| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2020/03097/И |
| Дугаар | 181/ШШ2021/00514 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2021/00514
2021 03 10 181/ШШ2021/00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Ц-д холбогдох,
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 8 тоот, улсын бүртгэлийн Ү-2203027433 дугаартай, 64.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Т.Ц нь А ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 25-н өдөр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах Ү-2203027433 тоот улсын бүртгэлийн дугаартай, 64.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100,000,000 төгрөгөөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан А өмчлөлд шилжүүлсэн.
Дээрх худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн өмчлөх эрхийг шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу А ХХК нь тус орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байгаа бөгөөд иргэн Н.Ц хууль бусаар оршин сууж байх бөгөөд орон сууцыг чөлөөлж өгөхгүй, банкны зүгээс орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хүлээн авахгүй, банкнаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, дээрх А банкны өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхгүй байна.
Иймд А ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах Ү-2203027433 тоот улсын бүртгэлийн дугаартай, 64.34 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Н.Ц-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Б.Оргилсайхан нь хариуцагч Н.Ц-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 8 тоот, улсын бүртгэлийн Ү-2203027433 дугаартай, 64.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Н.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн хариуцагчид 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан баримтаар иргэн Т.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр А ХХК-д Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 8 тоот, улсын бүртгэлийн Ү-2203027433 дугаартай, 64.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна.
Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 8 тоот, улсын бүртгэлийн Ү-2203027433 дугаартай, 64.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь А ХХК болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч А ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохынхоо хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч нь тухайн маргаан бүхий орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа болохоо нотлоогүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг баримтаар няцаагаагүй тул хариуцагч Н.Ц-ийг бусдын үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Б.О-ны хариуцагч Н.Ц-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар А ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамж, 40 дүгээр байрны 8 тоот, улсын бүртгэлийн Ү-2203027433 дугаартай, 64.34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Ц-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ