Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/00494

 

 

 

 

 

 

 

 

2020 03 05 181/ШШ2021/00494

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 84,673,000.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь Г ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр №UBCNTR18-43 тоот дугаартай Үйлчилгээний гэрээ байгуулж, лаборатори, геохимийн шинжилгээний үйлчилгээг үзүүлсэн ч Г ХХК нь үйлчилгээний төлбөрийг төлөөгүй бөгөөд нийт 56,448,667 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Г ХХК-ийн зүгээс дээрх өр төлбөрийг барагдуулах зорилгоор Э ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 31-ний дотор үйлчилгээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан.

Үйлчилгээний гэрээний 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасанчлан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувиар тооцож, алданги төлөхөөр, алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар харилцан тохиролцсон. Ийнхүү 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 128 хоног өнгөрсөн ба алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрч байгаа тул /31,893,496.855 төгрөг/ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх алдангийг нэхэмжилж байна.

 

Иймд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Үйлчилгээний гэрээ-ний үндсэн төлбөрт 56,448,667 төгрөг, алданги 28,224,333.5 төгрөг, нийт 84,673,000.5 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Э ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн үйлчилгээний гэрээний үүргийг биелүүлэх 84,673,000.5 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авсан болно. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №UBCNTR18-43 дугаартай гэрээний хүрээнд хийж гүйцэтгүүлсэн ажлын төлбөрөөс 56,448,667 төгрөг төлөгдөөгүй бөгөөд манай компаний захиалагчийн төлбөр төлөгдөөгүй удсанаас хамаарч хугацаа алдаж явсаар алданги тооцогдож 31,893,496.855 төгрөг болсон байгаа болно.

2020 оны 01 дүгээр сараас манай компаний үйл ажиллагаа зогсож дахин эхлүүлэх нь Ковид-19 цар тахлын нөлөөнөөс хамааран тодорхойлох боломжгүй байгаа болно. Бид 2020 оны 9 дүгээр сард дахин эхлүүлэхээр ажилчид болон харилцагч нартай хэлцэл хийж эхэлсэн ч 2020 оны 11 дүгээр сард хөл хорих тогтоосонтой холбоотой дахин тодорхойгүй хугацаанд зогсоогоод байна. Манай компаний үйл ажиллагаа удаан хугацааны турш зогсож, санхүүгийн хүндрэлд орсон бөгөөд өнөөгийн төлөвлөж байгаагаар 2021 оны 5 дугаар сараас хойш үйл ажиллагааг эхлүүлэх боломжийг судлахаар зорьж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж уг төлбөрийн алдангийг чөлөөлж, үндсэн төлбөр болох 56,448,667 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулах боломж олгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 84,673,000.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүрэгт төлөх ёстой 56,448,667 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангиас чөлөөлүүлэх тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Үйлчилгээний гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Э ХХК нь үйлчилгээний тусгайлсан нөхцөлд дурдсан шинжилгээний үйлчилгээг олон улсын лабораторийн чанар, API/IP/ISO/GB стандартын дагуу үзүүлэх, Г ХХК нь үйлчилгээний төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалтад нийцжээ.

Дээрх гэрээний дагуу Э ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр 56,448,667 төлөхийг хариуцагч Г ХХК-иас шаардсан бөгөөд хариуцагч нь дээрх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Зохигчдын хооронд байгуулсан Үйлчилгээний гэрээ-ний 8.4-т Үйлчлүүлэгч нь төлбөрийг хугацаандөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заажээ.

Хариуцагч Г ХХК-иас нэхэмжлэгч Э ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/24 дүгээр албан бичгээр ...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 56,448,667 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Үйлчилгээний үлдэгдэл төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүсэлт гаргаж байна гэснээс үзэхэд хариуцагч Г ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд алдангийг төлбөр төлж барагдуулах 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 128 хоногийг 56,448,667 төгрөгийн 0,5 хувиар тооцоход /56,448,667х0.5%=282,243.3х128/ 36,127,146.88 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нэхэмжлэгчийн шаардсанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 28,224,333.5 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч Ковид-19 цар тахлын улмаас байгууллагын үйл ажиллагаа зогсож, санхүүгийн хүндрэлд орсон тул алдангиас чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, мөн шүүх хуралдаанд тайлбараа дэмжиж ирээгүй тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Г ХХК-иас Үйлчилгээний гэрээ-ний төлбөр 56,448,667 төгрөг, алданги 28,224,333.5 төгрөг, нийт 84,673,000.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХКолгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Г ХХК-иас 84,673,000.5 төгрөг гаргуулж Э ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 581,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ