| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: И.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Игийн Ад холбогдох 2412000000229 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Ж суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, одоо А аймгийн Ж сумын Х багийн С гэх газарт оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Жсумын Хбаг Сгэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Игийн А /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч И.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А\ аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу 10 шуудай боргоцой, цайруулсан байдлаар 65.9 килограммыг самрыг түүж, шуудайлж бэлтгэсэн, мөн тус аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас С гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклиор тээвэрлэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,517,510 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412000000229 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Бын мэдүүлсэн: ...И.А нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ...65.9 кг самар түүж бэлтгэсэн. ...самрын хорио дуусахаар иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самар түүдэг. Самрын эргүүл хяналт шалгалт хийхэд унасан байсан самар байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Лгийн мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр найз И.А, П.Г нарын хамт Х багийн Цгэх газраас самар түүхээр гарсан. ...бид гурав 30 шуудай хуш модны боргоцой түүж тус тусдаа 10, 10 боргоцой авсан. Бид нар самар түүхдээ багаж хэрэгсэл ашиглаагүй, газар унасан самар түүсэн. ...уулнаас өөрийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зөөж гэртээ авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Гын мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Л, И.А нарын хамт Х багийн Цгэх газраас самар түүхээр гарсан...Ууланд байх хугацаандаа бид 3 нийлээд 30 шуудай самар түүгээд түүсэн самраа арав арваар нь хувааж аваад уулнаас өөр өөрийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зөөж гэр гэртээ авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Гийн мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед Х багийн айл өрхүүдээр явж хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар ард иргэдэд хууль сурталчилж ажиллаж байх үед Х багийн 2-3 иргэн надад И.А гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн юм...Бид нар хяналт шалгалт хийх үедээ И.Ан гэрт самар байгаа эсэхийг үзэж шалгаагүй. Харин экологийн байцаагчтай И.А би 10 шуудай боргоцой түүсэн, түүсэн самраа ууланд нуусан гэж ярьж байсан...Тухайн үед бид нар хяналт шалгалт хийгээд явж байсан болохоор И.Аг...түүж бэлтгэсэн гэх боргоцойгоо маргааш авч ирэх талаар хэлсэн юм. Тэгтэл маргааш нь...И.А нь түүж бэлтгэсэн 10 шуудай боргоцойгоо авч ирсэн...Тэгээд экологийн алба хаагч нар үзлэг шалгалт хийцгээсэн... цайруулаад жинлэхэд нийт 65.9 кг жинтэй цайруулсан самар болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч И.Ан мэдүүлсэн: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Сибирь нарсны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. 2. Сибирь нь нарс нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25- ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг...9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 6.517.510 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-62 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Сибирь нарс (Xyui)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. 2. Сибирь нарс (Xyuj)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон байдаг. 3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Xym)-Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4. Сибирь нарс (Xym)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26.6% буюу нойтон байна. 6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. 7. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. 8. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үр, эд эрхтнийг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар болц гүйцэж, хорио цээрийн дэглэм тавигдсан тохиолдолд түүвэрлэж болно. 9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 6,517,510 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 19.552.530 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 32.587.550 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 79-82 хуу/
Гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 01 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17, 18-21 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 101-104 хуу/
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 38-46 хуу/
Хөрөнгийн үнэлгээний “Мэргэн гүн аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бямбажавын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. ...тээврийн хэрэгслийн үнэлгээг 1.900.000 төгрөгөөр үнэлсэн. ... 77.7 кг самрыг 621.600 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 128 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И.Аг 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу 10 шуудай боргоцой, цайруулсан байдлаар 65.9 килограммыг самрыг түүж, шуудайлж бэлтгэсэн, мөн тус аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас С гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклиор тээвэрлэсэн, улмаар тухайн самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,517,510 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.А нь бэлтгэсэн хуш модны самрыг Жсумын Х багийн Цгэх газраас С гэх газар хүртэл өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклиор тээвэрлэсэн гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна.
Гэрч О.Гийн мэдүүлсэн: “...2024 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед Х багийн айл өрхүүдээр явж хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар ард иргэдэд хууль сурталчилж ажиллаж байх үед Х багийн 2-3 иргэн надад И.А гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн юм...Бид нар хяналт шалгалт хийх үедээ И.Ан гэрт самар байгаа эсэхийг үзэж шалгаагүй. Харин экологийн байцаагчтай И.А би 10 шуудай боргоцой түүсэн, түүсэн самраа ууланд нуусан гэж ярьж байсан...Тухайн үед бид нар хяналт шалгалт хийгээд явж байсан болохоор И.Аг...түүж бэлтгэсэн гэх боргоцойгоо маргааш авч ирэх талаар хэлсэн юм. Тэгтэл маргааш нь...И.А нь түүж бэлтгэсэн 10 шуудай боргоцойгоо авч ирсэн...Тэгээд экологийн алба хаагч нар үзлэг шалгалт хийцгээсэн... цайруулаад жинлэхэд нийт 65.9 кг жинтэй цайруулсан самар болж байсан...гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь бэлтгэсэн самрыг тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэсэн гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд гэрч П.Гын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн бэлтгэсэн самрыг тээвэрлэсэн гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.А нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу 10 шуудай боргоцой, цайруулсан байдлаар 65.9 килограммыг самрыг түүж, шуудайлж бэлтгэн, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологид 6,517,510 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.А нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу 10 шуудай боргоцой, цайруулсан байдлаар 65.9 килограммыг самрыг түүж, шуудайлж бэлтгэн, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,517,510 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Бын мэдүүлсэн “...И.А нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ...65.9 кг самар түүж бэлтгэсэн. ...самрын хорио дуусахаар иргэн ахуйн хэрэгцээндээ 25 кг самар түүдэг. Самрын эргүүл хяналт шалгалт хийхэд унасан байсан самар байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Гын мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.Л, И.А нарын хамт Х багийн Цгэх газраас самар түүхээр гарсан...Ууланд байх хугацаандаа бид 3 нийлээд 30 шуудай самар түүгээд түүсэн самраа арав арваар нь хувааж аваад уулнаас өөр өөрийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр зөөж гэр гэртээ авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Гийн мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед Х багийн айл өрхүүдээр явж хуш модны самар түүх хуулийн хугацаанаас өмнө түүж бэлтгэж болохгүй талаар ард иргэдэд хууль сурталчилж ажиллаж байх үед Х багийн 2-3 иргэн надад И.А гэх хүн самар түүгээд яваад байна гэж хэлсэн юм...Бид нар хяналт шалгалт хийх үедээ И.Ан гэрт самар байгаа эсэхийг үзэж шалгаагүй. Харин экологийн байцаагчтай И.А би 10 шуудай боргоцой түүсэн, түүсэн самраа ууланд нуусан гэж ярьж байсан...Тухайн үед бид нар хяналт шалгалт хийгээд явж байсан болохоор И.Аг...түүж бэлтгэсэн гэх боргоцойгоо маргааш авч ирэх талаар хэлсэн юм. Тэгтэл маргааш нь...И.А нь түүж бэлтгэсэн 10 шуудай боргоцойгоо авч ирсэн...Тэгээд экологийн алба хаагч нар үзлэг шалгалт хийцгээсэн... цайруулаад жинлэхэд нийт 65.9 кг жинтэй цайруулсан самар болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...1. Сибир нарсны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу хуш модны үр юм. 2. Сибир нь нарс нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25- ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байдаг...9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 6.517.510 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 57-62/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...1. Сибирь нарс (Xyui)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. 2. Сибирь нарс (Xyuj)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон байдаг. 3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Xym)-Pinus sibirica Du Tour -ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4. Сибирь нарс (Xym)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 26.6% буюу нойтон байна. 6. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. 7. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. 8. Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үр, эд эрхтнийг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар болц гүйцэж, хорио цээрийн дэглэм тавигдсан тохиолдолд түүвэрлэж болно. 9. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 6,517,510 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 19.552.530 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоолж үзэхэд 32.587.550 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 79-82/,
гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 01/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-17, 18-21/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 101-104,
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 239 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 38-46/,
хөрөнгийн үнэлгээний “Мэргэн гүн аудит” ХХК-ийн үнэлгээчин, шинжээч А.Бямбажавын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. ...тээврийн хэрэгслийн үнэлгээг 1.900.000 төгрөгөөр үнэлсэн. ... 77.7 кг самрыг 621.600 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 128 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч И.А болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.
Ойн тухай хуульд “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг,
“ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг,
“ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг,
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна,
Байгалийн ургамлын тухай хуульд “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг,
“Ховор ургамалд” байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална гэж тус тус хуульчилсан.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар хуулиар хамгаалсан.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар хуульчилсан.
Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч И.А нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох Сибирь хуш модны үр буюу 10 шуудай боргоцой, цайруулсан байдлаар 65.9 килограммыг самрыг 2024 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрийн хооронд А аймгийн Жсумын Х багийн Цгэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, шуудайлж бэлтгэн, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн газраа хадгалж, Байгаль экологи, ургамлын аймагт 6,517,510 төгрөгийн шууд хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч И.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж, бэлтгэн хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч И.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж хавтаст хэргийн 02-04 дүгээр талд гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль орчинд 6,517,510 төгрөгийн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-62/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн /хх-ийн 79-82/ дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно...” гэж Байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр хуульчилсан.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч И.Ан зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох хушны самрыг ойгоос түүж, бэлтгэсэн идэвхтэй үйлдэл нь байгаль орчинд шууд санаатай байдлаар хохирол учруулж байгаа үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч И.А нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох хушны самрыг ойгоос түүж, бэлтгэн, хадгалж байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 6,517,510 төгрөгийн шууд хохирол учруулжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай “Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын хавсралтаар Сибирь хуш /самар/-ны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон үнэлгээг үндэслэж нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтээр самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 6,517,510 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.
Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчинд учруулсан хохирлыг ойн санд учруулсан хохирол, ургамалд учруулсан хохирол гэж ангилж, ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр хуульчилжээ.
Ойн тухай хуульд “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг,
“ойн сан” гэж ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг,
“ойн экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг тус тус ойлгохоор тодорхойлжээ.
Мөн Ойн тухай хуульд зааснаар самар нь “ойн дагалт баялаг”-т хамаарч байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна гэжээ.
Харин Байгалийн ургамлын тухай хуулийн зорилт нь ой болон таримал ургамлаас бусад ургамал /цаашид “ургамал” гэх/-ыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Дээрхээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан бөгөөд Ойн тухай хуульд зааснаар самар нь “ойн дагалт баялаг”-т хамаарч байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан ойн санд учруулсан хохирол, 3-т заасан ургамалд учруулсан хохирлын аль хохирлоор тооцож нөхөн төлүүлэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч И.Агаас ойн санд учирсан хохирол болох 6,517,510 төгрөгийн ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 19,552,530 /арван есөн сая таван зуун тавин хоёр мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч И.А нь зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Ан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч И.Ан тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж заасан байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай”, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн дүгнэлтээр хуш модны самрыг стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох талаар дүгнэлт гарсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2 шуудай 65,9 килограмм буюу 60,48 /хорогдсон жингээр/ килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул эзэмшигч И.Ад буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч И.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Игийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэн, хадгалж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч И.Ад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч И.Ад хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч И.Агаас байгаль экологид учруулсан хохирол 19,552,530 /арван есөн сая таван зуун тавин хоёр мянга таван зуун гуч/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай”, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг эзэмшигч И.Ад буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тус шүүхийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 2 шуудай 65,9 килограмм буюу 60,48 /хорогдсон жингээр/ килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч И.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч И.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР