгээр нэмэлт нотлох баримтуудад огт үнэлэлт дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаярт 7.557.000 төгрөг төлсөнийг дурьдсугай гээд хохирогчийн нэхэмжилсэн нийт 17.921.849 төгрөгөөс чухам хэдэн төгрөгийг гаргах үндэслэлтэй, хэдэн төгрөгийг гаргах үндэслэлгүйг ялгаж зааглаагүй зөвхөн 7.557.000 төгрөгийг төлсөн байдлаар дүгнэлт өгсөнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулдаагүй, үйлдсэн хэрэгтээ огт гэмшээгүй байхад ялын доод хэмжээгээр ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын яллагч 10 жилийн хорих ялын санал хэлж ялласан. Бид маш гомдолтой байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эхлэн өгсөн 7.511.349 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, хохиролд тооцон хохирол нэмж өгсөн баримтуудыг огт тооцолгүйгээр шүүгдэгчийг хохирол бүрэн барагдуулсан гэж үзэж шүүгдэгчид ял оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хохирогчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалан хохирлыг нэг мөр гаргуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, ийм боломжгүй бол хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Н.Жаргалсайхан талийгаач Ууганбаатарын амь насыг шууд ба шууд бус санаатайгаар хохироосон бол анхан шатны шүүх эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг зааснаар 8 жилийн хорих ял ноогдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдсэнийг зөвшөөрөхгүй байх ямарч үндэслэл байхгүй билээ. Тэгвэл Жаргалсайханы хэргийн үйлдлийн зүйлчлэлийн хувьд үнэхээр эргэлзээтэй, анхан шатны шүүх Жаргалсайхан талийгаач Ууганбаатарыг шууд ба шууд бус санаатайгаар алсан гэж дүгнэлт хийж ял халдаасныг түүний өмгөөлөгчийн хувьд үнэхээр зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Н.Жаргалсайхан талийгаач Ууганбаатарын амь насыг шууд санаатайгаар хохироосон гэж дүгнэлт хийхдээ Оргил гэгч машинд суух гээд явахдаа та нарыг бүгдийг чинь ална гээд явсан, мөн гэрч Чулуунбаатар машиндаа суугаад хөдлөхдөө та нарыг бүгдийг чинь ална гэсэн мэдүүлгийг үндэслэж тийм дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байгаа билээ.

Миний бие Жаргалсайханы өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас ажилласан тул түүний хэргийн үйлдлийг анхнаасаа хүний амь биш авто аваарын хэрэг гэж үзэж байгаа тул мөрдөн байцаалтын шатанд прокурорт удаа дараа энэ талаар хүсэлт гаргасныг прокурорууд хүлээн зөвшөөрөөгүй болно.

Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2006 оны 27, 2009 оны 14 дүгээр тогтоолуудад хүний амь болон авто аваарын хэргийн талаар маш тодорхой тайлбарласан болно. Улсын дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолд хүний амины хэрэг шууд ба шууд бус санаатай амь хохирогчийн үхэл хоёр шалтгаант холбоотой байх, тодруулбал хүнийг алах гэсэн шууд ба шууд бус санаа заавал байхыг онцгойлон заасан билээ. Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолтой холбогдуулж миний бие хуулийн байгууллагад 50 гаруй жил ажилласан дадлага туршлагаасаа дүгнэлт хийхэд Жаргалсайханы үйлдэл хүний амь биш замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан авто аваарын хэрэг болох нь тодорхой байгаа тул шүүхийн гэм буруугийн хуралдаанд Жаргалсайханы хэргийн үйлдлийг хүний амь биш авто аваарын хэрэг гэж өөрийн өмгөөллөө явуулсан болно. Улсын Дээд шүүхийн 2006 оны 27 дугаар тогтоолын 4-т ЭХ-ийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай. хууль тогтоомж зөрчих" гэдэгт Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно, мөн тогтоолын 15 дугаар зүйл "Согтуурсан буюу мансуурсан этгээд" гэдэгт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заан тодорхойлсон согтууруулах ундаа болон сансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хэрэглэснээс өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон этгээдийг ойлгоно гэж онол практикийн ач холбогдолтой маш чухал тайлбаруудаас нь үзэхэд Жаргалсайханы үйлдэл нь санаатайгаар бусдын амь насыг хохироосон биш согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсоноос уг хэргийг үйлдсэн нь тов тодорхой байгаа тул давж заалдах шатны шүүх миний гомдолд маш үндэслэлтэй дүгнэлт хийхийг хүсч байна. Үүнд:

1. Н.Жаргалсайхан амь хохирогч Ууганбаатарыг алах гэсэн шууд ба шууд бус санаа сэдэл зорилго алах гэсэн шалтаг шалтгаан байхгүй нь хэргээс тодорхой ойлгогдоно. Хамт архидсан Э.Оргил, ... ууж байсан архиа дуусгаад байж байтал жолооч Жаргалсайхан шорон яриад байсан талийгаач өөдөөс нь үг сөрөөд маргалдаж байсан. Жаргалсайхан та нарыг ална гэж хэлээд машиндаа суугаад эргээд хойшоо хөдөлсөн. Жаргалсайханы машин талийгаачийн зүүн урд талд баруун урагшаа хашааруу хагас харсан байдалтай зогсож байсан. /хх 61-ийн ар/ Б. Чулуунбаатар ... Жаргалсайхан би явлаа гээд машиндаа очоод суугаад хөдлөхдөө та нарыг бүгдийг чинь ална гэж хэлээд хойшоо явсан. Миний хувьд хол сууж байсан тул юунаас болж хоорондоо маргасныг мэдэхгүй гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Жаргалсайхан зөвхөн талийгаачтай үг сөргөлцөж муудалцсан байлаа гэхэд гэм зэмгүй урьд өмнө нь таньж мэдэхгүй хамт архидсан нөхдөө бүгдийг чинь ална гэж хэлэх ямар ч зорилго сэдэлт байхгүй нь тодорхой бөгөөд талийгаач Ууганбаатартай хэрэлдэж зодолдоогүй атлаа түүнийг алахаар занал хийхгүй нь тодорхой билээ.

2. Чулуунбаатар, Оргил нарын мэдүүлэгч хоорондоо зөрүүтэй нэг нь та нарыг ална гээд машин руугаа явсан нөгөө нь машинд суугаад хөдлөхдөө та нарыг бүгдийг чинь ална гэсэн мэдүүлгүүд нь хууль ёсны ба үндэслэлтэй байж чадахгүй байна. Чулуунбаатар өгсөн мэдүүлэгтээ Жаргалсайхан шорон ярихад нь талийгаач үг сөргүүлээд байсан чухам юу хэлснийг нь зайтай байсан тул сонсоогүй хүн тэднээс хол зайтай газар зогсож байгаа машиндаа суугаад хөдлөхдөө та нарыг ална гэж хэлсэн гэдэг нь үнэхээр үнэмшилгүй байна.

3. Энэ хоёрын хэлж мэдүүлсэн шиг Жаргасайхан бүгдийг чинь ална гэж хэлсэн бол тэнд эрүүл саруул байсан Мөнхбаатар, Наранбаатар, Энхтамир нар сонсох байсан нь тодорхой тул Мөнхбаатар, Наранбаатар, Энхтамир нарын мэдүүлгээр Оргил, Чулуунбаатар нарын мэдүүлэг няцаагдаж байна.

4. Оргил, Чулуунбаатар нарын хэлж мэдүүлсэн шиг Жаргалсайхан талийгаачийг алах гэсэн бол баруун урагшаа буюу эдний зүг хараад зогсож байсан машинаараа шууд дайрч ална шүү дээ, тэгвэл тэгээгүй өөрийнхөө амьдарч байсан гэрийнхээ зүг зүүн хойшоо хөдлөөд 800 шахам метр явахад нь эвдэрхий байшин тааралдаж түүнийг мөргөснөөс буцаж иргээд явах замдаа Мөнхбаатарын мотоциклийг шүргээд талийгаачийг мөргөж амь насыг нь хохироохдоо тийм үйлдэл хийж байгаагаа огт мэдээгүй нь Гантулга гэгчийн хашааны зүүн талыг нь цөмлөөд нөгөө талынх нь хураалттай мод багананд нь тээглэж зогсоод цааш явах боломжгүй болсон байхад хаазлаад байсан гэсэн гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд тэр цаашаа явах гээд байгаа үйлдэл мөн бөгөөд энэ нь түүний их хэмжээгээр согтолттой болж байгаа үйл явдлыг ухаарах чадваргүй байсны нотолгоо болж байна.

5. Гантулга болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр машинаасаа буугаад газарт гэдрэгээ хараад хэвтэж байгаа нь Жаргалсайхан тухайн үед чухам юу болсон хүний амь нас хохирсон зэргийг огт ухаараагүй байсны баримт мөн. Хэрвээ үнэхээр бусдын амь насыг хохироох гэсэн сэдэл зорилготой байгаад түүнийгээ хэрэгжүүлсэн бол тэгж газарт гэдрэгээ хараад хэвтэх биш тэнд байсан хүмүүс рүү дайрч давшлах нь тодорхой билээ.

6. Хэрэв Жаргалсайхан талийгаачийг алах гэсэн бол машинаа асаагаад өөрийнхөө амьдарч байгаа гэрийнхээ зүг зүүн хойшоо явах биш шууд талийгаачийг дайрч алаад айлын хашааг дайрах буюу машин тэргээ эвдэж гэмтээх үйлдэл хийхгүй нь хэнд ч ойлгомжтой билээ. Жаргалсайхан талийгаач нар бие биенээ танихгүй тул зөвхөн архи уух хугацаандаа танилцсан ба энэ хоёрын хооронд ямар нэг зодоон цохион болоогүй бөгөөд нэгнийхээ амь насыг хохироох шалтаг шалтгаан болоогүй нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно.

7. Уг хэрэг гарсны дараа Оргил, Чулуунбаатар нар талийгаачид тусламж үзүүлээгүй түүнийг машин замаас зайлуулж хамгаалаагүй гэм буруугаа үгүйсгэхийн тулд Жаргалсайхан Ууганбаатарыг зориуд санаатай алсан болгохын тулд тийм үндэслэл муутай мэдүүлэг өгсөн нь тодорхой байна.

8. Мөрдөгч прокуроор нар анхнаасаа Жаргалсайханы үйлдлийг хүний амины хэрэг болгохын тулд яллах нэг талыг хэт баримталж өөрсдийн дотоод итгэл, үнэлэлт, дүгнэлтээ бататгахын тулд шүүх сэтгэцийн эмч нарт өөрсдийн ойлголтоо ойлгуулахыг санаархсан байж болохоор байдал харагддаг юм. Миний бие шүүх сэтгэцийн эмч нараар дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгсөнийг үл зөвшөөрч зөвхөн дүгнэлт гаргасан эмч нарын нэгээс нь мэдүүлэг авсан байдаг юм. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон эмч Энхчимэг өмнө өгсөн дүгнэлт, мэдүүлгээ нотлохын тулд Жаргалсайхан өөрийгөө удирдан жолоодох, хяналт тавих чадваргүй болоогүй уурласандаа уг хэргийг үйлдсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хэлж байгаа ба өмгөөлөгч бид хоёрын болон шүүхээс огт дуудаагүй Байгальмаа гэгч эмчийг дагуулж ирж хуралд бие биенийхээ мэдүүлгийг хамгаалж байгаа нь миний үйлчлүүлэгч Жаргалсайханыг аваараар биш шууд санаатай хүн алсан болгох гэсэн оролдлого гэж ойлгохоор байна.

9. Хэргийн газрын үзлэгээс дүгнэлт хийхэд Жаргалсайханы замд Эвдэрхий байшин тааралдаагүй бол шууд цаашаа ажиллаж амьдарч байсан орон байр руугаа явах байсан нь хангалттай ойлгогдоно.

10. Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд Жаргалсайхан бусдын амь насыг санаатай хохироосон биш Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс уг хэрэг үйлдэгдсэн нь тов тодорхой байгаа болно.

Жаргалсайхан урьдчилсан мөрдөн байцаалтанд хүний амь насыг хохироосондоо туйлын ихээр харамсаж байгаа болон шүүх хуралдаан дээр талийгаачийн амь насыг хохироосондоо маш их харамсаж байна, миний бие шүүхийг хүндэтгэж байна би үнэхээр талийгаачийг алья гэж бодоогүй юм гэж мэдүүлэг өгч байгаа нь хүний амь хохироосноо хүлээж түүндээ маш их харамсаж байгаа бөгөөд гагцхүү үнэхээр алах гэсэн санаа бодол байгаагүй нь тодорхой байна.

Иймд анхан шатны шүүх Жаргалсайханы үйлдлийг эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгээр зүйлчилснийг өөрчилж Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.10.3 дахь хэсгээр ял ноогдуулж өгөхийг хүсч байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд заавал оролцоно.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Хүнийг алах гэсэн шууд санаатай байж хүнийг алсан гэж үздэг. Гэтэл хэргээс үзэхэд шууд санаа агуулсан зүйл байхгүй байна. Иймд хэргийг зүйл заалтын хувьд анхаарч үзэх нь зүйтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа гаргасан саналдаа: Ц.Раашзэвэг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Хуулийн зүйлчлэлийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас үүссэн аваарын хэрэг гэж үзэж байна. Ийм учраас шууд санаатай үйлдсэн гэмт хэрэг биш юм. Хуулийн зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй учир зөв зүйлчилж асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Өлзийбаяр гаргасан тайлбартаа: Шүүх хохирол гаргуулах баримт дээр дүгнэлт хийгээгүй би их гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Анхан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт байна гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан саналдаа: Хохирогчийн гэм хор, хор уршиг арилаагүй байгаа.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Жаргалсайхан гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Төв аймгийн Прокурорын газраас Н.Жаргалсайханыг 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Бамбарын 5-509 тоот хашааны гадна Б.Ууганбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрч санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Н.Жаргалсайханд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7511349 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Н.Жаргалсайхан шүүхийн шатанд 5500000 төгрөг төлсөн, үлдэх 2011349 төгрөг төлөхийг шүүх тогтоосноор шүүгдэгч тал 5 хоногийн завсарлага авч, 2057000 төгрөг төлснөөр нийт 7557000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг шийтгэх тогтоолд дурьджээ.

            Гэтэл хохирогч тал 17921849 төгрөгийн хохирол нэхэмжилж, нотлох баримтыг шүүхэд гаргасан талаар гомдолд дурьдсан байх ба хэргийн 2 дугаар хавтсын                                  16-34 дүгээр хуудсанд нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан нотлох баримтууд,  хохирлын тооцоо хийсэн мөрдөгчийн тэмдэглэл  хэрэгт  авагдсан байна.

            Хохирлын асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт ойлгомжгүй,  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хохирлыг бүрэн шийдвэрлээгүй, хохирлыг буруу тооцсон нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй атлаа шүүгдэгч  хохирлыг төлсөн / 2 хавтас 181/  гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүйгээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаардаг тул “шүүхээс шүүгдэгчийг хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэх боломжгүй юм.

            - Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа шүүх хуралдаанд шинжээч эмч Б.Энхчимэгийг оролцуулах хүсэлт /2 хавтас 151/-ийг шүүхэд бичгээр гаргасны дагуу шүүх шинжээч Б.Энхчимэгийг шүүх хуралдаанд оролцуулах тухай №154 дугаартай албан бичиг /2 хавтас 152/-ийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргүүлсэн, шүүх хуралдаанд  шинжээч  Б.Энхчимэг, С.Байгалмаа нар оролцсон байна.

            Шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж, шийдвэр гаргах байтал дээрх ажиллагаа хийгдээгүй, түүнчлэн шинжээч С.Байгалмаа ямар үндэслэлээр шүүх хуралдаанд оролцож тайлбар гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь тодорхойгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хүсэлтээр шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Д.Даваа нар оролцсон байх ба тэд шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй атлаа урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас хойш дээрх хүсэлтийг шүүхэд гаргасан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалт  зөрчсөн байна.

Прокурор, оролцогчийн санал, хүсэлтээр шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээчийн асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь заалтаар зохицуулсан байхад шүүх хуралдаанд шинжээч оролцуулах хүсэлтийг өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаагүй, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн үндэслэл болно.

- Шүүхийн шийтгэх тогтоолд мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн 22-79 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Жаргалсайханд буцаан олгохоор шийдвэрлэсэн үндэслэл тодорхойгүй, улмаар уг тээврийн хэрэгслийн талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанШүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Жаргалсайханд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Жаргалсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд Н.Жаргалсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

     ШҮҮГЧИД                                               Т.ЭНХМАА

 

 

                                                                     Г.БОЛОРМАА