Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2018/00053/И |
Дугаар | 181/ШШ2018/01395 |
Огноо | 2018-06-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2018/01395
2018 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2018/01395 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хбанк ХХК,
Хариуцагч: М.Б нарт холбогдох,
Х.О, Хасбанк ХХК нарын хооронд 2016 оны 09 сарын 07-ны өдрийн 1\16-003 тоот Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, мөн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.О хууль бус эзэмшлээс хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Билгүүн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Хасбанк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Х.Батдэлгэр, хариуцагч М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: МХХК болон Хбанк ХХК нар нь 2014 оны 05 сарын 05-ны өдөр 5001133073 тоот Зээлийн шугамын гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулж 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар жилийн 25,20 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба Х.О нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд оролцсон. Барьцааны гэрээнд Х.О нь өөрийн өмчлөлийн 1-рт: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэлтэй, 240 м.кв талбай бүхий 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө,
2-рт: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 164 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй, 325,21 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
3-рт: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, ............ нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, 343 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
4-рт: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 164 тоотод байршилтай, ............. нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн .................. дугаарт бүртгэлтэй, 390 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан болно. Ингээд МХХК-ийн зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байсан ба эдийн засгийн хүндрэл болон санхүүгийн алдагдалд орж зээл эргэн төлөлт 2016 оны 07 сараас эхлэн тасалдсан. Гэтэл Хбанк ХХК-наас МХХК-ийг эргэн төлөлтөө хий гэж шаардсан ба түр хугацаанд санхүүгийн асуудалтай байгаагаа хэлэхэд Р.О надад барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ гэгч зүйлийг хий, тэгвэл 1 жилийн хугацаагаар гэрээний хугацааг сунгая энэ хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй танд болон танай компанид хамаагүй илүү ашигтай гэж хэлсэн ба Х.О нь түүнд нь итгэж 2016 оны09 сарын 07-ны өдөр 1\16-003 тоот Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээг тус тус хийж 2016 оны 07 сарын 25-ны дотор үндсэн зээлийн үлдэгдэл 150 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 17 881 013 төгрөг, нийт 167 881 013 төгрөг төлж буцаан төлөх нөхцөлтэйгээр миний өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох: 1-рт: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй, 240 м.кв талбай бүхий 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2-рт: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 164 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй, 325.21 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Х ХХК нь, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн газар болох 1-рт: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, ...................... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй 343 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар, 2-рт: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 164 тоотод байршилтай, ................... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, 390 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэргийг Хбанкны тусгай активын хэлтсийн захирал ажилтай иргэн М.Б нь өөрийн нэр дээр тус тус шилжүүлсэн авсан. Хбанк нь Банкны тухай хуульд зааснаар хадгаламж авах, зээл гаргах зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах ёстой атал үйлчлүүлэгчээ хууль зүйн мэдлэггүйг далимдуулан хүү тооцохгүй, хүү нь зогсоно гэх зэргээр худал мэдээллээр хууран үйлчлүүлэгч, зээлдэгчийнхээ өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаа үйл ажиллагаа нь хууль бус үйлдэл юм. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу Х.Оын Хасбанк ХХК-тай 2016 оны 09 сарын 07-ны өдөр 1\16-003 тоот Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ, мөн Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Х ХХК болон түүний итгэмжлэгдэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.О болон МХХК нар нь 2014 оны 05 сарын 05-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулж 150 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн барьцаанд нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг барьцаалуулсан. Зээл төлөх хугацаа өнгөрөхөд зээлдэгч нь 2016 оны 05 сарын 20-ны өдөр банкинд бичгээр хүсэлт гаргаж ...зах зээлийн хямралт байдлаас бизнес ажиллагаа тогтвортой бус болж улмаар зээл төлөхөд нөлөөлж зээлээ хугацаанд нь төлөөгүй явдалд та бүхнээс хүлцэл өчье. Хямралтай байгаа нөхцөл байдлыг харгалзан Хасбанкны зүгээс боломжит бүхий л арга хэмжээнүүдийг авч биднийг дэмжин хамтран ажиллаж байдагт талархаж явдгаа илэрхийлье. Зээлээ төлж чадаагүй байгаатай холбоотойгоор Хасбанкны зээлийн барьцаанд байгаа ... 220 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект, Г-2205002642 дугаар бүхий ... газар, 325,21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьект, Г-2205001213 дугаар бүхий ... газар зэргийг Хасбанкны эзэмшилд шилжүүлж зохих хугацаанд зээлийг төлж барагдуулах үүргийг хүлээж, бид өөрсдийн зүгээс бүхий л боломжит арга хэмжээнүүдийг авч зээлийг төлж барагдуулах болно. Иймд бидний хүсэлтийг харгалзан үзэж асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн. Зээлдэгчийн гаргасан энэхүү хүсэлтийн дагуу хөрөнгүүдийг нь зээлд тооцож авах талаар 2016 оны 09 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, гэрээ байгуулах үеийн байдлаар тасалбар болгож, зээлийн төлбөр болох 167 881 013 төгрөг /үндсэн төлбөр 150 000 000 төгрөг, хүү 17 881 013 төгрөг/-т тооцон зээлийг хаасан. Банк нь хөрөнгийг шилжүүлэн авахдаа 2016 оны 09 сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бусдад худалдан борлуулахгүй, захиран зарцуулахгүй байх үүргийг хүлээж, энэ хугацаанд өмчлөгч нь хөрөнгөө буцаан худалдан авах боломжтой байхаар тохиролцсон. Энэхүү харилцаа нь: 1. Банкны тухай хуулийн 7.1-т Банк ... зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа... явуулж болно. 10.2-т Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө...-ийг гэрээ ...-ийн үндсэн дээр авч болно гэж тус тус заасны дагуу банк нь хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэн зээлдэгчийн хөрөнгийг төлөгдөөгүй зээл, зээлийн хүүгийн төлбөрт тооцон авахаар холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, хуульд заасан журмын дагуу хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан.
2. Өмчлөх эрх гэдэг бол туйлын эрх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах эрх-тэй. Энэ эрхийнхээ дагуу хөрөнгийн өмчлөгч нь өөрөө 2016 оны 05 сарын 20-ны өдөр хөрөнгөө шилжүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан, мөн сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж гарын үсэг зурж хөрөнгөө шилжүүлсэн.
Энэхүү хөрөнгийн шилжүүлэг нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-т Худалдах-худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ гэж, 109 дүгээр зүйлийн 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэж, 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасны дагуу өмчлөх эрх шилжүүлэх гэрээг талууд бичгээр үйлдэж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн, мөн хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Банк нь улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад хуульд заасан журмын дагуу бүртгүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 1.4 дэх хэсэгт заасны дагуу 2016.09.07-2017.08.01-ний хооронд өөрөө хөрөнгөө худалдан авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул З.Уранчимэг гэх иргэнийг дагуулан ирж 325,21 м.кв үл хөдлөх хөрөнгө, Г-2205001213 нэгж талбарын дугаартай газрыг худалдсан. 2017.08.16-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж нийт 250 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, үүнээс банкинд 115 000 000 төгрөгийг, Х.От 135 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Банкинд төлөх 115 000 000 төгрөгөөс худалдан авагч З.Уранчимэг нь 15 000 000 төгрөг бэлнээр төлж, үлдэх 100 000 000 төгрөгт уг хөрөнгийг барьцаалан үндсэн хөрөнгийн зориулалттай жижиг дунд бизнесийн зээл авч хөрөнгийг худалдан авсан. Х.О нь өөрөө энэ бүх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж хийсэн атлаа банк дарамт шахалт үзүүлж, хууль бусаар хөрөнгийг нь авсан мэтээр худал мэдүүлж байгаа нь зохимжгүй байна. Иймд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Х.Оын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: З.Уранчимэг нь 2017 оны 08 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хороо, туул 9, 164 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар худалдаж авсан байдаг. Гэрээ байгуулж 95.000.000 төгрөгийг Хбанк ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Хууль ёсны дагуу худалдаж авсан гэв.
Хариуцагч Хасбанк ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хасбанк ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1/16-003 тоот Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан гэрээний 1.2.1 дэх заалтад заасны дагуу Баянгол дүүрэг, 16 хороо, Туулын 16 дугаар гудамж, 294-А тоотод байршилтай, хувийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож хөрөнгийн үнэ болох 75 000 000 төгрөгийг төлсөн. Улмаар 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарч Банк нь хууль ёсны өмчлөгч болсон. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй гэж заасны дагуу Банк нь өөрийн өмчлөлийн дээрх хөрөнгүүдийг чөлөөлөхийг хариуцагч Х.От удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хөрөнгүүдийг чөлөөлж өгөлгүй өмчлөгчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж, улмаар уг хөрөнгийг худалдаж авсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргаж байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Банкны өмчлөлийн Баянгол дүүрэг, 16 хороо, Туулын 16 дугаар гудамж, 294-А тоотод байршилтай, хувийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205029988 дугаарт бүртгэлтэй, 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгийг Х.Оын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Урьд нь өмчлөгч байсан Х.Оын өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2016 оны 09 сарын 07-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Урьд өмчлөгч байсан иргэний өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд банкинд хориглох зүйл гэж байдаг. Үүнд барьцааны эд хөрөнгийг худалдан авах гэсэн заалтыг оруулсан. Энэ хуульд 2018 оны 01 сарын 18-ны өдөр өөрчлөлт орж, 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс худалдан авах эрх нь нээгдсэн байдаг. Үйл явдал нь цаг хугацааны хувьд хуучин хуулиар зохицуулагдаж байсан гэдгийг шүүгч анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргах хариу тайлбар байхгүй, Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Хасбанк ХХК болон М.Б нарт холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/11-003 тоот Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авахаар хийгдсэн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Хасбанк ХХК болон М.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зээлдэгч Х.Оын гаргасан хүсэлтийн дагуу түүний барьцаалсан хөрөнгүүдийг зээлд тооцож банк авах талаар гэрээг байгуулж, зээлийн төлбөр 167 881 013 төгрөгийг хаасан ба өмчлөгчийн хөрөнгийг банк худалдан борлуулахгүй, захиран зарцуулахгүй байх үүргийг хүлээж, өмчлөгч нь хөрөнгөө буцаан худалдан авах боломжтой байдлаар тохиролцсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
МХХК болон Х.О нар нь Хбанк ХХК-тай 2014 оны 05 сарын 05-ны өдөр . тоот Зээли..........йн шугамын гэрээг байгуулж, 150 000 000 төгрөгийн зээлийг 365 хоногт банкны жилийн суурь хүү дээр 8.7 хувийг нэмсэнтэй тэнцүү 25.20 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэл 2.4 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авахдаа мөн өдөр . тоот Батла...........н даалтын гэрээг нэг талаас Сенчүри фи хейт ХХК, нөгөө талаас Хасбанк ХХК нар харилцан тохиролцсоноор 2015 оны 05 сарын 02-ны өдөр баталгаат ипотекийн .............. дугаартай гэрээг иргэн Х.О нь Хасбанк ХХК-тай байгуулж, өөрийн өмчлөлийн 1/. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294-А тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй, 240 м.кв болон 47 м.кв талбайтай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө,
2/. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 16 дугаар гудамжны 294А тоотод байршилтай, ................... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй, 343 м.кв газар,
3/. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 164 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй, 325,21 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
4/. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 9 дүгээр гудамжны 164 тоотод байршилтай, .................... нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн ....................... дугаарт бүртгэлтэй, 390 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газар зэргийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулсны дагуу Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцэж байна. Мөн тухайн гэрээ субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэж үзнэ.
Тус гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зээлдэгч МХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.О нар 2016 оны 07 сараас эхлэн зөрчсөний улмаас зээлдүүлэгч Хасбанк ХХК нь зээлдэгч МХХК-ийг зээлийн эргэн төлөлтөө хийхийг шаардахад нь хамтран үүрэг гүйцэтгэгч Х.О нь барьцааны гэрээгээр барьцаалсан Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 16-294 тоотод байрлах ................. дугаар бүхий 220 м.кв, 2 давхар үйлчилгээний зориулалттай обьект .................. дугаар бүхий 343 м.кв хувьчлагдсан газар мөн Баянгол дүүргийн Туулын 9-164 тоот ................ дугаартай 325,21 м.кв үйлчилгээний зориулалттай обьект, ................. дугаартай 390 м.кв хувьчлагдсан газар зэргийг Хасбанк ХХК-ийн эзэмшилд шилжүүлж зохих хугацаанд зээлийг төлж барагдуулах үүргийг хүлээж байгаа талаархи хүсэлтээ 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 01/1816 дугаартай албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн байна.
Энэхүү хүсэлтийг нь Хасбанк ХХК хүлээн авч тус барьцааны хөрөнгүүдийг зээлд нь тооцож авах талаар Х.Отай 2016 оны 09 сарын 07-ны өдөр 1/11-003 тоот Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ болон Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус байгуулсан талаар талууд харилцан зөвшөөрч тайлбарладаг боловч, нэхэмжлэгч Х.О нь энэхүү байгуулсан гэрээнүүдийг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж заасан хуулийн шаардлагад нийцнэ.
Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.
Түүнчлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно гэж заасан байхад талуудын хооронд байгуулагдсан шугамын зээлийн гэрээний дагуу 2014 оны 05 сарын 02-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулахаар байх тул нэхэмжлэгч Х.Оын хариуцагч Хасбанк ХХК, М.Батмөнх нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Тухайн маргаан бүхий харилцаа нь Иргэний эрх дэх гэрээний үндсэн дээр үүсэх харилцаа бөгөөд энэ харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар, талуудын сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн хувьд хийгдэж, гэрээний агуулгаа талууд өөрсдөө тодорхойлох боломж олгодог гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэдэг, нэгэнт сонгосон харилцааны дагуу үүрэг, хариуцлага хүлээх үр дагавартай.
Хариуцагч Хасбанк ХХК нь зээлийн төлбөрийг зээлдэгч нар сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар буюу 2014 оны 05 сарын 02-ны өдөр байгуулагдсан Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хангуулах эрхтэй байтал хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн гэж дүгнэлээ.
Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэг, 156.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Тус гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу шаардлага гаргаагүй нь хууль зөрчжээ.
Барьцааны гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагаваргүй, өмчлөгчид өөрсдөө зээлийн үндсэн гэрээний хувьд үүрэг хүлээж байх тул үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байтал хариуцагч Хасбанк ХХК нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэгч Х.Оын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Оын гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж, Хасбанк ХХК, Х.О нарын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/16-003 дугаартай Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээ, мөн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Мягмарын Батмөнх, Х.О нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Хасбанк ХХК-ийн гаргасан Баянгол дүүрэг, 16 хороо, Туулын 16 дугаар гудамж, 294-А тоотод байршилтай хувийн зориулалттай улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй 240 м.кв ба 47 м.кв талбай бүхий 2 үл хөдлөх хөрөнгийг Х.Оын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 997 355 төгрөгийг, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Хасбанк ХХК, М.Батмөнх нараас улсын тэмдэгтийн хураамжийн 997 355 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг тухайн хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ